Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 121

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/00121

Улаанбаатар хот

 

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, 18 тоотод байрлах, Цагдаагийн ерөнхий газрын Авто баазад холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 581 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ний дэд захирал бөгөөд бизнес хөгжлийн газрын захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Авто баазын газар нь Жи-Мобайл ХХК-тай 2015 оны 05-р сарын 29-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээг 2 сарын хугацаатай байгуулан Ю-6 маркийн нэг бүрийн үнэ нь 330,000 төгрөгийн үнэтэй гар утас 16 ширхэгийг 5,280,000 төгрөгөөр, Ю-6 маркийн нэг бүрийн үнэ нь 360,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 5 ширхэгийг 1,800,000 төгрөгөөр, NP10 маркийн 240,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж 15 ширхэгийг 3,600,000 төгрөгөөр, Жи10 365 хоногтой нэгжгүй 60,000 төгрөгийн үнэтэй дугаар 17 ширхэгийг 1,020,000 төгрөгөөр, AWP Z660 маркийн терминал 1 ширхэгийг 75,000 төгрөгөөр, Жи10 365 хоногтой 60,000 төгрөгийн үнэтэй нэгж 3 ширхэгийг 180,000 төгрөгөөр, нийт 11,955,000 төгрөгийн гар утас, төхөөрөмж, нэгж, терминал зэрэг бараа бүтээгдэхүүнийг тус тус худалдан авсан. Ингээд гэрээний хугацаанд 10,414,000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоогийн байдлаар 1,721,000 төгрөгний өр төлбөртэй байна.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын харьяа Авто баазын газраас гэрээний үүргийн биелэлт 1,721,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 328 хоногоор тооцож 860,500 төгрөг, нийт 2,581,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Жи-Мобайл ХХК-ийн төлөөлөгч 2015 оны 3 дугаар сарын эхээр ирж Цагдаагийн ерөнхий газрын авто баазын албан хаагч, ажилчдад Ю-6 маркийн нэг бүрийн үнэ нь 330,000 төгрөгийн үнэтэй гар утас 16 ширхэгийг 5,280,000 төгрөгөөр, Ю-6 маркийн нэг бүрийн үнэ нь 360,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 5 ширхэгийг 1,800,000 төгрөгөөр, NP10 маркийн 240,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж 15 ширхэгийг 3,600,000 төгрөгөөр, Жи10 365 хоногтой нэгжгүй 60,000 төгрөгийн үнэтэй дугаар 17 ширхэгийг 1,020,000 төгрөгөөр, AWP Z660 маркийн терминал 1 ширхэгийг 75,000 төгрөгөөр, Жи10 365 хоногтой 60,000 төгрөгийн үнэтэй нэгж 3 ширхэгийг 180,000 төгрөгөөр, нийт 11,955,000 төгрөгийн гар утас, төхөөрөмж, нэгж, терминал зэргийг харилцан тохиролцож худалдсан.

Иймд Авто баазын албан хаагч, ажилчидтай харилцан тохиролцож хийсэн худалдан авах гэрээний үүргийг Цагдаагийн ерөнхий газын харьяа Авто бааз хариуцахгүй болно. Манай зүгээс Жи-Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонтуяатай 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр холбогдож харилцан тохиролцож өнөөдрийн байдлаар 3 албан хаагчид холбогдох 440,000 төгрөгийг төлүүлж, 4 алба хаагчид холбогдох 680,000 төгрөгийг цалин дээрээс суутгахаар, 3 алба хаагчид холбогдох 1,000,000 төгрөгийг төлүүлэхээр шаардаж ажиллаж байна гэжээ.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Авто баазад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 721 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 860 500 төгрөг, нийт 2 581 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

 

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд  “...1.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 1 721 000 төгрөгнөөс 721 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна. 2.Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 710 000 төгрөг болон алданги 860 500 төгрөгнөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгон багасгав. 3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 1 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар төлбөрийг албадан гаргуулна” гэжээ.

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 2 581 500 төгрөгийг багасгаж, зохигч 1 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 1 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.  

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                  

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1.”Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Авто баазад холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 581 500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч 1 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь уг 1 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 254 төгрөгийн 28 127 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 28 127 төгрөг, хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын Авто баазаас 14 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

             

 

ШҮҮГЧ                           Д.ХУЛАН