Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 154/2022/00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Шүүгдэгч М.Аят нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт*******ын*******ад холбогдох эрүүгийн 2237000000015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 261 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, нэмж нэгтгэн 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 02-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/Ш/215 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн ахан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 654 дугаартай шийтгэх

тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон гэх РД:ПБ97010713 дугаартай ******* овогт*******ийн*******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Махмедын******* нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэрт иргэн М.Хурамбайтай “...машин авч өгсөнгүй...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа зодож, иргэн М.Хурамбайгийн эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун хөмсөгний урд хэсэгт зулгаралт,баруун гарын долоовор хурууны хумс унасан шарх, мөн долоовор хурууны өндөг болон ард хэсэгт язарсан шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас хэлэлцэгдсэн болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

           Шүүгдэгч М.Аят шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед эрүүл байсан. Хуранбай миний төрсөн ах юм. Хурамбайн биед учирсан гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан. Би уураа барьж чадаагүйн улмаас ийм асуудал болсон. Ах надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Аятын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэртээ байж байтал ах Хурамбай манайд ирсэн. Би ээжид машин авмаар байна гэхэд манай ах чи машин авдаг хэн бэ гээд над руу дайраад байсан.Тэгээд ноцолдож байхад миний гарын хуруу ахын нүдрүү орчихсон. Тэгээд ах миний нүд рүү гараа хийхгэхээр нь би гарыг нь татаад хурууг нь хазчихсан юм. Тэгээд ах гэрээс гараад цагдаад дуудлага өгчих шиг болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Хурамбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед манай ээж над руу залгаад 2 уут тэжээл авч ирж өгөөч гэхээр сумын төв гарч тэжээл хүргэж өгөхөд манай ээж надад дүү М.Аят машин авч өг гээд дарамтлаад байна гэхэд М.Аят хөгшин талхи надад машин авч өг гэхээр би М.Аятад хандаж ээжийгээ тэгж хэлж болохгүй гэж хэлсэн чинь над руу цохих гээд дайрч ирэхээр би барьж аваад унагаагаад дарахад миний баруун талын долоовор хурууг хазаж хумсыг нь унагааж зүүн нүд рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг

Т.Сахамжамалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад машин авч өг гэхээр нь би аваач гээд хэлээд сууж байтал манай том залуу М.Хурамбай орж ирэхээр нь М.Аят машин авч өг гээд намайг амраахгүй байна. Одоо яавал дээр вэ гэж хэлсэн

чинь М.Хурамбай М.Аятад одоо машин авах боломжгүй байна яваандаа аваад өгнө гэж хэлсэн чинь манай 2 хүүхэд барилцаад зодолдсон. Тэгтэл М.Хурамбай миний гар тасалчихлаа гэж хэлэхээр нь арай гэж салгаад М.Хурамбайг гаргаад гэр лүү нь явуулсан юм. Намайг машин авч өг гээд хэрүүл хийгээд байгаа, тухайн өдөр намайг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,

 Шүүгдэгч М.Аятын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн

             1. М.Аятын  биед гэмтэл учирсан байна.Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 

            2. М.Аятын биед зүүн нүдний дээд, доод  зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. М.Аятын биед  учирсан  дээрх гэмтлүүд  нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн  зэрэгт хамааахгүй” ,

4. М.Аятын биед учирсан дээрхи гэмтлүүд нь эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхүй гэх дүгнэлт,

              Хохирогч М.Хурамбайгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн 

           1. М.Хурамбайгийн биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус  хуралт, баруун хөмсөгний урд хэсэгт зулгаралт, баруун гарын долоовор хурууны хумс унасан шарх, мөн долоовор хурууны өндөг болон ард хэсэгт язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдэх боломжтой.

3. М.Хурамбайгийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- үзлэг хийсэн тухай тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлт

- Улаанбаатар хот Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020

 

оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

- Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шүүгчийн захирамжын хуулбар,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч М.Аят нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт М.Хурамбайтай маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч М.Хурамбайгийн мэдүүлэг, гэрч Т.Сахамжамалын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 167, 168 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Аятын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Аят нь хохирогч М.Хурамбайг зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун хөмсөгний урд хэсэгт зулгаралт, баруун гарын долоовор хурууны хумс унасан шарх, мөн долоовор хурууны өндөг болон ард хэсэгт язарсан шарх гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.Аят нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн атлаа тэрээр хохирогч М.Хурамбайгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас М.Аятын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч М.Аятын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй

 

тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Аят нь Улаанбаатар хот Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Улмаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар, 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна. Өршөөлийн хуульд хамруулсан шүүхийн шийдвэр 2021 оны 07 дугаар сарын 09-ий өдөр гарсан тул шүүгдэгч М.Аятыг ...оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэжээ.

Шүүгдэгч М.Аят зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ял, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулж буй торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

             Шүүгдэгч М.Аят нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.Аятад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч ******* овогт*******ийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аятыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр 

торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аятад Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ял, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулж буй 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аятад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Аят нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч М.Аятад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

           7. Шүүгдэгч М.Аят нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аятад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                       Л.ТҮВШИНЖАРГАЛ