Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/312

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Г.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Осом агро” ХХК-д туслах ажилтан хийдэг гэх, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 5 дугаар баг, Цагаан овоо гэсэн хаягийн бүртгэлтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ** дүгээр гудамж, ** тоотод түр оршин суух, ялгүй, ** дугаарын регистртэй, М овогт Г-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Б 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамжинд эхнэр С.Нэтэй маргалдаж, түүний хацрыг тамхины галаар түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамж, 311 тоотод эхнэр С.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би эхнэрийгээ зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ийн Нэ “… би сургуулийн хичээл эхлэх хүртэл түр хугацаагаар Талх чихэр ХХК-нд технологийн ажил хийж байгаа. Миний ажиллаж байгаа ажлын газрын хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Поло” нэртэй паб-д орж суусан. Тэнд манай нөхөр Б бас байсан. Намайг өглөөнөөс хойш дагаж явсаар тэнд хамт орсон. Бид нарт мөнгө байхгүй байсан болохоор Б миний монетон ээмгийг барьцаат зээлийн газарт 35000 төгрөгөөр барьцаалаад манай ажлынханд архи авч өгсөн. Тэгээд өөрөө ч архи уугаад нэлээд согтсон. Би хүмүүстэй 2 шил пиво уугаад сууж байсан. Бид нар тэндээс гараад караокед орж дуулахаар болоод баруун тийшээ яваад Төрийн банкны хажуу талын караокед суугаад нэг их удаагүй байхад нөхөр Б чанга дуугараад намайг явъя гээд дагуулж гарсан. Намайг зам хөндлөн гараас чирээд алхаж явах замд нь би явахгүй гэсэн. Тэр үед миний гар утсыг булааж аваад зогсож байхад ажлын хүмүүс гарч ирээд Бийг болиоч гэхэд намайг татаад миний хувцасны зүүн талын ханцуйг тасалсан. Б гэрт очоод намайг зодох учраас би явахыг хүсээгүй.

Өчигдрийн хувьд намайг цохиж зодоогүй. Өмнө нь 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрийн ойролцоо гудамжинд явж байгаад уурлаад миний баруун хацар дээр татаж байсан тамхиараа дарж унтраасан. Би тухайн үед цагдаад хандаж чадаагүй. Миний гар утсыг булааж аваад ямар нэгэн холбоо барих боломжгүй болгочихдог юм. Одоо хацар болон баруун гарын дотор тал, урууланд сорви үлдсэн байгаа. Маргааш нь уучлалт гуйгаад байхаар нь би цагдаад хандаагүй. Ер нь уурласан үедээ намайг зодчихоод дараа нь уучлалт гуйгаад дахиж зодохгүй гэдэг. Удалгүй дахиад л давтагддаг. Мессеж бичээд дахиад зодохгүй, уучилчихаач дээ, хоёулаа хүүхдээ бодоод эвлэрсэн дээр шүү дээ гэх мэтээр гуйгаад байхаар нь би цагдаад ханддаггүй юм. Би Бтэй хамтран амьдраад 1 жил орчим болсон. Бидний дундаас 1 хүүхэд төрсөн. Хүүхдийг Б-ий аав, ээж Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд асарч, өсгөж байгаа” /хх-н 8/,

“... 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр найз Буянтогтохын гэрт очихоор нөхөр Бат-Эрдэний хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамжны нийтийн байрнаас гараад явж байтал Б миний утсыг үзэж байгаад тухайн үед ажиллаж байсан Талх чихэр ХХК-ний нэг ажилтантай бичсэн мессежийг хараад хардаж уурлаад надтай маргаж байснаа татаж байсан тамхиныхаа ишийг шууд миний баруун талын хацрын доод хэсэгт дараад унтраачихсан. Тэр дороо надаас уучлалт гуйгаад байхаар нь би цагдаад мэдэгдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхад дахиад л нөгөө чатны талаар яриад хэрүүл өдөж байгаад гараараа миний уруул руу цохиж язалсан. Мөн л надаас уучлалт гуйгаад дахиж ингэхгүй гээд байхаар нь би цагдаад хэлээгүй” /хх-н 22/ гэж,

гэрч М-ын С “... Нэ бид хоёр дотны найзууд. Түүний нөхөр сүүлийн үед жижиг асуудал юу л болно тэрийг нь дөрөөлж хэрүүл маргаан үүсгэдэг. Юм л бол хардаж сэрдэх болсон. Заримдаа гар хүрдэг болсон гэж ярьж байсан. Өнгөрсөн намар манай найзын хацар дээр нь тамхи унтраасан гэсэн энэ асуудлаа саяхан надад хэлсэн” /хх-ийн 56/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч С.Ний гэмтэлтэй холбоотой “Нийн биед дээд уруулд шарх, цус хуралт, баруун хацарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс дээд уруулын шарх, цус хуралт нь мохоо зүйлийн, баруун хацрын сорви өндөр хэмийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 12453 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 25/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. М овогт Г-ийн Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ