Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 28

 

Ж.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Ж.Б, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/ 152 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Б-т холбогдох эрүүгийн 1835002480159 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-14 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоног хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 1 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жил 1 сар хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жил 4 сар хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн 4 жил хорих ял, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаар: ОВ83031312, Б ургийн овогтой Ж-гийн Б.

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-18 тоотод оршин суух, хохирогч С.Жгийн гэрт нэвтэрч мөнгөн хазаар хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогтой Ж-гийн Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 1 /нэг/ жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Ж.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Б-ын эзэмшлийн 1 хос гутал /пүүз/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”-аар тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.Б нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой Тээврийн хороонд байрлах ах Ж.Б-гийнд очсон тухайн үед ахын гэр цоожтой байсан. Би их согтуу байсан болохоор ухаан орж гараад байсан тул ахын хажуу хамар хашаанд байрлах Ж-гийн гэрт ороход хүн байхгүй байсан. Тэдний гэрийн зүүн талын хананд өлгөөстэй байсан хазаарыг нь аваад гарсан маргааш өглөө мөрдөн байцаагч Г наадмын талбай орчимд надтай таарч уулзсан. Өчигдөр орой танай ахын хажууд байрлах Ж-гийн гэрээс мөнгөн хазаар алга болсон байна.

Чи өчигдөр орой ах болох Б-ын хашааны хаалгаар согтуу орж явахыг хүн харсан байна. Хэрвээ чи авсан бол өгчих гэхэд надад байгаа би согтуу ороод авчихсан байнлээ гэдгээ хэлсэн.

Тухайн үед тэр хазаарт ямар нэгэн тасарч хорогдсон сэв байгаагүй бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Миний бие мөрдөн байцаалтын явцад хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаалтанд ямар нэг зөрчил, дутагдал саад учруулаагүй. Гэрийнхэн тооноор ороогүй.

Хохирогч болох Ж нь мэдүүлэгтээ “хазаараа бүрэн бүтэн хүлээн авсан, одоо Ж.Баас гаргуулах хохирол, төлбөр гомдолгүй” гэсэн байдаг. Ж.Б миний бие 2018 оны 7 дугаар сарын 21-ний орой машинд дайрагдаж гэмтэл авч, одоогоор баруун хөл болон баруун хавиргандаа зовиуртай байгаа зэргийг харгалзан үзэж 1 /нэг/ жил хорих ял шийтгэснийг нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар сольж эсхүл тэнсэж өгнө үү.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/ 152 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангасан тул шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Ж.Б нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 13-18 тоотод оршин суух, хохирогч С.Жгийн гэрийн тооноор нэвтрэн орж, 3.200.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Ж.Б-ын “ ...би мөрдөн байцаалтын явцад хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, хулгайлж авсан зүйлээ хүлээлгэн өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн автын осолд орж, гэмтэл авсан.

Иймд дээрхи нөхцлийг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар солих буюу эсвэл тэнссэж өгнө үү “ гэх гомдлуудын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

            Анхан шатны шүүх Ж.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн  хорих ял оногдуулсан, энэ зүйл заалтанд хорихоос өөр төрлийн ялын санкцгүй тул давж заалдах шатны шүүх хорих ялыг дахин хөнгөрүүлэх буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн боломжгүй байна.

Ж.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “тухайн айлын тооноор орж хулгай хийгээгүй“ гэх тайлбарыг гаргаж байгаа боловч тэрээр мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдааны үед уг айлын тооноор орж хулгай хийсэн талаараа мэдүүлсэн бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь хохирогч С.Жгийн“...2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд гэрээ цоожилчихоод гарч явсан. Хазаар хулгайлсан хүн манай гэрийн тооноор орж ирсэн бололтой байсан бөгөөд тооноос наасан ялааны хор тасраад уначихсан байсан” гэх мэдүүлэгээр нотлогдсон байна.

Ж.Б нь хохирогч С.Ж-гийн гэрийн тооноор нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/ 152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ