Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/310

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч М.Д

хохирогч С.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Архустай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57 дугаар гудамж, *** тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ам бүл 1; Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 970 тоотод байгаа гэх, ялгүй, НД80052070 дугаарын регистртэй, Ш овогт М-ын Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Д 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангаас 3, 4 дүгээр хороолол өгсөх замд **УНЕ улсын дугаартай, Тоёота ипсум загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан хамтран амьдрагч С.Нийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Нийг зодсон зүйл байхгүй, харин би өөрөө зодуулсан. Н намайг хардаад байдаг юм. Хэрэг гарахад Н намайг чимхээд байсан болохоор аргагүй эрхэнд өөрийгөө хамгаалсан. Тэгээд тэр өдрийн орой нь Н над руу залгаад хүрээд ир, ирэхгүй бол би “амиа хорлоно” энэ тэр гээд байхаар нь очсон. Очоод хүүхдүүдийнхээ хамтаар саунд орж, тэндээ хоносон. Өглөө нь цайлж байтал Н гэнэт уурлаад над руу халбага аваад шидсэн.

Н намайг харддаг юм ярьж байна. Надад хардаад байсан зүйл байхгүй. Одоогоор би тусдаа амьдарч байгаа. Нохой нь над руу дайраад хазах гээд байхаар нь цохьсон юм. Ер нь бол Нээс болдог. Гэхдээ би уучлалт гуйж эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Бид хоёр мөнгөний асуудлаас болоод маргалддаг. Тэр өдөр миний уур хүрээд Дийн гар руу цохиход намайг зөрүүлээд гуянаас доторлосон. Би зөрүүлээд Дийг цохьсон. Д бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Хэн алин нь өмнө нь тус тусдаа амьдралтай байсан. Би өмнөх нөхрөөсөө 2 хүүхэдтэй, Д надаас гадна 2 эхнэрээс салсан. Би 3 дахь нь. Гэхдээ бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо Дт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Эвлэрч хамтран амьдрах хүсэлтэй байгаа гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ын Н “… 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хамтран амьдрагч Дтэй нэг машин дотор явж байтал намайг чи одоо хийж байгаа ажлынхаа орлогыг миний дансаар оруулж гарга гээд байхаар нь би чи яах гээд байгаа юм, хянах гээд байгаа юм уу гээд хэлчихсэн чинь л надад уурлаад би чамайг заазуурдаж алчихаад, дараа нь өөрийгөө ална гэж хэлээд машин дотор явж байхдаа зүүн гараараа миний баруун гар руу олон удаа цохиж, намайг доош тонгойх үед мөн ар нуруу хэсэг рүү гараараа дахин олон удаа цохиж зодсон. Мөн гараараа миний баруун, зүүн хөлний гуяны дотор талаар базсан. Тухайн өдөртөө нөхрөөсөө салаад гэртээ харьсан. Тус өдрөөс хойш нөхөртэйгөө утсаар огт яриагүй, холбогдоогүй.

2018 оны 12 дугаар сарын 3-ны шөнө гэртээ амарч байтал Д 88015325 дугаарын утсаар залгаад байхаар нь би уурандаа өөрийнхөө утсыг аваагүй. Маргааш өглөө нь босоод ажилдаа явахаар гэрээсээ гартал манай нохойг Д хашаанд хураалгаастай байсан модон сандлаар цохин алсан байсан. Одоо нөхрөөсөө айж байна. Намайг ална гээд заналхийлээд байгаа юм. Иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна.

Би Д-тэй албан ёсны гэр бүл биш. Хамтран амьдраад 4 жил орчим болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Одоо хамт нэг гэрт амьдрахгүй тусдаа амьдарч байгаа. Хамт нэг гэрт амьдрах гэж олон удаа үзсэн. Д манай аав Сүрэнжавтай таардаггүй юм. Аргаа бараад би Улиастайд 3 давхар байшин зээлээр аваад, засвар хийгээгүй хүйтэн учир би гурван хүүхдээ дагуулаад аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Харин манай нөхөр Д тус байшинд ганцаараа амьдарч байгаа.

Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, “Миний хапер маркет”-ийн харалдаа авто машины төв зам дээр машинтай хөдөлгөөнд оролцоод явж байхдаа хамтран амьдрагч Д нь намайг машин дотор зодсон. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах Энканто супер маркет дотор байхдаа маргалдаж байсан. Миний баруун гарын шуу хэсэг Дт цохиулснаас болж хөхөрч хавдсан. Баруун, зүүн хөлийн гуяны дотор талаас Д нь гараараа базаж хөхөрч хавдсан. Нуруу руу олон удаа цохьсон. Мөн баруун хацрыг гараараа базсан. Иймд би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Д эрүүл байсан. Д байнга ганцаараа архи уудаг, хүнтэй огт хамт архи уудаггүй. Хамт архи уухаараа хүнтэй таарахгүй зодолддог хүн.

2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д надтай маргалдаад хүүхдээ тэврээд байж байтал хүүхэд булаан авч намайг газар унагаж хөлөөрөө миний баруун гар талын хавирга орчим дэвсэлж зодсон. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандан шийдүүлж байсан. Байнгын л хэрүүл маргаантай байдаг.

Би түр хамгаалах байранд очиж хамгаалалтанд ормооргүй байна. Хотод манай төрөл садангаас байдаггүй. Одоо хоёр найзыгаа дуудаж хамгаалалтанд нь байна. Нэмж ярих зүйл байхгүй” /хх-н 10-11/,

“... бид хоёр 2017 оны 6 дугаар сарын 17-нд маргалдаж байхад манай нөхөр надаас хүүхэд булааж авах үед би газар унасан. Миний зүүн талын хавирга руу өшиглөж байсан. Бид хоёр маргалдаж байхыг хажуу айлын хүн сонсоод цагдаад дуудлага өгсөн байсан тэгээд цагдаа гэрт ирээд манай нөхрийг авч явсан. Тухайн үед манай нөхөрт торгуулын арга хэмжээ авсан байх, би сайн санахгүй байна. Намайг ХУД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил супер маркет дотор зодож цохиогүй” /хх-н 26/,

“... миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, урд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл гэвэл, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Тэр өдөр манай нөхөр бид хоёр юунаас болж маргасан талаараа санахгүй байна, бид хоёр маргалдаад манай нөхөр хүүхэд булааж авах үед би газар унасан. Манай нөхөр миний хавирга орчим нэг удаа өшиглөсөн бөгөөд тэр үед би өөрөө цагдаа дуудаагүй боловч манай хажуу айлын хүмүүс бид хоёрын маргааныг сонсоод дуудлага өгсөн байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Манай хажуу айлын хүмүүс дуудлага өгсөн даруй цагдаа нар ирээд манай нөхрийг эрүүлжүүлж байсан. Өөрөөр би өргөдөл гарган албан ёсоор хуулийн байгууллагад хандаж байгаагүй.

... Тухайн үед манай нөхөр уурлаад гэрээс явсан байсан бөгөөд маргааш нь хашаанд байсан гутлын мөр нь манай нөхрийнх байсан. Би тэгээд нөхрийгөө нохой алсан байна гэж мэдсэн. Мөн манай хашаанд байсан нохой зүгээр л хүнээс авч байсан хашааны нохой байсан бөгөөд тэр сандал нь одоо байхгүй. Ямар нэгэн гарал үүсэл болон үүлдэр гэсэн юм байхгүй. Тухайн үедээ би ямар нэгэн цагдаагийн болон хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Би өөрийн найз Түвшинтөгст хэлж байсан. Манай найзын утасны дугаар нь 99066889 гэж байгаа. Тэр өдрөөс хойш манай нөхөр надад ямар нэгэн заналхийлсэн, айлган, дарамтласан үйлдэл гаргаагүй. Би ямар нэгэн хамгаалалт авахгүй. Надад одоо ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд би одоо нөхөр Дтэй хамтран амьдарсан ч, хамтран амьдраагүй ч тэр энэ асуудлыг шуурхай шийдүүлэх хүсэлтэй байгаа. Ярьсан зүйл үнэн зөв” /хх-н 27-28/ гэж,

гэрч Г-йн Т “... би 2017 оны 1 сараас Нтэй найзалж байгаа. Манай найзын яриагаар бол ерөнхийдөө мэднэ. Манай найз Н одоо байгаа Дтэй хамт амьдардаггүй, хоёр тусдаа байдаг. Нэг хэсэг хамт амьдарсан боловч Нийг Д зодоод, гэмтлийн эмнэлэгт байхад нь Нийн ээж нь очиж аваад гэр рүүгээ аваад явсан, дахин хамт амьдруулаагүй гэсэн. Тэр хоёр хааяа ажил төрөл дээр нь ирж уулздаг юм шиг байсан” /хх-н 61-62/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч С.Нийн гэмтэлтэй холбоотой “Нийн биед баруун шуу, зүүн гарын савруу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын савруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүйгэсэн 14378 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 37/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч М.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч М.Дт ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч М.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ш овогт М-ын Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Дийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. М.Дт торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. М.Д бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Дт урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ