Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

 

                  

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, С.Сувдмаа,

шүүгдэгч Зао Рунцай /Zhao Runcai/, Т.Дагийсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрхуягийн Дагийсүрэн, Зао Рунцай /Zhao Runcai/ нарт холбогдох эрүүгийн 201619000096 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, яс үндэс халх, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 2 дугаар баг Наран гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Дайчин овогт Төмөрхуягийн Дагийсүрэн РД:НУ67021852 гэв.

 

Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Дөл Буянт” ХХК-д манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, Хангайн 7-246 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Зао Рунцай /Zhao Runcai/ РД:ЮД65120919 гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Дагийсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 03-04-ний хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 2 дугаар баг “Нарангийн зоо” гэх тусгай хамгаалттай газраас ховор амьтан болох 1 тооны эр халиун бугыг сайга маркийн буугаар буудан агнаж, 6 600 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бугын түүхий эд болох эр, эм 2 тооны бугын арьсыг хадгалж, чив сүүлийг 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Хятад улсын иргэн Зао Рунцай /Zhao Runcai/-д 500000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Zhao Зао Рунцай /Zhao Runcai/ нь 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Т.Дагийсүрэнгээс халиун бугын түүхий эд болох чив сүүлийг 50 000 төгрөгөөр худалдан авч хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Дагийсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ..Хөл нь доголсон манай малын дэргэд байсан тэгээд би амьтан зовоож байхаар гээд буудсан юм. ... Хятадууд авдаг гэхээр нь Рунцайг мэдэж байж магадгүй гэж бодоод л очсон чинь мэдэхгүй гэсэн. Цагаан сар болох гээд мөнгөгүй байсан болохоор 50.000 төгрөгөөр өгсөн гэв.

 

Шүүгдэгч Зао Рунцай /Zhao Runcai/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхлээд намайг мөнгө зээлүүлчих гэсэн тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн тэгсэн чинь Дагийсүрэн биед чинь сайн 50.000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би авсан. ..Эрүүл мэндэд сайн гэхээр нь би авсан гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч Ш.Гэрэлт-Од мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 1999 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчины хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Намайг Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас дээрх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулах талаар шийдвэр гаргасан учир татгалзах зүйл байхгүй. Т.Дагийсүрэнг буга агнасан талаар мэдээгүй байсан. Эрдэнэ сумын нутаг бол бугатайг мэднэ. Бугын тоог бол нарийн сайн мэдэхгүй. Харин энэ шиг улсын хэмжээнд ан амьтаны тооллого хийх талаар Эрдэнэ сум хамрагдаж байгаа. Сумын Засаг даргын тамгын газрын зүгээс экологи эдийн засгийн үнэлгээг гаргаж үүний дагуу нэхэмжлэлийг тооцно. Дээрх “Нарангийн зоо” гэх газар нь Хан-Хэнтийн тусгай хамгаалалтай газар нутагт харъяалагддаг. Ихэнхдээ Улаанбаатар хотоор байгаа хүн сүүлийн 2 жил Эрдэнэ сумын нутагт ирж амьдарч байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-45-46 тал/, ..Байгалийн улирал нь хүйтэн хахир цагт бол буга  байгалийн жам ёсоороо үхэх боломжтой. Ер нь нэг үгээр хэлбэл үхэр малтай адил төстэй амьтан юм. Бугын түүхий эдийн зүйл буюу чив сүүл арьс зэргийг нь тусдана үнэлэгдэх боломж байхгүй зөвхөн засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээгээр эр эм буга төл гэж тус тусдаа үнэлгээтэй байдаг. Боломжгүй сумны ул мөр бол арьсан дээр шарх үүсгэж үлдэх ёстой. Толгойд буудсан тохиолдолд бол шууд үхэлд хүргэх шарх, харин хөлөнд буудсан тохиолдолд бол шууд үхэх шарх биш гэхдээ артерийн судас таарч  буудсан бол цус алдаж шууд үхнэ.  Тэрнээс судас таараагүй тохиолдлд цус алдаж хэсэг хугацааны дараа буюу 2-3 хоног шархтайгаа явж байгаад үхэх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-191 тал/,

 

Гэрч Р.Дуламжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Намайг Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн харъяат Орбитын эцэс дээр “Мөнгөлөг Очир”  ХХК-ийн дэлгүүрт ээлжийн худалдагчаар ажиллаж байгаад цагаан сарын өмнө гэртээ ирэхэд Дагийсүрэнг буга агнасан хэргээр Төв аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирж авч явсан үүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Манайх 20 гаран тооны үхэртэй, хонь, ямаа нийлсэн 50 гаран тооны баг малтай 4-5 тооны адуутай миний нэр дээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 2 дугаар багт тоолуулдаг юм. Буу эзэмшдэггүй юм. Өөрт нь бол буу байхгүй. Манай нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй элдэв гаж зуршилгүй хүний сайн нөхөр үр хүүхдийн маань сайн эцэг хүн байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-47 тал/,

 

Гэрч Т.Зоригсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Би галт зэвсэг эзэмшдэггүй. Надад ямар нэгэн төрлийн галт зэвсэг байхгүй. Манайх Дагийсүрэн ахынхтай айл байхад 2015 оны 10 дугаар сарын сүүл үед манайхыг нүүхэд ээж нас бараад тэгээд 49 хоног нь өнгөрөөгөөд Дагийсүрэн ахын хажуунаас манайхыг нүүхэд буу Дагийсүрэн ахынд үлдсэн байсан. Надад бол хэлж авч үлдээгүй энэ талаар би мэдээгүй. Буу бол манай ээжийн төрсөн ах талийгаач Батмөнх гэх хүний эзэмшдэг Сайга маркийн магзингүй буу байсан. Талийгаачийг 2013 онд өнгөрсөнөөс хойш манайд үлдсэн хэрэглэдэг хүн байдаггүй, бичиг баримт бүртгэл байхгүй буу байсан. Тэгсэн Дагийсүрэн  ах тэр буугаар буга алж цагдаад баригдсан талаар сүүлд нь дуулсан юм. .. Т.Дагийсүрэнгийн буга агнасан Сайга маркийн бууг эд мөрийн баримтаар хураан авахад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-49-50 тал/,

 

Гэрч Г.Баатарчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Яг одоо минийн дансан дээр Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн спорт ан агнуурын зориулалттай 5,6 мм калибртай, ТОЗ-8 загварын буу бүртгэлтэй байдаг юм. Өөр галт зэвсгийн төрлийн буу байхгүй. 191 онд үйлдвэрлэгдсэн үйлдвэрийн шар өнгийн мөрлөгч модтой, 250 метрын хараатай, улаан ягаан өнгийн хавтгай гялгар уяагаар оосорлосон, самбар харааг хаймараар сүүдрэвч хийсэн яг үйлдвэрийн загвараараа байгаа гол төмөр нь 30761, засаг төмөр нь 36849 дугаартай буу байгаа юм. Үгүй би өөрөө л эзэмшдэг. Т.Дагийсүрэн гэж хүнд буугаа өгч ан гөрөө хийлгүүлж байгаагүй. Дагийсүрэн гэх айлтай манай хүү Баярмөнхийх саахалт байдаг юм. Зун бол айл байдаг юм. Миний буу манай хүү Баярмөнхийнд байхад нь Дагийсүрэн цагдаад шалгагдахдаа авсан байсан. .. Ямар ажлаар миний бууг Дагийсүрэн нь авсаныг би сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-51 тал/,

 

Гэрч А.Гаваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Би 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хар ус гэх газарт өвөлжиж байсан эмээ Шийтэрийн цагаан сараар хэрэглэх ууц, гурил,элсэн чихэр зэрэг сараар хэрэглэх юмсыг нь хүргэж өгөөд буцах замдаа Дагийсүрэнгийн гэрээр ороход Дагийсүрэн 3 шуудайтай зүйлсийг сүү цагаан идээ байгаа Улаанбаатар хот руу оруулаад манай дүү Оюунаагийнд хүргээд өгөөрэй л гэж хэлсэн. Бугын арьс гэж би огт хэлээгүй би тэгээд Улаанбаатар хот ороод тэр оройноо хүргэж өгч чадаагүй тэгсэн тэр орой нь Төв аймгийн Цагдаагаас Ганзориг гэх хүн утсаар ярьж Дагийсүрэн гэх хүний өгч явуулсан 2 тооны бугын арьсийг аваад ир гэж хэлсэн түүний дараа Дагийсүрэн утсаар яриад миний өгч явуулсан 3 шуудайтай юмнаас 2 бугын арьсыг аваад ир гэхээр нь шөнөдөө цагдаа дээр Дагийсүрэн өгч явуулсан 3 шуудайтай юмыг бүгдийг нь авч ирж үзүүлсэн тэгэхэд 2 шуудайд нь бугын арьс байсан 1 шуудайд нь цагаан идээ байсан юм. Тэгээд сүү цагаан идээг нь буцаагаад авч явсан 2 тооны бугын арьсыг хураалгаад буцсан юм. Дагийсүрэн бол бугын арьс гэж огт хэлээгүй машинд ачихад Дагийсүрэн өөрөө ачиж өгсөн юм. Би ангийн эд эрхтэн худалдан авч, зарж борлуулж байгаагүй. Дагийсүрэн зараад өг мөнгө төгрөг болгоод өг гэж хэлээгүй Оюунаагийнд хүргэж өгөөрэй сүү цагаан идээ хувцас хунар байгаа л гэж хэлж явуулсан юм. Би тухайн үед албаны Соната-6 маркийн 92-52 УБӨ улсын дугаартай Нийгмийн даатгалын тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Би өөрөө хувьдаа машин тэрэг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-53-54 тал/,

 

Гэрч Ц.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 хорооны 4 дүгээр хэсгийн байцаагч ажилтай. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 7-246 тоотод Цэцэгмаагийн Ичинхорлоо гэж өрх толгойлсон ам бүл 11 өрх байдаг юм.  Бүртгэлээр бол гадаад хүн байхгүй. Харин Цэцэгмаагийн Ичинхорлоо гэх хүнтэй хамтран амьдрагчаар ЮД65120919 дугаарын бичиг баримттай Зао Рунцай  гэж хятад хүн байдаг юм. Энэ Хятад хүн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 7-246 тоотод байнга байдаггүй юм.  Цэцэгмаагийн Ичинхорлоо болон хамт амьдарч байгаа хүүхдүүдээс нь ажил хийдэг хүн байдаггүй бүгдээрээ л гэртээ байдаг юм. Рунцай манай гадаадын иргэдийн бүртгэлд бүртгэлтэй талаар мэдэхгүй байна.  Би Зао Рунцай гэж хүнийг бол харж байгаагүй. Энэ талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-55-56 тал/,

 

Гэрч Ц.Ичинхорлоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Рунцай гэх хүнтэй 1982 онд Улаанбаатар хотод танилцаж түүнээс хойш хамтран амьдарч байгаад гэр бүл болсон. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Бид хоёр гэр бүл болсоноос хойш 6 хүүхэд гаргасан одоо хамгийн том хүү Ганзориг 1984 онд гарсан одоо хувиараа барилгын ажил хийдэг, дараагийн хүүхэд охин Ганцэцэг 1985 онд гарсан одоо Улаанбаатар хот Баянгол дүүргийн 10 дугаар хороололд Айзам караоке ажиллуулдаг. Дарааагийн хүүхэд охин Ганчимэг 1986 онд гарсан одоо Улаанбаатар хот Урт цагааны 6 дугаар байранд нөхөр хүүхдийн хамт амьдардаг, дараагийн хүүхэд Гантуяа 1988 онд гарсан одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт найзынхаа байранд  түрээсээр амьдарч байгаа. Дараагийн хүүхэд Ганхуяг 1989 онд гарсан одоо ажилгүй Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 хороо 16 дугаар сургуулийн хажуугийн байранд эхнэрийн хамт амьдардаг. Дараагийн хүүхэд Гантуул 1991 онд гарсан одоо ажилгүй Улаанбаатар хот Баянгол дүүрэгт эгч Ганцэцэгийнд хамт амьдардаг юм. Оршин суух хаягийн бүртгэлээр бол манай хүүхдүүд манай хаяг нь дээр бүртгэлтэй ач зээ нарынхаа хамт бид 11-н ам бүлтэй гэж явдаг юм. Нөхрийн нэр болохоор гадаадын харъяатын бүртгэлд бүртгэлтэй байдаг юм. Паспорт нь бол манай үндсэн хаяг нь дээр бүртгэлтэй байдаг. Рунцай бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй учраас миний нэрээр овоглодог юм. Нөхрийнхөө нэрээр овоглох гэхээр нь заавал гадаад паспорт авах шаардлагатай болдог дээрээс нь хятадын иргэн болох гээд байдаг учраас би өөрийнхөө нэрээр овоглодог юм. Манай нөхөр надтай сууснаас хойш буюу 27 жил Хятад улс руу гаргаагүй харин энэ жил цагаан сарын өмнө 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр Хятад улс руу гарч нөхрийнхөө эгч дүү хоёр дээр очиж уулзах ажлаар очиж амраад тэгээд 2016 оны 03 дугаар 02-ны өдөр Монголд ирсэн юм. Одоо бол урагшаа буюу Хятад улс руу гарах ажил байхгүй байна. Талийгаач өвөөгийнхөө газар дээр очиж хөшөөнийхөн чулууг янзлах ажлаар явж магадгүй гэхдээ хэзээ явахаа шийдээгүй байгаа юм. Одоо бол манай нөхөр 100-н “Дөл Буянт” ХХК-д манаачийн ажил хийж байгаа юм. Энд ажлаад 2 жил болж байна. Хятад улс руу бол гарч амьдарч байгаагүй. Манай нөхөр Рунцай хятад болохоос Монгол улсад төрсөн эцэг эх хоёр нь хятад хүн байсан. Хоёулаа Монголд нас барсан. Монгол хэлээр ярина. Харин Монгол үсэг хятад үсэг аль алийг нь мэдэхгүй гарынхаа үсгийг зурж сурсан. Рунцай сургуульд сурч байгаагүй. Хар багаасаа хар ажил хийж эхэлсэн барилгын төрөл бүрийн ажил хийсээр ирсэн. Саяхан л харуул манааны ажил хийж байгаа юм. Их ажилсаг, дажгүй зан ааштай, халамжтай, хүмүүстэй нөхөрсөг хүн байгаа юм. Байнга хамт нөхөрлөөд найзлаад яваад байх хүн байхгүй ихэнх цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөдөг юм. Т.Дагийсүрэнг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Энэ талаар мэдэх зүйл байхгүй. Ёстой хэлж мэдэхгүй байна. Ногооны хүлэмжинд байсан чонын арьснууд бол одоо 3 жилийн өмнө байсан арьс, харин хөлдөөсөн чоныг бол хараагүй байсан. Бугын чив гэх зүйлийг би мэдэхгүй байна. Рунцайгийн нэр дээр юу ч байхгүй. Манай амьдарч байгаа хашаа байшин манай охин Ганчимэгийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэсэн мэдүүлэг /хх-58-59 тал/,

 

Шинжээч Г.Цогтжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Бугыг “Сайга” маркийн буугаар дал хавсарч буудсан тохиолдолд сумын оролт гаралтын ул мөр заавал арьсан дээр үлдэнэ. Толгойд нь буудсан тохиолдолд шууд үхнэ. Харин хөл хэсэгт нь буудсан тохиолдолд цус алдаж удаан хугацааны дараа буюу 2-3 хоногийн дараа үхэх боломжтой цус хэр хэмжээтэй алдсанаас шалтгаална. Бугын эд зүйл буюу эд эрхтэнг тусдана үнэлэх боломжгүй. Зөвхөн амьд бодгалаар нь үнэлдэг юм. Шинжээчид тавьсан асуултанд дээрх асуулт тавигдаагүй байсан тул зөвхөн бугын арьс, эр эм хүйсийг экологи эдийн засгийн үнэлгээг дүгнэлтээр тогтоож өгсөн. Арьсийг нь бол үзэхэд сумын ул мөр тодорхой харагдаагүй гэсэн мэдүүлэг /хх-93-194 тал/,

 

            -гэмт хэргийн талаархи гомдоль мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

            -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10 тал/,

            -хураан авах тогтоол /хх-13 тал/,

            -хураан авсан тэмдэглэл /хх-14 тал/,

            -хураан авах тогтоол /хх-15-16 тал/,

            -нэгжлэг хийх тогтоол /хх-17 тал/,

            -гадаад паспорт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-18 тал/,

            -нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-19-21 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-26 тал/,

            -эд мөриийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-27-29 тал/,

            -Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын хохирлын акт /хх-31 тал/,

            -2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн А/57 дугаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамж /хх-32 тал/,

            -Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын хуулбар /хх-33-35 тал/,

            -Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын хуулбар /хх-36-43 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-60 тал/,

 

            -2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №02 дугаар шинжээчийн дүгнэлтэд

Асуулт 1-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хуйлж эвхсэн том, жижиг арьс нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын (Cervus elaphus linnaeus, 1758) арьс мөн болно.

 Асуулт 2-ын хариулт:  Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг халиун бугын арьсны өнгө зүснээс харахад нас бие гүйцсэн нэг эр бодгаль (зураг 1), нэг эм бодгаль (зураг 2) тус тус байна.

Асуулт 3-ын хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн бөгөөд тус зүйл амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын тогтоолын 1 дүгээр хавсралтанд “Ховор” зэрэглэлээр бүртгэгдсэн болно.

Асуулт 4-ийн хариулт: Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6 600 000 төгрөг, эм бодгаль 7500 000 төгрөг байдаг байна гэжээ /хх-62 тал/

 

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-64-65 тал/,

-Буу эзэмшигчийн гэрчилгээний хуулбар /хх-67 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1295 шинжээчийн дүгнэлтэнд

1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй.

2. Уг галт зэвсэг нь ШШҮХ-ийн галт зэвсгийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн.

3. Шинжилж буй галт зэвсэг нь ШШҮХ-ийн галт зэвсгийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд “128201” бүртгэлийн дугаараар 2002 оны 10 сарын 30-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт Г.Баатарчулуун гэсэн хүний нэр дээр бүртгэгдсэн.

4. Шинжилж буй буугаар буудаж загвар болон авсан хошуу, хонгио нь ШШҮХ-ийн галт зэвсгийн лабораторит хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудтай тохирохгүй байна гэжээ /хх-69 тал/,

 

-Шинжээчийн 1295 тоот дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-70 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн №1586 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн ТОЗ-8 маркийн гол төмрийн 30761 дугаартай буугаар гол төмрийг хамгийн сүүлд цэвэрлэснээс хойш 1 удаа буудлага явагдсан байна.

2. Буудлага үйлдсэн хугацааг тогтоох боломжгүй гэжээ /хх-71 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн №1294 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй.

2. Уг галт зэвсэг нь ШШҮХ-ийн галт зэвсгийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй.

3. Шинжилж буй галт зэвсэг нь ШШҮХ-ийн галт зэвсгийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй.

4. Шинжилж буй буугаар буудаж загвар болгон авсан хошуу, хонгио нь ШШҮХ-ийн галт зэвсгийн лабораторит хадгалагдаж байгаа одоогоор илрээгүй хэргийн газраас олж илрүүлсэн хошуу, хонгионуудтай тохирохгүй байна гэжээ /хх-73 тал/,

 

-шинжээчийн №1294 тоот дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-74 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн №1585 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Шинжилгээнд ирүүлсэн “Сайга” маркийн гол төмрийн 1023682 дугаартай буугаар гол төмрийг хамгийн сүүлд цэвэрлэснээс хойш 3-аас дээш удаа буудлага явагдсан байна.

2. Буудлага үйлдсэн хугацааг тогтоох боломжгүй байна /хх-75 тал/,

           

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн №1370 дугаар шинжээчийн дүгнэлтэд

            1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Дагийсүрэнгээс хураан авсан гэх 2 ширхэг арьсанд галт зэвсгийн сумны үйлчлэлээр үүссэн байж болох мөр илрэхгүй байна.

            Нэмэлт: Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг арьсны хэлбэрээс нь үзвэл толгойн болон дөрвөн хөлний арьсны хэсгүүд ирээгүй байна гэжээ /хх-77 тал/,

 

            -Шинжээчийн 1370 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-78-79 тал/,

            -2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №07 шинжээчийн дүгнэлтэнд

Асуулт 1-ийн хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг чив, сүүл нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын (Cervus elaphus linnaeus, 1758) чив, сүүл мөн болно. Тус чив, сүүл нь нэг эр бодгаль амьтных болно

Асуулт 2-ын хариулт: Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодголь 6600000 төгрөг, эм бодгаль 7500 000 төгрөг байдаг байна.

Асуулт 3-ын хариулт: Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг чив, сүүл нь халиун бугын эд эрхтэн мөн бөгөөд тус зүйл амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно гэжээ /хх-81-82 тал/,

 

-Орчуулагч, хэлмэрчийг хэрэгт томилон оролцуулах тогтоол /хх-102 тал/,

-Төв аймгийн Эрдэнэ сумын 2 багийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05/17 дугаар албан тоот /хх-111 тал/,

-Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 976 дугаар албан бичиг /хх-118 тал/,

-Төв аймгийн автотээврийн төвийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаар албан бичиг, хавсралт /хх-134-135 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-136 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-137 тал/,

-“Ашид билгүүн” ХХК-ны Автомашин, техникийн үнэлгээ /хх-139 тал/, 

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-140 тал/,

-мал тооллогын маягт /хх-141 тал/,

-тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-142 тал/,

-“Скайтел” ХХК-ны албан бичиг, хавсралт /хх-146-155 тал/,

-“Жи-Мобайл” ХХК-ны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/1511 дугаар албан бичиг, хавсралт /хх-156-167 тал/,

-Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 608 дугаар албан бичиг /хх-168 тал/,

-Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 07/173 дугаар албан бичиг /хх-190 тал/,

 

            -шүүгдэгч Т.Дагийсүрэнгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-113 тал/,

-шүүгдэгч Zhao Runcai /Зао Рунцай/-н ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-114 тал/,

 

- шүүгдэгч Т.Дагийсүрэнг 2016 оны 02 сарын 04-ний өдөр сэжигтнээр / хх-95 тал/, 2016 оны 02 сарын 22-ны өдөр сэжигтнээр дахин  /хх-96-97 тал/,  2016 оны 03 сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-99 тал/, 2016 оны 03 сарын 30-ны өдөр яллагдагчаар дахин /хх-100-101 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

 - шүүгдэгч Zhao Runcai /Зао Рунцай/-г 2016 оны 03 сарын 28-ны өдөр сэжигтнээр /хх-106 тал/, 2016 оны 03 сарын 29-ны өдөр сэжигтнээр дахин  /хх-107-108 тал/,  2016 оны 03 сарын 31-ний өдөр яллагдагчаар /хх-110 тал/, 2016 оны 04 сарын 19-ний өдөр яллагдагчаар дахин /хх-194 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Дагийсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 03-04-ний хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 2 дугаар баг “Нарангийн зоо” гэх тусгай хамгаалттай газраас ховор амьтан болох 1 тооны эр халиун бугыг “Сайга” маркийн буугаар буудан агнаж 6600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Гэрэлт-Од, гэрч Гэрч А.Гаваасүрэн нарын өгсөн мэдүүлгүүд, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №07 шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, эд мөриийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын хохирлын акт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №02 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн №1585 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №07 шинжээчийн дүгнэлт зэргээр мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд шүүгдэгч Т.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Т.Дагийсүрэнг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Zhao-Runcai /Зао Рунцай/  нь 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр Т.Дагийсүрэнгээс халиун бугын түүхий эд болох чив, сүүлийг 50000 төгрөгөөр худалдан авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Учир нь: Мөрдөн байцаалт шүүхийн шатанд шүүгдэгч Т.Дагийсүрэн мэдүүлэхдээ:  “Хятадууд авдаг гэхээр нь Рунцайг мэдэж байж магадгүй гэж бодоод л очсон чинь мэдэхгүй гэсэн. Цагаан сар болох гээд мөнгөгүй байсан болохоор 50.000 төгрөгөөр өгсөн. Шүүгдэгч Зао Рунцай /Zhao Runcai/ мэдүүлэхдээ: “Эхлээд намайг мөнгө зээлүүлчих гэсэн тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн тэгсэн чинь Дагийсүрэн биед чинь сайн 50.000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би авсан. ..Эрүүл мэндэд сайн гэхээр нь би авсан” гэж мэдүүлсэн байх бөгөөд Зао Рунцай /Zhao Runcai/ нь бугын чивыг ховор амьтаны түүхий эд гэдгийг мэдэхгүй байсан болох нь нотлогдож байгаа байна.

Иймд Зао Рунцай /Zhao Runcai/-г Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь хэрэгт нотлох баримтаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар нотлогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Дагийсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Хохирлын талаар:

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 06-64  дугаар  бүхий “Т.Дагийсүрэнг  ан амьтаны экологийн төлбөрийг барагдуулсан нь үнэн” гэх албан бичгийг ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугын арьс 2 ширхэг, бугын сүүл, бугын чив зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Сайга” маркийн буу 1 ширхэгийг Төв аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэг хавсаргаж, мөрдөн байцаагчийн 18-67 УНЗ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Зао Рунцай /Zhao Runcai/, Т.Дагийсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,  286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэхь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зао Рунцай /Zhao Runcai/-д холбогдох хэргийг,  Дайчин овогт Төмөрхуягийн Дагийсүрэнгийн ховордсон ан амьтны түүхий эд зүйлийг худалдсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Дайчин овогт Төмөрхуягийн Дагийсүрэнг ховордсон амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад 6600000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дахь хэсэгт зааснаар Т.Дагийсүрэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Дагийсүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан Т.Дагийсүрэн нь  бусдад төлөх төлбөргүй, хохирлын төлбөрт 6600000 төгрөг төлсөн, Зао Рунцай /Zhao Runcai/, Т.Дагийсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугын арьс 2 ширхэг, бугын сүүл, бугын чив зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Сайга” маркийн буу 1 ширхэгийг Төв аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэг хавсаргасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 18-67 УНЗ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Зао Рунцай /Zhao Runcai/-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Дагийсүрэнд оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

10.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Дагийсүрэнд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

11.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Дагийсүрэн нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Зао Рунцай /Zhao Runcai/, ялтан Т.Дагийсүрэн нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ