Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00375

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Увс аймаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний их эмч Х.Дэлэгийн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт холбогдох

Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2012 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ маш сайн биелүүлж, бүх шатны шалгалт шүүлгэнд маш сайн үнэлгээтэй байсан. Мөн хувь хүний харилцаа хандлагын хувьд төлөвшсөн, хамт олны дунд эвсэг найрсаг, нэр хүндтэйгээр ажиллаж ирсэн. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сард намайг ээлжийн амралттай байхад шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гаргасан. Би уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, шүүхэд хандаж давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан. Томилогдсон өдрөөс хойш ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй сайн ажиллаж байхад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэнэт хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах шийдвэр гаргасан. Миний бие энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний их эмч Х.Дэлэгийн нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ажилтан Б.Б- нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан гэжээ. Тэрээр 2013 оны 5 дугаар сараас эхлэн Нэгдсэн эмнэлэгт хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сард чөлөөлөгдсөн боловч 2018 оны 10 дугаар сараас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг ажилтантай хугацаагүй байгуулдаг ба тухайн ажилтан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож шүүхийн шийдвэрээр өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэл хэвээр байх ба хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтантай шинэчлэн байгуулах үндэслэл болохгүй. Иймээс энэ тохиолдолд Б.Б-гийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагатай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн №296 дугаартай гэрээний 4.3-ын В дахь хэсэгт ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж заасан байдаг ба энэ хуулийн 23.2.2-т заасны дагуу Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хэдий боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлийн дагуу энэхүү гэрээ нь шийдвэр гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүний их эмч Х.Дэлэгийн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт холбогдох, тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугээр сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх миний гаргасан гэх зөрчил хангалттай нотлох баримтуудаар нотлогдоогүй байхад хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй 2 удаагийн хурлын тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн байдаг. Миний бие үүнийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хэлэлцэхгүйгээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Шүүх Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ‘‘Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол наториатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заажээ. Хариуцагч Д.Доржготовоос хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын 2 удаагийн хурлын тэмдэглэл гэх бичмэл нотлох баримтуудад тус Нэгдсэн эмнэлгийн “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөнөөс тэдгээр баримтууд нотлох чадвараа алдсан байхад анхан шатны шүүх уг бичмэл нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг 2 удаагийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь нэг талаар хариуцагч талд нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулж дахин гаргаж өгөх боломж олгосон, нөгөө талаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дахь хэсгийг зөрчсөнийг зөвтгүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын тэгш эрхийн зарчим, шүүх төвийг сахисан, хөндлөнгийн байх зарчмуудыг үгүйсгэсэн, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор гаргаж өгсөн бичмэл баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх нь шүүгчийн дотоод итгэлд хамааралтай бөгөөд тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нотлох баримтын шаардлага хангуулахаар шаардах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын тэгш эрхийн зарчим алдагдахаас гадна шүүхийг илтэд нэг талд үйлчлүүлсэн үндэслэл болно гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг 60 хоногийн хугацаанд, шаардлагатай тохиолдолд уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж, нийтдээ 90 гаруй хоногийн дотор шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хариуцагч Д.Доржготов нь энэ хугацаанд өөрийн татгалзлыг нотлох баримт болох Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 удаагийн хурлын тэмдэглэл гэх баримтыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангуулах бүрэн боломжтой байхад тэр үүргээ хэрэгжүүлээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй. Тодруулбал хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө өөрийн татгалзлын үндэслэл болсон Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2 удаагийн хурлын тэмдэглэл гэх баримтанд шүүхээс үзлэг хийлгэх эсхүл өөр бусад байдлаар уг тэмдэглэлүүдийг нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт гаргах боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт нотлогдоогүй, тэрээр өөрийн хэмжээнд байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан байна. Хэргийн материалаас үзэхэд иргэний хэрэг үүсгэх ажиллагаа явагдсаны дараа хариуцагч Д.Доржготовд нэхэмжлэлийн хувийг гардуулан хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Энэ эрх, үүргийнхээ хүрээнд хариуцагч Д.Доржготов нь эрх зүйн туслалцаа аван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нотлох баримтаа өөрөө цуглуулж, бүрдүүлж өгсөн байдаг. Шүүх талуудаас гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авч, хуульд заасны дагуу үнэлэх эсэхээ шийдэхээс бус тэдгээр нотлох баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хөндлөнгөөс оролцож, шаардлага тавих үндэслэлгүй. Ийм учраас давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үүднээс дүгнэлт хийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаахгүйгээр зөвтгөж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэт нэг талыг барьж, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг шаардлага хангуулж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоор хэргийг буцаасанд гомдолтой байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б-, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

1. Давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хүчингүй болгохдоо “...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэжээ.

Магадлалд заасан нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

а/ 2019.05.17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч шүүхэд нийт 30 хуудас баримт гаргаж, гэрч асуулгах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч нотлох баримттай танилцах хугацаа олгох гэсэн хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшлогджээ. Хариуцагчийн гаргасан нотлох баримтад 2019.02.14-ний өдрийн тасгийн хурлын тэмдэглэл, 2019.03.06-ны өдрийн захиргааны тасгийн чанарын хурлын протокол /хх-50-56-р тал/ байсан бөгөөд энэхүү шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-22-25-р тал/ үзвэл шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хариуцагч талд, өгсөн баримтуудаа нотлох баримтын шаардлага хангуулж өгөхийг тайлбарласны хариуд хариуцагчийн өмгөөлөгч баримтыг нотариатаар баталгаажуулж шаардлага хангаж өгөх боломжтой гэсэн нь тусгагдсан байна. Иймээс шүүгч хариуцагчийн гаргаж буй нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангасан байхыг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Харин 2019.06.06-ны өдрийн хуралдаанд эдгээр баримтыг хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” дардастай өгснийг шүүх хүлээн авч шинжлэн судалж, /хх-116-120-р тал/,  шийдвэртээ, тухайн 2 удаагийн хурлын тэмдэглэлийн талаар “нэхэмжлэгч нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргасан боловч ...гэрчүүдийн эх сурвалж болж байгаа ба тухайн тэмдэглэлүүдийг нэгдсэн эмнэлгийн “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан байх тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой нотлох баримтад тооцлоо” гэсэн нь хуульд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг зөрчсөн гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй юм.

б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж болдог байна.

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй хэдий ч энэ хэргийн хувьд уг алдаа шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нөхцөл болоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зарчмыг зөрчжээ. Энэ талаар нэхэмжлэгч Б.Б-гийн гомдол үндэслэлтэй учир магадлалыг хүчингүй болгов.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б-гийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Б.Б- 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүний нөөцийн менежерээр ажиллаж тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаалаар ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагджээ.

Тэрээр 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлын байран дээр бусадтай нийлж архи уусан нь хэргийн баримтаар тогтоогдсон, тухайн зөрчлийг зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2-ын в-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- болон бусад хамт архи уусан гэх ажилчдын зөрчлийн талаар хэлэлцсэн Тасгийн хурлын 2019.02.14-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2019.03.06-ны өдрийн захиргааны тасгийн чанарын хурлын протокол нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил хэрэгт авагдсан бусад, тухайлбал, гэрч Ж.Оюунгэрэл, Ц.Заяа, Б.Даариймаа, Д.Золжаргал, Б.Дамжид нарын мэдүүлгээр тогтоогджээ. Түүнчлэн гэрч Ж.Оюунгэрэл, Ц.Заяа нар 2019.02.14-ний өдөр тасгийн хурал, 2019.03.06-ны өдөр захиргааны тасгийн чанарын хурлаар А.Цэцэгбал, Б.Даариймаа, Б.Б-, Б.Дамжид, Д.Золжаргал нар хаана архи уусан, ямар байдалтай байсан, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсаныг мэдүүлэгтэй тодорхой ярьсан байна. Эдгээр баримтыг үгүйсгэх боломжгүй тул Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Б.Б- өмнө нь 2018 оны 5 дугаар сард ажлаас халагдаж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн оржээ. Ажил олгогч, ажилтныг ажилд эгүүлэн авахдаа өмнө байсан хөдөлмөрийн гэрээг сэргээж, тухайн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Зохигчийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнээс өөр шинэ гэрээ  байгуулагдаагүйг  зохигч маргаагүй тул уг гэрээний 4.2, 4.3-ын в-д заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Б.Б- гаргасан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн Б.Б-гийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ