Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 012/2015/0002/З |
Дугаар | 221/МА2015/0274 |
Огноо | 2015-06-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2015/0274
2015 оны 6 сарын 24 өдөр | Дугаар 274 | Улаанбаатар хот |
З.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй, З.С-н нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/165 тоот захирамжийн дагуу 0378724 тоот гэрчилгээтэй, 4608001602 дугаар бүхий нэгж талбартай 625 м2 газрыг 60 жилийн хугацаатай Даланзадгад сумын 6-р баг, Бага-Уулын 4-1-1 тоот газрыг гэр бүлийн хэрэгцээгээр эзэмшиж байсан. Гэтэл Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 тоот захирамжаар Монгол Улсын газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12 дахь заалт, 63.1.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн Бага-Уулын 4-1-1 тоот газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би сумын Газрын албанд хууль журмынх нь дагуу өргөдлөө гаргаж уг газрыг эзэмшсэн. 2012 онд Даланзадгад сумын Засаг даргаар ажиллаж байсан Б-тэй садан төрөл биш. Ах У Даланзадгад сумын Газрын албанд ажилладаг байсан болохоор дүүд нь газар эзэмшүүлэхгүй гэсэн үг үү. Иргэнийхээ хувьд хуулийн дагуу би газар эзэмших эрхтэй. Миний гаргасан өргөдлийн дагуу авлигатай тэмцэх газраас асуусан гэж байна. Үүнийг сайн ойлгохгүй байна.
Тэгэхээр Авлигатай тэмцэх газартай ярьсныхаа дараа З.М ийм өргөдөл бичээдэх гээд надаар 2014 оны 10 сарын 21-ний өдөр Даланзадгад сумын Засаг дарга Б-д гэсэн энэ өргөдлөө бичүүлсэн байна. Би анх 2014 оны 05 дугаар сард өргөдөл өгсөн боловч түүнээс хойш шийдвэрлэж өгөхгүй мөртөө Хууль зүйн хэлтэс, Авлигатай тэмцэх газар руу ярьж аль болох надад өгөхгүй байх талаас нь хөөцөлдөж байсан байна. Тэгээд эдгээр байгууллагууд нь хамааралгүй хүнээр нь ажиллагааг нь хийлгээд гэрчилгээг олго гэсэн, намайг дахиад өргөдлөө бичээд өг гэж хэлсэн. Тэгээд би 2014 оны 10 сарын 21-ний өдөр Даланзадгад сумын Засаг дарга Б-д гэсэн өргөдлийг З.Мөнхжаргалын хэлсний дагуу бичиж өгсөн. Би уг нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж бодоогүй.
Мөн Бага-Уулын 4.1 тоот газар бол одоо ажиллаж байгаа Даланзадгад сумын Засаг дарга Баттулгын дүүгийнх. Энэ мөн хамаарал бүхий этгээд байгаа учраас миний газрыг олгохгүй байна. Тухай гарцыг нь бөглөлөө гээд байгаа ч 4-р гудамжны айлын хашааны хаалганууд бүгд хойноо байдаг. Иймд миний газар эзэмших эрх минь хөндөгдөөд байгаа учир Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 тоот захирамжийн З.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/165 дугаар захирамжаар иргэн З.С-д эзэмшүүлсэн Жаал-Уулын 6-р багийн Бага-Уулын 4-1-1 тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 625 м2, 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын шийдвэр гаргахад дараах зөрчил илэрсэн.
1.Газрын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үүрэг газар эзэмшүүлэх захирамж төлөвлөн гаргасан.
2.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар хэсгийн 6.2.4 дэх заалтыг зөрчсөн.
Иймд сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 дугаар захирамжаар 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/165 дугаар захирамжаас З.С-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.С нь 2012 оны 7 сарын 23-ны өдөр Даланзадгад сумын 6 дугаар баг, Бага-Уул 4-1-1 тоот газарт 625м2 газар 60 жилийн хугацаатай газар эзэмших хүсэлт гаргасан, өргөдлийг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын Газрын мэргэжилтэн З.У хүлээн авч сумын Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан 2012 оны 8 сарын 03-ны өдрийн а/165 дугаар захирамжаар баталгаажуулан гэрээ, гэрчилгээ олгосон. З овогтой С, З овогтой У нар нь төрсөн ах дүү бөгөөд энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргалгүй өргөдөл хүлээн авч шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт буюу Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Мэргэжилтэн З.У нь 2014 оны 3 сард өөрийн саналаар ажлаас гарах хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдсөн. Түүний урьд нь гаргасан шийдвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газраас утсаар лавлан асуухад тухайн бүрдүүлж өгсөн материалыг нь үз, тэр нь хууль журмын дагуу явагдсан байгаа эсэхийг нь шалгаад хууль зөрчсөн байвал захирамжийг цуцалж дахин олго гэж мэдэгдсэн. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шалгалт хийж баримтаар тогтоогоогүй ч У-н дүүдээ олгосон газрын хувийн хэргийг шалгаж үзэхэд материал бүрдэл дутуу байсан.
Бид хууль журмын дагуу захирамжийг цуцалсан тухай С-д мэдэгдсэн. З.У-н гаргасан шийдвэр нь Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар хэсгийн 6.2.4 дэх заалтыг зөрчсөн. Газрын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үүрэг буюу Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан шийдвэр гаргуулсан байсан. Иймд сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 19-ний өдрийн А/07 дугаар захирамжаар З.С-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Иргэн З.С-д тухайн газрыг дахин эзэмшүүлэх шийдвэр гаргахаар Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу 2015 оны 1 дүгээр сарын 22-нд газар дээр нь очин Бага-Уулын 4-1 тоот газрын эзэмшигч болох С.Т, хүсэлт гаргасан З.С нарыг байлцуулан хөршүүдтэй хийсэн тэмдэглэл үйлдсэн. Энэ үед С.Т ачааны том машинтай гудамжинд эргэх боломжгүй тул захын газар сонгож 2004 онд буусан, хашааны хойд талдаа байшин барихаар барилгын материал тоосго, блок буулгасан, цэвэр усны шугам татаж худаг гаргуулсан, баруун талдаа гаргасан орох гарах гарцаа хаалган газар олгох боломжгүй гэж мэдэгдсэн тул З.С-д тухайн газрыг эргүүлэн олгох боломжгүй талаар хэлж газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй. З.С болон С.Т нар харилцан тохиролцон орох гарах гарцын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд газрыг эргүүлэн олгох боломжтой талаар хэлж хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тухайн үед Б даргын үед сумын газрын албанд У бид хоёр хамт ажилладаг байсан. Анх 2004 онд Засаг даргын шийдвэрээр 6-р баг, Бага Уулын гудамжны газруудыг олгосон байдаг. Нэг эгнээндээ 6 хашаатай байхаар, 1 дүгээр эгнээ 2 дугаар эгнээтэй бөөрлөж, 3 дугаар эгнээ 4 дүгээр эгнээтэй бөөрлөж, 5, 6 дугаар эгнээ бөөрлөж, 7, 8 дугаар эгнээ бөөрлөж, 9 дүгээр эгнээ тусдаа байхаар төлөвлөгдсөн. Өмгөөлөгч Газрын тухай хуулийн 63.1.12, 63.1.15 дахь заалтыг баримталсан гэж байна. Уг заалт нь энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчсөн бол хүчингүй болгож хохирлыг нөхөн төлүүлнэ, 63.1.15 дахь хэсэгт зааснаар Ууганбаяр нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар гэрчилгээг хүчингүй болгосноор эрх нь мөн адил хүчингүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 40 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн З.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/07 дугаар захирамжийн З.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан 1 дүгээр баг Баруун сайхны 15-2 тоотод оршин суух Хойд овогтой З-н С-н нэхэмжлэлтэй Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/07 дугаар захирамжийн З.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болж 03 дугаар шийдвэрээр З.С-н нэхэмжлэлийн шаардлага хангаж байгаа гэж үзэн Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/07 дугаар захирамжийн З.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор тогтоосон байна.
Манай зүгээс уг шийдвэртэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэл тайлбар гарган хандаж байна. Үүнд:
1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд мэдэгдэнэ гэж заасан. Энэ заалтын дагуу шийдвэр гаргах байтал Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарал бүхий 63 дугаар зүйлийн 63.1.12-т энэ хуулийн 33.4-д заасан журмыг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгон, хохирлыг нөхөн төлүүлэх, 63.1.15-д энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёроос хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх гэсэн заалтуудыг баримтлан шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна гэж үндэслэсэн байна.
2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалт нь энэхүү хууль, холбогдох журмын дагуу тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газарт холбогдох материалаа бүрэн бүрдүүлэн хүсэлтээ Засаг даргад гарган шийдвэр гаргуулсан иргэн, хуулийн этгээд газар эзэмших явцдаа гаргасан зөрчлийг арилгах арга хэмжээ авах заалт болно. Гэтэл З.С нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт хүсэлт өгч шийдвэрлүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан хориглох заалтыг зөрчсөн.
3.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар хэсгийн 6.2.4 дэх заалтыг зөрчин тухайн журмын 4 дүгээр хавсралтад заагдсан Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл хийгээгүйгээр Их-Уул 6-р багийн Бага уул 4-1 тоот айлын хашааны орох, гарах гарц хаалга дарж газар олгуулсан нь тогтоогдсон.
4.Иргэн З.С нь хуулийн дагуу зохих ёсоор эзэмшсэн газар дээрээ зөрчил гаргасан бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой. Харин өөрийн төрсөн ах З.У-н хамт хууль зөрчин дутуу материал бүрдүүлсэн, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт шийдвэр гаргуулан газар эзэмшсэн зэрэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Иймд, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12-т заасны дагуу энэ хуулийн 33.4-д заасан журмыг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгон, хохирлыг нөхөн төлүүлэх, 63.1.15-д энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёроос хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн.
Гэвч мэргэжилтэн З.У нь 2014 оны 03 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул Даланзадгад сумын Байгаль орчны улсын байцаагч торгох шийтгэл ногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ аваагүй болно. Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан журмын зөрчсөн, хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон албан тушаалтны гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор Даланзадгад сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/07 дугаар захирамж гаргасан. Энэ шийдвэр нь сумын Засаг дарга ямар нэг эрх хэмжээ хэтрүүлсэн, хууль, тогтоомжид харшилсан үйлдэл гаргаагүй гэж үзэх бүрэн үндэстэй байна.
Иймээс Даланзадгад сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/07 дугаар захирамжийн З.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг цуцлан, сумын Засаг даргын 2015 оны А/07 дугаар шийдвэрийн З.С-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх талаар зохих хууль, журмын дагуу хянаж үзэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/165 дугаар захирамжаар нэхэмжлэгч З.С-д Даланзадгад сумын 6 дугаар баг, Бага уулын 4-1-1 тоот байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 625 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгогджээ.
Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Б Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12, 63.1.15 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч З.С-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/07 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй байхад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарах Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.12, 63.1.15 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын А/07 дугаар захирамж хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хариуцагчаас иргэн З.С-н газар эзэмшихийг хүссэн өргөдлийг түүний төрсөн ах газрын мэргэжилтнээр ажиллаж байсан З.У хүлээн авч, захирамжийн төсөл боловсруулан, эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан тул нэхэмжлэгч З.С-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
Зүй нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон, өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөлд Засаг дарга гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх хэрэгжих боломжтой бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргаагүй, харин Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан гэх газрын албаны мэргэжилтэн төрсөн дүүдээ газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх үндэслэлээр Засаг дарга захирамжаа хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгчөөс тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан гэж маргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.С-д эзэмшүүлсэн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй, учир нь хариуцагчийн төлөөлөгч өөрөө шүүх хуралдаанд “...хууль журмын дагуу хамаарал бүхий этгээдийн гаргасан өмнөх захирамжийг цуцлаад газрыг чинь эргүүлээд олгох боломжтой...” гэсэн тайлбар, хөрш залгаа байршилтай айлуудын газар төлөвлөгөөнд тусгагдсан байгаа зэргээс үзэхэд тухайн газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж болохооргүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд заасан баримт бүрдүүлэн өгснөөр эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгогдсон байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгаж, түүнд олгогдсон газар эзэмших эрхийг хариуцагчийн дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, маргаж буй захиргааны акт нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ