| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00457/И |
| Дугаар | 482 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 482
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/00482 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Х дүгээр хороо, Х хороолол, Х байр, ХХ тоотод оршин суух, Б овогт Э Д-ийн /РД:НУУЦЛАВ/ нэхэмжлэлтэй,
Хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
Э.Д нь иргэн Н.О /РД:НУУЦЛАВ/ 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуучин мобиком орчимд байрлах, Улаанбаатар хуйцаа нэртэй 4 давхар барилга доторх түүний эзэмшлийн зочид буудлыг аман гэрээ хийж, түрээсэлсэн. Түрээсийг 1 сарын 3,500,000 төгрөг, барьцаанд 3,000,000 төгрөг байхаар тохиролцож, түрээсийн эхний өдөр бэлнээр түүнд 6,500,000 төгрөг хүлээлгэн өгсөн. Ингээд мөн оны 4 сарын 15 хүртэл ажиллуулсан хэдий ч ашиг орлого муу, халуун хүйтэн ус нь байнга тасардаг хүндрэл учраад байсан тул түрээслэхээ больж, ажлын байрыг сулласан өдрөө барьцаа мөнгөө буцаан авахыг шаардсан. Бидний хувьд ажиллуулж байх үедээ түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгч байсан, түрээслэгчид эд хөрөнгийн хохирол учруулж байсан зүйл байхгүй. О нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл бидний барьцааг гаргаж өгөөгүй тул бид 2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус шүүхийн шүүгч З.Б-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32016/30446 дугаар захирамжаар хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Тиймээс Н.О-ын одоо амьдарч байгаа /нарны хороололд амьдардаг гэх мэдээлэл байна/ хаягийг хууль ёсоор тодруулахаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Миний бие товлон зарлагдсан шүүх хуралдаанд хөдөө ажлаар явах болсон тул биечлэн оролцох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Н.О-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Н.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 1-2-р хуудас/
Н.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Х дүүрэг, ХХ дугаар хороо, Х хороолол, Х дугаар байр, Х тоотод бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №101/ШЗ2016/30446 дугаар захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Н.О-ын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,
ХХХХ оны Х дүгээр сарын ХХ-ны өдөр төрсөн, эрэгтэй, Х хороололд амьдардаг гэх, регистрын дугаар /НУУЦЛАВ/, холбоо барих утасны дугаар ХХХХ-ХХХХ, ХХХХ-ХХХХ болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н.О-г /РД:НУУЦЛАВ/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.О-г эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН