| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1206 |
| Огноо | 2021-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1206
2021 11 10 2021/ШЦТ/1206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
Хохирогч Д.Лодой, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэболор /ҮД:0248/,
Шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Б.Тамир /ҮД:0651/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Чт холбогдох 2106 00000 1891 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Чино импекс” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 83 дугаар байрны 59 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Тийн Ч /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Т.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн урд талын хашаанд иргэн Д.Лодойтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Лодойн өгсөн: “... 08 дугаар сарын 26-ны өдөр Есөн-Эрдэнэ гэх найзтайгаа хөдөө явах гэж байсан. “Надад нэг шил архи авч ирээд өг” гэж гуйгаад байхаар нь очин уугаад сууж байтал Ч ах ирсэн. 2 шил архи ууж байхад Есөн-Эрдэнэ, Ч 2 маргалдсан. Энэ 2 муудалцсан. “Чи хүний юм хулгай хийлээ” гэж хэлсэн. Ч ах надтай зууралдаад байхаар нь “та боль” гээд гэрт оруулан гараад явж байтал араас толгой руу цохисон. Юугаар цохисныг нь би мэдэхгүй байна. Есөн-Эрдэнийг гэдэс рүү цохиж унагаасан. Тухайн үед өөрийнх нь гар утасны цэнэг дууссан байсан. Аюурзана гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Би анх мэдүүлэг өгөхдөө тэр хүнээс гэрчийн мэдүүлэг аваарай гэж хэлсэн. Сунадаг дорцов байсан гэдэг. Өөрөө мэдүүлгээ буруу өгсөн. Юмаар цохисноо хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна. Тэр өдөр миний гар утсанд мессеж ирж байсан. 830.000 төгрөгийн зардал гарсан. Дүүгийнхээ машинтай яваад эмнэлэгт үзүүлсэн. Нөгөө хүнтэйгээ холбогдож чадахгүй байгаа. Одоогоор баримт байхгүй байна. Баримтуудаа цуглуулаад явж байсан. Эмнэлэгт хэвт гэхээр хэвтээгүй. Эмийн сан баримт дахиж өгөх боломжгүй гэсэн. Тэгээд баримт авчирч чадаагүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лодойн өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд хуурай ах Чийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Авто Американа”, “Миний дэлгүүр”-тэй барилгын урд талын агуулахын хашаанд Есөө, Ч, бид гурав 0,75 литрийн экс нэртэй архи хувааж уусан. Тэгээд архиа уугаад дууссаны дараа Ч гартаа дорцовны иш барьж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр миний толгой руу цохисон. Би толгойгоо бариад зугтахад араас нуруу луу нөгөө төмрөөрөө зодсон. Би толгойгоо бариад мөлхөж хашаанаас гарсан. Тэгтэл танил ах Аюурзана ирээд Чийг надаас салгахад буцаад зодох гэж дайраад байсан... Миний толгой болон нуруунд гэмтэл шарх учирсан. Миний толгой хагараад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж оёдол хийлгэсэн. Би Ч ахыг зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7956 дугаартай:
“1. Д.Лодойн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Чийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Лодой над руу дайраад байхаар нь би хавсартал хамт унасан юм. Бид хоёр зууралдаж 1-2 удаа унасан. Тэгээд гэмтэл авсан байх. Тухайн үед цагдаа нар ирээд Лодойн толгойноос цус гарч байна, эмнэлэг яв гээд, намайг цагдаагийн хэлтэст авч ирсэн юм...”,
“... Намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Болсон зүйлд гэмшиж байна... Надад төлбөр мөнгөө хэлнэ гэхээр нь нийт мөнгө төгрөгөө хэлээрэй, төлье гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд /хх.28, 43/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,
Шүүгдэгч Т.Чийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.16-24 29-34/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.54/,
Хохирлын талаарх баримтууд /шинээр гаргасан 4 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн урд талын хашаанд иргэн Д.Лодойтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лодойн өгсөн: “... Ч гартаа дорцовны иш барьж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр миний толгой руу цохисон. Би толгойгоо бариад зугтахад араас нуруу луу нөгөө төмрөөрөө зодсон. Би толгойгоо бариад мөлхөж хашаанаас гарсан... Миний толгой болон нуруунд гэмтэл шарх учирсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7956 дугаартай:
“1. Д.Лодойн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Чийн яллагдагчаар өгсөн: “... Хүлээн зөвшөөрч байна. Болсон зүйлд гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.28, 43/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Лодойн өгсөн: “Ч ах надтай зууралдаад байхаар нь “та боль” гээд гэрт оруулан гараад явж байтал араас толгой руу цохисон...”гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ундралын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Лодойн өгсөн: “... Ч гартаа дорцовны иш барьж байгаад миний толгой руу цохиж, зодсон...” гэх мэдүүлгийг шүүгдэгч огт үгүйсгэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, хохирол нөхөн төлөхөөр эрмэлзэж, 500.000 төгрөг сайн дураар нөхөн төлсөн, цаашид гарах бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь боломжтой гэж үзэхээр байх тул Есөн-Эрдэнэ, Аюурзана нараас гэрчээр мэдүүлэг авах тухай хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Чийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Чийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Т.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Д.Лодой нь эмчилгээний зардал 830.000 төгрөг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардлын баримтгүй байх бөгөөд шүүгдэгч Т.Ч нь хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Улмаар хохирогч Д.Лодой нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Чээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Т.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Чийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Т.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Чт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөллийн хөлс 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олговол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Тийн Чийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Чт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Чт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөллийн хөлс 300.000 төгрөгийг шүүгдэгч Т.Чээс гаргуулж хохирогч Д.Лодойд олгосугай.
8. Хохирогч Д.Лодой нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Чээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР