Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 233

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/00233

              Улаанбаатар хот

 

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Udh Center 15 давхар 1510 тоотод байрлах “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 1 дүгээр байрны 20 тоотод оршин суух Чонос овогт Түмэн-Өлзийгийн Тансагчимэгт /РД:ЙЮ75102400/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн захирал Л.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Т.Тансагчимэг нь 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл Т.Тансагчимэг нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 2014 оны 4-р сарын 24-ний өдөр манай компанид хүсэлт гаргаж, зээлийн гэрээний үүргээ 2014 оны 6-р сарын дотор төлж барагдуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл зээлээ эргэн төлөөгүй байна. Иймд Т.Тансагчимэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Тансагчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие “Өндөрбуянт холдинг” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК нь хариуцагч Т.Тансагчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.       

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд  “...1.нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 18 000 000 төгрөгнөөс 6 000 000 төгрөгийг бууруулж байна.

            2.Хариуцагч тал зээлийн үндсэн төлбөр болох 12 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна.

            3.Хэрэв хариуцагч тал дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн торгууль 2 000 000 төгрөгийг нэмж төлөх бөгөөд нийт 14 000 000 төгрөгийг үл маргах журмаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмаар төлнө.

            4.Хариуцагч төлбөр албадан гаргуулахтай холбоотой бүх зардлыг хариуцна” гэж харилцан тохиролцсон байна.

            Иймд нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК нь хариуцагч Т.Тансагчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 18 000 000 төгрөгийг 6 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 12 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд 2 000 000 төгрөгийг нэмж, нийт 14 000 000 төгрөгийг төлөхөөр зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн, талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Өндөрбуянт холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Тансагчимэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК нь хариуцагч Т.Тансагчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 18 000 000 төгрөгийг 6 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 12 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд 2 000 000 төгрөгийг нэмж, нийт 14 000 000 төгрөгийг төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 125 000  төгрөг, хариуцагч Т.Тансагчимэгээс 103 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

 

             

ШҮҮГЧ                           Д.ХУЛАН