Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 485

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00485

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

“Тэнкас” ХХК-ийн захирал Б.Энхбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус татварын хэлтэст бүртгэлтэй 5269156 регистрийн дугаартай “Тэнкас” ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд захирал Б.Энхбаярын гэрийн хаяг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, стадион оргил хотхоны 52-10 тоот хаяганд бүртгэлтэй  байсан. “Тэнкас” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 240035 тоот дүгнэлтийн талаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 тоот тогтоолоор “...Мөрдөн  байцаалтын  явцад  гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Анхны  ардчилсан сонгууль  болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны  25 жилийн ойг  тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулан тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  заасан үндэслэлээр эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон байна. Дээрхи шийдвэрийг үндэслэн татварын хяналт шалгалт хийх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр томилолт олгосны дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ТУБ: А.Түмэнжаргал, О.Болдбаатар нар 230013973 дугаарын акт тогтоосон. Актыг гардуулах талаар  тус компанийн захирал нягтлан бодогч болон бусад холбогдох гэр бүлийн хүмүүстэй холбоо тогтоох үүднээс татвар төлөгчийн картанд бүртгэлтэй гар утасны дугаараар холбогдож үзэхэд утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд нягтлан бодогч Амраа 99004000 гар утсаар холбогдож байсан боловч акт гаргах талаар танилцуулснаас хойш утсаа авахгүй байгаа болно.

Мөн хариуцагчийн хаяг тодруулах үүднээс Оюуны өмч улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад захирал Энхбаярын гэрийн хаяг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, стадион оргил  хотхоны 52-10 тоотод байдаг гэсэн лавлагаа ирүүлсэн бөгөөд 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор  дээрхи хаягандаа амьдардаг болохыг тодорхойлсон тодорхойлолт өгсөн болно. Гэвч удаа дараа тухайн хаяганд очиход огт хүн байгаагүй. Иймд “Тэнкас” ХХК-ийн захирал Б.Энхбаярыг эрэн сурвалжилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                      

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Тэнкас” ХХК-ийн захирал Б.Энхбаярыг  эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Б.Энхбаяр нь “Тэнкэс” ХХК-ийн захирал буюу уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь “Тэнкас” ХХК-ийн захирлыг эрэн сурвалжлуулахаар шаарлага гаргасан нь үндэслэлтэй байна.

Мөн “Тэнкас” ХХК-ийн захирал Б.Энхбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадамын  шүүхэд гаргасан нэхэмжлэл, Татварын хяналт шалгалт хийх томилолт, татварын хяналт шалгалтын ажлын акт, Татварын улсын байцаагчийн акт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-9-р хуудас/

“Тэнкас” ХХК-ийн захирал Б.Энхбаяр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион оргил хотхоны 52-10 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь “Монгол шуудан” ТӨХК-ийн магадлагаа, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Жүүжээ овогт Батмөнхийн Энхбаярын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,

1982 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, Хан-Уул дүүргийн 11 хороо, 7 хэсэг, Стадион оргил 52 байр, 10 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, регистрын дугаар ИП82011974, утасны дугаар 99004000 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон  

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар  Жүүжээ овогт Батмөнхийн Энхбаярыг /РД:ИП82011974/ эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Энхбаярыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН