Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

     2021        05          27                                 2021/ШЦТ/362

 

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа

Улсын яллагч: Я.Мөнхзаяа

Шүүгдэгч: Ш.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ш.Б-д холбогдох эрүүгийн 2109002430398 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1965 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 2 дугаар гудамж, 20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Б овогт Ш.Б

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын 5-667 тоотод хохирогч А.Ариунзаяа “хүмүүстэй муудалцаж байхад дундуур орж салгах гэлээ” хэмээн маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж биед нь дух, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч А.Ариунзаяагийн “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байхад Б ахын төрсөн өдөр болж байна гээд Отгонжаргал намайг гэрээс аваад гарсан. Б гэрт очиход Б ах, Долгормаа, Дашжаргал, Алтанхуяг, Батаахүү, Баяраа ах нар байсан. Төрсөн өдөр болж байна гээд тэд нар мөнгө нийлүүлээд 0.75 литрийн Хараа нэртэй 4 шил архи дэлгүүрээс аваад бид хэд хувааж уусан. Удалгүй Алтанхуяг, Б нар хоорондоо муудалцаад Б ах Алтанхуяг өрөөний буланд нэлээн хэдэн удаа цохисон. Хамт архи ууж байсан эрэгтэй хүмүүс тэр хоёрыг салгаад байж байхад гэнэт босож ирээд Б ахын нүүр рүү нь өшиглөсөн. Тэгсэн Б ах уурлаад босох гэхээр нь би зүүн гараас нь татаад суутгатал Б ах уурлаад “чи яахаараа хоёр хүн муудалцаж байхад голоор ороод байгаа юм” гээд баруун гараараа миний баруун нүд рүү 1 удаа цохихоор нь би нүүрээ дараад тонгойсон. Тэгэхэд хамт архи ууж байсан хүмүүс Алтанхуягийг дагуулаад гэрээс нь аваад гарсан. Тэгээд Б ахынд Долгормаа, Дашжаргал, Отгонжаргал бид 5 үлдсэн. Удалгүй Отгонжаргал гараад явсан. Би Б ахынд хоноод маргааш нь бид хэд ахиад архи уугаад байж байгаад би гэртээ хариад цагдаад дуудлага өгсөн. Б ах Алтанхуягтай маргалдаж байсан уурандаа миний баруун нүд рүү баруун гараараа цохисон. Отгонжаргал, Дашжаргал, Долгормаа, Алтанхуяг, Баярмаа нар бүгд байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар хуудас/

Гэрч М.Долгормаагийн Ариунзаяагийн “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой 18 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар дүүргийн 19-р хороо Шарга морьтын задгай тоотод байх Ш.Б төрсөн өдрийг тэмдэглэхээр очиход Отгонжаргал, Ариунзаяа, Ш.Б ах нар байсан Отгонжаргалын нөхөр нь гэрээ цоожлоод түлхүүрээ аваад явчихсан байсан тул Б ахын гэрт хоног хоносны дараа Отгонжаргалын нөхөр Алтанхуяг ирээд Б ахтай Отгонжаргалыг хардаад Б ахыг цээжний хэсэгт нь нэг удаа өшиглөөд эхнэр Отгонжаргалыг зодсон. Тэгэхэд Б ах, Ариунзаяа, бид гурав тэр хоёрыг салгасан. Тэгэхэд Б ах Алтанхуягтай маргалдаад байж байхад Ариунзаяа очиж салгасан. Тэгэхэд Алтанхуяг эхнэр Отгонжаргалыг дагуулаад гараад явсан. Би хэн цохисныг нь сайн хараагүй маргааш өглөө нь архи ууц байхад Ариунзаяагийн нүд нь хөхөрчихсөн байсан. Алтанхуяг, Отгонжаргал хоёр зодолдсон бас Б ах Алтанхуяг хоёр маргалдахад Ариунзаяа бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Алтанхуяг над руу агсам тавиад дайрахаар нь би Алтанхуягтай ноцолдсон, Ариунзаяа дундуур ороод болиулах гэхээр нь би Алтанхуягийг цохих гэж байгаад Ариунзаяагийн баруун талын нүд рүү цохьсон. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №1439 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.  А.Ариунзаяа-н биед дух, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-23 дугээр хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьтын 5-667 тоотод хохирогч А.Ариунзаяа “хүмүүстэй муудалцаж байхад дундуур орж салгах гэлээ” хэмээн маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж биед нь дух, баруун нүдний алим, хоёр нүдний зовхи, баруун хацар, шанаа, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ш.Б шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хохирогч А.Ариунзаяагийн мэдүүлэг, гэрч М.Долгормаагийн мэдүүлэг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №1439 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б  нь хохирогч А.Ариунзаяагийн эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан талаар гэрч хохирогч нарын зөрүүгүй өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул Ш.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ш.Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүгдэгч Ш.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Ш.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ариунзаяа нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ш.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН