Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1980

 

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М.С.П.К” УТҮГазарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр М.С.П.К-тэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, нягтлан бодогчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл шинээр томилогдсон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбатын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/27 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр гэсэн шалтгаанаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Энэ нь миний өөрийн санаачилгаар гаргасан хүсэлт биш. Миний бие жирэмсэн бөгөөд 9 дүгээр сард төрөх хугацаатай үүнийг мэдэж байсан тул санаатайгаар ажлаас халсан гэж үзэж байна. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Д нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөж, эмчилгээтэй холбоотой тодорхой хэмжээний тэтгэмж олгох тухай хүсэлтийг сургуулийн захиргаанд бичгээр гаргасан тул дээрх байдлыг харгалзан үзээд өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн тус сургуулийн захиргааны зөвлөлөөс эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг нь харгалзан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгож шийдвэрлэсэн. Гэтэл Г.Д нь өөрийн гаргасан хүсэлт биш байсан, төрөх хугацааг мэдэж санаатайгаар ажлаас халсан гэж үндэслэлгүйгээр шүүхэд хандаж, сургуулийн эрх ашигт ноцтойгоор халдсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ыг хариуцагч М.С.П.К-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 970 954 төгрөгийг хариуцагч М.С.П-йн коллежоос гаргуулан, нэхэмжлэгч Г.Д-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч М.С.П.К-оос 62 485 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Тус сургуулийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Д нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөж, эмчилгээтэй холбоотой тодорхой хэмжээний тэтгэмж олгох тухай хүсэлтийг сургуулийн захиргаанд бичгээр гаргасан тул дээрх байдлыг харгалзан үзээд өөрийнх хүсэлтээр нь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн захирлын зөвлөлөөс эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг харгалзан үзэж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгож шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх дээрх байдлуудад буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөн манай байгууллагын бүтэц орон Хөдөлмөр, нийгэм хамгаалалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалын хавсралтаар батлахдаа тооцооны нягтлан бодогчийн орон тоог хассан. Энэ тухай нэхэмжлэгч мэдэж байсан төдийгүй холбогдох бүхий л баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөөр байхад хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан байна. Одоо манай байгууплагад ерөнхий нягтлан бодогчийн нэг л орон тоо байгаа тул шүүхийн шийдвэр биелэх боломжгүй байгааг анхан шатны шүүх дүгнэж үзэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэн хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч “М.С.П.К” УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Г.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ажлаасаа чөлөөлөгдөж, эмчилгээтэй холбоотой тодорхой хэмжээний тэтгэмж олгох тухай хүсэлтийг сургуулийн захиргаанд бичгээр гаргасан тул өөрийнх хүсэлтээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Д-ыг М.С.П.К-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/27 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн тул нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ.           /хх-3 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага Б/27 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Д-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийг тус тус үндэслэсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, жирэмсэн, 9 сард төрөх хугацаатай гэдгийг ажил олгогч мэдэж байсан тул санаатайгаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

Хэргийн 31-33 дугаар талд нэхэмжлэгч Г.Д-ын өөрийн ажиллаж буй байгууллагынхаа захиргаанд бичсэн бичгийн хүсэлтүүд авагдсан байх бөгөөд уг хүсэлтэд “3 сартай жирэмсэн биеийн байдлаас шалтгаалж ажил хийхэд хүндрэлтэй байгаа  эмчилгээ хийлгэхээр явах тул ажлаас чөлөөлж эмчилгээний төлбөрт дэмжлэг үзүүлж 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож өгнө үү” гэх, мөн “бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой бүтцийн өөрчлөлтөд орох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг харгалзан шийдвэрлэж ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 6 сараар олгож өгнө үү” гэх агуулгатай байна.

 

Мөн хэргийн 34-35, 59 дүгээр талд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн хамгаалалын сайдын тушаал болон 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г.Д-д орон тоо цөөрсөнтэй холбоотой ажлаас халах мэдэгдэл өгсөн тухай баримт авагдсан байна.

 

Дээрх ажилтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа болон тухайн үед хариуцагч байгууллагад бүтэц орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт болсон нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй бусдын дарамт шахалтын улмаас уг хүсэлтийг бичсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтан өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ажил олгогчид хүлээлгэж өгснөөр ажил олгогч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах учиртай. Гэтэл нэхэмжлэгч Г.Д өөрийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт нь өөрийнх хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Д-ыг хариуцагч М.С.П.К-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 970 954 төгрөгийг хариуцагч М.С.П.К-оос гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглохоор зохицуулсан байхад нэхэмжлэгч Г.Д-ыг жирэмсэн гэдийг мэдсээр байж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын тооцооны нягтлан бодогчийн орон тоо хасагдсан, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 480 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                        

                          ШҮҮГЧИД                                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ