Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 489

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00489

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 42 дугаар байр, 43 тоотод оршин суух Бархас овогт Нямсүрэнгийн Эрдэнэ-Очирын /РД:ЦВ78070770/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж /ШТЭҮ-0686/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 сарын 20-ны өдрийн 15, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 сарын 21-ний 23 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Баярсайхан томилогдсон. Тэрээр 11 дүгээр сарын эхэн үеэс эхлэн СБД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэж өг хэмээн надаас шаардах болсон. Хууль зөрчөөгүй, сахилгын зөрчил гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2016 оны 11 сарын 11-ний өдөр Эрчим хүчний яам дээр ажилтай явж байхад “ажлаа хүлээлгэж өг” хэмээн утсаар хэлж, улмаар хаалгыг маань эвдэн орж, ажлыг маань өөр хүнд хүлээлгэн өгсөн байх ба ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ажилтнуудад уншиж танилцуулсан ч надад гардуулж өгөөгүй болно. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би тус компанид 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Баярсайхан томилогдож ирээд намайг Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж ажлаа хүлээлгэж өг хэмээн надаас шаардах болсон. Би ажлаа сайн хийж байсан, ямар ч зөрчил гаргаагүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, гэтэл надад ч мэдэгдээгүй 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний яам дээр ажилтай явж байхад хаалгыг маань эвдэн орж, ажлыг маань  өөр хүнд хүлээлгэн өгсөн, надад тушаалыг ч танилцуулаагүй. Би ямар тушаал гарсныг ч мэдээгүй, өөр ажилд томилогдсон талаар ч мэдэгдээгүй. Надтай ярилцсан, харилцан тохиролцсон зүйл ч байхгүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь намайг 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш өөр албан тушаалд шилжүүлсэн, цалин буураагүй гэсэн боловч нэг ч цалин хөлс аваагүй. Иймд намайг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд минь эргүүлэн тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй. Гэтэл ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, халсан зүйл байхгүй бөгөөд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан байгаа. Байгууллага Хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийнхөө бүрэн эрхийн дагуу захирлын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлж, захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлж ажиллуулсан. Энэ талаар өөрт нь мэдэгдээд, тушаал гардуулна гээд шилжүүлж байгаа талаараа хэлсэн, энэ талаар өөрөө мэдсэн. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, ажлын байрыг шилжүүлж байгаа учир тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг барих шаардлагагүй. Тушаалын үндэслэл нь Ажилтнуудын хөдөлгөөн зохицуулах журмыг барьж ажилд шилжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 4,11, 4.12-оор шилжүүлэн ажиллуулахаар заасан байгаа. Гэхдээ энэ үндэслэлүүдийн 4.11-ийг удирдлага болгож, ажлыг нь сайжруулах зорилгоор шилжүүлсэн. Байгууллагууд ч гэсэн шилжин ажиллуулах талаар хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ журмын дагуу захиргаа хүний нөөцийн хэлтэст шилжүүлэн ажиллуулсан боловч энэ хүн маань өөрөө 11 дүгээр сараас хойш ажилдаа ирээгүй, тийм учраас цалин бодогдоогүй.

Бид Н.Эрдэнэ-Очирыг Захиргаа хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэнгээр томилсон байсан. Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйчлэх төвийн менежер байхдаа авдаг байсан цалин нь буураагүй хэвээрээ байгаа. Одоо томилогдсон ажлын байрандаа ирэхгүй байгаа тул дараагийн арга хэмжээ яригдах байх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нь хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

 

            “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Н.Эрдэнэ-Очирыг шилжүүлэн ажиллуулах тухай” №Б/673 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Нямсүрэнгийн Эрдэнэ-Очирыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлжээ. /хэргийн 34-р хуудас/

Нэхэмжлэгч шилжүүлэн ажиллуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №Б/673 тоот тушаалыг танилцуулаагүй, гардуулан өгөөгүй боловч ажлын байранд нь өөр хүн томилогдсон тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нь “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерээр 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн №УА тоот гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 12-14, 15-р хуудас/

            Зохигч 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №УА тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь ажлаа сайн хийж байхад урьдчилан танилцуулаагүй, харилцан тохиролцоогүй байж ажлаас чөлөөлсөн, хаалга эвдэн орж ажлын байранд өөр хүн томилсон, менежерээр ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцлаж, өөр ажилд шилжүүлснийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллага өөрийн эрхийн дагуу өөр ажилд шилжүүлж, ажлын байрыг нь өөрчилсөн, хөдөлмөрийн гэрээ болон ажилтнуудын хөдөлгөөн зохицуулах журамд зааснаар ажлыг сайжруулахаар шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, ажлаас нь чөлөөлөөгүй, цалин хөлс нь буураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Хэрэгт авагдсан “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Н.Эрдэнэ-Очирыг шилжүүлэн ажиллуулах тухай” №Б/673 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.1.2, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Нямсүрэнгийн Эрдэнэ-Очирыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй гэж маргасан боловч нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажлаас чөлөөлөгдсөн, уг менежерийн албан тушаалд өөр хүн томилогдон ажиллаж байгаа болох нь гэрч Д.Баатарнямын мэдүүлэг, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №УА тоот Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар дуусгавар болгосон байна гэж үзэв.

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн ажлын байрыг нь Ажилтнуудын хөдөлгөөн зохицуулах журам, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шилжүүлэн ажиллуулсан тул хууль зөрчөөгүй, энэ талаар нэхэмжлэгч нь мэдэж байсан гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч нь ажлын байрыг нь өөрчлөх тухай мэдэгдээгүй, тушаалыг танилцуулаагүй гэж тайлбарласан.

Хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №А/98 тоот захирлын тушаалаар батлагдсан “Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.2-д “компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.11, 4.12, 4.13 дугаар зүйл” зааснаар ажлын байрыг өөрчлөхөөр, 6.2-д “ажлаас чөлөөлөгдөж байгаа болон ажлын байр нь өөрчлөгдөж байгаа удирдах болон зарим албан тушаалтны /ахлах нягтлан бодогч, хэсгийн ахлагч, нягтлан бодогч нар/ ажлын байруудын ажлыг хүлээлцүүлэхдээ “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар, бусад ажлын байрыг хүлээлцүүлэхдээ тухайн нэгжийн менежерийн тушаалаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн гүйцэтгэж албан ёсны акт үйлдэж, тухайн ажлыг цаасаар болон цахим хэлбэрээр жагсаалт гарган хүлээн авна” гэж заажээ. /хэргийн 60-66-р хуудас/

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.11-д “ажил олгогч нь компанийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, компанийн үр ашгийг дээшлүүлэх, технологийн шинэчлэлтэй холбоотой ажлын байр өөрчлөх, ажил сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх зэрэг бодлогын хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэл, техникийн нөхцөл олголт, гадагш хандсан зөвшөөрөл олгодог ажлын байр болон бусад чиглэлийн ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн, шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарган хэрэгжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэж, ажилтантай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна”,

4.12-д “ ажил олгогч нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, ажилтны санаачлага, талуудын тохиролцсоноор ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаас гадна дараах тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар шилжүүлнэ.

4.12.1-д “компанийн дотоодын болон удирдах дээд байгууллага, мэргэжлийн хяналтын байгуулллагын шалгалтаар ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон болон сахилгын шийтгэлээр албан тушаал буурсан, мэргэжлийн зэрэг, мэргэшлийн групп буурсан

4.12.2-д “ээлжит болон ээлжит бус мэргэжлийн шалгалт, аттестатчлалын шалгалтаар хангалтгүй дүгнэгдэж тухайн ажлын байранд ажиллах шаардлага хангахааргүй болсон

4.12.3-д “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн нь тогтоогдсон

4.13-д “Ажилдаа өндөр амжилт гаргасан ажилтанг албан тушаал дэвшүүлэх саналыг харьяалагдах нэгжийн удирдлага гаргаж Захиргааны асуудал эрхэлсэн хэлтэст ирүүлж, Дэд захирлууд болон Гүйцэтгэх захиралд танилуулна” гэж тус тус заасан байна. /хэргийн 35-59-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.11-д заасан үндэслэлээр буюу ажил сайжруулах зорилгоор нэхэмжлэгчийг шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд “Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журам”-д зааснаар хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “ажилтнуудыг нэгж хооронд сэлгэн, шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарган хэрэгжүүлэх эрхтэй” боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ ажилтанд урьдчилан мэдэгдэж, ажилтантай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил сайжруулахаар ажлын байрыг нь өөрчилж, шилжүүлсэн гэж тайлбарласан боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах талаараа урьдчилан мэдэгдсэн талаараа баримтаар нотлоогүй болно.

Мөн хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №Б/673 тоот “Н.Эрдэнэ-Очирыг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, өөр ажилд томилсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Захиргаа хүний нөөцийн мэдэлд буюу уг хэлтэст мэргэжилтнээр томилсон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №УА тоот Хөдөлмөрийн гэрээ нь түүнийг менежерийн ажлаас чөлөөлөх тушаал гарснаар дуусгавар болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ажлаас чөлөөлөөгүй, өөр ажилд шилжүүлсэн гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.Эрдэнэ-Очирыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн, цалин бууруулаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч Захиргаа хүний нөөцийн мэдэлд шилжсэнээс хойш цалин олгогдоогүй талаар зохигч талууд маргаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалинд 9, 10, 11 дүгээр сарын цалинг нэмж, нэг сарын дундаж цалин 5 169 540 төгрөг, нэг өдрийн цалин 99 410 төгрөг болж байгаа тул ажилгүй байсан 77 хоногийн цалинд 7 633 780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын №А000205316 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1 722 182 төгрөг /1 976 949+2 154 832+1 034 765=5 166 546:3=1 722 182 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 3 сар 12 хоногийн цалин нийт 6 105 918 төгрөгийг /1 722 182 х 3 сар=5 166 546 төгрөг, 1 722 182:22 хоног=78 281 төгрөг, 12 хоног х 78 281 төгрөг=939 372 төгрөг, 5 166 546 + 939 372=6 105 918 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

            Иймд хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                              

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Бархас овогт Нямсүрэнгийн Эрдэнэ-Очирыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Н.Эрдэнэ-Очирын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 105 918 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамжид 112 644 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН