| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0800/Э |
| Дугаар | 2018/ ШЦТ/804 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2018/ ШЦТ/804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Ц.Батбямба, шүүгдэгч П.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тайж овогт П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811015850955 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Хүчит шонхор" худалдааны зах дээр ажилладаг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Булгийн 20-1085В тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт П.Л,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ П.Л нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П.Л нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1085В тоотод согтуурсан үедээ өөрийн охин 14 настай Л.Эрдэнэцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, даланд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, П.Лхагвын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн "...Би өчигдөр гэртээ орсон чинь охин маань ороо хураагаагүй байхаар нь чи одоо болтол ороо хураагаагүй байхдаа яадаг юм гээд охин Эрдэнэцэцэгийг нүүр лүү нь 2-3 удаа алгадсан. Тэгээд манай охин аав больё гээд хэлэхээр нь болиод жаахан байж байгаад харсан чинь нүд нь хавдаад ирсэн. Би 2 жилийн өмнөөс гэр бүлтэйгээ хамт амьдрахгүй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 21х/, П.Лхагвын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Чи одоо болтол ор дэрээ хураагаагүй байгаа яадаг юм бэ гээд охин Эрдэнэцэцэгийн нүүрэн рүү нь 2-3 удаа алгадсан. Би урьд нь гар хүрч байгаагүй, харин загнаж байсан. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг уншиж танилцлаа. Би санал нийлж байна. Би сүүлийн хоёр жил гэр бүлтэйгээ хамт амьдраагүй. Хүчит Шонхор худалдааны төвийн хойд талд нийтийн байранд амьдарч байгаа, миний 4 хүүхэд амралтын өдрүүдээр над дээр ирж байгаа. Надад хөнгөн ял оноож өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/, насанд хүрээгүй хохирогч Л.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би хичээлээ тараад гэртээ иртэл манай аав Л ирчихсэн байсан. Манай аав бид нараас тусдаа амьдарч байгаа 2016 оноос хойш. Би хаяа нэг аав дээрээ очдог. Тэгээд аав намайг ус буцалгагчний суурь олоод өг гэхээр нь би хувцсаа солиод олоод өгье гээд хэлсэн чинь аав чи ямар том болчихсон юм бэ хувцсаа солихгүйгээр олж өгч чадахгүй байна уу гэж хэлээд миний нуруу руу баруун гараараа 2 удаа цохиод, дараа нь мөн баруун гараараа нүүр лүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. 2017 оноос эхлэн хамт амьдрахгүй байгаа. 2 жилийн өмнө Увс аймаг яваад буцаж ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №6682 дугаартай шинжээчийн "... Л.Эрдэнэцэцэгийн зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 26-27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч П.Л бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч П.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Тайж овогт П.Лыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Лыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.Лыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ