Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/312

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч К.Н, түүний өмгөөлөгч Ч.Атарболд

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905005790208 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын *-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, 3 дугаар баг, Хар уул гэсэн хаягийн бүртгэлтэй, ам бүл 7; эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ** тоотод оршин суух, ялгүй, **дугаарын регистртэй, И овогт К Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч К.Н 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны гадна хохирогч Б.Эын иргэний үнэмлэх, ХААН банкны карт бүхий түрийвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч түрийвчинд нь байсан ХААН банкны картнаас 470.000 төгрөгийг АТМ-д уншуулж авсан, нийт хохирогч Б.Эд 520.300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч К.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хүний эд хөрөнгийг хууль бусаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид өөртөө анхаарах болно гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын Э “… 2019 оны 1 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед байх Цамбагарав дээр найз Цэнд, Эрхэмболд нартайгаа билльярд тоглохоор уулзсан. Тоглож байгаад 23 цагийн Рич гээд нэртэй бааранд орж архи ууцгаасан. Тэр баарнаас хэдэн цагт гарсан гэдгээ бол би санахгүй байна. Харин би тэр бааранд хамгийн сүүлд 03 цаг 50 минутанд картаа уншуулж тооцоо хийсэн. Тэгэхээр би тэр баарнаас шөнийн 03 цаг 50 минутын үед гарсан байх. Таксинд яаж сууснаа бол санахгүй байна. Нэг мэдсэн чинь гурван залуутай цуг таксинд суугаад явж байсан. Би харин өөрөө 04 цаг 40 минутын үед картнаасаа 10.000 төгрөг авсан байсан. Миний одоо санаж байгаагаар 10.000 төгрөг барьчихсан таксины мөнгө гээд өгөөд цонхон нь дээр нь зогсож байсан. Тэгсэн тэр таксины жолооч нь задгай мөнгө өгчихөөч, задлахгүй гээд байсан. Би нэг залууд нь задгай мөнгө байхгүй гээд өөрийн түрүүвчээ харуулсан. Тэр залуу миний түрүүвчийг авч дотор талд нь мөнгө байгаа эсэхийг үзэж байснаа шууд автомашинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Хөдлөөд явсны дараа удалгүй миний картнаас 470.000 төгрөг авсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” /хх-н 5-7/ гэж,

гэрч Ө-ы М “… тухайн үед Таубахан автомашины урд талд суугаад, Н машин жолоодоод би хойд талд нь ганцаараа унтаж байсан. Тэгээд нэг сэрэх үед Н хойно хүн байгаа явахгүй гэж байсан. Нэг сэрсэн чинь миний хажуу талд нэг улаан куртиктай ах хажуу талд сууж байсан. Тухайн үед анзаараагүй би буцаад унтаад өгсөн. Нэг сэрэх үед Н чи мөнгөгүй юм бол яагаад такси авсан юм гэж хэлж байсан. Би нойрмоглоод байж байтал нөгөө ах энэ газар 5000 төгрөг гарахгүй гээд байх шиг байсан. Тэгсэн чинь Н буугаад аваад өгсөн. Тэгээд Нийн араас Таубахан буугаад явсны дараа хэсэг байж байгаад би юу болоод байгаа юм бол гэж бодоод буусан. Би буугаад очих үед нөгөө ах Таубаханыг яагаад намайг хавирч унагааж байгаа юм гээд хэрэлдээд байсан. Би очоод та нар эр хүмүүс байж яах гээд хэрэлдээд байгаа. Ах та таксины мөнгөө өгчихөөч, Таубахан андаа болиоч гэж хэлээд би буцаад таксиндаа суусан. Миний ойлгосноор тэр ах таксины мөнгөө өгөхгүй байсан. Би мөн тухайн үед Нээс юу болсон талаар асуухад энэ таксины мөнгөө өгөхгүй байна гэж хэлж байсан. Би тэгэхээр нь тэр ахыг таксины мөнгөө өгчөөч гэж хэлж байсан. Тэгээд тэр ах АТМ-ээс мөнгө авч өгөхөөр болоод миний хажуу талд дахиад автомашинд суугаад явсан. Тэгээд би тухайн үед автомашид суугаад унтаад өгсөн. Удалгүй бас Н задгай байхгүй надад 5000 төгрөг байхгүй 10.000 төгрөгийг чинь задлахгүй гээд байсан. Би тухайн үед босч ирээч үгүй, нүдээ аниад хэвтээд байсан. Тэгээд автомшин нэг хүчтэй донсолгохоор нь сэртэл нөгөө ах байхгүй байсан. Би Нээр гэртээ хүргүүлж хариад унтсан” /хх-н 14-15/ гэж,

гэрч Т-ы Т “… гэрийнхээ гадаа Нтэй уулзсан. Тэгээд байж байтал М утсаар залгаад бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь Н бид хоёр М дээр яваад очтол Нийг нэг найз нь дуудаад нэг тийшээ хүргээд өгөөч гээд дуудахаар нь Н ганцаараа яваад өгсөн. Харин тэр хооронд нь М бид хоёр нэг том 2.5 граммын пиво уучихъя гээд саравчинд сууж байгаад уусан. Харин тэгсэн Н удалгүй автомашинтайгаа хүрээд ирсэн. Байж байтал М 10 дугаар хороололд манай найз дуудаж байна гэж хэлээд цуг явъя гэхээр нь Н, М бид гурав хамтдаа явсан. Бид гурав 10 дугаар хороололын буудал дээр Мгийн найзыг хүлээгээд байж байтал нэг улаан куртиктэй ах ирээд такси мөн үү, гэж асуусан. Нийг хүргээд өг гэж хэлсэн. Хойно хүн байгаа гэж хэлэхэд зүгээр зүгээр гээд тэр хүн суусан. Хаана хүрэх юм гэхэд тэр ах Алтай хотхон орно гэж хэлсэн. Тэгээд бид нар Алтай хотхон дээр хүргээд өгсөн чинь таксины мөнгөө өгөхгүй Нтэй хэрэлдээд энэ хүртэл 4000 төгрөг гардаг юм, надад мөнгө байхгүй байна. Май энэ 2500 төгрөгийг ав гээд өгсөн. Тэгсэнээ таксины мөнгөө өгөхгүй буугаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь буугаад очоод таксины мөнгөө өг гэж хэлээд түлхсэн чинь суугаад босоод ирсэн. Тэгснээ тэр ах АТМ ороод аваад өгье гэж хэлээд босоод ирсэн. Тэгэхээр нь машиндаа буцаж суулгасан. Харин тэр үед бол Н бууж ирээд мөн М тухайн үед бол машин дотор унтаж байсан. Тэгээд автомашинд суулгаад Алтай хотхоны хойд талд 32-р байрны ХААН банкны АТМ орж нөгөө залуу мөнгө авахаар буусан. Харин Н зугтаж магадгүй гээд араас нь буугаад цуг орсон. Тэр хоёр хамтдаа АТМ-ээс гарч ирээд байрных нь гадаа очоод буулгахад мөнгөө өгөхгүй буухаар нь мөнгөө өгөөч гэж хэлэх үед цонхоор мөнгөө өгье гэж хэлсэн. Жолоочийн талын цонхоор буюу Нийн цонхоор очоод 10.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгсэн Н ахаа наад мөнгийг чинь задлахгүй ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Нэд энүүнээс өөр мөнгө байхгүй байна гээд түрүүвчээ үзүүлж байх шиг байсан. Би харин тэр хооронд нь хажуу талд нь суугаад архи согтууруулах ундааны зүйл уучихсан байсан учир зүйрмэглээд байж байсан. Удалгүй харин Н машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Тэндээс хөдлөөд хаашаа явсан талаар бол би мэдэхгүй байна” /хх-н 16-18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Бусдын өмчлөх эрхэнд халдсан гэмт хэрэг нь “хулгайлах”, “булаах”, “дээрэмдэх”, “залилах” гэх мэт гэмт хэргийн шинжтэй байдгыг Эрүүгийн эрх зүйн онолд тус бүрд нь тодорхой тайлбарласан байдаг.

Эдгээрээс “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авах, ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйгээр ханддаг.

Түүнчлэн зарим тохиолдолд хүмүүсийг үл тоомсорлож, тэдний дэргэд хулгайлах, жишээ нь бага насны хүүхэд, хөгшид, өвчтэй болон согтуурсан байдалтай байгаа хүний эд юмсыг авсныг “хулгайлах” гэмт хэрэг гэж үзэхээр тайлбарласан.

 

“Булаах” гэмт хэргийн хувьд “хулгайлах” гэмт хэргээс ялгагдах үндсэн шинж нь хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр харсаар, мэдсээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр авсан байдаг онцлогтой.

 

“Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн эд хөрөнгө, эд юмсыг авахдаа эрүүл мэнд, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг халддаг, хүч хэрэглэдэг, эд хөрөнгийг нь авахаар заналхийлсэн байхыг шаарддаг.

 

Харин шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль дахь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт “Булаах” гэсэн гэмт хэрэг байхгүй буюу энэ үйлдлийг эрүүжүүлээгүй байна.

 

Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжид Эрүүгийн эрх зүйн онолд тайлбарласан “Булаах” гэмт хэргийн “... хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр харсаар, мэдсээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр авах” гэсэн шинжийг оруулж хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтаар гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэсэн, заналхийлсэн байхыг шаардахгүй харин илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг тухайн гэмт хэргийн үндсэн шинж болгосон байна.

 

Шүүгдэгч К.Н-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжид нийцнэ.

Дээр дурдсанаар “хулгайлах” гэмт хэрэг нууцаар /далд хэлбэртэй/ үйлдэгддэг бол энэ хэргийн хохирогч болох Б.Э хэдийгээр согтуурсан байдалтай байсан боловч шүүгдэгч К.Нийн хийж буй үйлдлийг тодорхой хэмжээнд мэдэж, мэдэрч байжээ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч К.Нийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч К.Н-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч К.Н хохирогч Б.Эд учирсан гэх хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч К.Нийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч К.Н 2 хоног баривчлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

             1. И овогт К-ны Нийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч К.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч К.Н-ийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. К.Н 2 хоног баривчлагдсан болохыг, хохирогч Б.Э гомдол, саналгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл К.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ