Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 30

 

Ш.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 412 дугаар шүүгчийн захирамжтай, Ш.О-д холбогдох эрүүгийн 1735001730033 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй,боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, аав, дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, яс үндэс баяд, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОА85102031, Ц ургийн овогт Ш-гийн О.

Яллагдагч Ш.О нь Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн нутаг Элсний хаяа гэх газар байрших хохирогч Б.Л-гийн эзэмшлийн 2016 оны 200 ширхэг саман пресс, 8 машин өвс, 2017 оны 500 ширхэг саман пресс, 4 машин өвс, 4 тонн малын тэжээлийн тариа, өвсний хашааны 240 ширхэг банз зэрэг эд хөрөнгийг шатааж, хууль бусаар устгасны улмаас нийт 5.682.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш.О-д холбогдох эрүүгийн 1735001730033 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иж бүрэн хар эмээл, тохом, хазаар, ногт, гар утас, дундуураа цуурсан хагархай СD-г шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт Увс аймгийн Прокурорын Газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Сувд-Эрдэнэд даалгаж,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ш.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж тус тус заан шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагч Ш.О-д холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Б.Батгэрэлээс гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан захирамжинд " прокуророос ялагдагч Ш.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хэргийн бодит байдал болон нотолбол зохих байдлыг бүрэн, зөв тогтоож чадаагүй гэж дүгнэсэн байна.

Мөн яллагдагч Ш.О нь уг хэргийг үйлдсэн талаараа бусдад хэлснийг бичлэг хийж авсан гар утaсны бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авах зөвшөөрлийг мөрдөгч прокурорт гаргасан байхад прокурор зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн акт прокурор гаргаагүй байна гэжээ.

Түүнчлэн хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 85 дахь талд авагдсан эд зүйлийн үнэлгээний талаарх Увс Финанс Аудит ХХК-ийн 109 тоот дүгнэлт нь зөрүүтэй байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөвтгөж ирүүлээгүй зэрэг үндэслэлийг дурдсан байна.

Анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 412 дугаар шүүгчийн захирамжинд хэргийг прокурорт буцаах тухай заасан үндэслэл нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.Үүнд:

1. Яллагдагч Ш.О нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн нутаг Элсний хаяа гэх газарт байрлах хохирогч Б.Лгийн эзэмшлийн 2016 оны 200 ширхэг саман пресс, 8 машин өвс, 2017 оны 500 ширхэг саман пресс, 4 машин өвс, 4 тонн малын тэжээлийн тариа, өвсний хашааны 240 ширхэг банз зэрэг эд хөрөнгийг шатааж, хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон болно.

Яллагдагч Ш.О нь мөрдөн байцаалтын шатанд “яллагдагч Ю.Цтой хохирогч Б.Лгийн хашаатай өвсийг шатаасан” гэх мэдүүлэг өгдөг боловч энэ нь гэрч Б.Хын “...би гэрээс гарангуут юм анзаараагүй ба тугал татаж уяад гартал ойрхон Эслний хаяанд гал гарч байгааг харчихаад эхнэртээ хэлж, айл байдаг Цг дуудаж гал гарч байна гэхэд Ц гэрээсээ ахынхаа Ц буюу Цэрнээ гэх залуутай хамт гарч ирсэн” гэх мэдүүлэг, гэрч П.Надмидын “...тэгээд Х ах гаднаас Ц гараад ир түймэр гарлаа гэж Цг дуудахаар нь би юу болов гэж бодоод гарахад Ц, Ц хоёр манай гэрээс гарч ирж намайг О руу залгая, утас аваад ир гэхээр нь би гэр рүү орж гар утсаар О гэр рүү залгасан” гэх мэдүүлэг, Д.Ц-гийн “...Ц миний ажилд туслаж байж байгаад орой болгосон юм. Тэгээд бид нар харанхуй байхад ажлаа дуусгаж, Х ахынх хонь гаргаж, гэдэс ид гэхээр нь бүгдээрээ орж хоол идсэн. Бид нар хоолоо идэж дуусчихаад Ц бид хоёр манай гэр рүү орсон бөгөөд хоёулаа гэрт орж хувцастайгаа дэр тавьж газраар хэвтэж түр зуур дуг хийчихсэн байна лээ. Нэг мэдэхэд хүн дугарах шиг болохоор нь сэрж гарч ирэхэд Х ах надад түймэр гарч байна гэж хэлэхээр нь харахад Элсний хаяанд нилээн том гал гарч байсан. Миний хойноос Ц гарч ирсэн” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ш.О нь Ю.Цтой энэ гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлдэг боловч энэхүү мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учраас дангаараа нотлох баримт болохгүй юм.

2. Мөн шүүгчийн захирамжинд “...яллагдагч Ш.О нь уг хэргийг үйлдсэн талаараа бусдад хэлснийг бичлэг хийж авсан гар утсны бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авах зөвшөөрлийг мөрдөгч прокурорт гаргасан байхад прокурор зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн акт прокурор гаргаагүй байна” гэх үндэслэлийг дурдаж бичсэн нь дараах байдлаар няцаагдаж байна.

Хавтас хэргийн 1-р хавтасны 235 дугаар хуудсанд прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/59 дугаартай зөвшөөрөл авагдсан байна. Прокурорын зөвшөөрөлд “иргэн Н.Эаас гар утас 1 ширхэгийг хураан авах үндэслэлтэй байх тул зөвшөөрөл олгов” гэжээ.

Мөн түүнчлэн хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 85 дахь талд авагдсан эд зүйлийн үнэлгээний талаар талаарх Увс Финанс Аудит ХХК-ийн 109 тоот дүгнэлтэнд морь, эмээл, хазаар, ногт, тохом зэрэг эд зүйлийн үнэлгээг нэг бүрчлэн гаргасан байхад эд зүйлийн үнэлгээний нийлбэр дүн нь буруу гаргасан, үүнийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөвтгөж ирүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн судалж дүгнэлт хийгээгүй байна.

Прокуророос 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ш.О-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Ш.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэгт хамаарч байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ш.О нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд яллагдагч Ш.О-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шатанд байх хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг прокурор буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Шүүхийн захирамжинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Яллагдагч Ш.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тал бүрээс шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байхад шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнээгүй, прокурорын зөвшөөрлийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байхад үүнийг үгүйсгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуул гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 412 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ш.О-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Прокуророос Ш.О-ыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Баянхайрхан багийн нутаг “Элсний хаяа” гэх газарт байрлах хохирогч Б.Лгийн эзэмшлийн 2016 оны 200 ширхэг саман пресс, 8 машин өвс, 2017 оны 500 ширхэг саман пресс, 4 машин өвс, 4 тонн малын тэжээлийн тариа, өвсний хашааны 240 ширхэг банз зэрэг эд хөрөнгийг шатааж, хууль бусаар устгасны улмаас нийт 5.682.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Ш.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг прокурор шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн эсэргүүцэл бичжээ.

Ш.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн байх тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах , ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед хохирогч Б.Л-гийн өвөлжөөнд гадны нөлөөтэйгээр гал гарч, улмаар 5.682.000 төгрөгийн эд хөрөнгө шатсан нь тогтоогдсон байна.

Харин уг галыг хэн тавьсан, хэний гэм буруутай үйлдлийн улмаас шатсан бэ гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хамт Хын хотонд отрын гэр янзалж байсан гэрч Б.Х, П.Н-д, Д.Ц нарын мэдүүлгээс үзэхэд яллагдагч Ю.Ц-ыг хэзээ, хэнтэй хамт  Б.Хын хотонд ирсэн талаар тус тус зөрүүтэй байдлаар мэдүүлжээ.

Гэрч Б.Х 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ”...14 цагийн үед болов уу гэж бодож байна. Би Ц-ыг тухайн үед ганцаараа ирсэн үү, хажуудаа хүнтэй ирсэн үү энэ талаар юу ч мэдэхгүй байна” гэж, гэрч П.Н “ ...15 цагийн үед байх Ц хажуудаа манай нөхрийн хамаатан Улаанаа буюу Оын хамт тэмээ туугаад ирж байсан. О манайханд буулгүй явчихсан юм” гэж, гэрч Д.Ц “...Ц нь Оын хамт архи үнэртүүлчихсэн ирсэн “гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд Ц нь Б.Хын хотонд хэдэн цагийн үед, хэнтэй хамт, ямархуу байдалтай ирсэн болох нь тодорхой бус байна.

Яллагдагч Ш.О нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш тугалаа туугаад худаг руу явж байхад Ю.Ц элснээс тэмээ гаргаж ирлээ гэж таараад түүний санаачлагаар хамт архи ууж, улмаар хохирогч Б.Лгийн эд хөрөнгийг шатаасан талаар удаа дараа тогтвортой мэдүүлгийг өгсөн байх бөгөөд яллагдагчийн мэдүүлгийн дагуу нотлох баримтыг цуглуулж, уг нотлох баримтын эх сурвалжийг нягтлах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

Иймээс гэмт хэрэг хэзээ/ хэдэн цагийн үед/ яаж үйлдэгдсэн, хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л арга хэрэгслийг ашиглан шалгаж тогтоох шаардлагатай байна.

Прокуророос Ш.О-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хэргийг буцааж хуулийг зөрчсөн гэх боловч энэ гэмт хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй, гэм буруугийн асуудлаар маргаантай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэм буруутай этгээдийг тогтоох нь зүйтэй. Энэ нь мөн гэмт хэргийн хохирол арилгах асуудлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 412 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Ш.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ