Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 334

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/00334

                        Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж 1-60 тоот хаягт оршин суух, Улаанзуу овогт Ганбатын Мөнхбаатарын /РД:ЧЙ78062715/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Арьс ширний 31 дүгээр байрны 09 тоот хаягт байрлах, “Классик Мото” ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Аюуш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа /ШТЭҮ-/, гэрч Ц.Мөнхзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие тус байгууллагад 2015.04.10-ны өдөр Төв аймгийн Заамар сум Өгөөмөр багт байрлах Хайлаастын аманд хүнд даацын машины жолоочоор ажилд 1200000 төгрөгөөр цалинжихаар хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулахаар ажилд орсон. Хувийн ажлын зайлшгүй шаардлага гараад 2015.10.18-23-ны хооронд амралтаа авах тухай шаардлага хэлэхээр өгөхгүй байсан. Тус байгууллага 30 хоног ажиллуулаад 5 хоног амрах ёстой ч үүнийгээ өгдөггүй, хүн ирэхээр амар гээд амраадаггүй хууль зөрчдөг байсан болно. Миний бие шалтгаанаа хэлээд байхад амраахгүй 30 хоног илүү ажилласан. Ингээд зайлшгүй ажлын шаардлага гарлаа, амралтаа авлаа шүү гээд 2015.10.22-ны орой ажлаасаа бууж ирсэн. Ингээд эргээд ажилдаа явах гэтэл ажлаас халсан гээд мөн цалингаас ажил хаяж явсан тул цалингийн 20 хувийг хаслаа гэсэн. Намайг ажлаас халж байгаа юм бол ажлаас халсан тушаалаа өг гэхээр байхгүй гээд өгөөгүй болно. Тус байгууллага Нийгмийн даатгалын шимтгэл телдөггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, ажлаас халсан тушаал шийдвэр өгөхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийг байнга зөрчдөг тул миний бие тус дүүргийн шүухэд хандаж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Г.Мөнхбаатар нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Классик мото ХХК-нд хүнд даацын машины жолоочоор ажилд орсон. 1 200 000 төгрөгний цалинтай байсан. Хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулсан боловч тушаал шийдвэрээ гаргаагүй хууль зөрчсөн байдаг. Нэхэмжлэгч ажиллаж байгаад амралтаа авах тухайгаа хэлсэн боловч зөвшөөрөөгүй учраас 2015 оны 10 дугаар сарын 22-нд ажлаасаа бууж ирээд, 5 хоног амарсан. Тэгээд ажилдаа 2015 оны 10 дугаар сарын 28-нд иргэж ирэх байсан боловч утсаар ажлаас халсан, цалингаас суутгасан гэж хэлсэн. Тиймээс ажлаас халагдсан гээд ажилдаа очоогүй, хариуцагч нь тушаал шийдвэрээ ч гаргаж өгөөгүй. Шүүхэд хандсан боловч хэрэг шийдвэрлэгдэхгүй удсан учир нэхэмжлэгч ажилд орсон нь үнэн. Тиймээс бид ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа.

Хариуцагчийн зүгээс эвлэрэх санал тавьсныг хүлээн авч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинд 3.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлтийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх төлөлтийг хариуцаж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Аюуш шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй, тиймээс тушаал гаргаагүй. Г.Мөнхбаатар нь өөрөө ажлаа орхиод явчихсан, ирээгүй юм.

Бидний хувьд тушаал гаргаагүй нь буруу байгаа. Гэхдээ нэхэмжлэгчид бид ажилдаа ирэх талаар мэдэгдсэн. Манай зүгээс эвлэрлэхэд татгалзахгүй, ажилдаа эргэж орохгүй гэж байгаа юм бол, ажилгүй байсан хугацааны цалинд нь 3 500 000 төгрөгийг л өгөх боломжтой, мөн Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг ажилд орох хүртлэх хугацааных нь буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нөхөн төлж бичилт хийж өгөхийг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид маргаанаа эвийн журмаар шийдэх саналтай байна. Учир нь нэхэмжлэгч ажлаа орхиод явсан, бид бас тушаал шийдвэр гаргаагүй буруутай үйл ажиллагаа байгаа. Эвлэрч байгаа учраас гэрч асуулгах шаардлагагүй. Тиймээс нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалинд 3.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлтийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх төлөлтийг хариуцаж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбаатар нь хариуцагч “Классик Мото” ХХК-д холбогдуулан  ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинд 3 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлтийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх төлөлтийг хариуцагч төлнө” гэж харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 3 500 000 төгрөгийг төлөх, мөн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж  бичилт хийлгэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Зохигч талуудын эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй, “Классик Мото” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 3 500 000 төгрөгийг төлөх, мөн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхээр харилцан тохиролцож, зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч “Классик мото” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 950 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.ХУЛАН