Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 481

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00481

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 19 хороо, 4 хороолол, 68-29 тоотод байрлах “Гэрээт Чансаа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 2, Ардын хөгжил төв 101 тоотод байрлах “Эколайн” ХХК-нд холбогдох

Гүйцэтгэсэн ажлын хөлс 16 256 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 2, Ардын хөгжил төв 101 тоотод байрлах “Эколайн” ХХК-ний

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 19 хороо, 4 хороолол, 68-29 тоотод байрлах “Гэрээт Чансаа” ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжид байрлах “БҮҮХ” ХХК,

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ЭТӨЧ Бридж плаза байр, 405 тоотод байрлах “Баяндовцог Хайрхан” ХХК-нд холбогдох

“Эколайн” ХХК, “Гэрээт Чансаа” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №02/2015 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний  хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баяр-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр /ШТЭҮ-0149/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.                                                                                             

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Гэрээт чансаа” ХХК-ийн захирал Ц.Баяр-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Манай компани “Эколайн” ХХК-тай 2015 оны 6 сарын 02-ны өдөр №02/2015 тоот гэрээгээр Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх тохижилтын ажилд нийт 7 ширхэг сүүдрэвч , хүүхдийн комплекс тоглоом-1ш, сандлын мод 120 ширхэг зэрэг ажлуудын зүлгүүр, замаска, будгийн ажлуудыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд ажлын нийт үнийн дүн 25 300 000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа 12 500 000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө авсан ба ажлын гүйцэтгэл дуусмагц 12 800 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээнд заасан ажил үүргийг хугацаандаа биелүүлэн хүлээлгэн өгсөн ба захиалагч тал гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Захиалагч талд гэрээнд заасан үүргээ биелүүлэх тухай  2015 оны 12 сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлж байсан ба 2015 оны 12 сарын 09-ний өдөр хэлэлцэж 2016 оны 1 сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж  баталгаажуулсан. Гэвч захиалагч “Эколайн” ХХК хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр хандсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д “Захиалагч төлбөрөө хугацаанд нь үндэслэлгүйгээр төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө” гэж заасан учир үлдэгдэл 12 800 000 төгрөг, алданги 3 456 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 230 төгрөг, нийт 16 256 000 төгрөгийг нэхэмжилж байна.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани “Бүүх” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохижилтын чиглэлээр ажил хийж гүйцэтгэхээр болж 25 300 000 төгрөгөөр тохирч ажлаа эхлүүлсэн. Бид гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж, манай хийсэн ажлыг тухай бүрт нь улсын комисст хүлээлгэн өгч байсан. Гэтэл “Бүүх” ХХК нь хийсэн ажлын төлбөрөө төлөхгүй байсан. Бид нэхээд өгөхгүй байсан учраас хийсэн зүйлсээ буулгаад авья гэхэд “Эколайн” ХХК-ийн захирал Түмэндэмбэрэл гуай буулгах авах шаардлагагүй, үлдэгдэл мөнгийг нь манай байгууллага төлнө гээд бид гэрээ 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан, уг гэрээг байгуулснаар манай өмнөх “Бүүх” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон. “Эколайн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бид тохирсон ажлаа бүгдийг нь хийж гүйцэтгэсэн боловч одоо төлбөрийг бас л төлөхөөс татгалзаж, “Баяндовцог Хайрхан” ХХК төлөх ёстой гэж байгааг зөвшөөрөхгүй. Эхний удаад гэрээний 10 000 000 төгрөгийг бол “Баяндовцог Хайрхан” ХХК-иас авсан, дараагийн мөнгө 2 500 000 төгрөгийг бол “Эколайн” ХХК өгсөн. Үлдэгдэл 12 800 000 төгрөгийг төлөхгүй байгаа учраас алдангийн хамт нэхэмжилсэн гэв.

 

            Хариуцагч “Эколайн” ХХК-ийн ерөнхий захирал  Б.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Манай  компани нь 2013 онд “Бүүх” ХХК-тай  хамтран НБОНХГ-аас  Баянзүрх дүүгийн 5 дугаар хороо, “Шавь цогцолбор” сургуулийн урд талбайн тохижилт, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 13 дугаар байрны урд талбайн тохижилтын ажлуудын тендерт хамтран оролцон шалгарч тус ажлуудыг гүйцэтгэхээр болсон. Түншлэлийн С02 тоот гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 13 дугаар байрны тохижилтын ажилд манай компани үндсэн гүйцэтгэгчээр, ногоон байгууламжийн ажлыг харин “Бүүх” ХХК нь түншлэлийн хүрээнд талбайн тохижилтын барилга байгууламжийн ажлыг тус тус хариуцан ажиллахаар болсон. Үүний дагуу “Бүүх” ХХК ажлаа 2013 оны 10 дугаар сард хийж эхэлсэн боловч 2014 оны 8 дугаар сард ажлаа хийхээ больж зугтсан. НБОНХГазарт хүлээлгэн өгөх ажил удаашралтай гүйцэтгэлийн явц хангалтгүй, түншлэгч “Бүүх” ХХК нь ажлаа гүйцэтгэхгүй алга болсон учир захиалагч байгууллагын удаа дараагийн шаардлагаар  манай  компани 2014 оны 11 дүгээр сард тохижилтын ажлыг бүрэн хариуцахаар болсон. 2014 оны намар “Гэрээт чансаа” ХХК-тай холбогдох сүүдрэвчийн ажлыг гүйцээж дуусгах талаар ярилцахад “Бүүх” ХХК нь гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул одоо байгаа сүүдрэвчийг буулгаж авах эсвэл төлбөрийг  төлөн бүрэн дуусгах шаардлага тавихад бид тухайн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа тулсан тул аргагүй байдалд орон ажлыг үргэлжлүүлэхийн тулд “Гэрээт Чансаа” ХХК-д 2014 оны 11 сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 11 сарын 30-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус төлөн тэдний шаардлагаар 2015 оны 6 сарын 02-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” 02/2015 тоот гэрээг байгуулан “Бүүх” ХХК-ийн өмнөөс төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Үндсэн гүйцэтгэгчийн хүрээнд 2013-2014 оны хооронд НБОНХГ-аас 2013 оны 12 сарын 13-ны өдөр 103 045 318 төгрөг, 2015 оны 8 сарын 07-ны өдөр 99 805 176 төгрөгний санхүүжилт  манай дансанд орж ирсэнийг бид тухайн үед барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан “Бүүх” ХХК-ийн дансруу шилжүүлсэн. Гэвч “Бүүх” ХХК нь тус санхүүжилтыг өөрийн үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Шавь цогцолбор сургуулийн урд талбайн тохижилтын ажилд Хан-Уул дүүргийн тохижилтын ажилд зарцуулах ёстой төлбөрт зарцуулаагүй байсан гэдгийн бид “Гэрээт чансаа” ХХК-тай холбогдсоноор мэдсэн. 2014 оны намар 11 сард тохижилтын ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр өвлийн улиралд ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул 2015 оны хавар үргэлжлүүлэн хийж ажлыг гүйцэтгэх явцад ихээхэн санхүүжилт шаардлагатай, мөн хүлээлгэн өгөх хугацаа бүтэн жилээр хойшилсон тул манай компани 2015 оны 10 дугаар сард ажлыг хүлээлгэн өгч захиалагч байгууллагад гэрээний алданги болох 28 258 620 төгрөгийг төлсөн учир гэрээний мөнгөнөөс “Гэрээт чансаа” ХХК-ийн төлбөрийг төлөх боломжгүй байдалд хүрсэн. Манай компани нь ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг учир хаврын улиралд ажил эхлэн тухайн ажлын санхүүжилт гүйцэтгэлийн хуваарийн дагуу 10 дугаар сараас эхлэн захиалагч байгууллагуудаас орж ирдэг тул 2016 оны 10 сараас орж ирэх санхүүжилтээс тус компаний төлбөрийг төлөх боломжтой болно. Бидний нөхцөл байдлыг харгалзан үзэн төлбөрийг 2016 оны 10 сард төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани хариуцагч биш, төлбөрийг бүгдийг төлсөн байхад манай компаниас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны зарлагын гүйлгээгээр нотлогдоно.

            Манай “Эколайн” ХХК нь 2013 онд “Бүүх” ХХК-тай хамтран нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газраас зарласан  БЗД-ын 5 дугаар хороо, Шавь цогцолбор сургуулийн  урд талбайн тохижилт, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 13 байрны урд талын талбайн тохижилтын тендерт оролцож шалгаран уг ажлыг гүйцэтгэхээр болсон.  Ингээд “Бүүх” ХХК-тай  2013 оны 8 сарын 26-ны өдөр байгуулсан С-02 түншлэлийн гэрээний дагуу 2013 оны 10 сард ажлаа эхэлсэн бөгөөд 2014 оны 8 сараас “Бүүх” ХХК нь  ажлаа  хийхгүй болсон  учир “Эколайн” ХХК нь өөрсдөө ажлаа дуусгахаар болсон. “Бүүх” ХХК нь  уг талбайн ажилд сүүдрэвч, хүүхдийн тоглоом, сандал зэргийг хийн ажлаа гүйцэтгүүлэхээр 2013 оны 12 сарын 17-ны өдөр “Гэрээт чансаа” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ 42/2013 гэсэн гэрээг хийсэн байсныг 2014 оны намар гэнэт “Гэрээт чансаа” ХХК нь гарч ирж 4 ширхэг сүүдрэвчийн мөнгийг “Бүүх” ХХК нь манайд төлөөгүй учраас бид сүүдрэвч, сандлыг буулган авч явна гэж маргаан үүсэхэд манай “Эколайн” ХХК энэ 2 компаний ажил гүйцэтгэх гэрээ хийснийг мэдсэн. НБОНХГ-аас 2013-2014 оны хооронд 103 045 318 төгрөг, 2015 оны 8 сарын 07-ны өдөр  99 805 176 төгрөгийг санхүүжүүлэн манай дансанд орж ирснийг бид цаг тухайн бүрд нь  барилгын ажлыг хариуцаж байсан “Бүүх” ХХК-ийн захирал С.Жамсрангийн хэлсний дагуу “Баяндовцог” ХХК-ийн 5009463215 тоот ХААН банкны дансруу болон  “Бүүх” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ 42/2013 байгуулсан “Гэрээт Чансаа” ХХК-даа ажил гүйцэтгэлийн төлбөрийг нь өгөөгүй байсан байна. Тендерийн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа богино байхад “Гэрээт чансаа” ХХК-ийн хийсэн сүүдрэвч сандал зэргийгээ буулган авч явна гэж биднийг хүч түрэн сүрдүүлж байснаас болж манай компани аргагүй байдалд орж “Гэрээт чансаа” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ 02/2015-ийг байгуулж 2 500 000 төгрөгийг “Гэрээт чансаа” ХХК-д дансаар өгсөн болно. “Гэрээт чансаа” ХХК нь “Бүүх” ХХК-тай хийсэн гэрээний дагуу сүүдрэвч комплекс тоглоом, сандал зэргийг хийснийхээ хөлсийг манай компанийн “Бүүх” ХХК-руу шилжүүлсэн мөнгөнөөс авсан байхыг ч бид  мэдэхгүй. Манай компанитай хийсэн талбайн тохижилтын ажлын эд хөрөнгөнд аюул учрахаар хүч хэрэглэсэн, мөн “Бүүх” ХХК нь хууран мэхэлж тендерт түншилж оролцон гэрээнээс ашиг олж ажил гүйцэтгүүлсэн “Гэрээт чансаа” ХХК-д ажлын хөлсийг төлөхгүйгээр манай “Эколайн” ХХК-иар ажлын  хөлсийг давхар төлүүлсэн байгаа байдлуудаас үзэхэд манай “Эколайн” ХХК нь  аргагүй хүчинд автагдан улмаар төөрөгдөлд орж “Гэрээт чансаа” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх 02/2015 гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдэхэд хүргэсэн байна. Иймд “Гэрээт чансаа” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх 02/2015 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хүчингүй болгож өгнө үү. Гэрээт чансаа ХХК-ийн манай компаниас нэхэмжилж буй мөнгийг “Бүүх” ХХК төлөх ёстой гэв.

 

“Гэрээт чансаа” ХХК-ийн захирал Ц.Баяр-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

 “Эколайн” ХХК, “Гэрээт Чансаа” ХХК нарын хооронд байгуулсан 02\2015 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ ба хүчингүй байх ямар ч үндэслэл байхгүй юм. Хүчин төгөлдөр учраас ч бид гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа 100 хувь цаг тухайд нь, биет байдлын ямар ч доголдолгүй биелүүлж, улмаар түүнийг нь улсын комисс хүлээн авсан.

Уг гэрээг “Эколайн” ХХК-ийн захирал Түмэндэмбэрэлийн хүсэлтээр хоёр талаасаа зөвшилцөн үйлдсэн. Учир нь Түмэндэмбэрэл нь тухайн үед намайг "ирж уулзаач, гэрээгээ хийж ажилдаа оръё" гэж хүссэн нь "02\2015 тоот ажил гүйцэтгэх гэрээ'' хийх үндсэн нөхцөл бүрдсэн. Уг гэрээ нь “Эколайн” ХХК-ийн ажлын байран дээр хоёр талаасаа дахин дахин хянаж залруулсаны эцэст бий болсон. Тус гэрээн дээр “Бүүх” ХХК-ийн эрх үүргийг "Захиалагч тал" /Эколайн ХХК/ шилжүүлэн авсан тухай давхар дурдаж тусгасан.

Манай талаас гэрээ байгуулах шахалт үзүүлэх, хүчинд автуулах, төөрөгдүүлэх гэх зэрэг ямар ч үйлдэл хийгээгүй. Бас төлбөр хөлсийг давхцуулан аваагүй.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэгүй тул бид хүлээн зөвшөөрөхгүй, сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулсан, гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн, ажлын хөлсийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байснаа одоо ингэж байгаад гайхаж байна гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “БҮҮХ” ХХК-ийн захирал С.Жамсран шүүхэд гаргасан тайлбартаа:

“Гэрээт Чансаа” ХХК нь “Эколайн” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 12.800.000 төгрөгийг, гэрээгээр хүлээсэн алданги 3.456.000 төгрөг нийт 16.256.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. “Гэрээт Чансаа” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь манай “БҮҮХ” ХХК-д хамааралгүй болно. Хариуцагч “Эколайн” ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: “Эколайн” ХХК нь “Гэрээт Чансаа” ХХК-тай 2015.06.02-ны №02/2015 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Энэ гэрээгээр “Гэрээт чансаа” ХХК нь “Эколайн” ХХК-д хийсэн ажлын хөлсийг төлөх ёстой гэж үзэж байна. “Эколайн” ХХК-иас “Бүүх” ХХК-ний Голомт банкны 1105055412 тоот дансанд 2014.8.8-нд 26 сая төгрөг, 2014.8.29-нд 53.805.176 төгрөг зэргийн нийт 79.805.176 төгрөг орж ирсэн. “Баяндовцог” ХХК нь “Эколайн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээтэй. Манай компанийн дансаар орж ирсэн мөнгийг “Баяндовцог Хайрхан” ХХК руу шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгөн дотор “Гэрээт Чансаа” ХХК-ний “Эколайн” ХХК-иас нэхэмжилсэн мөнгө огт ороогүй хамааралгүй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Гэрээт чансаа” ХХК нь хариуцагч “Эколайн” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 12 800 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 3 456 000 төгрөг, нийт 16 256 000 төгрөг гаргуулах, хариуцагч “Эколайн” ХХК нь нэхэмжлэгч “Гэрээт чансаа” ХХК-нд холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №02/2015 тоот Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч “Гэрээт чансаа” ХХК нь хариуцагч “Эколайн” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №02/2015 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, “Гэрээт чансаа” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр “БҮҮХ” ХХК-тай тохиролцож эхлүүлсэн Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх тохижилтын ажилд нийт 7 ширхэг сүүдрэвч, хүүхдийн комплекс тоглоом 1, сандлын мод 120 ширхэг зэрэг ажлуудын зүлгүүр, замаска, будгийн ажлуудыг гүйцэтгэж дуусгавар болгох, “Эколайн” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд зааснаар төлж барагдуулах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 4-7-р хуудас/

Уг гэрээг нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу байгуулсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний мөнгийг “Баяндовцог Хайрхан” ХХК, “БҮҮХ” ХХК-нд шилжүүлсэн тул хариуцагч биш, мөн гэрээг хүч хэрэглэж байгуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл биш гэж маргаж, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг бие даасан шаардлага гаргаагүй “БҮҮХ” ХХК-тай гэрээ байгуулж ажиллаж байсан тул ажлын хөлсийг төлөх үүрэггүй гэж, нэхэмжлэгч нь “БҮҮХ” ХХК-тай байгуулсан гэрээ “Эколайн” ХХК-тай гэрээ байгуулснаар дуусгавар болсон тул ажлын үлдэгдэл хөлсийг төлөх үүрэгтэй гэж маргасан.

Нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “БҮҮХ” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр №42/2013 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх тохижилтын ажилд нийт сүүдрэвч 6 ш, хүүхдийн комплекс 1 ком, сандалын мод 120 ш зэрэг ажлуудыг хийх ба “БҮҮХ” ХХК нь ажлын хөлсөнд 22 400 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцож байсан болох нь хэрэгт авагдсан №42/2013 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 23-24, 75-76-р хуудас/

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК-ний хариуцагч “Эколайн” ХХК-тай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн  №02/2015 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т “...Энэхүү гэрээний 1.4-т заасан урьдчилгаа төлбөр 12 500 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 10-нд “Баяндовцог Хайрхан” ХХК-иас гүйцэтгэгчийн ХААН банкны 5058200031 төгрөгийн дансанд шилжүүлснийг баримтаар хавсаргав. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг “Эколайн” ХХК 2014 оны 12 сард гүйцэтгэгчийн дансанд хийж “БҮҮХ” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн захиалагчийн эрх үүргийг шилжүүлэн авах болсон” гэжээ. /хэргийн 5-р хуудас/

Хариуцагч “Эколайн” ХХК-иас нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК-ний дансанд сүүдрэвчийн ажлын хөлс 1 500 000 төгрөгийг хийсэн болох нь ХААН банкны 2014 оны 11 дүгээр сарын 28, 30-ний өдрийн орлогын мэдүүлэг, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр “БҮҮХ” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг нь шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн гэрээний үүргийг хариуцахгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 25, 70-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр нотлогдож байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч “Эколайн” ХХК болон нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК нь төлбөр барагдуулах хугацааг харилцан тохиролцож байсан болох нь нотлогдож байна. Мөн талууд төлбөр барагдуулах талаар харилцан тохиролцож байсан талаараа маргаагүй болно. /хэргийн 8-9-р хуудас/

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь үлдэгдэл ажлын хөлсийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн” байх бөгөөд ажлын үр дүнг хариуцагч “Эколайн” ХХК нь хүлээн авсан талаараа маргаагүй тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нь шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны зарлагын гүйлгээгээр нотлогдоно гэж маргасан бөгөөд “Гэрээт Чансаа” ХХК-ийн ажлын хөлсийг “Баяндовцог Хайрхан” ХХК, “БҮҮХ” ХХК-нд шилжүүлсэн гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Эколайн” ХХК нь “БҮҮХ” ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №С02 “Хан-Уул дүүргийн 1 хорооны 13 дугаар байрны урд талбайн тохижилтын ажил” НХААГ 13/0271 тоот тендерт хамтран оролцох тухай түншлэлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №Т03 “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Шавь цогцолбор 30 дугаар сургууль орчмын тохижилтын ажил гүйцэтгэх” НХААГ-12/0269 тоот тендерт хамтран оролцох тухай түншлэлийн гэрээг тус тус байгуулсан байна. /хэргийн 21-22-р хуудас/

            Мөн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 13 дугаар байрны урд талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлын /0,45га/ гэрээний хугацааг сунгах тухай гэрээгээр “Эколайн” ХХК болон “БҮҮХ” ХХК-ийн түншлэл харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 1 хороо, 13 дугаар байрны урд талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн 0,45га ажлыг 282 586 199 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг хүлээн зөвшөөрч, гэрээний нийт үнийн дүнг санхүүжүүлэхээр болжээ. /хэргийн 86-р хуудас/

            Хариуцагч “Эколайн” ХХК-ний дансанд дээрх гэрээнүүдийн санхүүжилт болох 103 045 318 төгрөг Төрийн сангаас 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шилжиж  орсон бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-нд “Эколайн” ХХК-иас тендерийн ажил гүйцэтгүүлэхэд 103 045 318 төгрөг “Баяндовцог Хайрхан” ХХК-нд, 2014 оны 8 дугаар сарын 08-нд 26 000 000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 29-нд 53 805 176 төгрөгийг тус тус гэрээний гүйцэтгэлд “БҮҮХ” ХХК-нд шилжүүлсэн болох нь Голомт банкны дансны зарлагын гүйлгээгээр нотлогдож байна. /хэргийн 66-69-р хуудас/

            Хариуцагч нь уг тендерийн ажлын мөнгөнөөс “Гэрээт Чансаа” ХХК-ийн ажлын хөлсийг шилжүүлсэн, уг шилжүүлсэн мөнгөнд ажлын хөлс нь багтсан байсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК-нд “Баяндовцог Хайрхан” ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “БҮҮХ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 2 500 000 төгрөгийг хариуцагч “Эколайн” ХХК нь төлсөн талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

            Хариуцагч нь гэрээний санхүүжилт болох 103 045 318 төгрөгнөөс нэхэмжлэгчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, мөн уг гэрээний санхүүжилтийг 2013-2014 онд шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан тул хариуцагчийн ажлын үлдэгдэл хөлсийг төлсөн, хариуцагч биш гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №02/2015 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.3-д “захиалагч нь бараа материал, ажлын хөлсөнд нийт 25 300 000 төгрөг төлнө. Үнийн дүнд материал тээврийн зардал ажлын хөлс бүгд багтана”, 1.4-д “энэхүү гэрээний 1.3-т заасан төлбөрийн урьдчилгаа 12 500 000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө, ажлын гүйцэтгэл дуусмагц үлдэгдэл 12 800 000 төгрөгийг гүйцэтгэгчийн ХААН банкны 5058200031 төгрөгийн дансанд шилжүүлнэ” гэж зааснаар ажлын үлдэгдэл хөлс 12 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5.3-д “захиалагч тал төлбөрөө хугацаанд нь үндэслэлгүйгээр төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө” гэж заажээ. /хэргийн 6-р хуудас/

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 12 800 000 төгрөгнөөс тооцож 3 456 000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан бөгөөд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул алданги 3 456 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч “Эколайн” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 12 800 000 төгрөг, алданги 3 456 000 төгрөг, нийт 16 256 000 /12 800 000 +3 456 000=16 256 000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №02/2015 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүч хэрэглэж байгуулсан, тохижилтын ажлыг улсын комисс хүлээн авахад тулчихсан байхад “Гэрээт Чансаа” ХХК нь буулгаж авч явна гэж хүч хэрэглэхээр заналхийлснээс аргагүйн эрхэнд байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан, гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн, хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж мэтгэлцсэн.

            Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

            Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д “хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж, хийсэн ажлаа буулгаж авна гэж сүрдүүлсэн гэж тайлбарласан.

Энэ хуульд заасан “Аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг” гэдэгт тухайн аюул учирч болзошгүй, бодит заналхийлэл байгаа нь тодорхой үйлдэл болон эс үйлдэхүйгээр илэрхийлэгдсэн байхыг хамааруулан үздэг бөгөөд хариуцагч нь бодит аюул байсан эсэхийг баримтаар нотлоогүй болно.

Мөн Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд зохигч талууд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №02/2015 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, мөн хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протолоор хариуцагч нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 13 дугаар байрны урд талбайн тохижилтын ажлыг дүгнүүлж, хүлээлгэн өгсөн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нь гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэв.

Иймд хариуцагчийн гэрээг нэхэмжлэгч нь хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн байгуулсан гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул түүний 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №02/2015 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна гэж үзэв.

           

Хариуцагч “Эколайн” ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Эколайн” ХХК-иас 16 256 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК-нд олгож, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-д зааснаар хариуцагч “Эколайн” ХХК-ийн нэхэмжлэгч “Гэрээт Чансаа” ХХК-нд холбогдуулан гаргасан 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №02/2015 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 284 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН