Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 556

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/00556

Улаанбаатар хот

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-т байрлах “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  9 дүгээр хороо,  Бурхант 16 гудамжны 254 тоотод  Буянт гол овогт Адьяабазарын Эрдэнэчулуунд /РД:ИЙ82122306/  холбогдох

Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн дэд захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Эрдэнэчулуун нь манай компанитай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1122795 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий  NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. А.Эрдэнэчулуун одоогийн байдлаар манай  компанид NP10 төхөөрөмжийн 120 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Иймд А.Эрдэнэчулуунаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн  үлдэгдэл төлбөр 120 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 766 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 60 000 төгрөг буюу нийт 180 000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

            Жи Мобайл ХХК нь хариуцагч А.Эрдэнэчулуунаас 180 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч А.Эрдэнэчулуун нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч А.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие А.Эрдэнэчулуун Жи мобайл компаний нэхэмжилсэн 180 000 төгрөгийг 120 000 төгрөгийг өнөөдөр төлөөд үлдсэн 80 000  төгрөгийг 3 сардаа багтааж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч А.Эрдэнэчулуунд холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 180 000 төгрөгийг хариуцагч А.Эрдэнэчулуун нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Эрдэнэчулуунд холбогдох 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 050 төгрөгний 3 025 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 3 025  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН