Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0561

 

 

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1,1, 1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Одончимэг, П.Батбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа нар давж заалдах гомдолдоо: “1.”Петрочайна дачин тамсаг” ХХК нь Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Нийслэлийн нийгмийн даатгалын газарт 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан нь гомдол гаргах хугацаагаа 25 хоногоор хэтрүүлсэн, мөн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/250 дугаар албан бичгийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан нь гомдол гаргах хугацаагаа 30 хоногоор хэтрүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэснийг зөрчсөн байхад шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд хийгдсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Худалдаа хөгжлийн банк дахь данс хаасан Улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15000261 дүгээр мэдэгдэлд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/2324 дүгээр албан бичигт гомдол гаргаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

3. “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 2/ дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1-ийн 1/, 2/ дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй.

4. Нийслэлийн нийгмийн даатгалын газраас улсын байцаагчийн акт баталгаажуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.2-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган 2015 оны 12 дугаар сарын 03 өдрийн 39395 дугаартай шүүгчийн захирамжаар улсын байцаагчийн актыг хууль зөрчөөгүй болохыг тогтоож баталгаажуулсан.

Шүүгч шийдвэртээ уг шүүгчийн захирамжийн талаар огт дурдаагүй, актын биелэлт дуусгавар болсон асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3 “... улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.” гэсэн заалтыг зөрчин буруу шийдвэр гаргасан.

5. Шүүгч Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 2/ “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна. гэсэн заалтыг буруу тайлбарлан “Петрочайна дачин тамсаг” ХХК нь газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу гадаад ажилчдаас нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэж хуулийн эсрэг тайлбарыг хийж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2. “Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байвал давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 88.1.1, 88.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.”, мөн хуулийн 88.1.1 “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК-аас Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Монгол Газрын Тос товчоо болон Америкийн Нэгдсэн Улсын “Территориал Рессорсис” компаниар толгойлуулсан олон улсын газрын тосны Консорциумын хооронд 1995 оны 12 дугаар сарын 11-нд байгуулсан Тамсагийн сав газрын “Матад-ХХ” талбайд газрын тос хайж олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ[1], мөн тус товчоо болон Австралийн “Комманд петролеум” компаниар толгойлуулсан олон улсын газрын тосны консерциумын хооронд 1995 оны 12 дугаар сарын 11-нд байгуулсан Тамсагийн сав газрын “Тамсаг-ХХI” талбайд газрын тос хайж олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолоор[2] тус тус зөвшөөрснийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Засгийн газрын нэрийн өмнөөс батламжилснаар уг гэрээнүүд 1996 оны 08 сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

“Соко тамсаг Монголиа” ХХК “Петрочайна дачин тамсаг” ХХК болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулж,

Группын толгой компани болох “СОКО Интэрнейшнл” ПЛС, “СОКО Интэрнейшнл Каймен” ХХК,

Бүтээгдэхүүн хуваах гэрээг эзэмшигч толгой компаниуд болох “СОКО Тамсаг Монгол” ХХК, “СОКО Монгол” ХХК,

Бүтээгдэхүүн хуваах гэрээг эзэмшигчид болох “СОКО Тамсаг Монгол” (XIX) ХХК, “СОКО Тамсаг Монгол” (XX) ХХК, “СОКО Тамсаг Монгол” (XXII) ХХК, “СОКО Монгол” ХХК-ууд, эрхийг шилжүүлэн авагч Хятад улсын хуулийн этгээд “Дачин ойл Фийлдс” ХХК болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ашигт малтмал, газрын тосны газартай Өмч шилжүүлэх гэрээ[3]-г 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, тус компанийн өмч шилжүүлэн эзэмшихийг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрчээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 “Үндсэн хуулийн Гучиннаймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, 18 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн”, 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй”, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, ... Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, Газрын тосны тухай хуулийн /1991 оны/ 5 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын гэрээлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд, иргэдийн нэг адил Монгол Улсын эрх зүйн хамгаалалтад байж, Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэх заалтуудаас үзвэл Монгол Улсын Засгийн газраас бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын яамд, түүний харьяа агентлаг болох Нийгмийн даатгалын ерөнхий газар, түүний харьяа нэгжүүд шууд биелүүлэх учиртай.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний Аравдугаар зүйлийн 10.4-ийн 2-ын ж-д[4] “Гэрээлэгчийн болон оролцон гүйцэтгэгчийн гадаад ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газар, тухайлбал, түүний улс төрийн байгууллагаас ногдуулах орлогын бүх татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгдөнө” гэж заажээ.

Мөн гэрээний Хориннэгдүгээр зүйлийн 21.3-д “Хэрэв гэрээлэгч нь мэдсээр атлаа энэ гэрээг зөрчвөл, тухайлбал, эд материалын зөрчил гаргаад түүнийгээ энэ гэрээнд заасан хугацаанд арилгаагүй буюу арилгаж эхлээгүй, мөн гэрээ хэрэгжүүлэх үүднээс төсөвт ажлаа эхлээгүй бол Монгол Улсын Засгийн газар энэ гэрээг цуцлах эрхтэй” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газраас уг Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлаагүй, хүчин төгөлдөр байна.

Тухайн гэрээг байгуулж, хүчин төгөлдөр болсноос хойш Монгол Улсын Засгийн газар, түүний дотор Засгийн газрын харьяа агентлаг болох нийгмийн даатгалын байгууллага “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг гадаад ажиллагсдыг ажиллуулсантай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйг зөрчил гэж үзэж байгаагүй атлаа энэ үндэслэлээр хожим маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК-д төлбөр тогтоосон нь үндэслэлгүй.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас тухайн үед хүчин төгөлдөр байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон Газрын тосны тухай хуульд заасны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан, уг гэрээний 23.5-д Аль нэг тал нь нөгөө талын мэдэгдлийг хүлээж авахаас татгалзах буюу хүлээн авах боломжгүй тохиолдолд нөгөө талын эрх ямар ч байдлаар буурах буюу хөндөгдөх ёсгүй гэж зааснаас үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлаар Монгол Улсын Засгийн газар “Петрочайна дачин тамсаг” ХХК-д хандаж мэдэгдэл хүргүүлж байгаагүй, гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг буруутгах боломжгүй.

Үүнээс үзвэл Монгол Улсын Засгийн газар “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гадаад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхаар Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр шийдвэрлэсэн байтал хариуцагч албан тушаалтнууд энэ байдлыг шалгаж тодруулалгүй нэхэмжлэгч компанид төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний татвар, нийгмийн даатгалтай холбоотой нөхцөл хууль эрх зүйн өөрчлөлтөөс үл хамааран тогтвортой байх ёстой.

Нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК маргаан бүхий захиргааны актын талаар нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн сайдад гаргасан гомдлыг хариуг авч, хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийг иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй тул эдгээр асуудлаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь зөв боловч хуулийг оновчтой, зөв хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1,1, 1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР