Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0176/Э 185/2022/0176 |
Дугаар | 2022/ШЦТ/252 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 17.3.2.1., |
Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/252
2022 03 14 2022/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Р.Б, түүний өмгөөлөгч Б.Г,
Гэрч: Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,
Улсын яллагч: М.С нар оролцсон эрүүгийн 2009022240778 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн ,
урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 10.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан А овогт Р.Б /РД: /
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Б нь Нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 101 ч 28 шугамд явсан цахилгаан автобус мөргөж хохирол учруулсан иргэн Ц.Б-с байгууллагад машины цагийн зардал, гаралт тасарсан торгууль, жолоочийн цалин, шалгагчийн цалин зэрэг нийт 2.600.000 төгрөгийн хохирол учирсан гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэрч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би хохирогч Ц.Бэс 2250.000 төгрөгийг өөрийнхээ өрөөнд бэлнээр хүлээн авсан. Р.Б даргаас 250.000 төгрөгийг авч Вьетнам засварын газарт хүлээлгэн өгсөн...” гэв.
Эрүүгийн 2009022240778 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 50-54 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 147 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 101 ч 28 шугамд явсан цахилгаан автобус мөргөж хохирол учруулсан гэж иргэн Ц.Б-с байгууллагад машины цагийн зардал, гаралт тасарсан торгууль, жолоочийн цалин, шалгагчийн цалин зэрэг нийт 2.600.000 төгрөгийн хохирол учирсан гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Р.Б нь цахилгаан автобусанд учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохдоо эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгэхгүйгээр 2600.000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирогч Ц.Б-г хуурч, улмаар түүний хүлээлгэн өгсөн 2.250.000 төгрөгөөс 250.000 төгрөгийг автобусны засварт зарцуулж, үлдэх 2000.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан болох нь: шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ц.Б-ийн “...Би тэр талбайн инженер гэх залууд 2.250.000 төгрөг бэлнээр өгсөн. Би уг мөнгийг өгөхдөө кассанд тушаагаагүй, талбайн инженер гэх залууд бэлнээр өгсөн надад мөнгө тушаасан гэх баримт өгсөн боловч би тэр баримтыг нь хаячихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, гэрч Т.У-ын “...автомашины жолоочийн аав Ц.Б гэж хүн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирлын мөнгийг төлөхөөр ирээд Р.Б-тай уулзахад ахлах инженер Мөнхбаатарт өгчих гэж хэлсний дагуу байгууллагын хашаанд Ц.Б нь инженер Мөнхбаатарт 2.600.000 төгрөг бэлнээр өгсөн гэж манай байгууллагад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Б-гийн “...хохирлоо барагдуулсан талаар асуухад би мөнгөө өгчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-ын “...тухайн автомашины жолоочтой уулзахад 2.250.000 төгрөг бэлнээр надад өгсөн. Би тэр мөнгөө Б даргад өөрт нь өгсөн. Б дарга вьетнам засварын газарт автобусыг янзлуулахаар боллоо гэж хэлж байсан. Дараа нь Б дарга цахилгаан автобусыг засварын газар хүлээлгэж өгөөрэй гээд 250.000 төгрөг өгсөн. Засварын газарт 250.000 төгрөг аваачиж өгсөн. Цахилгаан автобусны засварт ороод ажилдаа хэвийн явж эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Буяннэмэхийн “...Манай байгууллага буруутай этгээдээс сул зогсолтын зардал төлүүлж байсан удаа байхгүй, төлүүлэх ёсгүй, тийм дүрэм журам байхгүй эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудал нь даатгалаар шийдэгддэг...” гэх мэдүүлэг, гэрч Т.Амартүвшингийн “...Хэрэв осол аваар гаргасан тээврийн хэрэгсэл даатгалтай бол даатгалаар шууд төлөгдөнө. Харин даатгалгүй тохиолдолд техникийн комисс үнэлгээ гаргаж, үнэлгээний газар давхар үнэлгээ гаргаж үнэлгээний дагуу хохирол гаргуулдаг байгаа. Тиймээс Р.Б хохирлын мөнгийг өөрөө авах, эсхүл шууд захиран зарцуулах эрх байхгүй....” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Р.Б-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүхээс няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Р.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ нийслэлийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т техник, технологийн хэлтсийн дарга, ерөнхий инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдсон ба прокуророос дээрх гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж өөрийн албан тушаалын байдлаа бүруугаар ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.9-т хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “ иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” талаар тус тус заасан ба хохирогч Ц.Б нь хуульд заасан эрхээ эдэлж, нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын үйлдсэн баримтаар тогтоогдсон тул Ц.Б-с гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Р.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Р.Б нь “Албан тушаалын байдлаа ашиглан” зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж, шүүхээс оногдуулах торгуулийн ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасанаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000/ 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт тус тус байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Р.Б-г “албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.Б-д 10.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Р.Б-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 / хоёр / жил, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Р.Б-д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН