Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 06

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг орлон гүйцэтгэгч Б.Б, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ХХК-ийн ТҮХ-нд холбогдуулан гаргасан

1. “Э” ХХК-ийн ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах;

2. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;

3. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус тул хүчингүй болгуулах;

4. “Э” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах;

Хариуцагч: “Э” ТӨҮГ-т холбогдох

5. “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”;

6. “Э” ТӨҮГ-аас “Х” ХХК, “Т” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан  5/116-19, 5/117-19 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0006/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ш.Д, түүний өмгөөлөгч О.С, Л.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Б.О, П.Б, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн захирал Ж.У, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Э ХХК-ийн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер”-ийн шалгаруулалтад холбогдох хуульд заасны дагуу оролцохоор баримт бичгийг журмын дагуу авсан. Гэтэл уг тендер нь анхнаасаа өрсөлдөөнийг хязгаарлаж Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж нэг компанид зориулан боловсруулагдсан нь тодорхой байсан учир манай компанийн зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 01/18 тоот гомдол хүргүүлж, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 1/74 тоот албан тоотоор засуулж тус тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, хэд хэдэн компани орж өрсөлдөх боломжийг бүрдүүлснээр 4 компани оролцсон. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тендерийн нээлт болоход манай компаний хамгийн бага үнээр шалгарсан боловч “Э” ХХК-ийн ТҮХ-ноос ирүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 албан тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан хариу ирүүлснийг бид эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан билээ. Гэтэл Монгол Улсын Сангийн яамнаас манай компанид ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичигт “Э” ХХК-ийн ТҮХ-ны зүгээс ирүүлсэн мэдэгдлийн бусад заалтуудыг тендерээс татгалзах үндэслэл биш гэж үзэн зөвхөн нэг заалтыг тендерээс татгалзах шалтгаан болгон мэдэгдэл ирүүлсэн болно.

            Үүнд: “О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр тус компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2 /д/ ...Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна...” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” хэмээн хариу ирүүлснийг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

            “Э” ХХК болон Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ТҮ-2019/01 тоот тендерт манай компанийг шалгарах үндэслэлгүй гэж үзсэн шалтгаан нь тус тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.2(д) заасан дээрх ажилтнууд нь компанийн үндсэн ажилтан байна гэсэн шаардлагыг зөрчөөгүй юм. Уг тендерийн баримт бичгийн нэг ч зүйлд зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй тухай заалт байхгүй, зөвхөн шаардлагатай мэргэжилтний жагсаалтыг ирүүлсэн бөгөөд Бүлэг 7. Үйлчилгээний тодорхойлолт. Хүснэгт №3 6-д заасан голлох боловсон хүчний шаардлагад нийцсэн мэргэжлийн үнэмлэх диплом бүхий ажилтан А.Ц-ийг ерөнхий тогооч, хоол зүйч албан тушаалд хавсран ажиллахаар санал болгосон болно. Манай компаниас уг тендерт ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагуудыг бүрэн хангасан байтал тус ТҮХ нь тендерийг хянахдаа энэ хуулийн 27.2.1 ба 27.2.2 дахь заалтуудыг зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж байна[1].

Мөн “Э” ТӨҮГ нь 2019.04.11-ний өдөр “Х” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 тоот гэрээг журмын дагуу байгуулаагүй гэж үзэж байна. “Э” ТӨҮГ-ын гэрээ байгуулах дотоод журмын дагуу гэрээ байгуулахад захиалагчийг төлөөлж гарын үсэг зурах албан тушаалтнууд бүрэн бус тэр тусмаа их хэмжээний санхүүгийн харилцааны асуудал агуулсан гэрээ байсаар атал санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, хууль эрх зүй гэх мэт чиглэл хариуцсан албан тушаалтнууд гэрээ байгуулах үйл явцад оролцоогүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтыг зөрчсөн байна. Уг гэрээ нь удаан буюу 2,5 жилийн хугацаатай үргэлжлэх, 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй гэрээ байтал, гэрээг байгуулахад мөрдөх журам, тавигдах шаардлагыг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ нь ТҮХ-ны гишүүд нь тендерт шалгаруулсан компанитайгаа ашиг сонирхол бүхий этгээд байсан гэж үзэх эргэлзээг төрүүлж байна. Эдгээр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т заасан зохицуулалтыг хангаж байгаа гэж үзэж буй тул дээрх гэрээнүүдийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна[2].

“2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ТҮХны 5 дугаар хурлын тэмдэглэлийг уншихад ганцхан “О” ХХК-ийн  материалыг үзээд хасах зорилготой нь харагдаж байна. Бусад компанийн баримтуудыг нэг ч удаа сөхөж үзээгүй. 1-р багцад “О” ХХК-ийн материалаас үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор хасах баримт олоогүй. Тэгээд хянан үзэх шатанд “О” ХХК-ийг хассан. Бусад компанийн материалыг судалсан зүйл байхгүй. Энэ зүйлд бид гомдоод байгаа юм. Бид 4 жилийн хугацаанд бэлдээд оролцож байхад материалыг хараагүй стандарт хангаагүй компаниудыг оруулсан байгаад гомдож байна. Ер нь “Э” ТӨҮГазрыг шүүхэд өгөхөөс айдаг. Яагаад айдаг вэ? гэвэл дараагийн тендерт оролцуулахгүй байх вий гэж имээдэг. Бид энэ байдал битгий үргэлжлээсээ, тендер нь үнэн зөв, шударга байгаасай гэж шүүхэд хандсан. Бусад компани тендерт стандарт хангаад тэнцсэн юм болов уу гэхэд “Х” ХХК дээр эрх бүхий хүн буюу итгэмжлэгчээр н.З-ийг томилчоод яагаад С гэдэг хүнээр гарын үсэг зуруулаад яваад байгаа юм. Энийг үзсэн юм уу. “Т” ХХК-ийн хувьд ялгаа байхгүй н.У-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилчоод гүйцэтгэх захирал Ж.У гарын үсэг зураад явдаг. Тэгээд энэ тендер эрх бүхий тендер мөн үү? биш үү? гэдгийг үзэх хэрэгтэй. Тендерт оролцох зааварт зааснаар “Х” ХХК 600 сая төгрөгийн зээл авах боломжтой гэж 2 янзын бичиг ирсэн. Гэтэл тэр бичиг дээр хаана хаяглагдсан талаар тодорхойгүй байдаг. Манай компанийг боловсон хүчний шаардлагын хувьд 4 шалтгаанаар тендерт нийцэхгүй гэж мэдэгдсэн. “Э” ТӨҮГазар Сангийн яаманд ханд гэж мэдэгдэлдээ бичсэн байсан. Ингээд бид Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам татгалзсан 3 үндэслэлийг нийцэж байна гэсэн. Харин 1 нь “О” ХХК-ийн хоол зүйч нь үндсэн ажилтан биш байна гэж хариу өгсөн. Бид хоол зүйчээр Ц гэдэг хүнийг өгсөн. Тендерийн маягт стандартын дагуу өгсөн. Гэтэл тендерийн баримт бичиг дотор 6.1–6.7 хүртэл ямар нэг ажилтан ажил давхар эрхэлж болохгүй гэж заасан зүйл байхгүй. 6.1.8-д болохоор тодорхой заасан байгаа. Хүснэгт №5-д харахаар ерөнхий тогооч гэж албан тушаал гэж байхгүй байгаа. Энэ хүснэгт № 5-д ерөнхий тогооч гэж байхгүй болохоор ерөнхий тогооч, хоол зүйч гэж бичсэн. Ерөнхий тогоочийг аль хүснэгтэд хаана хийх ёстой юм. “Э” ТӨҮГазраас У гэдэг хүнийг танай үндсэн ажилтан биш гэсэн. Танай маягтад У гэдэг хүнийг оруулаагүй. Харин У гэдэг хүний холбогдох материалыг хавсаргаад манай нөөц ажилтан гээд хавтастай материал дотор хийсэн.

Иймд “Э” ХХК-ийн ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах, “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ҮХны шийдвэрийг үндэслэн  “Э” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа” гэв.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага дээр дэлгэрэнгүй тайлбар хэлж байна. ТҮХ-ны шийдвэрийг мэдэгдсэн мэдэгдлийг захиргааны акт биш гэж байна. Энэ бол хамгийн анх бидэнд ТҮХ-ноос ямар шийдвэр гарсныг мэдэгдсэн мэдэгдэл байгаа. Өөр бидэнд ямар ч баримт байгаагүй. Үүн дээр үндэслэж манай компани тендерт шалгараагүй гэдгээ мэдэж шүүхэд хандсан. Энэ бол захиргааны шийдвэрийг мэдэгдэж байгаа захиргааны акт юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нотлох баримт цугларч бусад компаниудын тендерийн материал ирсэн.  Тендерийн хянан үзэх шатанд “О” ХХК-ийг гаргачихаад цаашаа явсан. Эхний багцад тэнцээгүй юм чинь дараагийн багцад тэнцэхгүй гэдэг байдлаар хандаж манай материалыг цаашид хянаж үзээгүй байсан. “О” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байна. Адилхан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, тендерт оролцож байгаа 3 компани. Манай компани 4 жил үйл ажиллагаа явуулсан. 70 гаран ажилтантай байгаа. Манай ажилчид бүгд сургалт, семинарт сууж 4 жил бэлтгэгдэж байж тендерт орсон. Монгол Улсад мөрдөгдөж байгаа нийтийн хоолны дүрэм, журмыг мөрдөж адилхан  хөгжиж дэвшээд явж байна. 4 жил энэ ажлыг хийгээд туршлагатай болчихсон. Ямар нэгэн байдлаар бид зах зээл дээр өрсөлдөх чадвартай болчихсон компани юм. Бид хангалттай бэлтгэл хангагдсан гэдэг байдлаар тендер сонгон шалгаруултанд оролцсон. 3 сарын өмнө нийтийн хоолны үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн тусгай зөвшөөрөл авсан компанитай харьцуулахааргүй 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн.

 Манайх өмнө нь 2 удаа тендерт орсон. Энэ бол манай 3 дахь удаагийн тендер байгаа. Тендерийн Үнэлгээ хийхдээ 70 хүний материалыг давхцуулсан гэж байна. Бид нар тендерийн шаардлагыг бүрэн хуульд нийцүүлж 1-р багцад 105 хүн, 2-р багцад 60 хүн, 3-р багцад 55 хүн гэдгээр 5-р маягтынх нь дагуу бөглөж энэ компаниудын хийгээгүй ажлыг манайх хийсэн. Үндсэн үйл ажиллагааныхаа задаргааг нь гаргаж өгсөн. 1, 2-р хоолны тогооч нь тийм хүн байгаа, хэдэн цагаас эхэлж хоолоо хийх, хэд хэдэн минутын зайтай ямар саванд зөөх үү, хэдэн градусын халуунтай очих уу?, ямар, ямар стандартыг барьж ажиллах уу? гээд бүх юмыг задаргаагаар хийж өгсөн. Ийм, ийм баримтуудыг үзээгүй. Манай компанид байсан ажилчдын судалгаа гэсэн зүйлийг харчихаад үнэлгээ хийж буруу дүгнэлт гаргасан байгаа. Бид ТҮХ-ны хууль бус шийдвэрээс үүдэж ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ТҮХ-ны захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Т” ХХК-тай байгуулсан, тус гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Энэ бол үндэслэлгүй юм гэж байна. 6-р нэхэмжлэлийн шаардлага дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулга болгож өгсөн байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулж хуучин байсан нэхэмжлэлийн шаардлага дээрээ “О” ХХК-ийн өмнөх нэхэмжлэлийн шаардлагын 6-р шаардлага хэвээрээ байгаа бас “Э” ТӨҮГ-аас “Т” ХХК-ийн хороонд байгуулсан үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. Энэ үр дагавараас үүсэлтэй “Т” ХХК-тай гэрээ хийгдсэн. Ямар, ямар гэрээ хэдний өдөр хийгдсэнийг мэдэх боломжгүй байсан тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэмж тодруулж өгсөн. “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “О” ХХК хуулийг өөртөө тохируулах гэж байна,  шүүхэд хандах үндэслэл байхгүй гэсэн утгатай зүйл ярих гэж байх шиг байна. Бид нар шат дараалалтай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу явсан. Анх тендер зарлаж нээхэд 4 компани оролцсон. Тендер зарласан стандартыг 2 жилийн өмнө хангасан байх ёстой гэсэн заалт орсон байсан. Үүнийг бид нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандаж засуулж 2 жил гэсэн шаардлагыг нь болиулсан. Тэгж байж танай 2 компани давхар орох эрхтэй болсон. Тэгээгүй бол хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 2 жил гэсэн стандартыг хангаагүй байсан шүү танай 2 компани. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч “Э” ТӨҮГ-ын дэргэдэх ҮХ-г төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг няцаах тайлбар хийе гэж бодож байна. Манайх анх 2019 он 03 дугаар сарын 12-ны өдөр “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Б-ийн гарын үсэгтэй ХБ-Т-12/58 дугаартай албан тоотыг авч улмаар “О” ХХК-ийн тендерийн материал шаардлагад нийцээгүй гэсэн ҮХ-ны шийдвэр гарсныг энэ албан бичгээр дамжуулж мэдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ бол захиргааны акт биш гэж яриад байна. Захиргааны Ерөнхий хуулийн 37-р зүйлд “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27-р зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж байгаа. Энэ өөрөө 43-р зүйлд заасан захиргааны актыг хаягласан этгээдэд мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэхдээ түүнийг хаягласан захиргааны байгууллага хариуцна” гэж байгаа. “О” ХХК-д сөрөг үр дагавар бүхий захиргааны акт гаргаснаа мэдэгдэж байгаа гэж ойлгогдоно. Тэрийг нь “Э” ТӨҮГ баталгаажуулж хүлээн зөвшөөрч “О” ХХК мэдэгдэж байгаа юм. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэг хэлэлцэж эхлэх үед хуралдаан даргалагч дурдаж явсан. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бол манайх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэл гаргасан. 2019 он 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан ТҮХ-ны тендерт хурлаар 1, 2, 3-р багцуудад “О” ХХК-ийн ирүүлсэн материал нь шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж хянан үзэх шатнаас хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоох гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж ТҮХ-ны шийдсэн үйл ажиллагааг хууль бус байна гэж үзсэн. Үүнийгээ нэхэмжлэгч тайлбарлаж ярьсан. Нэгэнт танай тендер шаардлагад нийцээгүй байна гэж гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа. Сөрөг үр дагаврыг “О” ХХК-д мэдэгдэж байгаа. Тэгэхээр энэ шаардлагад нийцээгүй байна гэж үзсэн ажиллагаа нь тендерийн хянан үзэх шатан дээр хийгдсэн. Тендерийг яаж хянаж үзэх ёстой байсан юм бэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу энэ хуультай уялдуулж гаргасан 2012 оны тендерийн үнэлгээ хийх тухай Сангийн яамнаас гаргасан заавар байдаг. Энэ заавар бол өөрөө тендерийн хянан үзэх шатанд яаж тендерийг хянах вэ гэдгийг нарийн зохицуулсан байгаа. Энэ ТҮХ-ны 2019 он 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан хурлын 05 дугаартай тэмдэглэлээс харахад тендерийн шаардлагад нийцэхгүй байна гэж шийдсэн үйл ажиллагаа нь өөрөө Сангийн яамнаас гаргасан тендерийн үнэлгээ хийх тухай заавар, зөвлөмжийг зөрчсөн байдаг.

 Ийм учраас бид тендер шалгаруулалтын материал нь шаардлагад нийцээгүй байна гэсэн үндэслэлээр хянан үзэх шатнаас хассан шийдвэр нь хууль бус байна гэж үзэж байгаа. Ингээд “Х” ХХК болон “Т” ХХК-ийн тендерийг шалгаруулсан байгаа. Энэ хянан үзэх шатанд тендерт материалаа ирүүлсэн 3 компаний тендерийн материалыг зэрэгцүүлж үнэлээгүй учраас энэ шатнаас “О” ХХК-ийг хасч байгаа үйл ажиллагаа нь өөрөө хууль бус болж байна. Хууль бус ажиллагааны үр дүнд шалгарсан “Т” ХХК, “Х” ХХК энэ тендер тэнцсэн гэж үзэх нь логикийн хувьд нийцэхгүй хууль бус болсон байдал харагдаж байгаа. ТҮХ-ны шийдвэр нь  сөрөг үр дагаврыг бий болгосон. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг “Т” ХХК, “Х” ХХК-ийн талд гаргахдаа тодорхой хууль, журмыг баримтлаагүй гаргасан учраас “Т” ХХК, “Х” ХХК-тай байгуулсан гэрээг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах шаардлага гаргасан юм. Дахин үнэлгээ хийлгэхийг даалгах гэсэн зүйл байхгүй гэдэг асуудал  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. “Т” ХХК, “Х” ХХК-иудын материалыг хуульд заасны дагуу хянаагүй учраас хүчингүй болгоё, хүчингүй болсноор дахин энэ тендерийн үйл ажиллагааг хянаж, захиргааны акт гаргах зайлшгүй шаардлага гарна. Энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ тухай зохицуулалт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд байгаа. Захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага байгаа. Тендерийн тухай хуульд зааснаар ТҮХ-ноос гарсан шийдвэрийг захиалагч “Э” ТӨҮГ өөрөө хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж баталгаажуулаагүй учраас үүнийг хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Зургаа дахь нэхэмжлэлийн шаардлага дээр “Т” ХХК болон “Х” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тэгэхээр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай шаардлага дээр “Т” ХХК-ийн үйлдвэрийн бүст ажилладаг ажилтануудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж нэмж шаардлага гаргасан. Энэ гэрээнүүдийг Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ байна гэж тайлбарлаж байна. Гэтэл ингэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Захиргааны актан дээр үндэслэж захиргааны гэрээ байгуулагдаж байгаа. Иргэний эрх зүйд заагдсан ажил гүйцэтгэх гэрээ гэвэл тендер шалгаруулаад яах юм бэ. Тиймээс иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулна гэж үзэж байгаа тайлбар нь үндэслэлгүй юм. Захиргааны гэрээ нь өөрөө захиргааны байгууллагаас байгуулсан байх ёстой. “Э” ТӨҮГ нь захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байгаа. Хоёрдугаарт нийтийн эрх зүйн хүрээнд энэ гэрээ байгуулагдаж эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа. Мөн тендерийн үйл ажиллагааг зохицуулсан гадагшаа чиглэсэн гэрээнд байх шинжийг агуулсан гэрээ учраас хувийн эрх зүйг зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээ биш юм. Хянан үзэх шатан дээр “О” ХХК-ийн явуулсан тендерийн материалыг өрсөлдөгч 2 компаний тендерийн материалтай зэрэгцүүлж үнэлгээ хийгээгүй хассан учраас ТҮХны шийдвэр хууль бус гарсан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан үйл ажиллагаатай холбоотой маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.4-д зааснаар тусгай журмаар хянан хэлэлцэх маргааны төрөлд оруулж хууль тогтоогчид хуульчилсан. Энэ бол захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн юм. “О” ХХК тендерийн материалаа өгсөн. Харин “Э” ТӨҮГ танайхыг тендерээс хассан гэдэг мэдэгдлийг өгсөн. Тэр үед анх эрх ашиг нь хөндөгдсөн гэдгийг ойлгосон. Яг хуульд заасан журам үндэслэлийнх нь дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны гомдлыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ном журмынх нь дагуу явж байгаа. Шүүхийн харъяалалд оруулж ирж маргах үед хавтаст хэргийн хавсралтаар тендерт оролцсон компаниудын баримтуудыг эх хувиар нь татаж авч ирсэн. Нийт 9 хавтаст материал ирсэн. Нотлох баримтаар ирсэн 9 баримтуудыг шинжлэн судалж үнэлэлт дүгнэлт хийж, шударга бус үйл ажиллагаа явагдсан байна гэдгийг тэр үед ойлгосон.

Тэрнээс өмнө бид нар өөрсдийнхөө өгсөн материалыг нотлох гээд явж байсан. Тендерийн бичиг баримтууд шүүхийн шатанд орж ирэх үед ямар, ямар компаниуд ямар, ямар материал өгч яаж харьцуулж байгаад яаж шалгаруулсан юм бэ гэдгийг ойлгосон. Гэтэл “О” ХХК-ийг хянан үзэх шатнаас “боловсон хүчин нь шаардлага хангахгүй байна” гэж үзэж хассан. Гэтэл Сангийн яамнаас гаргасан тендерийн үнэлгээний заавар гэж байгаа. Хэрвээ хянан үзэх шатнаас хасч байгаа бол 6-р маягтыг бөглөж холбогдох нотлох баримт болон тоотыг хавсаргана, мөн шаардлагад нийцэхгүй гэсэн тендерийн талаар дэлгэрэнгүй тайлбар шалтгааныг хавсаргана гэж байгаа.  Манайх ямар шалтгаанаар хасагдсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Хурлын тэмдэглэл дээр юу нь болохгүй байгаа талаар ярьсан ярианууд байгаа. Тэрнээс биш гаргаж байгаа шийдвэр дээрээ энэ талаар огт дурдаагүй байна. Тендерт оролцсон бусад компаниудын баримтыг хянан үзэх шатанд хянаж үзсэн юм уу? гэдгийг ҮХ-ны тэмдэглэлээс үзэхээр хянаж үзээгүй байдаг. Хурлын тэмдэглэлээс үзэхэд бүгдээрээ “хянан үзлээ”, “Х” ХХК тэнцсэн байна” гэж бүгд 1-р багц дээр тэнцүүлсэн байсан.

 Гэтэл “Х” ХХК-ийн бичиг баримт нь байх ёстой гарын үсгээс эхлээд алдаатай, дутуу баримт бичгүүд ирсэн байдаг. “Т” ХХК-ийн баримт нь мөн алдаатай, дутуу баримтууд тендерт ирүүлсэн байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12-р зүйлд заасан тендерт оролцогч нар эрх тэгш байх, шударга өрсөлдөх зарчмыг алдагдуулсан гэдэг нь баримт бичгүүдээс нь тодорхой харагдаж байна. Тендерийн материал дотор нь наад захын алдаанууд байдаг. Хянан үзэх шатанд бүх компаниудын бичиг баримтыг адил тэгш үзээгүй байна гэдэг зүйл хавтаст хэрэгт цугларсан баримтаас харагдаж байгаа. Тийм учраас бид нар манай баримтуудыг адилтгаад хянаад өгөөчээ гэдэг шаардлага гаргаж байгаа юм. Мөн ТҮХ юуг зөрчсөн бэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нарийвчилсан үнэлгээ хийх ёстой. Гэтэл энэ үнэлгээ огт хийгдээгүй байна. Нэгэнт хянан үзэх шатнаас “О” ХХК хасагдсан учраас дараагийн компани бол “Х” ХХК тэнцэнэ гэдэг үнэлгээг шууд хийсэн байна. Энэ нь өөрөө хянан үзэх шатны дараа нарийвчилсан үнэлгээ явна гэдэг хууль тогтоогчийн үзэл санаа буюу хуулийг зөрчсөн санаа явж байна. Тэгэхээр ҮХ-ны шийдвэр нь хууль бус гарч манай компанийг хянан үзэх шатнаас хассан нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр болохыг тогтоолгох гээд байгаа юм. Тиймээс “О” ХХК-ийн материалыг оролцуулж дахин хянан үзэхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.О, О.А нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар[3] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э” ТӨҮГ Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлд заасан захиргааны байгууллага биш гэж үзэж байгаа. Үүнийг дахин ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлд зааснаар захиргааны байгууллага гэдэгт “Э” ТӨҮГ-ыг хамруулсантай санал нийлэхгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.2-д заасанд хамаарч байна гэж үзэж байх шиг байна. “О” ХХК бол тендерт оролцогчийнхоо хувьд эрхээ хэрэгжүүлж Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яам хуульд заасан хугацаандаа гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан байдаг. “Э” ТӨҮГ захиалагч болохынхоо хувьд тухайн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа субьект. Бие даасан шийдвэрийг “Э” ТӨҮГ гаргаагүй. Сангийн яам нь захиргааны байгууллага мөн бөгөөд гаргаж байгаа шийдвэр нь хуульд заасны дагуу захиргааны акт болно. Гэтэл тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагатай маргахгүй захиргааны актыг хэрэгжүүлж байгаа субьекттэй маргаж байгаатай санал нийлэхгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультайгаа агуулгын хувьд зөрчилтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Үүнийг бас харж үзэж хуулийг зөв хэрэглэж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 6 шаардлага гаргасан байдаг. Нэгдүгээр шаардлага нь ҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12/58 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагад байгаа ҮХ-ны шийдвэр нь захиргааны акт биш. Энэ бол “Э” ТӨҮГ-ын ҮХ-ны шийдвэрийг мэдэгдсэн албан бичиг юм. 12/58 дугаартай албан бичиг нь ийм шийдвэр гарсан байна гэдгийг Ерөнхий захирлаас мэдэгдэж байгаа хэлбэр юм. Үүнийг тендерийн Үнэлгээний шийдвэр гэж үзээд хүчингүй болгуулах гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2019 он 03 дугаар сарын 06-ны өдөр Үйлдвэрийн дүүрэг ажилладаг ажилтануудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлдэг 1, 2, 3-р багцуудын шаардлагад нийцээгүй гэж ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд бичсэн бичилт нь ойлгомжгүй байна.

 Тендерийг нь ТҮХ хасчихсан юм шиг ойлгогдож байгаа. Агуулгаас нь үзвэл тендерт ирүүлсэн материалыг нь ТҮХ хассан үйлдэл нь хууль бус байна гэж үзэж байх шиг байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байхыг шаарддаг. Мөн хуулийн 52.2.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлох ёстой. Гэтэл 52.2.5 дахь заалт үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой зохицуулалтыг зааж өгөөгүй байгаа. Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох эсвэл үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд байж болно. Үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гурав дахь нэхэмжлэлийн шаардлага 1, 2, 3 дугаар багцад шалгарсан “Х” ХХК болон “Т” ХХК холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэхээр хуульд зааснаараа яг юуг хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхой бус байна. Дөрөвдүгээр нэхэмжлэлийн шаардлага нь тендерийг дахин үнэлэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг сүүлд гаргасан байдаг. Үүн дээр “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулж хууль журамд нийцүүлж дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлагын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дахин үнэлэхийг даалгах шийдвэр гаргах нь боломжгүй асуудал. Дахин үнэлгээ хийхийг хаанаас даалгах вэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Сангийн яам бүхэлд нь хянаж үзээд энэ тендерийг хүчингүй болгосон тохилдолд дахин тендер хийх асуудал яригдах ёстой. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Сангийн яам хянаж үзээд энэ тендерийг хүчингүй болгож дахин үнэлгээ явуулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй хэн ч маргаагүй. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа.

Гэтэл энэ хуулийн дагуу зохицуулагдах ёстой асуудлыг Захиргааны шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь үндэслэлгүй. Дараагаар нь “Э” ТӨҮГ-ын ҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан дүгнэлт дээр үндэслэж захиалагчийн зүгээс гаргаж байгаа шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тайлбар хэлэхэд “Э” ТӨҮГ нь захиалагчаас ҮХ-ны шийдвэрийг баталгаажуулж захиалагчийн зүгээс шийдвэр гаргасан байгаа. Захиалагчийн зүгээс гаргасан шийдвэртэй “О” ХХК санал нийлэхгүй Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1771 гэсэн албан бичгээр багц 1, 3-ын үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлж, багц 2-ыг түр түдгэлзүүлье гэж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2381 тоот албан бичгээр багц 2-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүл гэсэн 2 удаагийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг захиалагч хэрэгжүүлж ажиллаж байгаа. Гэрээг хүчингүй болгуулахтай холбоотой асуудал дээр “Т” ХХК-тай холбоотой асуудал нэхэмжлэлийн шаардлагад дурдагдахгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа сая тайлбарлаж ярихдаа “Т” ХХК хамаатуулж ярьж байх шиг байна. “Х” ХХК-тай багц 1, 3 дээр байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байдаг. Энэ шаардлагын хувьд эдгээр компаниудтай байгуулсан гэрээ нь өөрөө ажил гүйцэтгэх гэрээ байгаа. Захиргааны акттай холбоотой гэрээ биш гэж үзэж байна. Иргэний хуулийн 243-р зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгаа.

 Хоол үйлдвэрлэлийн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл “Э” ХХК-ийн үйлдвэрийн бүсэд ажиллаж байгаа ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ байгаа. Энэ төрлийн гэрээг хүчингүй болгуулах асуудлыг Захиргааны хэргийн шүүх дээр ярихгүй, шүүхээс бусад асуудлыг шийдвэрлэсний дараагаар иргэний журмаар гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн маргааныг үүсгэж болно. Тиймээс захиргааны хэргийн шүүхэд хамаатуулж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. ҮХ-ны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх дээр “Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөж ажилладаг. Хуульд заасан зарчмуудыг баримталж ажиллаж байгаа. ТҮХ-ны хувьд хууль болон бусад дүрэм, журамд заасны дагуу үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. “О” ХХК-ийн ярьж байгаагаар шаардлагад нийцээд байхад шаардлага нийцээгүй гээд хассан асуудал байхгүй. Тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй баримт, материал ирүүлээгүй гэдэг нь нотлох баримтуудаас бүрэн нотлогдож харагдаж байгаа. Нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой харагдах байх.

Тиймээс “Э” ТӨҮГ-ийн ТҮХ-ны зүгээс хууль, дүрэм журамд нийцсэн ажиллагааг зохион байгуулсан. Нэхэмжлэлийн 6 шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь энэ хэргийг шийдвэрлээд Улсын дээд шүүхээс буцаасан. Тиймээс шаардлага тус бүр дээр дэлгэрэнгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Т” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани нь “Э” ТӨҮГ-аас зарласан ТҮ-2019/01 дугаартай “Э” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн 1, 2, 3 дугаар багцуудын зөвхөн Багц 2-т хууль тогтоомжийн дагуу тендерийн бичиг баримт боловсруулан оролцсон бөгөөд энэхүү Багц 2-т нийт 4 компани оролцож, ...манай компанид 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/56 дугаартай албан бичгээр Багц 2-т “хамгийн сайн” үнэлгээ авсан талаар “Э” ТӨҮГ-аас мэдэгдэж, гэрээ байгуулах урилгыг ирүүлсэн боловч тендерийн бусад оролцогчдоос дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яам хянаж үзээд Багц 2-той холбоотой хариу болгон Сангийн яамнаас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 тоот албан бичгийг “Э” ТӨҮГ-т хүргүүлсэн байдаг. ...улмаар тус яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/1381 дугаартай залруулга бүхий албан бичиг хүлээн авсан болно. Энэхүү шийдвэрийн дагуу манай компани “Э” ТӨҮГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ДЧ-Т-12/97 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах урилга хүлээн авч, улмаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Э” ТӨҮГ-тай “ЗМЗ буюу тендерийн II багцад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г байгуулан ажиллаж байна. Иймд “О” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн манай компанид холбогдох буюу багц 2-т холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”[4] гэжээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн захирал Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг маань явсаар 1 жил гаран болж байна. 3 шатны шүүхээр яваад энэ хооронд нилээн их асуудлын талаар ярилцлаа. “О” ХХК тендерээс яагаад хасагдсан үндэслэлээ тодорхой яриагүй. Тал талаас нь мэрж ярьсаар ирсэн. Хэлэлцүүлгийн шатанд бас яагаад шаардлага хангаагүй, яагаад хасагдсан талаар бас дэлгэрэнгүй тайлбар хэлэхгүй байна. “О” ХХК мэдээж хардах эрхтэй. Гэхдээ бас хэмжээ хязгаартай хардах ёстой. Жишээлбэл Д дарга ингэж ярьсан гэж байна. Хэргээс харвал Д дарга энэ компаний эсрэг саналаа өгсөн байсан. Өөрсдийнхөө зөв гэж бодож хууль тогтоомжид заасны дагуу гомдлоо гаргаж 3 шатны шүүхээр явсан. Өнөөдөр ч гэсэн өөрсдийнхөө зөв, бидний гаргаж өгсөн материалд нь хууль, журам, шаардлагад нийцсэн гэж үзэж тайлбар хэлж байна. Гэтэл хууль тогтоомжид өөрөөр заасан байна. Ийм асуудал, эрсдэл гарч болзошгүй гэж хууль тогтоомжид заасан асуудал дээр өөрсдийнхөө зөв юм шиг өөрсдийн үзэл бодлоор тайлбарлаж дайрч байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Х” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э” ХХК-иас Тендерийн урилга 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Э” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж, “Х” ХХК нь тендерийн баримт бичгийг худалдан авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт нийцүүлэн боловсруулж “Э” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер шалгаруулалтын Багц 1, Багц 2, Багц 3-т оролцохоор тендерийн бичиг баримтыг бүрдүүлэн тендерийн хороонд хүргүүлж, тендер шалгаруулалтад оролцсон. “Э” ХХК-ийн ерөнхий захирал Х.Б-ийн гарын үсэгтэй 2019.03.12-ны өдрийн №ХБ-Т-12/55 дугаартай мэдэгдлийг манай “Х” ХХК-д Багц 1-т ирүүлсэн 10.375.472.800  төгрөгийн санал болон Багц 3-т ирүүлсэн 3.487.022.000 төгрөгийн саналыг тус тус хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулсныг мэдэгдье гэсэн албан тоот ирсэн. Мөн “Э” ААТҮГ-н 2019.04.03-ны өдрийн №ТБ-Т-12/64 тоот “Э” ААТҮГ-т ирж гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг “Х” ХХК-д ирүүлсэн.  Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43-р зүйлийн 43.1-т заасны дагуу захиалагчид “Х” ХХК-иас гүйцэтгэлийн баталгааг хүргүүлсэн, мөн хуулийн 29 зүйлийн 29.2-т заасны дагуу “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Б “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.С нарын хооронд уг тендерийн 1-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 5/117-19 тоот мөн 3-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус хуулийн хүрээнд байгуулсан болно. “Э” ТӨҮГ-ын ТҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу захиалагч шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу шударга явуулсан гэж үзэж байна. “Э” ТӨҮГ-ын ТҮХ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 зүйлийн 27.2.1, 27.2.2 заалтуудыг зөрчөөгүй болно.

“Э” ХХК-ийн ерөнхий захирал Х.Б нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот мэдэгдлийг “О” ХХК-ийн захирал Ш.Д-д хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2019.03.28-ны 6-1/1771 тоот албан бичигт “О” ХХК-ийн тендерээс үзэхэд хоол зүйчийн албан тушаал дээр тус компанийн үндсэн ажилтанг санал болгож ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн ТШӨХ-н ТОӨЗ-н 4.2-д “дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна гэж заасан шаардлагад нийцэхгүй” гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтын 1 болон 3 дугаар багцын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг үүгээр мэдэгдье гэсэн гомдлын хариуг тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн байдаг. Иймээс манай компани “Э” ТӨҮГ-ын хооронд тендерийн 1-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 5/117-19 тоот болон 3-р багцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг хуулийн хүрээнд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм”[5] гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер яаж зарлаж, үнэлгээг хэрхэн хийх, гэрээ яаж байгуулах талаар тодорхой зохицуулсан байгаа. Үүнтэй нэгэн адилаар захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргахаар бол ямар үндэслэлээр ямар шалтгаанаар гомдол гаргах эрхтэй болохыг бас зохицуулсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55-р зүйл дээр маш тодорхой зааж өгсөн байгаа. 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан байна. Хэрвээ энэ журмыг мэддэг байсан бол хэрхэн, яаж гомдлоо гаргах вэ гэдгийг зохицуулсан байгаа. Гэтэл энэхүү ТҮХ-ны шийдвэрийг эс зөвшөөрч “О” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яам гомдлыг хянаж үзээд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг тодорхой өгсөн байгаа. Энэ шийдвэрийг үндэслэж ТҮХ шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Сангийн яамны шийдвэр дээр хэн ч гомдол гаргаагүй.

Тиймээс шүүхэд гомдол гаргах эрхээ алдана. Хоёрдугаарт гомдол гаргах эрх байна уу гэдэг асуудал яригдана. Тендерийг хянан үзэх шатанд тендерт оролцогчдын материалыг тэгш хянаагүй, ялгамжтай хандсан, эрхийг нь хязгаарласан гэж үзэж гомдол гаргасан гэж ойлгож байгаа. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендерийн хянан үзэх шатыг зохицуулсан байгаа. Тус хуулийн 27.2-д “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно” гэж заасан байна. Тухайн тендерт шаардлага хангаагүй гэж хасах эрх нь энэ хуулиар олгогдсон байгаа. Үүний дагуу ТҮХ “О” ХХК-ийн тендерийн материалд үнэлгээ хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон манайхаас тавьсан шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Шаардлагыг хангаагүй бол тендерийн материалаас татгалзаж шаардлага хангасан тендерийн материалыг хамгийн сайн тендерт үнэлж гэрээ байгуулах эрхтэй байгаа. Хоёрдугаарт “О” ХХК хэтэрхий субьектив санаагаар хандаж байна. Өөрсдийнхөө гол санааг илэрхийлэхдээ хэтэрхий өөрийнхөө зөв юм шиг хандаж байна. Жишээлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж ярихдаа ТҮХ-ны Д даргын тендерийг ажиллагааг нээж хэлсэн үгийг өөрийнхөөрөө ойлгож буруутгаж байна.

Шүүхэд хэн алинд нь дэлгэрэнгүйгээр эрх, үүргийг нь танилцуулдаг. Түүнтэй нэгэн адил ТҮХ-ны дарга эрхийнхээ дагуу ажилчиддаа үнэн зөв, шударгаар үнэлгээ хийх, мөн ийм ийм асуудал гарна шүү гэдгийг урьдчилж сануулж эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн байна. Гэтэл үүнийг мушгиж тайлбарлаж байна. Хэрвээ үнэхээр “О” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь шаардлага хангасан байх юм бол ҮХ шийдвэр гаргаад явах боломжтой байсан. Гэтэл тендерийн материал нь өөрөө бичиг баримтын шаардлага хангаагүй байсан учраас татгалзсан шийдвэр гаргасан байх. “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт нь 1 ,2, 3 гэсэн багцад шаардлага хангаж байгаа юм уу гэдэг асуудал яригдана. Ямар үндэслэлээр ТҮХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн “О” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм уу?. Сангийн яаманд гомдол гаргаж гомдлыг Сангийн яам хянаж үзээд ТҮХны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэр дээр хэн ч маргаагүй. ТҮХ тендерийг хянан үзэх шатанд тэгш бус хандсан гэдгийг ойлгохгүй байгаа. Тэгш бус хандсан гэж юунд тулгуурлаж яриад байгаа. ТҮХ-ны тэмдэглэл дээр бүх тендерийг яаж үнэлсэнийг тодорхой заасан байгаа.

Ямар заалт, хэлэлцсэн ямар асуудлыг нь хууль бус гэж үзээд байгаа юм. Тэгш бус хандсан зүйл харагдахгүй байгаа. Бусад тендерийг шалгаагүй, зөвхөн манай асуудлыг хэлэлцсэн байна гэж маргаж байгаа. Гэтэл “Х” ХХК, “Т” ХХК, “О” ХХК гээд бүх материалыг хянаж хэлэлцсэн нь хурлын тэмдэглэл дээрээс харагдаж байгаа. Тэгээд “О” ХХК-ийн тендерийн баримт шаардлага хангаагүй гэж хасагдсан. ТҮХ хуульд заасан ажиллагааг хийсэн байна. “О” ХХК-ийн ямар хуулийн заалтыг баримталж нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Б дүгнэлтдээ: “Хөндлөнгийн зүгээс харахад хэргийн баримт нотолгооны тал дээр аль аль талууд тодорхой хуулийн дагуу баримттай мэтгэлцэж байна. Хариуцагч тал буюу “Э” ТӨҮГ нь тендерийн материалыг үнэлэх комисс нь хэт нэг талыг барьсан санагдаж байх боловч ер нь цаашид тендерт ирүүлсэн материалд үндэслэхээс илүү ажилчдын санал мөн бодит байдал дээр /урьд нь ажиллаж байсан компаний хувьд/ үнэхээр ажилчдын халуун хоолыг чанартай хийж чадаж байна уу гэдэг нь харагдах учир шалгаруулахад хэцүү биш санагдаж байна.

Өмгөөлөгч /О/-ийн хэлсэн “Х” компанид ажилчид дургүй гомдол байнга өгдөг гэдгийг яагаад Э-ийн үнэлгээний комисс яриагүй нь мөн хардах үндэслэл болж байна. Э-ийн жирийн ажилчин иргэний хувьд ажилчдын хоолыг амт чанартай аль компани нь хийж байсан бэ гэвэл “О”. Харин “Х” компаний хувьд үнэхээр ажилчид хоолонд нь маш дургүй. “О” компаний 3 багцад зэрэг ижил материал өгсөн нь уг компаний алдаа гэдгийг “Т” компаний захирал маш тодорхой тайлбарлаж өглөө.

Захиргааны үйл ажиллагааны хувьд нэхэмжлэгч болон хариуцагч талуудын маргааны тэнцвэртэйгээр хуулийн үндэслэлтэйгээр сонсож, тайлбарлаж байна. Мөн гуравдагч этгээд болох “Х” “Т” компаниудын тайлбаруудыг ч мөн адил тэнцвэртэйгээр сонсож дүгнэлтэндээ оруулж байна. Иймд иргэдийн төлөөлөгч миний хувьд захиргааны үйл ажиллагааг хуулийн үндэслэлтэй явсан гэж дүгнэж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “О” ХХК нь: “Э” ХХК-ийн ТҮХ-нд холбогдуулан

1. “Э” ХХК-ийн ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах;

2. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох;

3. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Т” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус тул хүчингүй болгуулах;

4. “Э” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах;

Хариуцагч: “Э” ТӨҮГ-т холбогдох

5. “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах”;

6. “Э” ТӨҮГ-аас “Х” ХХК, “Т” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан  5/116-19, 5/117-19 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” /1 дэх ХХ-ийн 94-98 хуудас, 2 дахь ХХ-ийн 176 хуудас/ тухай нэхэмжлэлийн 6 шаардлага гаргасан, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн дээрх шаардлагуудаа дэмжив.

Шүүхээс тус өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох “2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар  сарын 06-ны өдрийн хурлаас  “Х” ХХК, “Т” ХХК-ийг тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлагыг тодруулахад “...тухайн маргаан бүхий шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүсч байгаа талаар тайлбарласан тул  уг шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

 Хариуцагч талаас тус маргааныг Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бус гэж тайлбарлаж байгаад хууль зүйн талаас дүгнэвэл: Хариуцагч талаас “Э” ХХК болон ТҮХ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй” гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

“Э” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиалагч” гэдэгт хамаарах бөгөөд захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 /Энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах/-т зааснаар ҮХ-г байгуулах эрхийг тус хуулиар хэрэгжүүлдэг.

Захиалагч “Э” ХХК нь “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг зохион байгуулах ҮХ-г 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/842 дугаартай “ТҮХ байгуулах тухай” тушаалаар[6] байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон.

Захиалагч “Э” ТӨҮГ, түүний эрх бүхий албан тушаалтан /захирал/ нь худалдан авах ажиллагааны талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй, түүний шийдвэр нь зөвхөн ҮХ-ны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ээр дамжин гардаг тул захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлоо тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 /...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 /дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл/, 112 дугаар зүйлийн 112.4.2 /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан/-т тус тус зааснаар тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм.      

Иймд “Э” ХХК-ийн ТҮХ болон “Э” ТӨҮГ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан “... шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэдэгт хамаарахаар байна.

Хариуцагч болон гуравдагч этгээд нараас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/1771 дугаартай албан бичиг нь “О” ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн “эцсийн шийдвэр” тул уг шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой, “Э” ТӨҮГ болон “Э” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ...тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...гаргана” гэж тус тус зааснаар “О” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд гомдлоо гаргаж хянуулсан[7] нь дээрх хуульд нийцсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд уг ажиллагааг хэрэгжүүлснээрээ Сангийн яам захиргааны хэргийн хариуцагч болохгүй.

Захиалагч нь тендерт шалгарсан компанитай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2  /Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана/-т заасан зохицуулалтын хүрээнд хамаарна.  

Хариуцагч “Э” ХХК /ТӨҮГ/-ийн ТҮХ болон “Э” ТӨҮГ нь уг захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа бөгөөд эдгээр хариуцагч нар нь нэгдмэл ашиг сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилгүй учраас “Э” ТӨҮГ-ын захирлын итгэмжлэлээр Б.О, О.А, П.Б нар нь хариуцагч нарыг төлөөлөн оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

“Э” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “О” ХХК нь “Э” ХХК-ийн ТҮХ-нд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг[8] хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх албан бичиг нь “Э” ХХК /ТӨҮГ/-ийн захирлаас ҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Үнэлгээний дүгнэлт” буюу “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид дамжуулсан мэдэгдлийн шинжтэй албан бичиг байна.

Дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актад хамаарахгүй.

Иймд “Э” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.  

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Э” ХХК-ийн ТҮХ нь “Х” ХХК-ийн тендерийн бичиг баримт, “Т” ХХК-ийн тендерийн бичиг баримтуудыг хянан үзэхдээ тендерт тавигдах дараах нөхцөл, шаардлагуудыг зөрчсөн байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 /Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ/, 29.2  /Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна/ , 46 дугаар зүйлийн 46.1.3 /ҮХноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах/ дахь хэсэгт тус тус зааснаар  шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, тендерийг үнэлэн, гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, Бүлэг III. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолт-ын Хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудын НД8 маягтыг ирүүлнэ” /1 дэх ХХ-ийн  181 хуудас/, гэсэн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл “Х” ХХК-ийн тендерийн баримт бичигт /1, 2 дугаар хавтаст/ НД8 баримт авагдаагүй байна.

Тус компани нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 124 тоот албан бичиг[9] болон Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт[10] зэргийг тендерийн баримт бичигт хавсаргасан ба үүнийг захиалагчаас тавьсан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхгүй.

Бүлэг III. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.2 /ё/ /Тухайн гэрээг хэрэгжүүлэхэд ажлын капитал хүрэлцээтэйг нотлох баримт/, Бүлэг IX. Баталгааны маягт. Хавсралт А маягт: Тендерийн баталгаа /Банкны батлан даалт/, Хавсралт Б маягт: Гүйцэтгэлийн баталгаа /Банкны батлан даалт/, Хавсралт В маягт: Урьдчилгаа төлбөрийн баталгаа /Банкны батлан даалт/ гэх шалгуурт тавигдсан шаардлагыг хангаагүй болох нь тус компаний тендерийн баталгаа /банкны баталгаа/-нд гаргаж өгсөн Хас банкны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/139, 13/192[11] тоот  баримтаар нотлогдож байна.

2. “Т” ХХК-ийн хувьд: Бүлэг VII. Үйлчилгээний тодорхойлолт. III. Төлөвлөгөөт цэс, технологи шаардлагын 3.1.3 “Өдөр, орой, шөнийн ээлжийн хоолны төрөл” /1 дэх ХХ-ийн  208 хуудас/, мөн Бүлэг VII. Үйлчилгээний тодорхойлолт Хүснэгт №03, VI. Хүний нөөц боловсон хүчин. 6.1.8 Нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээллийг Хүснэгт №05-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргаж ирүүлэх, Хүснэгт №05. Үйлчилгээний ажилчдын тоо 2 дугаар багцад нийт 60 ажилтан /албан тушаалын нэр, тоог тус бүрээр тооцсон/ байхаар заасан.

“Т” ХХК-ийн тендерийн бичиг баримт нь дээрх тендерийн шаардлага болох  /3.1.3-д заасан/ хоолны менюг өдөр, орой, шөнийн гэсэн 3 ээлжээр гаргаагүй, /6.1.8-д заасан/ үйлчилгээний ажилчдын тоо нь тендерийн шаардлагад тавьсан / 2 дугаар багц 60 хүн/ тооноос дутуу ирүүлсэн байхад уг компанийг 2 дугаар багцад “хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн материал ирүүлсэн” гэж дүгнэн шалгаруулсан ТҮХ-ны дүгнэлт үндэслэлгүй.

Худалдан авах ажиллагааны зарчим  нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан /Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх зарчмыг баримтлана/ бөгөөд Захиалагч нь тухайн зарчмыг хэрэгжүүлж, алдагдуудахгүй, аливаа этгээдэд хууль, журмаас гадуур давуу байдал олгохгүй байх явдал юм.

Иймд дээрх нөхцөл, байдлуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн 3, 4, 6 дахь шаардлагууд болох

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар  сарын 06-ны өдрийн хурлаас  “Х” ХХК, “Т” ХХК-ийг тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус тул хүчингүй болгуулах,

- “Э” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлтэд үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гаргах шийдвэрийг хүчингүй болгуулах,

-“Э” ТӨҮГ-аас “Х” ХХК, “Т” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 дугаар гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлүүдийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2019 оны 3-р сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн “О” ХХК-ийг ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “О” ХХК нь “Э” ХХК-иас зарласан “Э” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тендерийн “Багц 1”, “Багц 2”, “Багц 3” тус бүрт оролцохоор тендерийн материалыг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 46 минутад хүлээлгэн өгсөн нь “Тендерийн бүртгэл” маягт №04 /1 дэх ХХ-ийн 241 хуудас/-т бүртгэгдсэн байна.

ҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 /Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө/-т зааснаар тендерийг хянан үзэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү чиг үүргийн хүрээнд тендерийг хянан үзэх шатанд “О” ХХК-ийн ирүүлсэн “Багц 1”, “Багц 2”, “Багц 3” тендер тус бүрт “Гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх” гэдэгт “Үгүй” гэж, тухайн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэсэн дүгнэлтийг гаргасан болох нь “Тендер хянан үзэх” Маягт №05 /1 дэх ХХ-ийн 245  хуудас/, ТҮХны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл №05 /1 дэх ХХ-ийн 249-250 хуудас, 2 дахь ХХ-ийн 1-15 хуудас/-ээр тус тус нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар 47.7 дахь хэсэг /Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/-т зааснаар ҮХ-ны тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-т зааснаар захиргааны актад хамаарна.

Өөрөөр хэлбэл, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг багц тус бүрт шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж тендерээс татгалзсан ҮХ-ны шийдвэр нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл байх бөгөөд энэ нь “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендерээс татгалзаж байгаа шинжээрээ эрх зүйн шууд үр дагавар бий болгож буй захиргааны акт юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх” талаар зохицуулсан ба нэхэмжлэгч “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Тендерийг хянан үзэх” шатанд тендерийн шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр захиалагч тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ нь мөн тендерийн баримт бичиг болно.

 “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тендерийн баримт бичгийг ҮХ-ны хурлаар хэлэлцэн боловсруулсан болох нь ҮХ-ны хурлын 01 дугаартай тэмдэглэл /1 дэх ХХ-ийн  222-226 хуудас/, 02 дугаартай тэмдэглэл /1 дэх ХХ-ийн 227-240 хуудас/, 03 дугаартай тэмдэглэл /2 дахь ХХ-ийн 132-137 хуудас/, 04 дугаартай тэмдэглэл /2 дахь ХХ-ийн 138-147 хуудас/-ээр тус тус тогтоогдож байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 /Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана/, 16 дугаар зүйлийн 16.2 /Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана/-т зааснаар хүчин төгөлдөр болсон тендерийн баримт бичиг /1 дэх ХХ-ийн 161-217 хуудас/-ийн дагуу ҮХ нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана/, 12.3 /Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ/, 27 дугаар зүйлийн 27.1 /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.тенхикийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т тус тус зааснаар ҮХ тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар хуульчилсан байна.

Хуулийн энэхүү шаардлагын дагуу ТҮХ “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг боловсон хүчний хувьд тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 /тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар/-т заасныг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Хоол зүйч”-ийн албан тушаалд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхэд: Захиалагчийн тендерийн баримт бичгийн “Бүлэг II. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/”-ны “4.Тендерт оролцогчийн чадвар” гэсэн нөхцөл, шаардлагын 4.2 /д/-д “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдах болон голлох боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл” /1 дэх ХХ-ийн 166 хуудас/,

 “Бүлэг III. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолт-ын Хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудын НД8 маягтыг ирүүлнэ” /1 дэх ХХ-ийн  181 хуудас/ гэж;

“Бүлэг VII. Үйлчилгээний тодорхойлолт”-ийн “Хүснэгт №03”-ийн “VI. Хүний нөөц, боловсон хүчин” гэсэн хэсгийн 6.1.1-д Багц тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна” гэж заасан бөгөөд  6.1.3 Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич” гэх албан тушаалд “6.1.3.1 Төлөвлөгөөт цэс, технологи карт боловсруулах, хоол үйлдвэрлэлийн технологид хяналт тавих, сургалт явуулах чадвартай, хоол үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн их, дээд сургуулийг төгссөн, нийтийн хоолны чиглэлээр мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна”,  “6.1.7 “Хоол зүйч” гэх албан тушаалд тавигдах шаардлага нь “6.1.7.1 Төлөвлөгөөт цэс боловсруулах, хоол үйлдвэрлэлийн технологит хяналт тавих, сургалт явуулах, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх чадвартай, шим судлалын ухааны бакалавр болон дүйцэхүйц, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна” /1 дэх ХХ-ийн 210 хуудас/ гэж  тус тус заасан.

Тендерт оролцогч “О” ХХК-ийн “Багц 1”, “Багц 2”, “Багц 3” тендерт ирүүлсэн материалд “Гэрээг гүйцэтгэхэд оролцох үндсэн мэргэжилтнүүд”-ийн жагсаалтад “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Хоол зүйч”-ийн албан тушаалд А.Ц-ийг, мөн “Хоол зүйч”-ийн албан тушаалд С.У-ыг тус тус санал болгосон /2 дахь ХХ-ийн 31 хуудас/.

Захиалагчийн тендерийн баримт бичигт “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг” болон “Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолт-ын Хүснэгт №3-ын VI”-д заасан албан тушаал тус бүрт нэг ажилтан байх эсхүл тухайн албан тушаалуудад давхар ажиллаж болох талаар тодорхой заалт, нөхцөл, шаардлага тусгайлан заагаагүй, тухайн албан тушаал тус бүрт тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон байгаагаас дүгнэвэл А.Ц-ийг “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Хоол зүйч”-ийн албан тушаалд давхар ажиллуулахаар санал болгосон нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзсэн ҮХны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

 “Хоол зүйч”-ийн албан тушаалд ажиллуулахаар санал болгосон С.У-ын /2 дахь ХХ-ийн 31 хуудас/ хувьд тендерийн баримт бичигт иргэний үнэмлэхийн хуулбар, ШУТИС-ийг “Хоол зүй, тэжээхүйн ухаан”-ны мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн дипломын хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд тендерийн баримт бичигт заасан ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хавтас II, хх-158-163 хуудас/-ыг ирүүлээгүй, НД8 маягтад “Сүхбаатарын У нийгмийн даатгал төлсөн мэдээлэл байхгүй байгаа /2 дахь ХХ-ийн 165-171 хуудас/ зэргээс дүгнэхэд “тухайн компанийн үндсэн ажилтан байна” гэсэн шаардлагыг хангасан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд С.У-ын хувьд тендерийн баримт бичигт заасан “Хоол зүйч”-ийн албан тушаалд тавигдах нөхцөл, шаардлагыг  хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Дээрх байдлуудаас дүгнэхэд “Э” ХХК-ийн ТҮХ-ны шийдвэрээр “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерт тавигдах нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 /Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ/, 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т заасныг тус тус зөрчөөгүй байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь захиалагчийн тендерийн баримт бичиг алдаатай гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1  дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй тул тендерийн баримт бичгийг зөвшөөрсөн гэж үзнэ.

Түүнчлэн, тендерт тавигдах нөхцөл, шаардлага болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 28 дугаар зүйлийн 28.1 /Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ/ тус тус  зааснаар “О” ХХК-ийн тендер нь мөн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй тул нэхэмжлэгчийн 5 дахь шаардлага болох

О” ХХК-ийн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийхийг “Э” ТӨҮГ-ийн ТҮХ-нд даалгах” тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1,  27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтуудыг тус тус баримтлан “О” ХХК-ийн “Э” ТӨҮГ болон ТҮХ-д холбогдуулан гаргасан

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар  сарын 06-ны өдрийн хурлаас  “Х” ХХК, “Т” ХХК-ийг тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус тул хүчингүй болгуулах,

- “Э” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот ТҮХ-ны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гаргах шийдвэрийг хүчингүй болгуулах,

-“Э” ТӨҮГ-аас “Х” ХХК, Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 дугаар гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус хангаж,

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн “О” ХХК-ийг ТҮХ-ноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

“О” ХХК-ийн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийхийг “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд даалгах”–ыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Э” ТӨҮГ-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ

              ШҮҮГЧИД                                  Б.БОЛОРМАА

                                                                                   Б.МӨНХЖАРГАЛ              

 


[1] I хавтас, хх-38-40 хуудас.

[2] I хавтас, 94-95 хуудас.

[3] 1 дэх ХХ-ийн 155-157 хуудас, 2 дахь ХХ-ийн 125-130 хуудас

[4] 2 дахь ХХ-ийн 173-176 дугаар хуудас

[5] I хавтас, хх-148-149 дүгээр хуудас.

[6] 1 дэх хавтаст хэргийн 219 дүгээр тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр тал

[8] I хавтас, 12-13 хуудас.

[9] Хаан хүнс катеринг ХХК-ний тендерийн баримт бичгийн 1 дэх хавтасны 164 хуудас

[10] Хаан хүнс катеринг ХХК-ний тендерийн баримт бичгийн 1 дэх хавтасны 166, 167 хуудас

[11] Хаан хүнс катеринг ХХК-ний тендерийн баримт бичгийн 173, 174  хуудас