Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/365

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Б.М-,

Шүүгдэгч: П.М-, түүний өмгөөлөгч Э.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805054600297 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.М-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч П.М- нь согтууруулсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-той маргалдаж улмаар толгой руу нь чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өргөөгийн баарнаас гарч явж байгаад Мөнхтулгатай шүргэлцээд бид хоёр маргалдаад салахад Мөнхтулга буцаж ирээд над руу чулуу шидсэн. Би гэмтлийн эмнэлэг рүү яваад дараа нь цагдаад мэдэгдсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй. Энэ хүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...шөнийн 03 цагийн үед баарнаас гараад П-аар гэр рүүгээ хүргүүлэх гээд гараад явж байхад 2 залуутай гудамжинд шүргэлцсэн. Тэгсэн чинь тэр 2 залуу шууд бид хоёрыг зодох гээд дайрсан. Тэгээд хальт зууралдахад Кристал баарны ойр орчимд байсан хүмүүс салгасан. П- бид хоёр тэр 2 залуугаас салчихаад цаашаагаа алхаж байхад араас дуудсан хэн дуудсаныг нь мэдэхгүй эргээд харахад бид хоёртой маргалддаг залуугийн өндөр нь над руу тоосго шидээд, шидсэн тоосго нь миний толгойг оноод маш их хэмжээний цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Гэрч Б.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “..Бид 2 манай гэр рүү замын урд талаар алхаад явж байсан чинь дахиад нөгөө өндөр намхан хоёр залуу хүрч ирээд дахиад зодоон болоод би намхан залуутай зууралдаад байж байхад өндөр залуу нь газраас чулуу аваад шидсэн чинь толгойг нь оносон. Тэгээд тэр өндөр залуу Парадокс чиглэлтэй зүүн зүг рүү гүйгээд намхан залуу нь доошоо 25 дугаар эмийн сангийн тийшээ зугтаагаад яваад өгсөн. Би намхан залуугийн араас хөөж байгаад гүйцэхгүй орхисон. Тэгээд буцаж ирээд найзыгаа аваад эмнэлэг рүү такси бариад явж байсан чинь УБ паласын тэнд зам дээр такси барих гээд намхан залуу нь зогсож байхаар нь таксины жолоочтой хамт барьж аваад гэмтлийн эмнэлэгт цагдаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэрч Ш.Ундрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Шорлог зардаг хүнээс очиж тамхи авах гэж байгаад танихгүй 2 залуутай одоо юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байна ямар ч байсан маргаж байгаад хоёр хоёроороо хоорондоо зодолдож байтал баарны хамгаалагч нар ирж салгасан. Мөнхтулга бид хоёр буцаад өмнө нь сууж байсан паб руугаа явж байгаад дахиад зодоон хийсэн залуутайгаа таараад би нэг залуутай нь зууралдаж байх хооронд Мөнхтулгын араас нэг нь хөөж байсан. Мөнхтулга газраас чулуу аваад эргэж хараад шидэхэд толгойг нь оноод газар уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 12537 тоот дүгнэлтэд: “...Б.М-гийн биед дух ясны цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 34/,

Сэжигтэнээр П.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Мэндхорлоогийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Мэндхорлоотой барьцалдаж аваад харилцан нүүр лүүгээ 1-2 удаа цохилцоод зугтаж байхдаа газраас чулуу авч шидээд толгойдох гэмтлийг учруулсан. Бүсэлхийд учирсан зулгаралт гэмтлийг яаж учруулснаа мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-49/ зэрэг болно.   

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч П.М- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-той маргалдаж улмаар толгой руу нь чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М-гийн: “...П- бид хоёр тэр 2 залуугаас салчихаад цаашаагаа алхаж байхад араас дуудсан хэн дуудсаныг нь мэдэхгүй эргээд харахад бид хоёртой маргалддаг залуугийн өндөр нь над руу тоосго шидээд, шидсэн тоосго нь миний толгойг оноод маш их хэмжээний цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/, гэрч Б.П-ын: “..Бид 2 манай гэр рүү замын урд талаар алхаад явж байсан чинь дахиад нөгөө өндөр намхан хоёр залуу хүрч ирээд дахиад зодоон болоод би намхан залуутай зууралдаад байж байхад өндөр залуу нь газраас чулуу аваад шидсэн чинь толгойг нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Ш.Ундрахын: “... Мөнхтулга бид хоёр буцаад өмнө нь сууж байсан паб руугаа явж байгаад дахиад зодоон хийсэн залуутайгаа таараад би нэг залуутай нь зууралдаж байх хооронд Мөнхтулгын араас нэг нь хөөж байсан. Мөнхтулга газраас чулуу аваад эргэж хараад шидэхэд толгойг нь оноод газар уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 12537 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.М- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.М- нь согтуурсан үедээ хохирогч Б.М-той маргалдаж түүнийг толгой руу нь чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.М- нь хохирогчтой маргалдаж зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-гийн биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч П.Мөнхтулгыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.Мөнхтулгыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 01 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч П.М- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, бага насны хүүхэдтэй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.М- нь оюутан, мөн бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан  оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Б-“хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхтулгыг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч П.М-д шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР