Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/802

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сартуул овогт Пүрэвсүрэнгийн Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811028570986 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 83-1199д тоотод оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт П.Ц,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ П.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны орой Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Сангийн 01 тоотод хохирогч Н.Энхбаатартай маргалдаж улмаар түүний толгойн тус газар шилэн аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, П.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Дарханбилэгийн эгч нь над руу залгаад Дархаа хүнд гарандаа хутгалуулчихсан гээд байна ажил дээрээ байна чи холбогдоод өгөөч яасан юм бол асуугаад сураглаад өгөөч гэхээр нь би Энхбаатар гэх найзындаа ууж байгааг нь мэдэж байсан болохоор авах гээд очсон чинь Энхбаатар нь намайг би чамайг очиж алах гэж байхад өөрөө хүрээд ирдэг овоо гар вэ гээд над руу дайрахаар нь би гарт тааралдсан шил аваад цохичихсон. Би салатны шил аваад нэг л удаа толгой руу нь цохисон тэгэхэд уг гэмтлүүд үүссэн байх. ...Би өөрийн гэм буруугаа ойлгож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 34х/, хохирогч Н.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц өөрөө манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд орж ирэхээр нь хэл амаараа хоорондоо учраа олчихье гэж бодоод байж байтал тэрээр өөрөө шууд агсан тавиад бид нарыг хэл амаар доромжлоод байсан ба Мөнхбаяр уурлаад чи айлд орж ирчихээд яагаад байгаа юм гээд нэг алгадаад авахаар нь би дундуур нь ороод салгах гэтэл намайг шилээр толгой руу цохиод авсан ба тэр Ц намайг цохисоныхоо дараа гараад зугтаасан. ...Толгойны зураг авхуулсан 120.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Өөр ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13х/, гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цээ нөгөө 2 залуутай муудалцаад тэр 2 залуу нь Цээ рүү дайрсан. ...би Цээс юу болсон талаар асуухад наад 3 чинь намайг нийлээд зодох гэж байна шүү дээ би нэг залууг юмаар цохисон гэж хэлж байсан ба сүүлд нь сонсоход Энхбаатар гэх залууг салатны шилээр толгой руу нь цохисон гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би тэр хүний хацар луу нь алгадаад чи мэндийн зөрүүгүй агсам тавьлаа гээд би алгадаад авсан чинь Энхбаатар босч ирээд тэр залуутай маргалдаад намайг тэр залуугаас холдуулсан ба тэр залуу салат хийсэн байсан шил аваад Энхбаатарын толгой руу цохисон ба тэр залуу гарсан бид нар араас нь дагаад гарсан чинь нөгөө залуу газраас баахан чулуу авч шидэж байгаад зугтаагаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч В.Дарханбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цээ ах ирж байна уу хэрвээ чадахгүй бол би өөрөө яваад очьё гэж хэлээд удаачгүй ороод ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ халаасандаа гараа хийчихээд зогсоод байсан чинь Энхбаатар чи айлд орж ирчихээд мэнд мэддэггүй юмуу гэж хэлсэн тэгэхэд Мөнхбаяр наадах чинь хэн юм гэхээр нь би зодоон цохион хийгээд хэрэггүй шүү гэсэн чинь дахиад энэ хэн юм гэсэн. Тэгсэн Цээ нэг аяга аваад шидсэн чинь шилэн тавилга руу нь шидээд хагалчихсаы ба Энхбаатар уурлаад чи хүний юм руу аяга шиддэг хэн юм гээд уурласан ба Энхбаатар тэр 2 муудалцаад заамдалцсан ба Цээ ах шилээр толгой руу нь цохиод гараад зугтаачихсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 20х/, ШШҮХ-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12202 дугаартай шинжээчийн: "Н.Энхбаатарын биед дагзанд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч П.Цийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч П.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Сартуул овогт Пүрэвсүрэнгийн Цийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Цийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ