Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

Шүүгдэгч  Д.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дашдэмбэрэлийн Энхбатад холбогдох эрүүгийн 201619000359 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1976 оны 05 сарын 05-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн Бугантын 18-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашдэмбэрэлийн Энхбат /РД:НН76050578/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Д.Энхбат нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Баянголын ам гэх газарт иргэн Б.Соджаргалыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Соджаргал хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт албан ажлаар ирсэн. Тэгээд Хайлааст 3 дугаарт багт байдаг найз Батсайхантай уулзсан. Орой 00 цаг өнгөрч байхад Батсайхан намайг дагуулаад энэ хойно алт гарч байна очиж үзье гэж хэлээд Х.Тулга бид хоёрыг дагуулаад явсан. Тэгтэл алт байгаа газарт цагдаа нар очоод хөөж байна гэж сонсоод цаад талд нь нэг газарт очиж зогссон. Тэр газарт бараг 1 цаг зогссон байх нэг мэдэхэд машин дотор бид нар унтсан байсан. Тэгээд нэг хүн ирж машины цонх цохиод онгойлгох шаардлага тавьсан. Тэгээд бид нар сэрээд машинаа онгойлгосон. Тэгтэл нэг ах ирээд та нар яагаад манай лицензтэй талбайд зогсож байгаа юм бэ одоо яв гэж шаардсан. Би тэр үед юу болж байгааг мэдээгүй Батсайханг дагаад явсан болохоор гайхаад байсан. Үнэнгээ хэлэхэд бид нар алттай газар байна гэж сонсоод металль хайгч авч явсан тэрийг хараад та нар нинжа хийх гэж явна гэж тэр ах уурлаад бид нарыг машиндаа суу яв гэж хэлээд намайг машинд суулгах гэж заамдаж аваад ноцолдсон тэр үед би газарт тархиараа савж унаад толгойгоо хагалсан байнлээ. Тэнд миний толгой хагарч цус гараад хоорондоо зууралдаад миний бие энэ тэнд хөхөрсөн байсан. Би юугаа ч мэдэхгүй Батсайханг дагаж яваад танихгүй хүнд зодуулах шахаад уур хүрч цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед ийм хэрэг материал болно гэж бодоогүй. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энхбат надаас буруугаа ухамсарлаж үнэн сэтгэлээсээ уучлалт гуйсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй би гомдолгүй. Энхмаа буюу  Энхбат гэх хүн Батсайхан, Тулга бид гуравыг яв гэж хэлээд эхлэж намайг заамдаж аваад бид хоёр ноцолдоод би газарт унахдаа доор нь унаж тархиараа чулуунд цохиод тэр үед миний тархи хагарсан байналээ. Бид нар 10-15 минутын хугацаанд зууралдаж ноцолдсон. Тэгэхэд миний бие энд тэндээ хөхөрсөн байсан. Тэрнээс биш намайг намайг эд зүйлээр цохиогүй. Энхбат гэх хүн намайг цохисон асуудал байхгүй. Ноцолдох явцад л миний гар хөл хөхөрсөн асуудал байсан. Энхмаа буюу Энхбат гэх хүн нэг залуу дагуулсан явж байсан. Тухайн үед архи архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Бид нарыг ноцолдож байхад харин цуг явж байсан залуу оролцоогүй. Тухайн үед би их бухимдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Энхмаа буюу Энхбат гэх хүн надаас уучлалт гуйсан миний ахаас ялгаа юу байх билээ би энд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-14-15 тал/,

 

Гэрч Ж.Болор-Эрдэнэ хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манай уурхайн талбайд жижиг суудлын автомашинд орж ирээд 1 цаг гаран боллоо гараагүй тэгэхээр нь би Энхбат даргад хэлсэн. Тэгээд бид хоёр тэр суудлын жижиг автомашин дээр очсон. Энхбат дарга очиж цонхын цохисон чинь машин дотроос 3 залуу бууж ирсэн. Тэд нараас мэнд ус хаа хүрч явна гэх зэргээр ярилцаж байгаад маргалдсан. Би юунаас болсныг нь мэдэхгүй байна та нар худал хэллээ гээд дарга яв гээд машинд нь суулгах гэж байгаад газарт унаж байгаа бололтой харагдсан. Тэнд цуг явж байсан нэг залуу даргатай хамт газар унаад босч ирсэнээ толгой хагарчиж гэж ярьж байхын сонссон удалгүй тэд нар явсан. Тэр газарт зодоон гэх зүйл болоогүй жаахан маргалдаж ноцолдож байгаад явсан. Хэрвээ зодоон болсон бол би салгах байсан. Сүртэй зүйл болоогүй болохоор харж байгаад тэр залуусыг явуулсан даа гэсэн мэдүүлэг /хх-17 тал/,

 

Гэрч Х.Батсайхан хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би найз Соджаргал, Х.Тулга нарын хамт өөрийн эзэмшлийн Сонота-6 маркийн 41-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б.Соджаргалын металл хайгчийг аваад Хайлааст 3 дугаар багийн Улаанхад гэх газарт алт гараад байна гэж сонсоод явсан. Тэгтэл цагдаа нар хөөлгө хийж байсан болохоор хойд талын газраар явж байтал Энхмаа буюу Энхбат гэх хүний карьерт очтол мотоцикльтой хүмүүс хөрс хуулалт хийгээгүй байна хүлээгээд ойр зуурын ажил хийж байна гэхээр нь бид нар хүлээж байгаад машин дотроо унтсан байсан. Тэгтэл нэг хүн ирж цонх цохихоор нь бид нар сэрж машин дотроосоо буусан. Тэгтэл зүс таних Энхмаа буюу Энхбат гэх ах та нар юу хийж яваа юм бэ гэхээр нь би лицензтэй талбайг нь мэддэг болохоор ахаа Хайлааст 3 дугаар баг орох гээд төөрчлөө гэсэн. Тэгтэл та нар яагаад худлаа яриад байгаа юм бэ машин дотроо металл хайгч байгааг харсаар байхад залуу хүмүүс байж ингэж худал хэлж болохгүй гээд уурласан. Тэгтэл манай найз Соджаргал металл хайгчтай болохоор нинжа байдаг юм уу гээд хэлсэн. Энхбат Соджаргал хоёр үл ойлголцоод л хэсэг хугацаанд маргалдаж Энхбат ах та нар одоо яв гээд Соджаргалыг заамдаад машинд суулгах гээд түлхсэн. Тэгтэл тэр хоёр газарт давхараараа унаж байсан. Тэгээд Соджаргал босч ирээд толгойгоо хагалчихлаа гээд хэлсэн. Толгойноос нь цус гарсан тэгээд бид нь Хайлааст 3 дугаар багт ирж эмнэлэгт үзүүлсэн. Тэгтэл Соджаргал цагдаад заавал хэлнэ гээд маргалдсандаа шаралхаад хажуу талын цагдаад орж мэдэгдсэн. Тэнд зодолдож цохиолдсон асуудал байгаагүй. Хэрвээ зодоон болсон бол Х.Тулга бид хоёр салгалгүй яахав дээ. Энхбат ах Соджаргал хоёр жаахан маргалдаж зууралдаж, ноцолдож байгаад хэсэг хугацаанд салсан тэр удаагүй 10-15 минут л болсон байх гэсэн мэдүүлэг /хх-19 тал/, 

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7190 тоот актад:

1. Соджаргалын биед тархи доргилт, толгойн хуйхны шарх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, байрлалыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-23 тал/,

 

-хохирогч Б.Соджаргалын Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-70 тал/,

 

            -Д.Энхбатыг 2016 оны 06 сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-29-30 тал/, 2016 оны 06 сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-34-35 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            - Д.Энхбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-38 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Энхбат нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Баянголын ам гэх газарт иргэн Б.Соджаргалыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Соджаргалын, гэрч Ж.Болор-Эрдэнэ, Х.Батсайхан нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7190 дугаар акт, шүүгдэгч Д.Энхбатын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Д.Энхбатын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Энхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Хохирогч Б.Соджаргал нь шүүгдэгч Д.Энхбаттай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Дашдэмбэрэлийн Энхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Энхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Д.Энхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Энхбатад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ