Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/754

 

       

 

 

 

 

 

     2020         12          01                                   2020/ШЦТ/754

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Д.О ,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У  овогт Г-ийн Г холбогдох эрүүгийн 2003000000373 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд  төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик засварчин мэргэжилтэй, “..............” ОНӨААТ Газарт засварчин ажилтай, ам бүл-.......... хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У  овогт Г-ийн Г   /................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 22 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрэл” ХХК”-ийн урд замд “УБТ” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” маркийн “Соната” загварын 47-99 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 65 настай, эмэгтэй Д.О ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 9 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэгт автобусны буудлын явган хүний гарцаар гарч байхад эхний машин зогсоод гарахад цаад талын эгнээнээс гэнэт нэг машин гарч ирээд намайг мөргөсөн. Би унаад босож ирэхдээ өвдөх зовуурь байгаагүй. Жолооч нь гарч ирээд намайг түшиж босгоод цагдаа, түргэн дуудсан. Би айсан байсан учир суугаад хүүхдүүдээ дуудсан. Энэ хүүхэд манай хүүхэд рүү залгаад надад утсаа өгөхөд гар чичирч байхаар нь би айсан юм байна гэж бодсон. Шүүгдэгч намайг тохирох уу гэхэд тэнд байсан хүмүүс цагдаа түргэн дууд гэж хэлээд дуудсан. Би осол болсноос хойш 2 өдөр яваад дараа нь ядраад өвдөөд зовуурьтай байгаагаа мэдсэн. Би шүүгдэгчид гомдож байгаа. Цагдаа ирээд хаана унасан бэ гэж асуухад намайг машины урд унасан гэж худлаа хэлсэн учир би гомдсон. Би мөргүүлээд хол шидэгдсэн. Тэнд байсан хүмүүс намайг их хол шидэгдэж унасан учир эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгээд л эмнэлэг явсан. Дараа нь харахад миний гутлын өсгий хугарсан байсан. Би шүүгдэгчийг худлаа хэлсэн зүйлд л гомдож байгаа. Урд нь 2 машин зогсож байхад нь хурдаа хасахгүй яваад намайг мөргөсөн. Өнөөдөр хүртэл миний бие өвчтэй байгаа. Би харшилтай болоод эмнэлгээр их явж байхад над руу нэг ч удаа утсаар холбоо бариагүй. Би осол болох үед удаан хэвтээгүй. Манай хүүхдүүд болон би шүүгдэгчийг шахаж шаардаагүй. Би эхэндээ энэ хүүхдийг өмөөрч байсан манай хүүхдүүдээс өөрцгүй гэж бодож байгаад нэг ч удаа холбоо бариагүй учир гомдож байна. Шүүхийн шийдвэр гарахаар хохирол төлбөрийг төлнө гэх зүйл ярьж байсан. Надтай нэг ч удаа холбоо барьж уулзаагүй. Хохирлоо барагдуулмаар байна. Корона гарсантай холбоотой би эмчилгээгээ хийлгэж чадахгүй дал, мөр хөдөлж чадахгүй, бүсээ бүсэлж чадахгүй миний бие их зовуурьтай байгаа. Би их тэвчээр гаргаж байгаа. Баруун гараа одоо ч хөдөлгөж чадахгүй байгаа. Толгой тархиа ч бариулж чадаагүй сүүлийн үед их өвдөж байгаа. Би гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ байдаг надад орлого байхгүй. Эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх эмчийн бичиг эм тарианы жагсаалт байгаа эм тариагаа ч авч чадаагүй байгаа. Нойр хүрэх нь ч муу байгаа. БГД эмнэлгийн хяналтад байгаа. Одоо өвдөлт маш их байгаа. Эмнэлэг орж чадахгүй гэрээсээ гарахгүй байгаа...” гэв.

Эрүүгийн 2003000000373 дугаартай хавтаст хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,

Хохирогч Д.О ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №10849 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-50-р хуудас/,

Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 82-р тал/,

Шүүгдэгч Г.Г  ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 71-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 74-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 80-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн цалингийн тодорхойлолт /...Г.Г нь 1.234.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлов.../ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г  ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 22 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрэл” ХХК”-ийн урд замд “УБТ” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай Соната” маркийн 47-99 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч хохирогч Д.О ийг мөргөсний улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрэл ХХК-ийн урд замд “Соната-6” маркийн 47-99 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг мөргөсөн байдалтай ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явган хүний гарц дээр зогссон байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,

Хохирогч Д.О ийн  “...Би 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллоос автобусанд суугаад “Эрэл” ХХК-ийн урд талын автобусны буудал дээр буугаад замын хойд талын буудлаас автобусанд суух гээд ертөнцийн зүгээр урдаас хойшоо явган хүний гарцаар зам хөндлөн гарахад замын 2, 3-р эгнээний машинууд зам тавьж өгөхөөр нь зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд автомашин миний гэдэс рүү мөргөхөд унасан.  Би босож чадахгүй унасан газраа хэвтэж байхад намайг мөргөсөн жолооч ирж босгож машиндаа оруулж суулгасан. Түргэн болон цагдаа ирсэн. Ослын улмаас миний гар, хөл, гуя, тохой, нуруу хэсэг хөхөрч өвчин орсон байсан. Тухайн жолооч миний эмчилгээнд мөнгө гаргаж өгөөгүй. Би айсан байсан учир суугаад хүүхдүүдээ дуудсан. Энэ хүүхэд манай хүүхэд рүү залгаад надад утсаа өгөхөд гар чичирч байхаар нь би айсан юм байна гэж бодсон. Шүүгдэгч намайг тохирох уу гэхэд тэнд байсан хүмүүс цагдаа түргэн дууд гэж хэлээд дуудсан. Би осол болсноос хойш 2 өдөр яваад дараа нь ядраад өвдөөд зовуурьтай байгаагаа мэдсэн. Би шүүгдэгчид гомдож байгаа. Цагдаа ирээд хаана унасан бэ гэж асуухад намайг машины урд унасан гэж худлаа хэлсэн учир би гомдсон. Би мөргүүлээд хол шидэгдсэн. Тэнд байсан хүмүүс намайг их хол шидэгдэж унасан учир эмнэлэг яв гэж хэлсэн. Би шүүгдэгчийг худлаа хэлсэн зүйлд л гомдож байгаа. Урд нь 2 машин зогсож байхад нь хурдаа хасахгүй яваад намайг мөргөсөн. Өнөөдөр хүртэл миний бие өвчтэй байгаа. Би харшилтай болоод эмнэлгээр их явж байхад над руу нэг ч удаа утсаар холбоо бариагүй. Би осол болох үед удаан хэвтээгүй. Манай хүүхдүүд болон би шүүгдэгчийг шахаж шаардаагүй. Би эхэндээ энэ хүүхдийг өмөөрч байсан манай хүүхдүүдээс өөрцгүй гэж бодож байгаад нэг ч удаа холбоо бариагүй учир гомдож байна. Шүүхийн шийдвэр гарахаар хохирол төлбөрийг төлнө гэх зүйл ярьж байсан. Надтай нэг ч удаа холбоо барьж уулзаагүй. Хохирлоо барагдуулмаар байна. Корона гарсантай холбоотой би эмчилгээгээ хийлгэж чадахгүй дал, мөр хөдөлж чадахгүй, бүсээ бүсэлж чадахгүй миний бие их зовуурьтай байгаа. Би их тэвчээр гаргаж байгаа. Баруун гараа одоо ч хөдөлгөж чадахгүй байгаа. Толгой тархиа ч бариулж чадаагүй сүүлийн үед их өвдөж байгаа. Би гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ байдаг надад орлого байхгүй. Эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх эмчийн бичиг эм тарианы жагсаалт байгаа эм тариагаа ч авч чадаагүй байгаа. Нойр хүрэх нь ч муу байгаа. Баянгол дүүргийн эмнэлгийн хяналтад байгаа. Одоо өвдөлт маш их байгаа. Эмнэлэг орж чадахгүй гэрээсээ гарахгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №10849 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Д.О ийн биед бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун гарын дунд хурууны алганы шивнүүрийн хугарал, баруун тохой, нуруу, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-50-р хуудас/,

 

Мөрдөгчийн магадалгаанд: “...Хьюндай “Соната” маркийн 47-99 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Хьюндай “Соната” маркийн 47-99 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам дээр үүссэн тоормосны мөрийг физикийн томьёо ашиглан бодож үзэхэд 51км цагийн хурдтай явсан байна.

3. Явган зорчигч Д.О  нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 82-р тал/,

 

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Г  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

          Иймд шүүгдэгч Г.Г  ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар заажээ.

 

Шүүгдэгч Г.Г нь зам тээврийн осол гаргах үедээ жолоодон явсан Хьюндай “Соната” маркийн 47-99 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “УБТ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй боловч /хх-ийн 70-р хуудас/ “УБТ” ХХК болон Б.Хишиг-Очир нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр уг тээврийн хэрэгслийг такси үйлчилгээний чиглэлээр ажиллуулах гэрээ байгуулж Б.Хишиг-Очирын эзэмшил ашиглалтад байсан болох нь “Такси ажиллуулах тухай гэрээ” /хх-ийн 75-76-р хуудас/, иргэний хариуцагч Б.Хишиг-Очирын “... Би Хьюндай “Соната” маркийн 47-99 УБН улсын дугаартай автомашиныг Улаанбаатар такси ХХК-тай гэрээ байгуулж түрээсээр унаж байгаа.  2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Г.Г надаас “машинаа өгчхөөч эхнэр хүүхдээ авч айл руу яваад ирье” гэхээр би түүнд машинаа өгсөн” гэх мэдүүлгээр /хх-ийн 18-р хуудас/ батлагдаж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан хэдий ч шүүгдэгч Г.Г нь уг тээврийн хэрэгслийн  эзэмшигч “УБТ” ХХК-аас зөвшөөрөл аваагүй харин  Б.Хишиг-Очирын зөвшөөрснөөр автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон. Дээрх зам тээврийн осол нь шүүгдэгч Г.Г  ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шууд буруутай үйлдлийн улмаас гарсан тул бусдад учирсан хохирлыг шүүгдэгч Г.Г  аар төлүүлбэл зохино.

 

           Шүүгдэгч Г.Г  ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.О ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан ба эмчилгээ оношилгоонд 2.264.000 төгрөгийн зардал гарсан болох нь хэргийн 64-69-р      хуудаст авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Г  аас 2.264.000 төгрөг гаргуулж хохирогч Д.О т олгохоор шийдвэрлэв.

 

          Хохирогч  Д.О  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Г  аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г  ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 800 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “эрх хасах” нэмэгдэл ял заавал хэрэглэхээр хуульчлаагүй боловч мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно” гэж заасан.

          Шүүгдэгч Г.Г нь жолоочийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг ноцтойгоор зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарц дээр хохирогчийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед “бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун гарын дунд хурууны алганы шивнүүрийн хугарал” зэрэг хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эмчилгээ оношилгоонд зарцуулсан төлбөрийг нөхөн төлөөгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Г.Г нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТ Газарт засварчнаар ажилладаг ба түүний сарын цалин орлогын хэмжээг харгалзан оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

           Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

            

             Хэргийн хамт ирүүлсэн Г.Г  ын ВCD ангиллын 885158 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэв.

 

           Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. У  овогт Г-ийн Г  ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г  ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан шүүгдэгч Г.Г оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г мэдэгдсүгэй.

          

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Г  аас 2.264.000 төгрөг гаргуулж хохирогч Д.О т олгосугай.

 

            5. Хохирогч Д.О  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Г  аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

7. Хэргийн хамт ирүүлсэн Г.Г  ын ВCD ангиллын 885158 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР