Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/308

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий

хохирогч Н.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **нд Дундговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн тавилгын үйлдвэрт мужаан ажилтай байсан, Дундговь аймаг, Эрдэнэдалай сум, 2 дугаар баг, “**” гэх газар хаягийн бүртгэлтэй, ам бүл 1; Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, ** дугаарын регистртэй, Ц овогт Б-ийн С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.С 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9 дүгээр гудамж, 5 тоот буюу хохирогч Н.Оын оршин суух нийтийн байрны хаалгыг эвдэн нэвтэрч Самсунг S-7 маркийн гар утсыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Отай танилцаад ажил дээгүүр нь очдог байсан. О надад хэлэхдээ ажил дээр ирээд хэрэггүй, манай гэрт ирж бай гэснээр бид хоёр хамтран амьдрах болсон. Тэр өдөр өглөө би Оын гэрт нь жаахан халамцуу очиход тэрээр намайг гэртээ унтаж амар гэсний дагуу би үлдсэн. Оыг ажлаасаа ирэхэд нь хамтдаа караоке орохоор болсон. Караоке-д байж байгаад бид хоёр муудалцсан. Тэгээд би түрүүлж гарч яваад гэрт нь очсон. Түлхүүр байхгүй байсан болохоор хаалганы цоожийг нь эвдлэж орсон. Нилээн байж байгаад цэнэглээд орхисон гар утсыг авч гарсан. Би хулгай хийе гэж бодоогүй, дараа нь буцаагаад өгнө гэж бодож байсан. О надад гэрийнхээ түлхүүрийг өгсөн байсан боловч тэр үед байгаагүй юм. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Стой танилцаад хэсэг хугацаа өнгөрч, бид хоёр хамт байх болсон. Тэр өдөр караоке-д ороод хоорондоо муудалцаж С 00 цагийн үед гараад явчихсан. Би тэндээ хэсэг хүлээж байж байгаад 03 цагийн үед гэртээ харьтал хаалганы цоож эвдэрсэн, гэртээ ортол миний гар утас алга болсон байсан. Тэгээд тэр шөнөдөө цагдаад мэдэгдсэн. Одоо би Сыг миний гар утсыг хулгай хийсэн гэж бодохгүй байна. Түүнийг ирэх юм болов уу гэж хэсэг хугацаанд харсан боловч ирээгүй, нэг удаа утсаар холбогдоод дахин холбогдоогүй. Хохирлоо барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.   

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

хохирогч Н О “… би 2018 оны 2 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед хорооллын эцэст байрлах караокед Сын хамтаар ороод үйлчлүүлж байгаад бид хоёр маргалдсан юм. С гараад яваад өгсөн. Би тэндээ 03 цаг хүртэл ганцаараа сууж байгаад 03 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд манай хаалганы цоожийг эвдчихсэн хулгай орсон байдалтай байсан. Тэгээд байрны эзнээс асуусан чинь чамтай хамт байсан залуу ирээд явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ширээн доор цэнэглэж байсан Самсунг эс7 маркийн гар утас байсан, байхгүй болчихсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. 89838787 гэсэн дугаартай гэрийн хаягийг нь мэдэхгүй хөдөө байдаг гэж хэлж байсан 2, 3 удаа л уулзсан байх. Самсунг эс7 маркийн шаргал өнгөтэй ямар нэг сэв зураас байхгүй гар утас байгаа. 2018 оны 01 дүгээр сард Теди төвөөс 520,000 төгрөгөөр худалдан авч байсан. Анх авахдаа хайрцаггүй авсан. Имэй кодыг нь мэдэхгүй байна” /хх-14-15/ гэж мэдүүлсэн байна.

 

Хөрөнгө үнэлгээний “Damno” ХХКомпаниас гаргасан үнэлгээгээр хохирогч Н.Оын хулгайд алдсан Samsung S-7 маркийн гар утсыг 360.000 төгрөгийн үнэтэй гэжээ. /хх-н 20-21/

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” байхыг, хүндрүүлэхийг шинжийг нь ... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ... үйлдсэн байхыг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Б.Сод холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар, нууцаар буюу хохирогчийг мэдээгүй байхад нь, улмаар хохирогчийг эзгүй байхад нь орон байрных нь хаалганы цоожийг эвдэн орж авсан байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “... С, О нар хамтран амьдарч байсан, тэдгээр нь хоорондоо муудалцсаны улмаас С Оын гар утсыг авч явсан, буцааж өгөх гэж байсан. ... Нэгэнт хамтран амьдарч байсан тул бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч ороогүй, орох эрхтэй хүн зөвшөөрлийн дагуу орсон ...” гэсэн тайлбар хэлж байгаа боловч дээрх тайлбар нь гэмт хэрэг гарсан хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэнэ.

 

Хэрвээ хулгай хийх сэдэл, санаа зорилгогүй байсан юм бол хохирогчийн гэрийн хаалганы цоожийг эвдэхгүй байх байсан, гэрт нь орсоны дараагаар гар утсыг нь авч явахгүй байх байсан, цаашлаад гар утсыг нь буцааж өгөх байсан бол бусдад зарж борлуулахгүй байх байсан гэсэн нөхцөл байдлууд үүснэ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Сыг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сод ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Харин “Хулгайлах” гэмт хэрэг, энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ялын төрөл нь сонгох санкцгүй, зөвхөн “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт, хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тус тус тооцохоор гэмт хэргийн ангилалыг тодорхойлсон.

 

Гэхдээ шүүгдэгч Б.Сын хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Сод холбогдох энэ хэргийг шүүх анх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш хугацаанд тэрээр шүүхэд ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсны улмаас 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс хэргийг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон.

Эрэн сурвалжлагдаж байсан шүүгдэгч Б.С 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Говь-Сүмбэр аймгаас дайчлан баривчлагдаж, тухайн өдөртөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүргэгджээ.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасны дагуу шүүгдэгч Б.Сын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр болон Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд шүүгдэгч Б.С урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх боловч түүнийг “2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан” гэсэн мэдээлэл эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-н 9, 10/

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

          1. Ц овогт Б-ийн Сыг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Сыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.С-д оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Б.С-ын цагдан хоригдсон 49 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Б.С бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.С-ыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ