Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/344

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: У.Э- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт У.Э-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905013650378 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... тоот регистртэй,

Шүүгдэгч У.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто замын хажуугийн явган хүний зам дээр хохирогч Б.Э-ын нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.Хохирогчийн хохирлыг төлж эвлэрсэн” гэв.

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Харкаа бид 2 Баясаа руу уурлаж ажлынхаа хүмүүсийг авчирч зодууллаа гэхэд Баясаа тийм юм байхгүй гэхэд Харкаа, Баясааг цохиод авахад Баясаа, Харкааг цохиж унагаагаад хажууд нь зогсож байсан намайг нүүр рүү 1 удаа цохиход би газар унахдаа замын хажуу талын боржур мөргөж унаад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Шинжээчийн 3540 тоот дүгнэлтэд: “...Б.Э-ын биед зүүн нүдний дээд зовхи, эрүүнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, дээр уруул, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 4, 5, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 30/,

Сэжигтэн, яллагдагчаар У.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Харкаа над руу дайраад намайг цохиод авахаар нь би Харкааг цохиход газар унасан. Тэгээд хажууд нь зогсож байсан Энхбаярын нүүр рүү нь цохиход газар унаад өгсөн. Би тэгээд Энхбаярын нуруу хэсэг рүү нь дээрээс нь дэвссэн. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед би хохирогч Б.Э-ын биед учирсан гэмтлийг гараараа нүүрэн тус газар нь цохиж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42, 45-46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15-17/, Хохирлын баримтууд /хх-н 33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 82-94/, Хохирогчийн хүсэлт /хх-н 109/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто замын хажуугийн явган хүний зам дээр хохирогч Б.Э-ын нүүр тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Э-ын: “..Харкаа, Баясааг цохиод авахад Баясаа, Харкааг цохиж унагаагаад хажууд нь зогсож байсан намайг нүүр рүү 1 удаа цохиход би газар унахдаа замын хажуу талын боржур мөргөж унаад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, шинжээчийн 3540 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Э- нь хохирогч Б.Э-ын нүүрэн тус газар цохиж, улмаар хохирогч нь боржур мөргөж унан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 1.000.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 109/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч У.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР