Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00378

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00435 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаар магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

ЭҮ ТӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж-, Д.Ц-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 1992 оноос эхлэн ЭҮ ХХК-ийн Авто тээврийн байгууллагад засварчин, мастер, засварын хэсгийн даргаар 2017 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 жил 10 сар тасралтгүй ажилласан болно. Миний бие дээрх хугацаанд тус үйлдвэрт ажиллахдаа шударга ёсыг эрхэмлэн, хамт олноо хүндэтгэн энэ үйлдвэрт хоёргүй сэтгэлээр, өөрийн хүч хөдөлмөрөө зориулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэж, үйлдвэрлэлийн болон технологийн ямар нэг алдаа гаргаагүй, өмч хөрөнгө үрэгдүүлээгүй, үнэнч шударгаар ажилласан. Гэтэл тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг түр эзгүйд ЭҮ ХХК-ийн дэд захирал Д.Шинэбаатар түүнийг төлөөлж гарын үсэг зурж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалаар намайг технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан бөгөөд надад 2017 оны 11 сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Би ЭҮ ХХК-ийн Ерөнхий захиралтай /ажил олгогч/ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус үйлдвэрт технологийн тээврийн Автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байсан. Гэтэл ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээг тус үйлдвэрийн тэргүүн дэд захирал хөндлөнгөөс оролцон тушаал гаргаж гарын үсэг зурж намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дэд захирал надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа намайг ажлаас халж байгаа нь нэгдүгээрт Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан миний эрхийг ноцтой зөрчиж байна. Хоёрдугаарт: Тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс миний биед үзлэг хийж шалгасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх чөлөөнд халдаж улмаар миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж ёс зүйгүй аашилсан явдал нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна. Би үйлдвэрийн бүс, ажлын байр, компанийн объектод согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирээгүй, хэрэглээгүй, архидалт зохион байгуулаагүй. Харин би урд орой нь /2017 оны 11 дүгээр сарын 02/ ажлын бус цагаар найзынхаа гэрт тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэж архи уусан байсан. Мөн өглөө нь зүрх өвдөхөд долоогоны ханд эм уусан байсан. Би 11 дүгээр сарын 03-ны өглөө эмчид үзүүлэхээр явж байтал ажил дээрээс манай ажилтан утасдаад хурдан ирэх шаардлагатай байна гэхээр нь эмчид үзүүлэхгүй шууд ажил дээрээ очсон. Гэтэл тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс ирж зөвхөн надад үзлэг хийгээд ажлаас хална гэсний дагуу намайг ажлаас халж, ажил олгогч ЭҮийн ерөнхий захиралтай байгуулсан гэрээг хөндлөнгийн хүний шийдвэрээр цуцалсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус үйлдвэрийн тэргүүн дэд захиралд ажил олгогчийн ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг түүнд хуулиар олгоогүй байхад намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд миний дээрх үндэслэлээр шүүхэд гаргаж байгаа гомдлын шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, З.Ж- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Д.Б- нь авто тээврийн байгууллагын технологийн хэсгийн автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж ЭҮ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх заалт, хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11 дэх заалтуудад тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Б-д ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сорил хийхэд 1.38 хувийн согтолттой гарсныг 53 тоот актаар баталгаажуулсан. ЭҮ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалтад заасны дагуу компанийн үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирддаг бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нь ЭҮ ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор томилогдсон тул бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд гарын үсэг зурсан болно. Дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00435 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ЭҮ ТӨҮГ-т /ЭҮ ХХК/ холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 59.514.158 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЭҮ ХХК-д даалгах тухай Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны 130000801681 дугаарын дансанд төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00435 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ЭҮ ТӨҮГ-т /ЭҮ ХХК/ холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 59.514.158 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЭҮ ХХК-д даалгах тухай Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-г ЭҮ ТӨҮГ-ын, авто тээврийн байгууллагын технологийн тээврийн автомашины засварын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 17 сарын цалин болох 59.514.158 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ЭҮ ТӨҮГ-т /ЭҮ ХХК-д даалгасугай гэж, Шийдвэрийн 2 дугаар заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны 130000801681 дугаарын дансанд төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкны 130000801681 дугаарын дансанд төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар хариуцагчаас 455.521 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Нэхэмжлэгч Д.Б- 2018 оны 11 сарын 03-ны өглөө зүрх өвдөхөд долоогоны ханд уусан” гэж үйл баримт 2017 онд болсон байхад оныг зөрүүтэй бичжээ. Мөн гэрч Д.Амарсанаа “тухайн өдрийн 11 цагийн орчимд ажлынх нь өрөөнд Баярааг харсан”, гэрч Г.Чимэдцэрэнг “Баяраа над руу залгасан, ажлаар юу байна гэсэн” гэж хэлснээр нэхэмжлэгч Д.Б-г өглөө ажилдаа очоогүй, эмнэлэгт үзүүлэхээр явж байхад нь дуудан ирүүлж сахилгын арга хэмжээ авсан нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээтэй тохирохгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, хэт нэг талыг баримталсан байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. ЭҮ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 болон Хөдөлмөрийн 20/248 тоот гэрээний 4.2.11 дэх заалтуудад “Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад обьектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан. Д.Б- нь ажилдаа согтуу ирсний өмнөх өдөр буюу 2017 оны 11 сарын 02-ны өдөр найзындаа архи уусан байсан тухайгаа нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. Мөн 2017 оны 11 сарын 03-ны өдөр ажил дээрээс дуудаад очсон гэдэг нь нотлогдоогүй. Архины үлдэгдэл согтолттойгоор ажил дээрээ ирсэн гэдэг нь өөрийнх нь нэхэмжлэлд дурдсанаас, гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр тодорхой нотлогддог. Д.Б-д ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2010 оны 12 сарын 10-ны өдрийн А/737 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам”-ын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр амьсгалд сорил хийж, драйгер үлээлгэхэд 1.38 хувийн согтолттой гарсан. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам”-ын 4.1, 4.3 заалтуудын дагуу Д.Б-д Эрдэнэт сувиллын цогцолборын эмч П.Алтансүх, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Д.Амарсанаа, М.Чинболд, Дотоодын цэргийн 816-р тусгай салбарын захирагч Х.Оюунболд, орлогч Б.Доржсүрэн, офицер Бүдрагчаа нар согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн бөгөөд энэ нь драйгерын хэвлэмэл баримт, хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогддог. Нэхэмжлэгч Д.Б- нь согтолтын зэрэг тодорхойлсон драйгерын баримтанд гарсан 1.38 хувийн согтолтын зэргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2017 оны 11 сарын 03-ны өдөр Д.Б-г ажилдаа очилгүй эмнэлэг явах гэж байхад ажлаас дуудсан учир ажил дээрээ очсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн гэж үзэж, хариуцагч ЭҮ ХХК-ийг Д.Б-г өглөө ажилдаа ирсэн эсэхийг нотлох шаардлагатай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ЭҮ ХХК-ийн хөдөлмөрийн жотоод журмын 5.2.8-д зааснаар өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар шилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүсээр дамжуулан мэдэгдэх үүрэгтэй байдаг. Дотоодын цэргийн ажилтнууд, эмч, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд хамтран Д.Б-гийн согтолтын зэргийг тогтоож, энэ талаар акт, тэмдэглэл үйлдэж, 2 цаг гаруй хугацааны дараа түүнийг үйлдвэрийн бүсийн цагдаагийн хэсгийн жижүүрийн офицер Ш.Тэмүүжинд хүлээлгэн өгсөн байдаг. Цагдаагийн офицер Ш.Тэмүүжин 12 цаг 15 минутанд түүнд дахин драйгер үлээлгэж амьсгалын сорил хийсэн байдаг бөгөөд энэ үед согтолтын хувь 1,04 гарсныг баталгаажуулсан драйгерын баримт, илтгэх хуудас, жижүүрийн дэвтрийн мэдээ зэргийг Орхон аймгийн Цагдаагийн газрын архиваас гаргуулан шүүхэд гаргаж өгснөөс гадна Ш.Тэмүүжин гэрчийн мэдүүлэг өгсөн. Жижүүрийн офицер Д.Б-гийн ар гэрээс хүн дуудаж, эхнэрт нь хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Б- нь 2017 оны 11 сарын 03-ны өдөр ажлын байран дээрээ, ажлын цагаар согтуу байсан нь драйгерын 2 удаагийн сорилын 2 ширхэг хэвлэмэл баримт, эмчийн үзлэгийн акт, дотоодын цэргийн 816-р салбарын захирагч, орлогч, офицер, ЭҮийн эмч, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудын гэрчийн мэдүүлэг, Орхон аймгийн Цагдаагийн хэлтсээс гаргаж өгсөн баримтууд болох илтгэх хуудас, жижүүрийн рапорт, жижүүрийн мэдээ, жижүүрийн офицерийн гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогддог. ЭҮ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх заалтад заасны дагуу компанийн үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирддаг бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар нь ЭҮ ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор томилогдсон Б.Шинэбаатар захирал өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Б-г ажлаас халах тухай 2017 оны 11 сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалд гарын үсэг зурсан. Ерөнхий захирлын 2016 оны 09 сарын 13 ны өдөр А/499 тушаалаар ЭҮ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт орж, 2.5 дахь заалтыг “Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн компанийн үндсэн үйл ажиллагаа болон хүний нөөцийн холбоотой асуудлаар тушаал гаргана” гэж өөрчилсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэхүү 2.5 дахь заалтын дагуу хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргах эрх нь Ерөнхий захирлын эрх олгосон албан тушаалтанд хадгалагддаг. Мөн ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь 2017 оны 10 сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-нийг хүртэл гадаадад томилолтоор ажилласан, дурдсан хугацаанд эзгүй байсан тухай Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 113/401 тоот албан бичгийг шүүхэд эх хувиар гаргаж өгсөн. Түүнчлэн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрөө 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн ХБ-117-12/108 тоот тодорхойлолтдоо энэ талаар давхар баталгаажуулсан байхад шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Мөн Ерөнхий захирлын эзгүйд Тэргүүн дэд захирал ажилд авах, ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, өөр ажилд шилжүүлэх зэрэг тушаалуудад гарын үсэг зурах эрх бүхий этгээд гэдгийг нотолж, Тэргүүн дэд захирлын гарын үсэг зурсан тушаалуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах хүртэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг ажил олгогчид олгосон. Ажил олгогч буюу түүний эрх бүхий төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу өөрт олгогдсон эрхийн хүрээнд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлан хууль зүйн үндэслэл бүхий тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг баримталж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд, уг хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна. Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б- ЭҮ ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 59.514.158 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч  зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол  давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

Давж заалдах шатны шүүхийн магадлалд, “..Д.Б-г эмнэлэгт үзүүлэхээр явж байхад нь дуудан ирүүлж сахилгын арга хэмжээ авсан нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тохирохгүй, ...ажилтанд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн ...акт хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, ...дэд захирал Б.Шинэбаатарт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй” гэжээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар өөрчлөхдөө хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас бодитойгоор харьцуулан үзэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Д.Б- нь ЭҮ ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Автомашины засварын хэсгийн даргаар ажиллаж байгаад, тус компанийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/1789 дугаар тушаалаар ажлаас халагджээ.

Б/1789 дугаар тушаалд Д.Б-г ажлаас халах үндэслэлийг, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, хөдөлмөрийн гэрээний 4.2.11 дэх заалтууд, ...ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2017.11.03-ны өдрийн № 53 тоот акт, Авто тээврийн байгууллагын даргын 2017.11.03-ны өдрийн 20/809 тоот албан бичиг,  АТБ-ын Технологийн тээврийн авто машины засварын хэсэгт хийсэн үзлэг хийсэн 2017.11.03-ны өдрийн протоколыг баримталжээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Д.Б-  ЭҮ ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан  нь тогтоогдсон гэж үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

ЭҮ ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11, зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.11-д Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ ирсэн, ...бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Б- 2017.11.02-ны орой архи ууснаа болон маргааш өглөө нь  ажилдаа ирж ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байснаа маргаагүй байна. Нэхэмжлэгч тухайн өдөр зүрх өвдсний улмаас эмнэлэгт үзүүлэхээр явж байхад байгууллагаас дуудан ирүүлж, улмаар согтуурал шалгасан гэж, хариуцагч талаас түүнийг өглөө ажилдаа ирсний дараа согтуу байсныг илрүүлсэн гэж өөрөөр тайлбарласан байна. 

Д.Б- хүндэтгэн үзэх шалтгаантай ажилдаа ирэх боломжгүй байсан бол тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу эрх бүхий этгээдэд мэдэгдэн зохих журмын дагуу чөлөө зөвшөөрөл авах боломжтой байсан бөгөөд ийм алхмыг тэрээр хийгээгүй, ажилдаа ирж ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан энэ хугацаанд ажлын байранд согтуу байсан нь нотлогдсон байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь тэргүүн дэд захирал хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргах эрхгүй гэж маргажээ.

ЭҮ ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, түүнд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхий захирал, түүний эрх олгосон албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн компанийн цехийн үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал гаргана гэсэн байх бөгөөд Д.Б-г ажлаас халах үед ерөнхий захирал Х.Бадамсүрэн гадаадад томилолттой байсан нь хэргийн баримтаар тогтоогдсоноос гадна тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын гаргасан тушаалын талаар тухайн байгууллага маргаагүй байна.

Иймд Д.Б-гийн нэхэмжлэлийг хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэл  тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 91 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж-гийн гомдлыг хангасугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 455.521 төгрөг төлснийг шүүгчийн захирамж  гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ