Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2020

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01975 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М.Г.Ш ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51 468 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж лорнет, форвард, дротик, овсюген экспресс нэрийн 64 550 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг “М.Г.Ш” ХХК-д худалдсан бөгөөд урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 19 338 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа болоход худалдан авагч тал ургамал хамгааллын бодисын үнээс 34 312 000 үлдэгдэл төлбөрийг төлөөгүй ба ургамал хамгааллын бодисын үнийг төлөхийг удаа дараа шаардсаар байхад төлбөр төлөх талаар бодитой үйлдэл хийхгүй байсан тул худалдах-худалдан авах гэрээний төлбөр 34 312 000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэний алданги 17 153 000 төгрөг, нийт 51 468 000 төгрөгийг “М.Г.Ш” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийг 34 312 000 үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зарим төлбөр төлөгдсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэлд 24 312 000 төгрөг, алдангид 12 156 000 төгрөг, нийт 36 468 000 төгрөг гаргуулах болгон багасгаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ш" ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээнд заасан бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэх үүрэгтэй. “Ш” ХХК-ийн зүгээс нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг хариуцагч төлөөд дууссан. Нийлүүлээгүй бүтээгдэхүүний үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгчийн зүгээс бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ийн хариуцагч М.Г.Ш ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 468 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 415 300 төгрөгийн 415 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Гэрээний үнийн дүн болох 64 550 000 төгрөгөөс хариуцагч нэхэмжлэгчид 40 338 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үлдэх 24 212 000 төгрөгийн үнийн дүнд хамаарах ургамал хамгааллын бодисыг нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бодитой байх талаас нь үнэлэлгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй үндэслэлгүй байна.

Учир нь талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 4 төрлийн ургамал хамгааллын бодисын хэмжээ, тухай бүрийн үнийг тодорхойлж хэрхэн яаж төлбөрийг хэсэгчилэн төлөх тухай тохиролцож гэрээ байгуулсан ба “Монгол газар шим” ХХК нь гэрээнд заасан тоо, хэмжээний бодисыг хүлээн авч хэрхэн яаж хэрэглэх тухай технологийн зааварчилгаа авч гарын үсэг зурсан гэрээ /хх-5 хуудас/, худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 19 338 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн баримт /хх-28 хуудас/, үлдэгдэл 70 хувийн төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг /хх-26/, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөгийн төлбөр төлсөн баримт тус тус авагдсан байхад шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд ямар нэг өөрчлөлт, нэмэлт гэрээ хийгдээгүй бөгөөд нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэлх хугацаанд хариуцагч төлбөрийн үлдэгдлийн талаар ямар нэг маргаан гаргаагүй ба хариуцагчийн гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж тайлбарладаг ч хэдий хэмжээний бодис худалдан авсны хариуд 40 338 000 төгрөг төлсөн тухай бичгийн болон аман ямар нэг тайлбар гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан бодит үнэнд үл нийцсэн шийдвэр гаргажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М.Г.Ш” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51 468 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 36 468 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсаар байхад төлбөр төлөх талаар бодитой үйлдэл хийгээгүй” гэж тайлбарласан байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ш" ХХК нь жил бүр 100 гаруй байгууллагуудтай гэрээг байгуулж бүтээгдэхүүнийг нийлүүлэн хүлээлгэж өгсөн баримтыг үйлддэг боловч уг баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримт гаргаж өгөх шаардлагатай байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргах хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг, шүүх шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.                                                                                                             /хх47-48 дугаар тал/

 

Нотлох баримт гаргуулах тухай хэргийн оролцогчийн дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарч байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн төлсөн 340 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ