Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн *******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ын *******д холбогдох эрүүгийн 2107 00000 0276  дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн Баруун урт суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн ******* тоотод хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ,

******* овогт *******ын *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь ******* дүүргийн 1 дүгээр хороо тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Н.тай маргалдах явцдаа аяга шидсэний улмаас түүний биед толгойн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Архи уусан үедээ намайг элдвээр доромжлоод байсан.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/,

Хохирогч Н. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...архи ууж байгаад нэлээн согтоод би 10 цаг өнгөрч байхад ******* дүүргийн 1 дүгээр хороо тоот болох Т. гэх найзындаа очсон. Тэр үед дотор Д.*******, Ц. хоёр унтах гээд байж байсан ба намайг орох үед унт гээд ор засаж өгсөн. Тухайн үед би Д.*******тай жаахан маргалдсан ба Д.******* аяга аваад миний толгой руу цохиход аяга нь хагараад миний толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би хажуу талын гэх айл руу очоод, түргэн дуудаад эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Д.******* аягаар цохисон ба аяга нь хагарсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хэл ам болохгүй болоод тухайн асуудал болчихлоо.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Н., хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би 00 орж бие засаад гэр рүү буцаад орох үед гэрийн гал тогооны хэсэг цус болчихсон, Н.ын толгой нь хагарчихсан байсан. Тэгээд цус нь тогтохгүй байсан болохоор хүү утсаар түргэн дуудсан. Түргэн хүрч ирээд Н.ыг аваад явсан. Тэгээд би гэрт цус болчихсон хэсгийн цусыг нь цэвэрлээд, хагарчихсан байсан аягыг хогийн саванд аваад хийсэн. Удалгүй гаднаас цагдаа ороод ирсэн.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....гэртээ ганцаараа унтах гэж байтал 22 цаг 15 минутын үед гэрийн хаалга тогшсон. Тэгэхээр нь би онгойлгох үед Н. толгой хэсгээс нь цус гойжсон, түргэн дуудаад өгөөч гэхээр нь би гэртээ оруулалгүй буцаагаад хажуу талын байшин руу оруулаад түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд Н.ыг түшээд яв, хамт гараад ир гэхээр нь хамт явсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Н.ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-21-22/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Н. хашаа даваад ороод ирсэн чинь Ц., ах Н.ыг яв гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би адилхан гэр оронгүй хүн, та унтуулчих гэх үед Ц. ах ор засаад унтуулсан. Тэрсэн Н. ах би Д.*******тай унтана гээд байсан. Тэгэхээр нь би янхан биш шүү гээд түлхсэн. Тэгээд намайг хэл амаар доромжпоод агсам тавиад байсан ба тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор уур хүрээд аяга аваад толгой хэсэг рүү нь цохисон. Тэгэхэд Н. миний урд сөхрөөд уначихсан ба толгой хэсгээс нь цус гараад байж байтал хөрш Т. түргэн дуудсан. Удалгүй цагдаа орж ирээд намайг аваад явсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагархай аяга зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг санаатайгаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Н.ын өгсөн: “....би Д.*******тай жаахан маргалдсан ба Д.******* аяга аваад миний толгой руу цохиход аяга нь хагараад миний толгойноос цус гарсан. Д.******* аягаар цохисон ба аяга нь хагарсан гэх мэдүүлэг, Гэрч Ц.ын өгсөн: “....Н., хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би 00 орж бие засаад гэр рүү буцаад орох үед гэрийн гал тогооны хэсэг цус болчихсон, Н.ын толгой нь хагарчихсан байсан. Тэгээд цус нь тогтохгүй байсан болохоор хүү утсаар түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, Гэрч Т.ын өгсөн: “....Н. толгой хэсгээс нь цус гойжсон, түргэн дуудаад өгөөч гэхээр нь би гэртээ оруулалгүй буцаагаад хажуу талын байшин руу оруулаад түргэн дуудсан...”гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Д.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Тэрсэн Н. ах би Д.*******тай унтана гээд байсан. Тэгэхээр нь би янхан биш шүү гээд түлхсэн. Тэгээд намайг хэл амаар доромжпоод агсам тавиад байсан ба тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор уур хүрээд аяга аваад толгой хэсэг рүү нь цохисон...”гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагархай аяга зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Д.******* нь ******* дүүргийн 1 дүгээр хороо тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд хохирогч Н.ыг өөрийг нь доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж түүний толгой руу аяга шидсэний улмаас толгойн хуйханд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдснийг  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ялыг оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 450 /дөрвөн зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хагарсан аяганы хэлтэрхийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД