| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00203/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 516
| 2017 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2017/00516 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Голомт банкны төв байранд байрлах Голомт банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 81б байр, 20 тоотод оршин суух Боржигон овогт Бэгзсүрэнгийн Мягмарсүрэнд /РД:ШЕ73100202/ холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 123 889 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Бэгзсүрэн овогтой Мягмарсүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ1105116035 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 35,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ11051160635 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ1105116035 тоот ипотекийн гэрээгээр иргэн Б.Мягмарсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205059565 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 72а байр, 44 тоот 101,5 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болно. ЗГ1105116035 тоот Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 10-ны өдөр дууссан боловч Б.Мягмарсүрэн нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2017 оны 1 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 20 50 530 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 273 358 төгрөг, нийт 123 123 889 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд Голомт банк нь иргэн Б.Мягмарсүрэнгээс ЗГ1105116035 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 123 123 889 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, бусад хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Мягмарсүрэн би 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ1105116035 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 100 000 000 төгрөгийн зээл авсан. Миний бие нь 2007 оноос тасралтгүй барилгын бетон хийцийн гол дүүргэгч материал хайрга, дайрга бутлан ангилах үйлдвэрлэл эрхэлж байна. Энэ хугацаанд 2008-2009 оны барилгын салбарт нүүрлэсэн хямрал, энэ оны бүх салбарыг хамарсан их хямралуудад өртсөөр ирсэн ч өөрийн чадлаараа даван туулахыг хичээн хэдэн ажилчдаа цалинжуулж, барилгын салбарт үндэсний зүгээс үйлдвэрлэдэг бараг л ганц орц болох буталж ангилсан хайрга, дайргыг нийлүүлсээр эх орондоо миний зүгээс оруулж чадах хувь нэмэр минь энэ юм гэх итгэлээ алдалгүй өдий хүрсэн.
Голомт банкны нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Зээл авахдаа 2016 онд ингэж улс даяараа мөнгөгүй болчихно гэж бодоогүй, мөнгө өгөх байгууллага, хувь хүмүүс маань цагтаа өгөлгүй сунжирч байсан зэргээс шалтгаалан анхны төлбөрөөсөө эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн. Үүнийг эргэн төлсөн талаар гаргасан хүснэгтээс харж болно. Иймд эртхэн шүүхэд хандалгүй хүү болон нэмэгдүүлсэн хүүг зориуд хиймлээр өсгөж хугацаа хожимдуулж өндөр дүнтэй болгосон. Иймд шүүхэд хандалгүй удаан хий тооцсон нэхэмжлэлд дурдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тэр байтугай миний бие огт мэдээгүй байхад аль байгууллага албан тушаалтны буруугаас болсон байгаа юм Голомт банкны өмнө нь гаргасан нэхэмжлэл буцаагдсан сурагтай байна. Үүнийг ч миний бие зүгээр орхихгүй. Нэгэнт улс даяар бэлэн мөнгөний хомсдолд орсон шүүхээр уг асуудал шийдэгдсэн ч бэлэн мөнгөөр зээлээ төлж чадахгүй тул барьцаанд байгаа байрны зах зээлийн үнэ 1 800 000 төгрөг боловч м2 тутмыг 1 650 000 төгрөгөөр тооцож 44 351 110 төгрөгийг Голомт банкнаас надад олговол шүүхээр орохгүйгээр уг зээлийн барьцаанд байгаа 101,5 м.кв 3 өрөө орон сууцыг Голомт банкинд өгөх замаар асуудлыг шийдэх саналтай байна. Энэ орон сууцны үнийг нотлох баримтаар хавсаргасан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид маргаанаа харилцан тохиролцоод 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Харин төлбөр төлөх хугацааны хувьд бид ярилцаж тохиролцож байгаад шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр 2017 оны 9 дүгээр сарын 30-ний хүртэл сунгах боломжгүй. Харин харилцан тохиролцоод 2017 оны 8 дугаар сарын 30-ний дотор төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага болох 123 123 889 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байгаа, хамгийн гол нь мөнгөөр төлөхөд хүндрэлтэй байгаа учраас барьцааны байрыг худалдан борлуулж өгөхөөр харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан тул энэ гэрээний дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хамгийн гол нь төлбөр төлөх хугацааны хувьд тохиролцох саналтай байна. 2017 оны 9 дүгээр сарын 30-ний хүртэл хугацаа өгвөл уг нь сайн байгаа боловч нэхэмжлэгч нар зөвшөөрөхгүй байгаа учраас 2017 оны 8 дугаар сарын 30-ний дотор төлөхийг зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: “1.1.Энэхүү гэрээний зорилго нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан ЗГ1105116035 дугаарт зээлийн гэрээний үүрэгт 123 123 889,04 төгрөгийн төлбөр гаргуулах тухай холбоотой үүссэн иргэний маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд оршино.
2.1. Хариуцагч Б.Мягмарсүрэн болон Нэхэмжлэгч Голомт банк нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагад заасан нийт 123 123 889,04 төгрөгийн төлбөрийг 2017 оны 8 сарын 30-ний өдрийн дотор дор дурдсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж барагдуулахаар болов. Үүнд:
2.1.1.Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 72а байр, 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205059565 дугаартай, 101,5 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2.1.2.Гэрээний 2.1-д заасны дагуу худалдах үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулах ажиллагааг Нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг худалдан борлуулах үнэ 137 025 000 төгрөгөөс багагүй байна.
2.1.3.Гэрээний 2.1-д заасны дагуу худалдах үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулах ажиллагааг Хариуцагч тал хийж гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн үнээс багагүйгээр зарж болно.
2.1.4.Үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж олсон орлогоос гэрээний 2.1-д заасан төлбөрийг төлж барагдуулсны дараа үлдэх мөнгөн хөрөнгийг Хариуцагч талд шилжүүлнэ.
2.1.5.Хариуцагч тал нь үл хөдлөх хөрөнгийг худалдах борлуулахад шаардлагатай бүхий л баримт бичгийг нэхэмжлэгч талд гаргаж өгнө. Эвлэрлийн гэрээнд итгэмжлэлийг хавсаргав.
2.1.6.Үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулахтай холбоотой гарах зардал болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсны татварыг Хариуцагч тал бүрэн хариуцна.
2.2. Энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд орон сууцыг зарж борлуулаагүй буюу зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зээлийн нийт өрийн төлбөрт тооцон шилжүүлнэ. Шилжүүлэх ажиллагааг албадан гүйцэтгүүлж болно.
2.3. Хариуцагч тал нь үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахад шаардлагатй баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзсан, холбогдох төлбөрийг төлөөгүй гэх зэргээр худалдан борлуулахад саад учруулсан тохиолдолд нэхэмжлэгч тал нь гэрээний 2.1-т заасан төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан төлүүлж болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Б.Мягмарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 123 889 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигч талууд эвлэрч, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр “...талууд харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 123 123 889,04 төгрөгийн төлбөрийг 2017 оны 8 сарын 30-ний өдрийн дотор Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 72а байр, 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205059565 дугаартай, 101,5 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж барагдуулах, худалдан борлуулах ажиллагааг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцны үнийг 137 025 000 төгрөгнөөс багагүй байхаар, хариуцагч хийж гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн үнээс багагүй байхаар, орон сууцыг худалдан борлуулж олсон орлогоос 123 123 889 төгрөгийг төлж барагдуулсны дараа үлдэх мөнгийг хариуцагчид шилжүүлэхээр, 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн дотор орон сууцыг зарж борлуулаагүй буюу зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зээлийн нийт өрийн төлбөрт тооцон шилжүүлэх”-ээр харилцан тохиролцсон байна.
Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Голомт банк”-ны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мягмарсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123 123 889 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 123 123 889,04 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 123 123 889 төгрөгийг 2017 оны 8 сарын 30-ний өдрийн дотор Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 72а байр, 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205059565 дугаартай, 101,5 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж барагдуулахаар, 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн дотор орон сууцыг зарж борлуулаагүй буюу зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зээлийн нийт өрийн төлбөрт тооцон шилжүүлэхээр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 773 569 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мягмарсүрэнгээс 773 569 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН