Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 114/2020/0016/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол 16 дугаар байр 27 тоотод оршин суух Буянгийнхан овгийн Дашдэлгэрийн Уртнасан /РД: ЧК63022401, утас 88116816/

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.Мөнхбаяр, аудитор Г.Батмягмар нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 тоот актын Д.Уртнасанд холбогдох 1.402.940 төгрөгийн актын төлбөрийг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                               Б.Цэдэндамбаа

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Ц.Мандахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газар нь 2019.11.06-ны өдрийн 74/01 тоот актаар намайг ажилгүйдлийн даатгалын санд 1,402,940 төгрөгийг буцааж төлүүлэх болсноо мэдэгдээгүй. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалаас хаасан байсныг очиж лавлахад хуулийн зөвлөх Ц.Мандахбаяр гэдэг хүн надад холбогдох 2019.11.06-ны өдрийн 74/01 тоот актыг хувилж өгсөн, мөн өдрөө 2020.04.07-нд Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газарт 74/01 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй талаар төрийн аудитын газрын дарга Б.Чүлтэмбатад өргөдөл бичиж өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Б.Чүлтэмбат дарга таньд удахгүй хариу өгнө гээд өргөдлийг минь авсан гэтэл миний өргөдлийн хариуг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 333 дугаар албан бичгээр актын төлбөрийг хүчингүй болгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн учраас 2019.11.06-ны өдрийн 74/01 тоот актын хавсралтанд бичигдсэн Д.Уртнасанд холбогдох 1,402,940 төгрөгийг төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт орж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 дугаар актын хавсралтаар нэхэмжлэгч Д.Уртнасанг 1.402.940 төгрөгийг төлүүлэх зүйтэй гэж дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Д.Уртнасан нь ажилгүй байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмжээ авсан, 2014 оны ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн авсан нь үнэн гэхдээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай журмыг үндсэн хуулийн тулгуур зарчим болох хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын зөрчин Д.Уртнасангаас 1.402.940 төгрөгийг төлүүлэхээр акт  тавьсан нь хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж болон ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн авсан боловч давхардсан тохиолдолд буцаан төлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй юм. Иймээс Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 дугаар актын Д.Уртнасанд холбогдох 1.402.940 төгрөгийн актыг төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аудитын менежер Ш.Мөнхбаяр, аудитор Г.Батмягмар нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж буцаан төлүүлээгүй зөрчилд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 74/01 тоот төлбөрийн акт тогтоосон. Тус төлбөрийн актын хавсралтад Д.Уртнасан нь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар магадлалаар эгүүлэн томилогдсон байна. Д.Уртнасан нь аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34/Б дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөн Нийгмийн даатгалын хэлтэст 2013 оны 12 дугаар сарын 23-нд ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл өгсөн байна. Тус өргөдлийн дагуу тооцоолол хийж 1,400,000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон нь хууль, эрх зүйн актуудыг зөрчсөн байгааг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

- Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ.” гэсэн заалтыг үндэслэсэн болно.

- Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцуулан авсан нь нийгмийн даатгалын лавлагаагаар харагдаж байна.

- Аудитын явцад тухай үед тооцоолол хийж олгосон тэтгэмжийн байцаагч Х.Энхмаад мэдэгдэн сонсох ажиллагаа хийсэн.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 4,300,000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж буцаан төлүүлэхээр дээрх хэлсэнчлэн хууль, эрх зүйн актуудыг зөрчсөн тул Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих...”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 3.1.7-д “Улсад болон байгууллагад хохирол учруулсан алдаа зөрчилд төлбөрийн акт тогтооно”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/124 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 12.11-т “Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулагдаагүй алдаа, зөрчлийн шинж байдлаас хамааран дараах шийдвэрүүдийн аль нэг хэлбэрээр эцэслэн шийдвэрлэж, баримтжуулан баталгаажуулна. Үүнд 12.11.2-т төлбөрийн акт тогтоох” гэсэн заалтуудыг үндэслэн 74/01 тоот төлбөрийн акт тогтоосон гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “…Иргэн Д.Уртнасан нь Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 34/Б тоот тушаалаар 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гарган 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын цалинг олгож, нийгмийн даатгалын тайланг нөхөн тайлагнаж нийгмийн даатгалын сангаас 1,402,940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 дугаар актаар иргэн Д.Уртнасанд олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэхээр тогтоосон боловч иргэн Д.Уртнасан нь актын биелэлтийг хангаж нийгмийн даатгалын санд 1,402,940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлөөгүй байна.

Иргэн Д.Уртнасан нь нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ.” Мөн журмын 5 дугаар зүйлийн 5.6-д “Тэтгэмж авагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орсон, тэтгэмж авах хугацаа дуусгавар  болсон бол энэ тухайгаа  нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэн, тэтгэмж олголтыг зогсоож, тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтрээ буцаан авна. Түр ажилд орж, дахин ажлаас халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах өмнө тогтоосон хугацаа дуусаагүй бол энэ журмын 5.2.2, 5.2.3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмжээ үргэлжлүүлэн авах, эсэх асуудлыг шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу иргэн Д.Уртнасан нь ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй. Тухайн үед 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 10 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн тэтгэмж тооцох, сургалтын зардал олгох журам” үйлчилж байсан энэ журам нь 2016 онд шинэчлэгдсэн бөгөөд 2014 оны журамд мөн адил нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэхээр зохицуулалт байгаа юм.

Иймд иргэн Д.Уртнасанд олгогдсон ажилгүйдлийн тэтгэмж 1,402,940 төгрөгийг санд буцаан төлүүлэх нь зүйтэй бөгөөд Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 74/01 дугаар актыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй байна.” гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.Мөнхбаяр, аудитор Г.Батмягмар нар өөрсдийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгүүлэх тухай хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлснийг  хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарыг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нар нь Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 дугаар акт түүний хавсралтаар ажилгүйдлийн тэтгэмжинд олгосон 4.317.179 төгрөгийг хавсралтад дурдсан 10 иргэн /Д.Уртнасангаар 1,402,940 төгрөг/-ээр төлүүлж Төрийн банкин дахь ажилгүйдлийн тэтгэмжийн 140800162242 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэхдээ Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж тооцоо хийнэ”, 5.6-д “Тэтгэмж авагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орсон, тэтгэмж авах хугацаа дуусгавар болсон бол энэ тухайгаа нийгмийн даатгалын байгууллагад мэдэгдэн, тэтгэмж олголтыг зогсоож, тооцоо хийж, нийгмийн даатгалын дэвтэрээ буцаан авна...” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр уг актыг тавьжээ.

Нэхэмжлэгч Д.Уртнасан нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34/Б захирамжаар “Од” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн чөлөөлөгдсөн байх бөгөөд гуравдагч этгээд болох Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Ажилгүйдлийн тэтгэмжийг...нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 12-ноос 2014 оны 02 дугаар сарын 07-ны хугацааны ажилгүйдлийн тэтгэмжийг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж 1.402.940 төгрөгийн нэхэмжлэгчид олгосон байна.

Мөн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 186 дугаар шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 2.961.540 төгрөгийг хариуцагч Засаг даргын Тамгын газраас нөхөн олгож нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн хугацаа нь ажилгүйдлийн тэтгэмжийг тогтоосон хугацаатай давхцаж байгаа болох нь 1900757 дугаартай хувийн хэрэгт авагдсан “тэтгэмж тогтоох хуудас, өргөдөл, Засаг даргын 34/Б захирамж, “Од” цогцолбор сургуулийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 24 тоот албан бичиг, “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасангийн 2014 оны 2 сараас 2015 оны 05 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, Д.Уртнасангийн цалингийн жагсаалт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Хариуцагч нар нь Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 дугаар актын хавсралтаар 1.402.940 төгрөгийг Д.Уртнасангаар буцааж төлүүлэхээр шийдвэрлэхдээ ажилгүйдлийн тэтгэмж тогтоосон хугацаанд хамаарахгүй Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар магадлалыг дурдсан, 2013 оны 12 дугаар сарын 12-ноос 2014 оны 02 дугаар сарын 07-ны хугацааны 1.402.940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж тогтоох үед хүчин төгөлдөр болоогүй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4.6, 5.6 –д заасныг баримталсан нь буруу хэдийч 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 10 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн тэтгэмж тооцох, сургалтын зардал олгох журам” нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 186 дугаар шийдвэр гарахаас өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байсан зэргээс үзэхэд дээрхи журмуудын агуулга нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...ажилгүйдлийн тэтгэмж, ... ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн авч давхардсан тохиолдолд буцаан төлөх хуулийн заалт байхгүй” гэх тайлбар нь дээрхи хууль, журмуудын заалтаар үгүйсгэгдэж байгаа болно.

           Өөрөөр хэлбэл  хариуцагчийн гаргасан “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 дугаар акт эрх зүйн хувьд алдаатай ч гэсэн нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмж, ажилгүй байсан хугацааны цалинг давхардуулан авх эрх хуулиар олгогдоогүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлжээ. Тэгвэл Нийгмийн даатгалын хэлтэс нь “Төсөвт төвлөрүүлэх тухай” 74/01 дугаар актын хавсралтад дурдсан 10 иргэний 9-өөр нь 2.914.239 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлсэн байхад нэхэмжлэгч өөрт холбогдох 1.402.940 төгрөгийг төлөөгүй байгаа нь шударга байх, эрх тэгш байх зарчимтай нийцэхгүй байна.

           Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай74/01 тоот актын  Д.Уртнасанд холбогдох1.402.940 төгрөгийн актын төлбөрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

     

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уртнасангийн  нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга, аудитын менежер Ш.Мөнхбаяр, аудитор Г.Батмягмар нарт холбогдох “Төрийн аудитын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  Төсөвт төвлөрүүлэх тухай74/01 тоот актын Д.Уртнасанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Уртнасангаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113. зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНЧИМЭГ