Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 245

 

 

 

 

                                                                                                       

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч Ч.Денесль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Чапаны Денесльд холбогдох эрүүгийн 201619000504  дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн, яс үндэс казак, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4 Төв аймаг Батсүмбэр сумын 2 дугаар баг Мухар гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Молк овогт Чапаны Денесль /РД:НБ92012514/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Ч.Денесль нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн нутаг Баянбуурал гэх газраас 2016 ны 07 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ж.Оюунбаатарын 5 тооны ямаа хулгайлж 500 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Ч.Денесль нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би голын эрэг дээр найз Буяннэмэхтэй өглөө нь тааралдаад бид хоёр Ганзам дэлгүүрээс 0,75 литрийн архи хувааж уугаад Буяннэмэх Ком гэх газарлуу явлаа  гээд явчихсан. Би ганцаараа үлдээд голын эрэг дээр сууж байтал эзэнгүй 5 тооны улаан зүсмийн ямаанууд бэлчиж явахаар нь би тэр ямаануудыг морьтой туугаад гол өгсөөд явж байтал 10 гаруй хүмүүс майхан барьчихсан баярлаж байсан. Би тэдэнд ямаа авах уу? гээд 1 ямааг нь 50 000 төгрөгөөр зараад үлдсэн 4 ямааг нь цааш туугаад явж байгаад голын эрэг дээр амарч байгаа хүмүүст 2 ямааг нь 100 000 төгрөгөөр зарсан. Тэгээд 3 ямаа зарсан мөнгөөрөө архи авч уугаад мөнгийг нь дуусгачихсан. Тэр өдрийнхөө орой Баянбуурал амралтын газар ороход найз Буяннэмэх сууж байсан ба би түүнтэй 2-3 шил архи хувааж уугаад согтсон. Өглөө сэрээд Буяннэмэхийг дуудаад гуйж байгаад үлдсэн хоёр ямаагаа нэгийг нь  Буяннэмэхийн урдуур нь дүүрээд өөрөө нэгийг нь урдуураа дүүрээд бид хоёр Энхнарангийн эхнэрийн дэлгүүр лүү очсон. Буяннэмэх гуйж байгаад нэг ямааг эхнэрт нь зарсан. Тэгээд тэр мөнгөөр нь Буяннэмэхтэй архи дарс идэж уух юм аваад дуусгасан. Буяннэмэх намайг ямаа хулгайлсан гэдгийг мэдээгүй, би  ч хэлээгүй. Би хулгайлсан ямаануудынхаа нэгийг нь амьдаар нь буцааж өгсөн. Зарсан 4 ямааныхаа оронд 2 ямаа, 2 хонь өгч хохирлыг нь барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ичиж байна гэх мэдүүлэг гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цэцэгээ хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай захирал Оюунбаатар Хэнтий аймгаас 10 хонь 10 ямаа авч ирээд тухайн өдрөө 5 ямаа 5 хонио нядалчихаад үлдсэн 5 хонь 5 ямаагаа Нацаг гэх айлд тавьсан юм. Тэгээд маллуулж байгаад 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим танай 5 ямааг бэлчээрээс алдчихлаа гэж малчин нь хэлсэн юм тэгээд ойр хавиар хайгаад ерөөсөө олоогүй байж байгаад Денесль гэх хүүхэд хулгайлсан болохыг мэдсэн. Манай тэмдэгтэй ямаа айлын хашаанд байж байхыг хүмүүс харсан байсан ба хэн зарсан гэхэд зарсан хүнээ зааж өгсөн. Алдсан 5 ямааныхаа нэгийг нь буцааж авч үлдсэн 4 ямааны хохиролыг Ч.Денесль 2 хонь, 2 ямаа өгч хохиролгүй болгосон. Гомдол  санал гээд байх юм алга.  Хохиролоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч А.Баасансүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  “.... 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөрр би дэлгүүртээ сууж байсан. Тэгтэл 11 цагийн орчим Буяннэмэх ганцаараа морин дээр ямаа дүүрчихсэн ирээд эгч ямаа аваач би ямаа зарж байгаад үлдсэн ямаа нь энэ байна гэж хэлэхээр нь би авахгүй гэж хэлтэл Буяннэмэх ч ямаагаа зарчихмаар байна гээд гуйгаад байсан би өөрөө зарж байгаа таньд хямдхан өгнө гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд авъя гэтэл нэг морьтой хүүхэдтэй хаит оруулж ирээд манай хашаанд амбаарт хийчихсэн юм. Миний авсан ямаа нь хоёр улаан зүсмийн ямааг байсан ба чихэн дээрээ имтэй байсан. Би 2 ямааг 113 000 төгрөгөөр худалдаж авсан ба мөнгийг нь Буяннэмэх авсан юм. Тэгээд ямаагаа хашаандаа байлгаж байгаад нэг ямааг нь зарсан ба нэг ямаа нь үлдчихсэн байхад хулгайн ямаа байна гээд зарсан хүн нь эргүүлээд аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-15 тал/

 

Гэрч Д.Буяннэмэх хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “... 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр баярын өдөр байсан тул голын эрэг дээр Денесльтэй таараад бид хоёр хамт Ганзам дэлгүүрээс архи аваад гүүрний наана голын эрэг дээр тэр авсан архиа хуваагаад уусан юм.Тэр архиа ууж дуусчхаад би Ком гэх газарлуу явсан. Денесль голын эрэг дээр ганцаараа үлдсэн. Тэгээд би гадуур явж байгаад би орой Денесльтэй тааралдаад бааран сууж архи уугаад тэндээсээ гараад би гэртээ харьж амарсан юм. Маргааш нь Денесль намайг гол дээр дуудахаар нь яваад очтол хоёр ямаа зармаар байна. Энхнарангийн эхнэр авах гээд байх шиг байна. Чи нэгийг нь дүүрээд аваачаад өгөөч гээд гуйхаар нь би нэг ямааг нь урдуураа дүүрээд Денесль нэгийг нь өөрөө дүүрээд Энхнаран гэдэг хүний эхнэр дээр аваачаад би ярилцаж байгаад тэр 2 ямааг эхнэрт нь зараад 120 000 төгрөг авсан шиг санагдаж байна. Тэр мөнгийг Денесль авсан” гэх мэдүүлэг  /хх-16 тал /,

-гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,

-ямаа түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-12 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-18 тал/,

-“Жо Интернэйшнл” ХХК-ний 2016 оны 07 дугаар сарын 22-ны №16 тоот албан бичиг /х-28 тал/,

 

 

-шүүгдэгч Ч.Денеслийн ял шийтгэлийн хуудсанд “ял шийтгэл үгүй” гэжээ. /хх-33 тал/,

 

- шүүгдэгч Ч.Денеслийг 2016 оны 07 сарын 18-ны өдөр сэжигтнээр /хх-22-23 тал/, 2016 оны 07 сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-27 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Денесль нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн нутаг Баянбуурал гэх газраас 2016 ны 07 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ж.Оюунбаатарын 5 тооны ямаа хулгайлж 500 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Д.Цэцэгээ, гэрч А.Баасансүрэн, Д.Буяннэмэх нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний акт,  шүүгдэгч Ч.Денеслийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Денеслийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хуацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.Денесльд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Иргэний нэхэмжлэгч Д.Цэцэгээ нь шүүгдэгч Ч.Денесльтэй учраа олж сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал гэх зүйл алга хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

      

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 248 дугаар зүйлийн 248.1.2  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Молк овогт Чапаны Денеслийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ч.Денесльд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Денесль нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Денесльд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Денесльд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА