| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1151 |
| Огноо | 2021-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1151
2021 10 29 2021/ШЦТ/1151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
Шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Уд холбогдох 2106 00000 1828 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид замчин ажилтай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 26 тоотод оршин суух, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Мын У /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.У нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Б.Тэгшжаргалыг хэл амаар доромжлон, мэдлэг боловсрол муутай гэж хэллээ гэх шалтгааны улмаас түүний толгойн ар хэсэг рүү аяга шидэж биед нь зүүн чамархайн хуйхны шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тэгшжаргалын өгсөн: “... би өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17 цагт багийн найз Утай уулзаад гэрт нь юм яриад пиво ууж эхэлсэн. Тэгтэл Уын найзууд гэх 2 хүн хөдөөгөөс ирээд У бид 2-той 1 шил архи хуваан уугаад юм яриад сууж байгаад би Уыг мэдлэг боловсрол муутай гэж хэлтэл У миний толгой руу цохих шиг болсон. Би хэсэг манараад сууж байтал миний толгойн ар хэсгээс цус урсаад эхэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: “... би өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 19- ний өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хотод нөхөр Төмөрхуягийн хамт ирээд 22 цаг өнгөрч байхад найз Уын гэрт очсон. Тэгээд бид нар хоол унд идээд, У 1 шил 0.75 литрийн Чингис архи гаргаж ирээд бид 3 уугаад сууж байтал 23 цаг өнгөрч байхад Тэгшжаргал У руу утсаар залгаж байгаад гэрт нь орж ирсэн. Тэгшжаргал орж ирэхдээ бага зэргийн согтуу байсан ба пиво ууж байгаад орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид 4 нөгөө архиа уугаад Тэгшжаргал гаднаас оруулж ирсэн пиво уугаад юм яриад сууж байтал Тэгшжаргал У руу “чи ядарсан, ядуу амьдралтай” гэх зэргээр доромжлох өнгө аястай яриа өрнөхөөр нь би Тэгшжаргалд “хамаагүй яриа гаргаж болохгүй” гэж хэлээд өөр юм ярих гэтэл уур амьсгал нэг л сонин болсон. Тэгшжаргал Уыг доромжлох шинжтэй байгаад байхаар нь би цаана нь газар ор зассан байхаар нь очиж хэвтэн унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт Дорнодоос танил ах Төмөрхуяг, эгч Эрдэнэчимэг нар ирсэн ба бид 3 юм яриад, 1 шил архи ууж эхлээд байж байтал манай найз Тэгшжаргал гаднаас орж ирсэн. Тэгшжаргал орж ирэхдээ согтуу байсан ба 1 ширхэг пиво барьчихсан байсан. Тэгээд бид 4 хамтдаа суугаад юм яриад байж байтал Тэгшжаргал намайг “Боловсрол муутай” энэ тэр гэж яриад байхаар нь миний уур хүрээд аяга авч Тэгшжаргал руу шидтэл Тэгшжаргалын зүүн талын чихний ар хэсэгт оносон. Тэгтэл Тэгшжаргалын чихний араас цус гараад эхэлсэн ба Тэгшжаргал өөрөө эмнэлэг, цагдаа дуудсан. ..Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэвчиж чадалгүй аяга аваад шидчихсэн.” гэх мэдүүлэг /хх.38-39/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Амартүвшиний 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7827 дугаартай:
“1. Б.Тэгшжаргалын биед зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,
Шүүгдэгч М.Уын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.26-32/,
Хохирогч Б.Тэгшжаргалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.45/,
Шүүгдэгч М.Уын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.46/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.47/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.У нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө иргэн Б.Тэгшжаргалыг хэл амаар доромжлон, мэдлэг боловсрол муутай гэж хэллээ гэх шалтгааны улмаас толгойн ар хэсэгт нь аяга шидэж биед нь зүүн чамархайн хуйхны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тэгшжаргалын өгсөн: “... У миний толгой руу цохих шиг болсон. Би хэсэг манараад сууж байтал миний толгойн ар хэсгээс цус урсаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Тэгшжаргал Уыг доромжлох шинжтэй байгаад байхаар нь би цаана нь газар ор зассан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын яллагдагчаар өгсөн: “... миний уур хүрээд аяга авч Тэгшжаргал руу шидтэл Тэгшжаргалын зүүн талын чихний ар хэсэгт оносон. Тэгтэл Тэгшжаргалын чихний араас цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.38-39/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Амартүвшиний 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7827 дугаартай:
“1. Б.Тэгшжаргалын биед зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Уын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.Эрдэнэчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч М.Уыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч М.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.Уын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Уд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Уд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Мын Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Уд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Уд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Эрдэнэчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР