Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 57

 

“Түвдэнпэлжээлин хийд”-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Үнэнбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, гуравдагч этгээд Г.Доржнамжил, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0754 дугаар магадлалтай, “Түвдэнпэлжээлин хийд”-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Г.Доржнамжил, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан “Түвдэнпэлжээлин хийд”-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Түвдэнпэлжээлин хийд”-ийн эзэмшиж буй газрын талбайг нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг даалгах, нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны  02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0754 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Түвдэнпэлжээлин хийд”-ийн эзэмшиж буй газрын талбайг нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хариу өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Түвдэнпэлжээлин хийд”-ийн эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Г.Доржнамжил, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай. үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж хэргийг шийдвэрлэсэн болохыг гомдлынхоо эхэнд дурдаж байна.

Нэг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт "Угтаал ХЭАА 1 жилийн хугацаатай ашиглаж байжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Энэхүү Угтаал ХЭАА-аас иргэн Г.Доржнамжилд газар эзэмших болон ашиглах эрхийг шилжүүлсэн тухай ямар нэгэн баримтгүй, ийм хүсэлт гаргаж байсан гэх, түүнчлэн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж байсан талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй төдийгүй ийм нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Хавтас хэрэгт 1996 оны 12-р сарын 14-ний өдрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээг 1400 м.кв газрын Угтаал ХЭАА-ын эзэн Гомбо овогтой Доржнамжил нь Газрын албатай байгуулсан байна. Мөн Г.Доржнамжил нь өнөөдрийг хүртэл тухайн газрыг ашиглаж ирсэн бөгөөд газрын төлбөрийг тасралтгүй төлж, эзэмшиж байсан нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02-р сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамж, мөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 02-р сарын 02ны өдрийн 100 дугаар захирамж, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02-р сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамж, мөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 02-р сарын 02ны өдрийн 100 дугаар захирамжаар иргэн Г.Доржнамжилд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь хэний ч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хэн нэгэн этгээдийн ашиглах, эзэмших, өмчлөх газартай давхцалгүй тул хүчингүй болох хуулийн болон бодит үндэслэлгүй. Тэр тусмаа Түвдэнпэлжээлин хийдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

Хоёр. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянавал хэсэгт "Чингэлтэй дүүргийн засаг даргын 2009 оны 2-р сарын 19-ний өдрийн газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах баталгаажуулах тухай 36-р захирамжаар Чингэлтэй дүүргийн 5-р хороонд 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай Г.Доржнамжилд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дээрх захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулсан байна. Энэхүү 2009 оны 36-р захирамжийг иргэн Г.Доржнамжилд шинээр эзэмшүүлсэн захирамж гэж үзнэ. Тухайн үед эзэмшүүлэхдээ газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимыг зөрчжээ" гэх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Г.Доржнамжил нь 1996 оноос хойш тухайн газрыг эзэмшиж, ашиглаж, газрын төлбөрийг төлж ирсэн хүний хувьд түүнийг эзэмших нь харин ч шударга ёсонд нийцэх юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон мөн Давж заалдах шатны шүүхийн магадлалынхаа үндэслэл болгон гуравдагч этгээд Г.Доржнамжилд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" гэж заасан нь иргэн, аж ахуйн нэгжийг хуулийн дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах зарчим болохоос бусдын эзэмшил газраас газар авах хүсэлт гаргасан хүнд урьд нь газартай байсан ч хамаагүй хүссэн газрыг өгөөд бай гэсэн зарчим биш юм. Харин Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж хэн боловч газрыг эрх тэгш, шудрагаар өмчлөх, эзэмших, ашиглах боломжийг хангах тухай зарчим гэж үзэж байна.

Г.Доржнамжил нь тухайн газрыг 1996 оноос хойш эзэмшиж, төлбөр мөнгийг нь цаг тухайд нь төлж, газрыг эзэмшиж байгаа нь шударга ёсонд бүрнээ нийцнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр бол “Түвдэнпэлжээлин хийд” өмнө авсан газар дээрээ нэмж, Г.Доржнамжилын эзэмшиж буй газрыг авах ёстой хэмээн маргаж, ийнхүү бусдын газрыг авах нь шударга ёс, тэгш байдалд нийцэхгүй юм, нийслэлийн Засаг даргын өргөдөлд хариу өгөөгүй гэх эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа асуудал нь Г.Доржнамжилд газар эзэмшүүлсэн захирамжид огт хамааралгүй билээ.

“Түвдэнпэлжээлин хийд” ч мөн нийслэлийн Засаг даргын 1999 оны 04-р сарын 23-ны өдрийн А-66 дугаар тушаалаар 0,22 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон бөгөөд гэрээгээр эзэмшиж байгаад 2007 оны 02-р сарын 02-ны өдөр шашны үйл ажиллагааны зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гаргуулжээ. Өөрөөр хэлбэл Г.Доржнамжил болон Түвдэнпэлжээлин хийд тухайн газруудыг эзэмшихээр олж авсан байтлаа зэргэлдээ орших иргэний эзэмшиж байгаа газрыг авах гэж улайран хөөцөлдөж байгаа нь шударга ёс биш харин илэрхий шунахайн сэдэлтэй арга ажиллагаа гэж үзэхэд хүргэж байна.

Гурав. Мөн Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “иймд 2007-2009 оны гаргасан хүсэлтэд хариу өгөх нь зүйтэй. Энэхүү магадлал нь тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх агуулагагүй бөгөөд ямар хариу өгөх нь хариуцагчийн эрхийн асуудал юм" гэжээ. Нэхэмжлэгчийн хүсэлтэд нийслэлийн Засаг даргаас ямар хариу өгөх, эсхүл өгөхгүй нь Г.Доржнамжилд эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн болон нийслэлийн Засаг даргын захирамжид ямар ч хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Г.Доржнамжилд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг хөндөж буй нь тодорхойгүй, хавтас хэрэгт эрх ашиг нь хөндөгдсөн тухай баримт байхгүй бөгөөд өөр хүн эзэмшиж байгаа газрыг "би авах ёстой" гэсэн үндэслэлгүй гомдол, нэхэмжлэл гаргасныг зөвтгөх хуулийн үндэслэлгүй юм.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасан байдаг бөгөөд харин эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар захиргааны байгууллага, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д "энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ" гэж заасан бөгөөд 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж заажээ.

Гэтэл иргэн Г.Доржнамжилд газар эзэмшүүлсэн захирамжууд нь Түвдэнпэлжээлин хийдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироогоогүй бөгөөд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх Түвдэнпэлжээлин хийдэд байхгүй билээ. Өөрөөр хэлбэл Түвдэнпэлжээлин хийдийн газар эзэмшиж байгаа газартай Г.Доржнамжилын эзэмшиж буй газар давхцаагүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироогүй. Түвдэнпэлжээлин хийд эзэмших газрынхаа хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хууль бус арга хэрэглэж байна.

Энэхүү хэргийн хавтас хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч нь эхэндээ орц гарц хаасан гэж нэхэмжилсэн боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь тогтоогдоогүй бөгөөд харин хариуцагч нарын тайлбар, шүүхийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь өөрөө газрын хэмжээнээсээ хэтрүүлэн хашаа барьж Газрын тухай хууль, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн байна. Товчхондоо Түвдэнпэлжээлин хийд нь өөрийн эзэмшлийн газраа томсгохын тулд гуравдагч этгээдийн газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулж, өөртөө авахаар оролдож байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д "анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэв хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй" гэж заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч шүүхээс ямар нотлох баримтыг хэрхэн буруу үнэлсэн, ямар хуулийг буруу хэрэглэсэн болохоо шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдаагүй нь мөн шүүхийн магадлал үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0754 магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Түвдэнпэлжээлэн хийд”-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоох, эзэмшлийн газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах, хийдийн орц гарцыг хааж олгосон нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 211/МА2016/0754 дугаартай магадлалыг хүчингүй болгуулхаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

“Түвдэнпэлжээлин хийд”-ээс нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн "...танай хийдээс манайд хандан ирүүлсэн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж эзэмших тухай хүсэлттэй танилцлаа. Өөрийн эзэмшил газраа нэмэгдүүлж авахаар удаа дараа нийслэлийн Засаг даргад хандсан талаар дурдсан байна. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар иргэн Г.Доржнамжилд 1080 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд та шүүхэд хандана уу" гэсэн 5/143 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгч, шийдвэрлэсэн бөгөөд урьд онуудад "Түвдэнпэлжээлин хийд"-ын хамба лам Ж.Гончигсүрэнд амаар боломжгүй бусдын эзэмшиж байгаа газартай давхцалтай гэсэн хариуг өгч байсан байдаг.

Нэхэмжлэгч "Түвдэнпэлжээлин хийд" анх тухайн газар дээр нийслэлийн Засаг даргын 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "барилгын байршилт тогтоох тухай" А/133 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Гэсэр сүмийн хойд талд байрлуулан 0.25 га газрыг автомашины төлбөртэй зогсоолын зориулалтаар "Угтаал" ХЭАА-д ашиглуулахаар шийдвэрлэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны захирамж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 тоот захирамжаар газар эзэмших эрх олгосныг мэдэж байсан, хамтран газраа ашиглаж, ажиллаж байсныг шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөнөөр байхад шүүх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй, эзэмшиж байгаа газартай нь кадастрын зураглалын хувьд давхцалгүй, байршлын хувьд орц, гарцыг хязгаарлаагүй, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж дүгнэсэн мөртлөө Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг үндэслэл болгож шийдвэрлэсэн хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна,

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 211/МА2016/0754 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

-нэхэмжлэгч “Түвдэнпэлжээлин хийд”-ийн газар эзэмших эрхийн талаар:

Анх нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А-66 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 8,9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэсэр сүмийн хойд талд” байршуулан 0.22 га газрыг зурхайн дацан хийдийн барилгын зориулалтаар олгосон, уг захирамжид газар эзэмшигчийн нэрийг дурдаагүй боловч хэрэгт авагдсан “газар баталгаажилтын хувийн хэрэг”-т хавсаргаж ирүүлсэн 1999 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “газар ашиглах гэрээ”, 2002 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ж.Гончигсүрэнгийн нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт гаргасан “газар ашиглалтын гэрээг сунгуулах тухай” хүсэлт, 2002 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “...техникийн зөвлөлийн хурлын протокол”, 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 9/0024 дугаартай “газар ашиглах гэрчилгээ”, 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “газар ашиглах гэрээ” зэргээс үзвэл уг газрыг 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хууль зүйн яаманд бүртгэгдсэн “Зурхайн дацан” гэх хуулийн этгээдэд олгосон байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, “Түвдэнпэлжээлин” хийд нь 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Төгс буянт шинэ зурхайн Түвдэнпэлжээлин хийд” нэртэйгээр Хууль зүйн яаманд бүртгэгдсэн, нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар 2120 м.кв газрыг шашны үйл ажиллагааны зориулалтаар “Түвдэнпэлжээлин хийд”-д олгосон, эдгээр “0.22 га”, “2120 м.кв” газрууд нь нэг газар, одоо уг газар дээр хийдийн барилга баригдсан, Ж.Гончигсүрэн гэх нэг эзэмшигчтэй “Зурхайн дацан” нь нэрээ өөрчлөн “Түвдэнпэлжээлин хийд” болсон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.  

-гуравдагч этгээд Г.Доржнамжилын газар эзэмших эрхийн талаар:

Анх нийслэлийн Засаг даргын 1996 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/113 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэсэр сүмийн хойд талд байршуулан, автомашины төлбөртэй зогсоолын зориулалтаар 1400 м.кв газрыг “Угтаал” хувиараа эрхлэх аж ахуй (ХЭАА)-д олгож,  1996 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Газрын алба, “Угтаал” ХЭАА-н эзэн Г.Доржнамжил нар газар ашиглах гэрээ байгуулсан,  2002 онд шинэчлэн батлагдсан Иргэний хуулийн дагуу хувиараа эрхлэх аж ахуй нь хуулийн этгээдийн статусгүй болж, хуулийн дагуу татан буугдсан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжаар 1000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн Г.Доржнамжилд олгож, нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг 1080 м.кв болгож баталгаажуулсан, эдгээр “1400 м.кв”, “1000 м.кв”, “1080 м.кв” газрууд нь нэг байршилд, “Угтаал” ХЭАА-н эзэн болон Г.Доржнамжил нар нь нэг хүн, Г.Дожнамжил нь уг газарт автомашины төлбөртэй зогсоол ажиллуулж байсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Түүнчлэн, нийслэлийн Засаг даргын 2007 оны 613, 2010 оны 100 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Түвдэнпэлжээлин хийд”, гуравдагч этгээд Г.Доржнамжил нарт эзэмшүүлсэн 2120 м.кв, 1080 м.кв газрууд нь хоорондоо давхцалгүй, хил залгаа болох нь хэрэгт авагдсан газрын кадастрын зургуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь өөрийн эзэмшил газрын хил залгаа газрыг өөр этгээд эзэмшиж байгаа талаар анхнаасаа мэдэж байжээ.

- “...эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “Түвдэнпэлжээлин хийд” нь өөрийн эзэмшил газрын залгаа урд хэсэг газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлж, “...шинэчилсэн кадастрын зургийн дагуу нэмж, газар эзэмших эрхийг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад 2007 оны 06 дугаар сарын 19, 2008 оны 01 дүгээр сарын 10, 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, мөн 2010 оны 06 дугаар сарын 07, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “...иргэн Г.Доржнамжилд газар олгосон нь ... манай хийдийн орц гарцыг хаасан, ... уг газар нь Гэсэр сүм, манай хийд 2-ын дунд байрлах учир үйлчилгээ явуулах боломжгүй, ... инженерийн шугам сүлжээтэй давхцсан тул ... захирамжийг эргэн харж, шийдвэрийг үнэн зөвөөр гарган өгөх” хүсэлтийг тус тус гаргажээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснээс үзвэл “Түвдэнпэлжээлин хийд” нь өөр бусад этгээд ямар нэг байдлаар эзэмшиж, ашиглаагүй, сул чөлөөтэй газарт газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй, тухайн тохиолдолд гуравдагч этгээд Г.Доржнамжилын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг өөрийн эзэмшил газар дээрээ “нэмэгдүүлэн авах” хүсэлт гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газрын хил залгаа урд газрыг иргэн Г.Доржнамжил эзэмшиж, ашиглаж байгааг анх 1999 онд газар эзэмших үедээ мэдэж байсан, уг үйл баримттай өөрөө маргаагүй, “...2007 оноос эхлэн жил бүр” нийслэлийн Засаг даргад хандан “эзэмшил газрыг нэмэгдүүлэх” хүсэлт гаргахдаа тухайн газар нь өөр этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа болохыг мэдэж байсан тул бусдын эзэмшил газрыг эзэмших талаарх гаргасан хүсэлтэд 2007-2013 онуудад хариуцагч нийслэлийн Засаг даргын хариу өгөөгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгч “Түвдэнпэлжээлин хийд”-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн, нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/143 дугаартай албан бичгээр “Түвдэнпэлжээлин хийд”-ийн хамба лам Ж.Гончигсүрэнд “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд олгогдсон” талаар хариу мэдэгдсэн байх тул иргэний өргөдөл хүсэлтэд хариу өгөөгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж, хэрэглэх ёстой Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй “Угтаал” ХЭАА-н газар эзэмших эрхийн асуудлаар дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн “...эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, эзэмшил газрын хэмжээг кадастрын зургийн дагуу баталгаажуулж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв юм.

-“Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны  36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжийн Г.Доржнамжилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Угтаал” ХЭАА-н газар ашиглах эрх дуусгавар болсон..., Г.Доржнамжилд шинээр газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй”, “төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах зарчмаар олгоогүй”, “...инженерийн шугам бүхий газарт дүүргийн Засаг дарга газар олгосон” гэх зэргээр тайлбарласныг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна.

Гуравдагч этгээд Г.Доржнамжилаас 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан “... би 1996 оноос ... уг газрыг ашиглаж ирсэн, ... “Угтаал” ХЭАА татан буугдсан ... /тул/ газрыг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан, үүний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар захирамжаар 1000 м.кв газар эзэмших эрх олгосон, энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “...дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” гэсэнтэй нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд, бусдын эзэмшилд олгогдсон газартай давхцуулахгүйгээр иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй, тухайн тохиолдолд иргэн Г.Доржнамжилын 1996 онд үүссэн газар эзэмших, ашиглах эрхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, “дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулахгүйгээр” газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Г.Доржнамжилын хөрш зэргэлдээ газар эзэмшигч  нэхэмжлэгч “Түвдэнпэлжээлин хийд”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны маргаан бүхий 36 дугаар захирамж гарах үед уг газарт инженерийн шугам сүлжээ байхгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргыг “эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан” гэх үндэслэлгүй.

Захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг Захиргааны ерөнхий хууль (2015)-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д тусгайлан заасан, давж заалдах шатны шүүх маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 36 дугаар захирамжийг “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэхдээ уг хуулийн заалтын аль үндэслэлийг баримталснаа шүүхийн шийдвэрт заагаагүй, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжид холбогдуулан “... Г.Доржнамжилийн эзэмшил газрын хэмжээг 80 м.кв-аар нэмэгдүүлэн олгосон /нь/... газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдлыг шүүх заавал шалган тогтоох ёстой.

Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжаар иргэн Г.Доржнамжилын газар эзэмших эрхийг баталгаажуулсан, ингэхдээ 80 м.кв газрыг нэмэгдүүлэн олгосон нь нэхэмжлэл гаргасан этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, уг актыг хүчингүй болгосноор хэний ямар эрх сэргэх, газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим хэрхэн, ямар байдлаар зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй, үүнтэй холбогдуулж “захиргааны акт хүчингүй болох” үндэслэлд холбогдох ямар хуулийн аль заалтыг зөрчсөн учир хүчингүй болгож байгаа талаар хуулийн заалтыг тайлбарлан хэрэглээгүй шийдвэр гаргасан байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “...Г.Доржнамжилд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг хөндөж буй нь тодорхойгүй, ... анхан шатны шүүх ямар нотлох баримтыг хэрхэн буруу үнэлсэн, ямар хуулийг буруу хэрэглэсэн болохыг ... магадлалын хянавал хэсэгт дурдаагүй” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0754 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Г.Доржнамжилаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА