Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 403

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/00403

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 48-д байрлах Капитал банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 21 байр, 22 тоотод оршин суух Сартуул овогт Бат-Очирын Болормаад /РД:ОЮ70111362/ холбогдох

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 192 439 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттөгс, Г.Даваасүрэн, хариуцагч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Тус банк нь иргэн Бат-Очир овогтой Болормаатай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-619 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 2,1 хувийн хүүтэй Жижиг дунд бизнесийн  зээлийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 9А тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай 1 давхар барилга, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж 9А тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай худалдаа, үйчилгээний зориулалт  бүхий эзэмших эрхийн газрыг барьцаалсан. Б.Болормаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуусах боловч зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хугацаа хэтрэлт 228 хоног болсон байх бөгөөд зээлийн гэрээний зөрчлийг арилгах  талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Б.Болормаа нь үндсэн зээлээс 8 463 505,61 төгрөг, зээлийн хүүнээс 7 987 863,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105 012,93 төгрөг, нийт 16 553 382,32 төгрөгийг  төлсөн байна. Иймд хариуцагчаас 13 192 439,18 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.

            Бид харилцан тохиролцоод Эвлэрлийн гэрээ байгуулсан, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч  Б.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Капитал банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.1 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээл авсан юм аа. Энэ хугацаанд улс эх оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал нь жижиг хувиараа бизнес эрхлэгч бид нарт хүндээр тусч орлого, ашиг багасан иргэд маань бага их гэлтгүй зээлээр авах нь ихэсч ашиг орлого орохоо больсон. Миний бие хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон группэд байдаг ба сүүлийн үед буюу 2016 оны 3 сараас өвчнөө дарах гэж байнга хүчтэй эмийг уудаг байснаас болж хагалгаанд орсон. Үүний улмаас бие сайжрахгүй байсан учраас зээл төлөлтөө хоног хугацаа хэтрүүлэн төлөх явдал байсан. Капитал банкнаас авсан миний зээл нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуусах ба энэ хугацаанд нийт үндсэн зээлээс 8,463,505.61 төгрөг, зээлийн хүүнээс 7,987,863.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 105,012.93 төгрөг нийт 16,553,382.32 төгрөгийг төлж ирсэн.

Капитал банк нь надаас 13,192,439.18 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хэт өндөр хүүний дарамтад орж цаашид авсан зээлээ төлж чадахгүйд хүргэх гээд байна. Капитал банк нь миний зээлээ төлж дуусгах хугацаанаас өмнө миний зээлийн үлдэгдлийг тооцоог гаргахдаа үндэслэлгүй илүү төлбөр бодож гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн хугацаанд ашигласан үлдэгдлээс хасаж тооцохгүй, нийт зээлийн хүүнээс бодох зэргээр зээлийн хүүд 1,300,000 төгрөгөөр илүү авсан байгааг үндсэн зээл дээр нэмэхэд 9,763,505 төгрөгийг үндсэн зээлд төлсөн байх тул 20,000,000 төгрөгнөөс 9,765,505 төгрөгийг хасаад 102,344,95 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гэж үзэж байгаа учраас 10,234,495 төгрөгийг зээлийн дуусах хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд төлж дуусгана.

Б.Болормаа миний өндөр настай ээжийн хамт амьдардаг, эрүүл мэндийн байдал болон хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон группэд байдаг, цаашид орлого олох эх үүсвэр тааруу болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудыг минь харгалзан үзэж энэ зээлийн хүүгийн хэмжээг багасгаж төлбөрөөс хасаж өгнө үү. Энэ хугацаанд миний бие орлого олохгүй байна гэж зүгээр суусангүй бас бүхий л боломж бололцоогоо ашиглан даалин зэргийг оёж эхэлсэн ба Капитал банкнаас авсан зээлээ зээл төлж дуусах хугацаанд амжуулж дуусгана.

Миний бие 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Капитал банкны хүмүүстэй уулзаж эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Тиймээс эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Б.Болормаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 192 439 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна. Зохигчийн байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:

            “...Зээлдэгч талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/619 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 13 192 439,18 төгрөгийг Б.Болормаа нь доорх хуваарийн дагуу төлж барагдуулахаар Капитал банкны төлөөлөгчтэй харилцан тохиролцов.

            1.Зээлдэгч Б.Болормаа нь доорх хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцов.

            1.2017 оны 3 сарын 20-ны өдөр 600 000 төгрөг,

            2.2017 оны 4 сарын 20-ны өдөр 600 000 төгрөг,

            3.2017 оны 5 сарын 20-ны өдөр 600 000 төгрөг,

            4.2017 оны 6 сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг,

            5.2017 оны 6 сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг,

            6.2017 оны 7 сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг,

            7.2017 оны 8 сарын 20-ны өдөр 2 392 439,18 төгрөг

            2.Хэрэв зээлдэгч Б.Болормаа нь дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар доорх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан төлүүлнэ.

            Зээлдэгч Б.Болормаа нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж 9А тоот хаягт байршилтай 99 м.кв талбайтай 1 давхар барилга /Ү-2205011670, №000014817/, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны урд байршилтай нэгж талбарын 21/5003 дугаар бүхий 99 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий эзэмших эрхийн газар /ГД:0322404/-ыг бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэл хангуулна” гэжээ.

 

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13 192 439 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 13 192 439 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд бүрэн төлж барагдуулах, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.         

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй  байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Капитал банкны  нэхэмжлэлтэй хариуцагч Б.Болормаад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 192 439 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 13 192 439 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 13 192 439 төгрөгийг 2017 оны 3 сарын 20-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 4 сарын 20-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 5 сарын 20-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 6 сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 7 сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 8 сарын 20-ны өдөр 2 392 439,18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 912 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болормаагаас 111 956  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч Б.Болормаа нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид

зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧД.ХУЛАН