Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 303

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/00303

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо 1 дүгээр 40 мянгат А4 байр 21 тоотод оршин суух Бөртэ овогт Бямбаагийн Оюун-Эрдэнийн /РД:МЮ80012365/ нэхэмжлэлтэй                  

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ХД82 байр 6 тоотод оршин суух, Бөхөд овогт Банзрагчийн Бямбадоржод /РД:ЙС69062911/ холбогдох

Гэм хорын хохиролд 861 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч А.Бямбадорж /ШТЭҮ-1645/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.           

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед шалгалтаа тараад Төв Төрийн банкны хойно байрлах тоглоомын тайлбайд хөл бөмбөг тоглож байхдаа маргалдсаны улмаас Б.Тэлмүүн-Эрдэнэ нь Б.Хүслэнгийн нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохин, хамрын ясыг хугалж гэмтээсэн байдаг. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 01 цагийн үед гэртээ орж ирэхэд нь эмээ гэртээ байсан бөгөөд Б.Хүслэнгийн хүн харахын аргагүй болсон нүүрийг хараад учир байдлыг асууж мөсөөр жин тавьж өгсөн. Тухайн өдрийн орой 19 цагт миний бие Б.Оюун-Эрдэнэ нь ажлаасаа гэртээ ирэхэд хүү Б.Хүслэнгийн нүүр хүн харахын аргагүй, мөн нүдний шилийг нь эвдсэн байсан. Болсон явдлыг лавлан Б.Тэлмүүн-Эрдэнийн ээж С.Цэдэнсодном, ангийн багш н.Даваадуламтай утсаар холбогдож Б.Хүслэнгийн нүүрний байдал болон болсон явдлын талаар мэдэгдсэн. Тухайн өдрийн 20 цагийн үед Б.Хүслэнгийн биеийн байдлыг яаралтай үзүүлэхийн тулд “Интермед” эмнэлэгт хамрын рентген зураг авахуулан гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчид үзүүлснээр хамрын яс хугарсан шинжтэй учир нарийн мэргэжлийн чих, хамар хоолойн эмчид үзүүлж яаралтай арга хэмжээ авахыг зөвлөсөн. Тус өдөр их оройтсон байсан учир ажиллаж байгаа чих, хамар, хоолойн эмч байхгүй улмаас гэртээ харьсан. Хүү Б.Хүслэн нь хамрын хавдраасаа болж амьсгалахад маш хэцүү байсан. Эмчийн зөвлөсний дагуу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Интермед” эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэн, зөвлөгөө авсан. Тухайн үед хамрын ойролцоо хэсэг хавдартай байсан тул нарийн онош гаргах боломжгүй тул 3 өдрийн дараа хавдрыг буулган давтан үзүүлж хамрын аль хэсгийн яс хугарсан эсэх, мэс ажилбар хийгдэх эсэхийг тодорхой болгох шаардлагатай болсон.

2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бид гэмтлийн зэргийг тодорхойлуулахын тулд шүүх эмнэлэгт хандан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан.

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой ээж С.Цэдэнсодном нь хүү Б.Тэлмүүн-Эрдэнийн хамт ирэн уучлалт гуйн холбогдох бүх зардлыг төлж хохиролгүй болгоно, гэхдээ энэ явдал нь гэнэтийн учир өнөө маргааш шууд гаргаж өгч чадахгүй байна гээд ар гэрийн байдлаа хэлэхэд нь боломжоороо өгөөрэй түрүүлээд миний бие өөрөөсөө гаргаж байя гэж тохирсон. Дээрх гурван өдрийн хугацаанд бид зүгээр суулгүй Чингэлтэй дүүргийн гэмтлийн эмчид үзүүлснээр хамрын яс хугарсан тул нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмчид үзүүлж яаралтай арга хэмжээ авахыг зөвлөсөн. Тиймээс бид гурван өдрийн дараа 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр давтан үзүүлснээр хамрын зүүн дээд яс багахан цөмөрч орсон бөгөөд хамар нь муруйлттай болох нь тодорхой болсон. Тиймээс мэс ажилбарыг бүрэн унтлагатай хийх шаардлагатай болсон.

“Интермед” эмнэлгийн мэс ажилбарын өртөг өндөр байсан тул Б.Тэлмүүн-Эрдэнийн ар гэрийн байдлыг харгалзан үзсэний дагуу цаг авч Эх нялхасын эрүүл мэндийн төвд 5 дугаар сарын 31-ний өдөр чих хамар хоолойн эмчид үзүүлснээр хамрын зүүн дээд яс багахан цөмөрч орсон бөгөөд хамар нь муруйлттай тул мэс ажилбар хийхийг зөвлөсөн. Гэвч Эх нялхсын эрүүл мэндийн төв нь маш их ачаалалтай учир 7 хоногийн дараа дахин ирж хагалгааны төлөвлөгөөнд орж хагалгаа хийгдэх байсан учир бидэнд хүүхдийн минь эрүүл мэнд юунаас ч илүү чухал тул “Интермед” эмнэлэгт 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүрэн унтлагатай мэс ажилбарт орохоор шийдсэн.  

Б.Бямбадорж, С.Цэдэнсодном нар нь холбогдох бүх зардлыг төлж хохиролгүй болгоно гэж хэлсэн боловч энэ бүх хугацааны эмнэлгийн зардлыг миний бие гаргасан. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүрэн унтлагатай мэс ажилбар “Интермед” эмнэлэгт 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хийгдэх болсон тухай Б.Тэлмүүн-Эрдэнийн ээж С.Цэдэнсодномд улсаар мэдэгдсэн. Бид 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Интермед” эмнэлэгт өглөөний 08 цагт ирж хагалгааны бэлтгэл ажил эхэлж ажилбар эхлэн 11 цагийн үед дууссан. Тус өдөр С.Цэдэнсодном өөрийн найзын хамт ирсэн. Ажилбар дуусаж эмнэлгээс гарах үед төлбөр тооцоо хийсэн. Ажилбарын төлбөр 591,800 төгрөг гарсны С.Цэдэнсодном нь 300,000 төгрөгийг бэлнээр тушааж үлдэгдэл төлбөрийг миний бие төлж барагдуулсан.

2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч бусад ажилбар хийгдэх хүртэл эмчийн үзлэгийн төлбөр болон шинжилгээний төлбөрүүд, ажилбарын дараах эмчийн төлбөр, эмчийн үзлэгийн төлбөрүүдийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Б.Тэлмүүн-Эрдэнэд үүсгэсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2476 тоот тогтоолоор эрүүгийн гэмт хэрэг үүсгэхээс татгалзсан.

Б.Бямбадорж, С.Цэдэнсодном нар нь уг хэрэг нь эрүүгийн гэмт хэрэг үүсгэхээс татгалзсан гэдгийг мэдсэнээр өнөөг хүртэл үнэн худал нь мэдэгдэхгүй мөнгө олдохгүй байна гэх шалтгаанаар хүлээлт үүсгэн, цаг авч замхруулах арга хэрэглэж хохирлыг барагдуулах бодолгүй байгаа нь илт болсон бөгөөд мөнгөний талаар лавлахад уурлаж, аманд орсон мөнгөө нэхэж байна, баячуудын эмнэлэгээр дураараа явж маш их төлбөр гаргуулсан. Шүүх цагдаагаар яв гэх мэтээр элдвээр хэлж уурласан. Тиймээс аав Б.Бямбадорж, ээж С.Цэдэнсодномтой зохицон хохирлоо барагдуулж чадахгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.

Эмчилгээний үлдэгдэл зардал 550,930 төгрөг, хоёр өдрийн ажлын хөлс 191,230 төгрөг, унааны зардал 40,000 төгрөг, шинэ нүдний шилний төлбөр 54,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 25,400 төгрөг, нийт 861,560 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай хүүгийн хамрыг гэмтэл учраагүй гэж шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан гэж хариуцагч, түүний өмгөөлөгчийн ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би тухайн үед мөрдөн байцаагчид ч энэ талаар хэлж, бусад үзлэгийн баримтыг үзүүлж, дахин шинжилгээ томилуулах байсан боловч хариуцагч нар нь эвлэрнэ, эмчилгээний зардал мөнгийг өгнө гэсэн болохоор би гомдол гаргаагүй. Би хувийн эмнэлэгт үзүүлж их мөнгө гаргуулна гэсэн зүйл байхгүй, хүүхдийн хамар нь хавдаад амьсгалахад үнэхээр хэцүү байсан, тиймээс яаралтай арга хэмжээ авах үүднээс Интермэд эмнэлэгт хандсан. Энэ эмчилгээний зардал бол үзүүлсэн төлбөр, мэс ажилбарын төлбөр, эм авсан мөнгө л байгаа, өөр зүйл нэхээгүй. Мөн хүү маань нүдний шил зүүдэг, тэр нь хугарсан зүүж болохгүй байсан. Хагалгааны дараа хамрын хавдар буухаар зүүгээрэй гээд дараа нь шинэ шил хийлгэсэн. Унааг бол эмнэлэгт хүргүүлсэн, би өөрөө л хүүхдээ дагуулж явж эмнэлэгт үзүүлдэг. Манай байгууллага цалинтай чөлөө өгдөггүй тиймээс цалингаа нэхэмжилсэн юм. Б.Тэлмүүн-Эрдэнийн аав нь ядаж хүүгийн биеийн байдал ямар байна гэж асуугаагүй байж ингэж ярьж байгаад гомдолтой байна, гэм хорын хохиролд 861 560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч А.Бямбадорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний хүү 12 настай Б.Тэлмүүн-Эрдэнэ нь Б.Хүслэн болон ангийн хүүхдүүдийн хамт хүүхдийн тоглоомын талбай дээр сагсан бөмбөг тоглож байхдаа Б.Хүслэн маргаан үүсгэж улмаар Б.Тэлмүүн-Эрдэнийг цохиход нь хариу цохисон гэсэн. Энэ үед Б.Хүслэнгийн нүдний шил рамнаасаа салахад нь авч хийгээд зүүгээд явсан гэсэн.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэний шүүхэд нэхэмжилж байгаа эмчилгээний зардал нь эргэлзээтэй, нүдний шилний хувьд тухайн үед эвдээгүй байхад нэхэмжилсэн, уг нэхэмжлэл нь тодорхой бус, хоёр хүүхдийн хэн хэнийх нь буруу байгаа тул дээрх нэхэмжилж байгаа 861,560 төгрөгийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хүүгийнхээ хамрын ясыг хугарсан гээд байна, гэтэл хугараагүй гээд шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байгаа. Мөн хүүхдүүдийн хооронд гарсан маргаан Б.Хүслэнгээс болж гарсан хэл амаар доромжилсон байдаг. Мөн Эх нялхасын эмнэлэгт үнэгүй мэс ажилбарт оруулах боломжтой байхад заавал өндөр үнэтэй Интермэд эмнэлэгт оруулсан мэс ажилбарын зардал 591 800 төгрөг гарсан байна. Манай өмгөөлөгч Интермэд эмнэлгээс тодруулахад энэ нь ариутгасан өрөөнд оруулахад л гарсан зардал гэсэн. Цалин болон унааны зардлыг зөвшөөрөхгүй, хүүхэд нүдний шилтэй нь үнэн, гэхдээ зүүгээд явсан гэж байсан. Тиймээс эмний мөнгийг л зөвшөөрнө, бусдыг хүүхдээрээр бизнес хийх гээд байна гэж үзэж байгаа тул зөвшөөрөхгүй. Манай эхнэр уулзаж, хүүхдийн биеийн эрүүл мэндийн талаар нь асууж байсан, бас эмчилгээний зардалд 300 000 төгрөгийг өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Б.Бямбадоржид холбогдуулан гэм хорын хохиролд 861 560 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Б.Тэлмүүн-Эрдэнэ нь Б.Хүслэнгийн нүүрэн тус газарт цохисны улмаас хамрын яс гэмтэж эмчилгээний хийлгэсний тул 550 930 төгрөг, эмнэлэг явсан унааны зардал 40 000 төгрөг, нүдний шил хугарсны улмаас шинэ шил хийлгэсэн 54 000 төгрөг, 2 өдрийн ажлын хөлс 191 230 төгрөг, нийт 836 160 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 25 400 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Хүслэн нь өөрөө хэл амаар доромжилж зодоон гарах шалтгаан нөхцлийг үүсгэсэн, хамрын ясанд гэмтэл учраагүй гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан, үнэгүй улсын эмнэлэгт эмчилгээ хийлгэх боломжтой байхад үнэтэй хувийн эмнэлэгт хийлгэсэн, нүдний шил хийлгэсэн зардал, унааны зардал, 2 өдрийн цалин хөлс зэрэг нь зайлшгүй зардал биш тул төлөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Төрийн банкны хойно байх тоглоомын талбайд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Тэлмүүн-Эрдэнэ нь Б.Хүслэнтэй маргалдан цохиж, бие махбодид нь хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №2476 тоот прокурорын тогтоол, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7400 акт, нас тоолсон тухай тэмдэглэл, Б.Тэлмүүн-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 67-73-р хуудас/ 

Хариуцагч нь зодоон болоход Б.Хүслэнгийн буруутай үйлдэл байгаа гэсэн боловч Б.Тэлмүүн-Эрдэнэ нь Б.Хүслэнг цохисон үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №2476 тоот прокурорын тогтоолоор “...Б.Тэлмүүн-Эрдэнэ нь Б.Хүслэнтэй маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гомдол мэдээллийг шалгасныг хянахад ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 7400 дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.Хүслэнгийн биед хөнгөн гэмтэл учирсан боловч нас тоолсон тухай тэмдэглэл, бусад баримтуудаар Б.Тэлмүүн-Эрдэнэ нь 12 нас 8 сар 8 хоногтой байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна” гэжээ. /хэргийн 73-р  хуудас/

Иймд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртлэх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж зааснаар Б.Хүслэн, Б.Тэлмүүн-Эрдэнэ нар нь 14 насанд хүрээгүй байх тул тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болох нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Б.Бямбадоржоос шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хүү Б.Хүслэнгийн гэмтлийн улмаас мэс ажилбар хийлгэсэн эмчилгээний зардалд 550 930 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Интермэд эмнэлгийн төлбөрийн баримт, мэс заслын тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 8, 13-14-р хуудас/

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь мэс ажилбарыг үнэгүй эмнэлэгт хийлгэх боломжтой байхад үнэтэй хувийн эмнэлэгт хийлгэсэн, ариутгасан өрөөнд оруулчихаад эмчилгээний зардалд 591 800 төгрөг гарсан гэдэг нь үндэслэлгүй, мөн шинжээчийн дүгнэлтээр хамрын ясанд гэмтэлгүй гэсэн байхад мэс ажилбар хийлгэх шаардлага байгаагүй гэж мэтгэлцсэн.

 

Б.Тэлмүүн-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Хүслэнгийн биед хамрын нуруунд цус хуралт гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг гэмтлийн улмаас Б.Хүслэн нь эмнэлэгт үзүүлсэн, мэс ажилбар хийлгэсэн болох нь Б.Хүслэнгийн Интермэд эмнэлгийн тэмдэглэл, мэс, заслын тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 13-14, 15-16-р хуудас/

Хэрэгт авагдсан “Интермэд” эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлд “...2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хамраа цохиулж гэмтээсэн, хамраас цус их гарсан, хамар орчмоор хөндүүрлэнэ, битүүрнэ”, мэс заслын тэмдэглэлд “...ерөнхий унтуулга дор хүүхдийг нуруугаар байрлуулж, хамрын хөндийд ишемизаци хийв. Хамрын таславчийн дунд дээд хэсгээр баруун тийш цүлхийсэн байсныг багажаар тэмтрэхэд бамбалзаж байсан тул 3,0 гр штриц зүүгээр хатгаж соруулахад 1,5 мл орчин өтгөн хүрэн цус сорогдсон. Үүнээс үзэхэд хамрын таславчид цус хуралт үүссэн байгаа тул хамрын таславчийн баруун талын цүлхэгэр хэсэгт 8мм орчим босоо зүслэг хийж хөндийг физилогийн уусмалаар угаагаад урсгуур трунд тавив. Зүүн талын хамрын ясны доош суусан хэсгийг freer елеватороор өргөж өгөв. Баруун талын хамрын ясны овгор хэсгийг дарж өгөв. 2 тал хамтрын тостой чихээс тус тус тавив. Хамрын гадна нуруунд гипс боолт хийв” гэсэн байх тул Б.Хүслэн нь хамрын гэмтлийн улмаас мэс ажилбар хийлгэсэн, уг мэс ажилбараар хамрын таславчид үүссэн цус хуралттай холбоотой ажилбар хийлгэсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамранд гэмтэл учраагүй, мэс ажилбар хийлгэх шаардлагатай байсан эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарласан нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.

Мөн хариуцагч, түүний өмгөөлөгчөөс “Интермэд” эмнэлгийн мэс заслын төлбөрийн баримтыг үндэслэлгүй, ариутгасан өрөөнд оруулаад гаргахад гарсан зардал гэж маргасан боловч хэрэгт авагдсан мэс заслын тэмдэглэл, төлбөрийн баримтаар мэс ажилбарын зардалд нийт 591 800 төгрөг гарсан болох нь нотлогдож байх бөгөөд уг мэс ажилбарыг Эх Нялхасын Эрдэм шинжилгээний төвд үнэгүй хийдэг гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно. 

Иймд хариуцагч Б.Бямбадоржоос Б.Хүслэнгийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан мэс ажилбарын зардал 591 800 төгрөгнөөс хариуцагчийн өгсөн 300 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 291 800 төгрөг болон эмнэлгийн үзлэгийн төлбөр 220 500 төгрөг /104 500+35 000+46 000+35 000=220 500/, эм авсан зардалд 38 630 төгрөг, нийт 550 930 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. /хэргийн 7, 8-10-р хуудас/

            Мөн нэхэмжлэгчээс эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас зайлшгүй зардал болох нүдний шил хийлгэсэн 54 000 төгрөг, унааны зардал 40 000 төгрөг, 2 өдрийн ажлын хөлс 191 230 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь уг зардлууд нь зайлшгүй зардал биш тул төлөхгүй гэж мэтгэлцсэн.

            Зохигч талууд Б.Хүслэнг нүдний шил зүүдэг талаар маргаагүй, хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Хүслэнгийн нүдний шил нь газар унаж, рамнаасаа салсан гэж хүлээн зөвшөөрсөн, шинэ нүдний шил хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан Хос талимын баримтаар  тогтоогдож байх тул нүдний шил хийлгэсэн зардал болох 54 000 төгрөгийг зайлшгүй зардалд тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. /хэргийн 5,18-р хуудас/

            Нэхэмжлэгч нь хүү Б.Хүслэнд гэм хор учирсаны улмаас 2016 оны 5 дугаар сарын 31, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажлаасаа цалингүй чөлөө авч, хүүхдээ асарсан гэж тайлбарласан бөгөөд Б.Оюун-Эрдэнэ нь “Юнимедиа” ХХК-нд захиргаа, хүний нөөцийн менежерийн албан тушаалд 1 992 000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болон 6 дугаар сарын 02-ны өдөр цалингүй чөлөө авсан, түүний цалингаас чөлөө авсны суутгалд 191 232 төгрөг суутгагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон түүний нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байх тул 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн буюу Б.Хүслэн мэс ажилбарт орсон өдрийн цалин болох 95 616 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн суутгал 95 616 төгрөг буюу унааны зардал 40 000 төгрөгийг тус тус хохирогчийн эрүүл мэндэд учирсан зайлшгүй зардалд тооцогдохгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймд хариуцагч Б.Бямбадоржоос гэм хорын хохиролд эмчилгээний зардал 550 930 төгрөг, нүдний шил хийлгэсэн зардал 54 000 төгрөг, 1 өдрийн цалингийн суутгал болох 95 616 төгрөг, нийт 700 546 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 135 614 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

  

            Иргэдийн төлөөлөгч С.Алтангэрэлд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 9 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр түүний 95981841 дугаарын утсаар мэдэгдсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

   1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Бямбадоржоос гэм хорын хохиролд 700 546 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 135 614 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бямбадоржоос улсын тэмдэгтийн хураамжид 21 363 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН

 

                                     ШҮҮГЧИД                                     О.ОДГЭРЭЛ

 

                                                                                          Ц.ОЮУНБИЛЭГ