Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 155/2019/00444/И |
Дугаар | 001/ХТ2020/00379 |
Огноо | 2020-07-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00379
Ө.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2019/00577 дугаар шийдвэртэй,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар магадлалтай,
Ө.А-гийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000, амралтын цалин 1.200.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Алаг-Эрдэнэ сумын ЕБС-д ажиллахдаа газарзүйн улсын олимпиадын 2-ийн даваанд хүрэл медаль хүртэж, 2017 оны төгсөлт болох 12а ангийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо улсын дундаж онооноос дээгүүр үнэлэгдсэн зэрэг амжилт гаргасан бөгөөд энэ нь Алаг-Эрдэнэ сумын сургуульд урьд нь байгаагүй амжилт байсан. Гэвч сургуулийн захирал нь миний амжилтыг огт үнэлдэггүй байсан. Улмаар эрүүл мэндийн шалтгаанаар 2018 оны 9 сарын 06-ны өдрөөс 10 сарын 06-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед буюу 2018 оны 10 сарын 04-ний өдөр ажлаас халж, өөр багш авч ажиллуулж эхэлсэн. Би ажлаас халагдсан шалтгаанаа мэдэх, хийж байсан ажлаа хүлээлгэж өгөх ажлаас халагдсан тушаалаа гардан авах, ажилгүйдлийн тэтгэмжээ авах эрхтэй гэж бодоод ажлаа хүлээлгэн өг гэж дуудахыг хүлээсээр өнөөдрийг хүрч, тушаалаа гардаж авах, тэтгэмж авах эрхийг минь хязгаарласаар байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сараас 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин 4,400,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 1,200,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Иргэн Ө.А- нь ЕБС-д багшилж байх үедээ 2018 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 04 хүртэл чөлөө зөвшөөрөлгүй ажил таслан нь сургуулийн дотоод журмын 10.4, 10.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мөнхсоёлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ө.А- нь ажилдаа хайхрамжгүй хандаж, өвчтэй, мөн хувьдаа бизнес хийдэг учраас чөлөө байнга авдаг. Ө.А- нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа очсон байдаг ба дундыг хариуцсан сургалтын менежер С.Баттуяа багшаас эмнэлэгт үзүүлнэ гэж 2018 оны 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдийн чөлөө аваад ор сураггүй алга болсон. Хэрвээ өвчтэй байсан бол ажилтан нь ажил олгогчдоо актаа хүнээр ч болов хүргүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн өвчтэй байсан гэх хугацаандаа захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож байсан нь хэд хэдэн баримтаар нотлогддог. Ө.А- нь 2018 оны 9 дүгээр сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор Боловсролын газар бүртгүүлээд, 2018 оны 9 дүгээр сард шалгаруулалтад орж, тухайн үед тэнцээгүй юм. Ө.А- нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Хэрвээ Аюуш эмчид үзүүлж хэвтэн эмчлүүлж байсан бол эрүүл мэндийн карт байх ёстой байтал байдаггүй. Түүнчлэн эмнэлэгт үзүүлэхэд цахим бүртгэлд бүртгэдэг. Ер нь бол эмчилгээ хийлгэж байхад ч цахим бүртгэлд бүртгүүлдэг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа акт нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сургалтын менежерт чатаар ирсэн байдаг. Тэрнээс өмнө тасалсан гэж бүртгэж явж байсан. Ө.А-г өвчтэй байна гэсэн асуудлыг захирлын дэргэдэх хурлаар авч хэлэлцээд өвчтэй гэдгээ мэдэгдээгүй байна гэж үзсэн. Захирлын дэргэдэх хурал нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болоход өвчтэй гэсэн актыг чатаар явуулсан байна гэж мэдэгдсэн. Ө.А- нь түүнээс хойш ч гэсэн ажилдаа очоогүй. Ө.А- багш ажилдаа ирэхгүй байсан учраас сургуулийн зүгээс сургалтын ажиллагааг хэвийн явуулах үүднээс Баяржаргал багшийг цагаар авч ажиллуулсан. Ө.А- багшийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтанд тусгагдсаны дагуу 1 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг үндэслэсэн. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 9.1, 9.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр захирлын дэргэдэх зөвлөл хэлэлцээд ажлаас чөлөөлсөн. Өвчтэй байж болно. Гэхдээ актаа авч ирж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2019/00577 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ө.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,400,000 төгрөг, амралтын цалин 1,200,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулж шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн дэх заалтад нэхэмжлэгч гэсний өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэж нэмж бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ө.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хөдөлмөрийн тэгш бус харилцаа, энэхүү тэгш бус харилцаанд оролцогчийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрээ гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Тухайлбал, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” мөн зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж “ажил олгогчийн шийдвэрийг мэдсэнээр” гомдол гаргах хугацааг тооцож эхлэх ёстой хэмээн ажил олгогчийн үүргийг хайцаалж, нэхэмжлэгч буюу ажилтныг буруутган гаргасан шийдвэр нь хуульд нийцэхгүй байна. Дээрх үйл баримтын талаар ажил олгогч болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхсоёл шүүхийн хэлэлцүүлэгт “...Ө.А-г ажлаас халсан тушаалыг миний биө тухайн үөд захирлаар ажиллаж байхдаа өгөөгүй, захирлын ажлыг өөр хүнд хүлээлгэн өгөхдөө ажил авч буй захиралд Ө.А-гийн тушаалыг өгөөгүй гэдгээ хэлж, энэ талаар хурлын тэмдэглэлд тусгуулсан боловч мөн л тушаалыг өгөөгүй байсан. Би Ө.А-гийн тушаалыг энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.А-д өгсөн” гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т тусгайлан заасан үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай нотлох баримт юм. Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийн гаргасан шийдвэр, түүний үндэслэлийг хариуцагчаас тушаал, шийдвэрээ гардуулж өгөөгүй шалтгааны улмаас мэдэх боломжгүй байсан бөгөөд тухайн тушаал шийдвэрт заасан хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой шаардлага гаргах боломжгүй байсан юм. Миний бие арга буюу өөрөө шүүхэд нэхэмжлэлээ гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, ажлаас халагдсан тушаал шийдвэрээ гардаж авахаар хандсан минь энэ байв. Энэ ч утгаар хариуцагч нь Ө.А- миний гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй бөгөөд шат шатны шүүхээс талуудын маргаагүй асуудлыг өөрийн үзэмжээр нөхөн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Дээр дурьдсанчлан ажил олгогчоос ажлаас халсан шийдвэрээ өгөөгүй хэмээн мэдүүлсээр байхад ажилтан намайг буруутган, гардаж аваагүй тушаалтай холбоотойгоор хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргах байсан хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ө.А-, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4.400.000, ээлжийн амралтын олговор 1.200.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Ө.А- тус сургуульд газар зүйн багшаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2018 оны 10 дугаар сараас 04-ний өдрийн Б/58 тоот тушаалаар ажлаас халагджээ.
Б/58 тоот тушаалд сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ажлын цагийг чөлөө зөвшөөрөлгүйгээр 3 хоног тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.1.4-т заасныг үндэслэсэн байна.
Нэхэмжлэгч Ө.А- 2018 оны 9 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд чөлөө авч, улмаар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажлаа гүйцэтгээгүй нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч 2018.09.06-ны өдрөөс 09.20-ны өдөр эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдснөө тухайн үед ажил олгогчид мэдээгүй боловч 9 дүгээр сарын 14-ний өдөр сургалтын менежерт мэдэгдснийг зохигч маргаагүй байна. Түүнийг өвчтэй байсан гэх эмнэлэгийн магадлагааг үгүйсгэх үндэслэлгүй тул энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаа эрхлээгүй, өөрөөр хэлбэл ажил тасалсан, ноцтой зөрчлийг гаргаагүй гэж үзнэ.
Харин 2018.09.20-ны өдрөөс 2018.10.04-ний өдөр хүртэл тэрээр ямар шалтгаанаар ажилдаа ирээгүйгээ ажил олгогчид мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч Ө.А- шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн тухай шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Нэхэмжлэгч Ө.А- ажил олгогчийн тушаалын талаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн боловч шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж хуульд заасан хугацаа хэтрүүлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад гомдол гаргах хугацааг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс тоолох тухай заасан нь ажилтан өөрийн эрхийг зөрчсөнийг мэдсэнээс хойш шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй юм.
Түүнчлэн ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэйг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3.-т заасан хэм хэмжээ шүүхэд гомдол гаргах хугацааг тодорхойлох үндэслэл болохгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.
Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2019/00577 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.А-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ