Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 59

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр  /онлайнаар/

         Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр  Л.Л , Д.А   нарт холбогдох 1828000010094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцат хэсэг гудамж, ............... тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жао овогт Л.Л /РД:................../       

          Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг, .................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Уран бичээч овгийн Д.А /РД:....................

Д.А  , Л.Л  нар нь бүлэглэн “Тавантолгой” ХК-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-д буцаан олгох нүүрсний үнэ болох  99 604 465 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хуурамч тамга ашиглан, залилан мэхэлж авсан, мөн Д.А  , Л.Л  нар бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч Батуг хуурч, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20.000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3.200.000 төгрөг нийт 9.200.000 төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу 108.804.455 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Л.Л , Д.А   нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 5/106 тоот яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1,  36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уран би овогт Доржпаламын Алтанхуягт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.А  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч Жао овогт Л.Л г бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,                                                                                           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтад зааснаар шүүгдэгч Л.Л г 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,                               

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л д оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 36 /гучин зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Л  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Л гаас 94,604,465 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд олгох, шүүгдэгч хохиролд 5,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,                                                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг хүчингүй болгож эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-ийн 1508240003559 дугаартай нэг ширхэг тамгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хан Шин” ХХК-нд буцаан олгож,

БНХАУ-ын иргэн Бату /Паспорт:0483776172/-гийн Монгол Улсын Хаан банкны 5598159858 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай прокурорын зөвшөөрлийг цуцалж, тухайн данснаас 100,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Жу Жин Биао /ZHUO JIN BIAO/-гийн Монгол Улсын Төрийн банкны 211600031212 дахь дансанд шилжүүлж, Шүүгдэгч Л.Л , цагаатгагдсан этгээд Д.А   нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Шүүх нь шүүгдэгч Д.А  ийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтуудыг зөрчиж Д.А  ийг гэм буруутай гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг ямар үндэслэл, нотлох баримтуудаар няцаагдаж, цагаатгаж байгаа талаараа огт дүгнэлт хийж дурьдалгүйгээр, “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байна” гэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж ял завшуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Прокуророос Д.А  , Л.Л  нарыг дээр дурьдсан аргаар бүлэглэн, “Тавантолгой” ХК-ийн 8 дугаар амнаас 20.000 тн нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж итгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6.000.000 /Зургаан сая/ төгрөг, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3.200.000 Турван сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 9.200.000 /Есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтээ хэлсэн хэргийн талаар шүүх нь шийтгэх тогтоолдоо огт дүгнэлт хийгээгүй, шийдвэр гаргаагүй, энэхүү үйлдлийн улмаас “Ханшин” ХХК-д учирсан 9.200.000 төгрөгний хохирлыг хэрхэх талаар орхигдуулж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шийтгэх, цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх шаардлагыг хангаагүй байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.          

            Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 9200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн талаар шийтгэх тогтоолд шийдвэрлээгүй орхисон. Мөн Д.А  ийг цагаатгаж шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй.

            Д.А   нь 39200000 төгрөгийг хувьдаа авчихсан байхад энэ мөнгийг хэрхэх нь тодорхойгүй, шийдвэрлээгүй юм. Иймд шийгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Тусгайлан гаргах саналгүй гэв.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Наймдугаар амнаас 20,0 тонн нүүрс авах гэрээг хийсэн нь хэрэгт авагдсан. Алагдай нь шүүх хуралдаанд  оролцоод хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. 9200000 төгрөгний асуудлыг шийтгэх тогтоолд шийдвэрлэж бичээгүйд нь хэлэх зүйл алга гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын  Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/11 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, Л.Л , Д.А   нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутанд нээлттэй эхлүүлсэн гэх шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-161-172/ шүүх хуралдаанд орчуулагч Ц.Нэрзулыг оролцуулсан гэх боловч орчуулагч нь шүүх хуралдааны явцыг хэрхэн яаж орчуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т заасан ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана гэсэн заалтыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэрэгжүүлээгүй.

             Шүүх хуралдаан даргалагч нь /хх-165/ шүүх хуралдааныг түр завсарлуулаад үргэлжлүүлэхдээ нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалагийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хурлдаанд суух боломжгүй гэж үзэж шүүгчийн туслах Н.Нарантуяаг шүүх хуралдаанд оролцуулахад оролцогч нарт санал, хүсэлт байгаа эсэхийг асуусан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гарах эрхтэйг шүүх хуралдааны оролцогчдоос асууж тэдэнд хуулиар олгогдсон дээрх эрхийг нь эдлүүлэх боломжийг олгохгүй хориглож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 113 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэд нарийн бичгийн дарга Н.Нарантуяа нь гарын үсгээ зураагүй, тамга тэмдэг дарж албажуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай шүүхийн захиргааны ажилтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана гэсэн заалтын дагуу гарын үсэг зураагүй талаарх тайлбарыг тэмдэглэлд хавсаргаагүй байна.

           Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 1.1, 2.4.3, 2.4.3.4-т ...хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хуралдааны тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, зохих журмын дагуу албажуулсан байна гэж заасан заалтуудыг зөрчжээ.

Мөн анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр болжээ.

Иймээс хууль хэрэглээний асуудалд цаашид анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэв.

         Давж заалдах шатны шүүх Л.Л , Д.А   нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутанд нээлттэй эхлүүлсэн хууль болон зааврыг зөрчин хэрэгт хавсаргасан шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй байна гэж дүгнэв.

           Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  Л.Л , Д.А   нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан учир прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.

        

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

           2. Л.Л , Д.А   нарт холбогдох 1828000010094 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

           3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.Л д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА