Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2028

 

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01506 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Ү.О.Н.Р.Т-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э миний бие 2008 оноос М.Ү.О.Н.Р.Т-ийн “Монголын дуу хоолой” гадаад сурталчилгааны редакцид хөдөлмөрийн гэрээ байгуулан сурвалжлагчаар ажилд орж байсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн албанд редактороос тоймч хүртэл дэвшин ажиллаж байсан. Ингээд хөдөлмөрийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн хугацаагүйгээр байгуулсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 161 тоот ерөнхий захирлын тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан, ажлын байранд танхайрсан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллах хугацаандаа би хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын Объект хамгаалах 5 хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Гандөшийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчлийн талаар” мэдээнд Олон нийтийн телевизийн 1 дүгээр суваг буюу “Монголын мэдээ” сувгийн тоймчоор ажиллаж байсан А.Э нь үйлчилгээний болон олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэж, улсын онц чухал объектод тогтоосон журам, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг буюу танхайрах зөрчил гаргасан тул захиргааны арга хэмжээ авсан талаар ажил олгогчид мэдэгдсэн. Үүний өмнө А.Э-ын бусадтай харьцах харилцаа болон бусад үйл ажиллагааны талаар МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн цахим сайтын редакцийн нэр бүхий 7 ажилтан захиргаанд гомдол гаргасны дагуу энэ талаар МҮОНРТ-ийн ажиллагсдын ёс зүйн зөвлөлд хандаж, тус зөвлөл 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дүгнэлт гаргасан. Түүнчлэн А.Э нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. А.Э сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 10 минутад танхайрах зөрчил гаргаж, МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1-ийн “д” болон түүнтэй 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцон тогтоож, байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-ийн “д” хэсэгт, ажил олгогчийн санаачилгаар ямар нэг болзолгүйгээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогдох үйлдэл хийсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт болон МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журам, А.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын 2 газрын Объект хамгаалах 5 хэсгийн даргын зөрчлийн мэдээ зэргийг үндэслэн гарсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 161 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ыг М.Ү.О.Н.Р.Т-ийн “Монголын мэдээ” телевизийн тоймчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч М.Ү.О.Н.Р.Т-ээс 9 972 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М.Ү.О.Н.Р.Т-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Ү.О.Н.Р.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 174 516 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариу тайлбарт дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч М.Ү.О.Н.Р.Т-д /цаашид “МҮОНРТ” гэх/ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгууллагын 2-р суваг “Монголын мэдээ” телевизийн тоймчоор А.Э 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт хэргийн 3-4 дүгээр талд авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогджээ.

                                                                                                                /хх-3-4 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 161 дүгээр тушаалаар А.Энхтуулыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1-ийн “д” хэсэг, МҮОНРТ-ийн Ажиллагсдын ёс зүйн зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт, ЦЕГ-ын ОНАБХА-ны Хамгаалалтын 2 дугаар газрын обьект хамгаалах 5 дугаар хэсгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний Зөрчлийн тухай мэдээ, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-ийн “д” заалтыг баримтлан түүнийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргаж ажлын байранд танхайрсан, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлийг заажээ.

 

Хэргийн 30 дугаар талд “МҮОНРТ”-ийн ерөнхий захирлын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 тоот тушаал авагдсан байх бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгч А.Э-ыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд энэ тушаалд А.Э гомдол гаргаагүй байна.

 

Хэргийн 25-29 дүгээр талд Монголын мэдээ сувгийн захирал Ц.М болон МҮОНРТ-ийн Захиргаа Үйлчилгээний Хэлтсийн дарга Б.Энхтуяа нарт MNB.mn сайтын хамт олон 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан байх бөгөөд “А.Э нь хамт олныг хэл амаар гүтгэн доромжилох байдал хэрээс хэтэрч байх тул ажил явуулах боломжоор хангаж асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл гаргаж байжээ.

 

Нэхэмжлэгч А.Э-ын талаар Ёс зүйн зөвлөл 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэн ажиллагсдын ёс зүйн асуудлаар дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтэд А.Э-ын гаргасан гэх ёс зүйн зөрчлийг Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн “д” хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан “ажлын байранд танхайрсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг бий болгосон, ажлын цагаар хувийн үйл ажиллагаа эрхэлсэн, МҮОНРТ-ийн ажиллагсдын ёс зүйн дүрэм зөрчсөн нь байгуулагад ноцтой хохирол учруулсан” гэх зөрчилд хамаарах талаар дүгнэсэн байна.

 

Дээрх дүгнэлтэд хэд хэдэн зөрчлүүдийг нэрлэсэн А.Э-ын гаргасан зөрчлийн агуулга, хэрхэн нотлогдсон талаар дүгнээгүй зөрчил гаргасан гэх үндэслэл нь тодорхой бус ойлгомжгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Э ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хэргийн баримтаар нотлогдоогүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлгүй гарсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

А.Э, Э.Б нар 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр маргалдан барьцалдан авсан үйлдэлд нь Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын обьект хамгаалах 5 дугаар хэсгийн офицер цагдаагийн дэслэгч Г.Галданжунаа 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр А.Э-ыг 5 000 төгрөгөөр торгосон үйл баримт тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Ийнхүү эрх бүхий этгээдийн ногдуулсан торгуулийн хуудсыг хүчингүй болгуулахаар зохих газарт хандахдаа нэхэмжлэгч А.Э Захиргааны хэргийн 3 шатны шүүхэд гомдол гаргасан боловч уг гомдлыг гаргах журмыг биелүүлээгүйн улмаас гомдол гаргах эрхээ алдсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймээс нэхэмжлэгч А.Э-д захиргааны арга хэмжээ авсанд түүнийг гомдол гаргаагүй гэж үзэх боломжгүй, тэрээр ажлын байранд танхайрсан зөрчлийг гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч А.Э сахилгын давтан зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийг үүрэг болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/01506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 516 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                             ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ