Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 115/ШШ2020/0009

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Б овогт А-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорноговь аймгийн ХХАА-н газрын даргад холбогдох,

          Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар орон тоо нь цөөрсөн албан хаагчдаас шалгаруулж аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажлын байраар хангахыг даалгах, тус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,284,118 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Ж.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч А.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Б намайг Дорноговь аймгийн ХХАА-н газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар тус газрын “Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, бирж, экстейшний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалаас чөлөөлж, жирэмсэн байхад ажлаас халсан юм.
         Энэ тушаалыг би үл зөвшөөрч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0017 дугаар шийдвэрээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч “Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, бирж, экстейшний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ингэхдээ “...орон тоо цөөрсөнтэй холбогдуулан авах арга хэмжээ нь нэгэнт эрх бүхий албан тушаалтны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа бөгөөд тухайн албан тушаалтнаас уг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхдээ хууль тогтоож зөрчсөн эсэх асуудлаар шүүхэд тухайлан нэхэмжлэл гаргасан нөхцөл байхгүй, энэ тохиолдолд шүүх 2 мэргэжилтний хэн алиныг үргэлжлүүлэн ажиллуулах нь үндэслэлтэй эсэх асуудлаар дүгнэлт хийх боломжгүй” гэсэн дүгнэлтийг шүүхээс хийсэн байдаг.
          Миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажлын байраар хангуулах талаар хариуцагч ХХАА-н газрын дарга Ж.Н-той удаа дараа очиж уулзсан боловч “шүүхийн шийдвэрээр чамайг ажилд томилоогүй, энүүгээр ирэх хэрэггүй” гэх мэтээр хөөж туун ямар нэг арга хэмжээ аваагүй өдийг хүрч, төрийн жинхэнэ албан хаагч миний төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр ирлээ.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хуульчилсан ба шүүхээс ажлаас халсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон буюу төрийн албанд ажиллах эрхийг сэргээсэн тохиолдолд хариуцагч Ж.Н-оос дээр дурдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.
          Мөн хариуцагч Ж.Н-ын хууль зөрчин байж ажлаас халсан, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаас харахад сонгон шалгаруулалт хийсэн ч намайг ажлын байраар хангахгүй нь тодорхой байх бөгөөд намайг ажлын байраар хангахгүй байх үндэслэл байхгүйг дараах зүйлүүд баталж байна. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас...бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн намайг заавал ажлын байраар хангах ёстой.
        Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэсэн заалт.
          ХХАА-н газрын дарга Ж.Н ажлын байраар хангахгүй байгаа шалтгаанаа Буянхишигтийн ажлын байр байхгүй болсон гэж өөрийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалыг үзүүлдэг бөгөөд энэ тушаалаа намайг ажилд авахгүй байхын тулд дээд байгууллагынхаа буюу ХХААХҮ-ийн сайдын  “Аймгуудын ХХАА-н газрын бүтэц, орон тоо батлах тухай” 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А209 дүгээр тушаалыг илт зөрчин өөрийн таалалд нийцүүлэн  гаргасан нь намайг ажлын байраар хангахгүй байх үндэслэл болохгүй.
        Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0017 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Наранболдын гаргасан “А.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг өөрийн дураар тайлбарлан, төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, ажлын байраар хангахгүй хохироосоор ирсэн бөгөөд түүний Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар шалгаруулалт явуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас миний бие жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй, мөн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш цалингүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан.
Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,284,118 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол гэж үзэн  нэхэмжилж байна гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Б нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар  сарын 15-ны өдрийн хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бодитойгоор хөндөгдөж учирсан хохирлоо барагдуулж чадахгүй өнөөдөр Монгол Улсын шүүхээр хоёр дахь удаагаа асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад, бичгээр гаргасан тайлбартаа “...Миний ажлаас халсан 2018 оны 10 дугаар  сарын 15-ны өдрийн 26 дугаартай тушаалыг шүүх хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн төрийн алба хаших эрх зүйн статус хэвийн явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хүний нөөцөд бүртгэлтэй байгаа...” гэх тайлбарыг өгсөн.
        Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй, өмнөх шүүхийн шийдвэрээр яг ажлын байраар ханга гэсэн зүйл байхгүй, хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, хохирол нь аль нэхэмжлэлийн шаардлагад нийцэж тооцоод байгаа нь тодорхой бус байна...” гэх үндэслэл бүхий зүйлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргаж байна гэж ойлгож байна. Ингээд хууль зүйн үндэслэлээ хэлье.
          1. Нэхэмжлэгч бол 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас төрийн албаны ажлаас чөлөөлөгдөж, төрийн албанд ажиллах баталгаа, Үндсэн хуулиар олгогдсон эрх, ашиг нь хөндөгдөн өнөөдөр нэхэмжлэгчийн байр сууринаас явж байна. Хариуцагчийн шүүх болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа тайлбарт “...А.Б нь төрийн албанд 1,8 жил ажиллаж байгаа. Би 25 жил ажиллаж байгаа албан хаагч...” гэж байна. Гэтэл 1,8 жил ажиллаж байгаа нэхэмжлэгч нь өөрөө Монгол Улсын Төрийн албаны шинэчлэн найруулсан хуулиараа төрийн жинхэнэ албан хаагч юм. Ингэснээр хариуцагчтай яг адилхан төрийн захиргааны албан хаагч буюу адил статустай, эрх үүрэгтэй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дурдаж хэлье.
         Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үзэхэд 101 дүгээр хуудсанд  нэхэмжлэгч А.Б 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын тодруулгын хариуг  бичгээр тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэндэд  өгсөн. Үүнд: Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ХХАА-н газрын дарга Н-д холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг хэрэгжүүлээгүй  эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоолгож, мөн төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлын байраар хангаж ажиллахыг даалгуулах, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин, жирэмсний тэтгэмж бүхий төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д заасан заалтын аль үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэж асууж байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зүйл заалтын эрх зүйн үр дагавар өөр буюу нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй, биелэгдэх боломжгүй гэх байдлаар маргаж байна.  
          Өнөөдөр А.Б ажлаасаа чөлөөлөгдөөд хариуцагчийн Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, шүүхийн шийдвэрийг цаас мэтээр үзэж байгаа илрэл нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага болж хувирч байна. Өөрөөр хэлбэл өмнөх шүүхийн дорвитой биш шийдвэр дээр тоглолт хийснээр нэхэмжлэгч А.Б жирэмсэн болоод шинэ хүүхэд мэндлээд төрсөн өдрөө тэмдэглээд хоёр дахь жилийн нүүр үзэж байна. Ийм шударга бус байж болохгүй. Нэхэмжлэгч хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөд шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гээд хоёр жил шүүхээр явж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яагаад эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж байгааг хуульчийн хувьд ойлгохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйн улмаас энэ хүний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тушаалыг шүүх хүчингүй болгосонд маргах зүйл байхгүй.
          Өнөөдөр нэхэмжлэгч энгийн иргэн юм уу, төрийн албан хаагч юм уу гэдэг асуудал зайлшгүй яригдана. Өнөөдрийг хүртэл А.Б Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр эрх, ашгаа хамгаалуулж, төрийн албаны тухай хуульд зааснаар ажиллах, төрийн албаны баталгаагаа хангуулаагүй өнөөдрийг хүрсэн нь эс үйлдэхүй биш юм уу.
         Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж яриад байна. Өнөөдөр энэ хүнийг ажлын байраар хангаагүй, ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаагүй, энэ хүнийг ажлын байраар хангах субъектив санаа, үйлдэл гаргаагүй нь өөрөө эс үйлдэхүй биш юм уу. Энэ байдал нь, өөрөө  эс үйлдэхүй мөн гэдгийг шууд тогтоож байна.
         2-рт: Үүнийг дагаад мэдээж хохирол яригдана. Өнөөдөр хэн ч ажлаас чөлөөлөгдөөд би хохироогүй байна гэж хэлэхгүй. Хууль өөрөө хохирол байхыг шаардана. Хохирол аль нэхэмжлэлийн шаардлагад үүссэн бэ гэж байна. Хариуцагчийн хууль бус тушаалын эрх зүйн үр дагавраас үүсээд хохирол яваад байна. Өнөөдөр энэ хүн ажлаа хийж байсан бол үр хүүхдээ тэжээнэ, амьдралаа аваад явна. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалаа хуульд заасны дагуу нөхөн төлүүлээд явна. Дээрх байдал хохирол биш юм уу. Энэ хохирол бүх нэхэмжлэлийн шаардлагад хамаатай.
          3-рт:  Нэхэмжлэгч Наранболдод удаа дараа хүсэлт тавьсан боловч шийдэж өгөөгүй гэж тайлбарладаг. Хариуцагч өөрөө нэг л удаа уулзсан гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад нэг удаа уулзсан гэдгийг нотлох бичгийн нотлох баримт байхгүй байна. Хариуцагчийн яриад байгаа зүйл бичгээр нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хариуцагчтай таван удаа уулзсан гэдэг нь түүний тайлбараар нотлогдож байна. Өнөөдөр талууд уулзах, уулзахгүйдээ гол нь биш. Тухайн үед уулзаад энэ хүний асуудал шийдэгдсэн бол энэ эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Энэ асуудал шийдэгдээгүй нь хариуцагч шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүйнх.
        4-рт: Хариуцагчийн “нэхэмжлэгчийн мэргэжил таарахгүй байна” гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна. 2016 оноос хойших нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, мэдээ тайлан байгууллагын бүтэц зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуйн газрын тасгийн дарга гэх тушаал, шийдвэрт энэ хүний гарын үсэг байдаг. Гэтэл одоо нэхэмжлэгчийн мэргэжил таарахгүй гэдэг байдлаар үгүйсгэх нь хуульд нийцэхгүй байна.
         Шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад авагдсан дүгнэлт, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэж байгаа нэхэмжлэл шаардлага, түүний үндэслэл, мөн шүүх хуралдаанд өгч буй талуудын тайлбараар нэг зүйл бүрэн дүүрэн тогтоогдож байна.  Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар сонгон шалгаруулалт зарлах үндэслэл бүрэн дүүрэн тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нэг хүн байгаа боловч түүний цаана нэхэмжлэгч байгаа гэдгийг шүүх тогтоогоод байхад хариуцагч биелүүлэхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах хэм хэмжээний дагуу буюу тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг хуульчлаад өгсөн гэдгийг хариуцагч яагаад ойлгохгүй байна. Энэ бол цэвэр эс үйлдэхүй байна гэдгийг бүрэн дүүрэн харуулж байна. Иймд үүнээс харахад хариуцагчийн эс үйлдэхүй бүрэн дүүрэн тогтоогдож байна.
        Ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож даалгах , мөн хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д зааснаар ажлын байраар хангахыг даалгах юм.
Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж хэлсэн, шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын 101 дугаар хуудсанд авагдсан хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх байх гэж найдаж байна. Мэдээж шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө зарим хэсгийг хангах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж бодож байна.
        Иймд нэхэмжлэгч А.Б өнөөдрийг хүртэл Монгол Улсын шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй, хуулиас дээгүүр давсан эрх мэдэлтний хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өнөөдрийг хүртэл эрх, ашиг нь хөндөгдөөд явж байгаа энэ бодит үйл баримтад шударгаар үнэлэлт, дүгнэлт өгөөд буруутай этгээдэд хариуцлага тооцох, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг дагаж мөрдөх, хуулийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөхгүй байх тал дээр шүүх анхаарч шүүхэд гаргасан хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хангаж шийдэж өгнө үү гэв.  
 
          Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Б гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хариуцагчаас эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
        Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 115/ШШ2019/0017 дугаартай шийдвэрийн гурав дахь хэсгийн “...урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд...” гэсэн заалтад нэхэмжлэгч А.Б өөрийг нь төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах талаарх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагыг  гаргасан, шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр түүний төрийн алба хаах эрх сэргээгдэх хэдий ч түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна.
         ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/209 дүгээр тушаалын 8 дугаар хавсралт дахь албан тушаалын нэрийн жагсаалтаас үзвэл тус албаны бүтцэд “Албаны дарга” гэсэн албан тушаалын нэр байх боловч уг албан тушаалын орон тоо тусгайлан батлагдаагүй зөвхөн 3 төрлийн чиг үүрэг хариуцсан 3 мэргэжилтний орон тоо батлагдсан байх ба албаны даргын үүргийг эдгээр мэргэжилтний аль нэг нь давхар гүйцэтгэхээр тусгагджээ.
         Өөрөөр хэлбэл албаны даргын орон тоог шинэ бүтцээр батлагдсан 3 төрлийн чиг үүрэг хариуцсан мэргэжилтний орон тооноос тусад нь авч үзэх боломжгүй, зайлшгүй эдгээр мэргэжилтнүүдийн аль нэг л албаны даргын үүргийг давхар хариуцах боломжтой байна.
         Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь албаны даргаас гадна тус албаны Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, бирж, экстейшиний асуудлыг хариуцсан мэргэжилтний чиг үүргийг давхар хэрэгжүүлж байсан хэдий ч түүнийг урьд эрхэлж байсан гэдгээр шинэ бүтцээр “Жижиг, дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуй үйлчилгээний чиг үүрэг” хариуцах болсон мэргэжилтэн бөгөөд албаны даргын албан тушаалд шууд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна” гэж үйл баримтыг тогтоосон байдаг.
         Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/ШЗ2019/1344 дугаартай захирамжаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, тухайн шийдвэрт дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэлд заасан үйл баримтыг ийнхүү урьд нь тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул шүүх нэхэмжлэлийг татгалзах үндэслэлтэй.
           Нэхэмжлэгч нь ажлын байраар хангуулах талаар удаа дараа ирж уулзаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж ирээгүй байхад өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө хурдан авмаар байна гэж ирсэн ба тухайн үед хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу чиний төрийн албан хаагч байх эрх нээгдсэн тул төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн, өөр байгууллагад албан тушаалын тодорхойлолт нь таарсан орон тоо гарвал ажиллах боломжтой гэсэн үг шүү гэж хэлсэн.
Манай байгууллагын зүгээс, тэр байгууллагад орон тоо гарсан тийшээ шилжин ажилла гэж шууд тушаах эрх байхгүй, мөн чиний мэргэжил таарах өөр орон тоо манайд байхгүйг чи мэдэж байгаа гэж мэдэгдсэн. Тэгэхэд нэхэмжлэгчийн зүгээс, би хүүхдээ 2 жил гаруй харна, түүний дараа энэ ажилд орохгүй, өөр тийшээ шилжих санаатай гэж хэлж байсан.
          Нэхэмжлэгч нь, албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах гэж заасныг хэрэгжүүлээгүй гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг “...мэргэжилтэн бөгөөд албаны даргын албан тушаалд шууд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна” гэж тогтоосон байдаг тул хэнийг сонгох нь чухал биш байна.
Үүнээс гадна шинэ Төрийн албаны хууль 2019 оноос хэрэгжиж эхэлснээр ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны төв зөвлөлөөс баталдаг болсон бөгөөд тус байгууллагын өөр бусад ямар ч албан тушаалд нэхэмжлэгчийн мэргэжил нь огт тохирохгүй, төрийн албанд ажилласан хугацаа, жил нь ч шаардлага хангахгүй нөхцөл байдал үүссэн болно.
          Нэхэмжлэгч намайг  жирэмсэн байхад ажлаас халсан, ажлын байраар хангахгүй хохироосон гэжээ. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-нд гаргасан “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай” өргөдөлдөө жирэмсэн байсан талаар огт дурдаагүй, жирэмсэн байгаа тул ажилд эгүүлэн томилуулах гэж гомдол гаргаагүй, маргаагүй, энэ асуудлаар дахин шүүхийн давж заалдах шатанд гомдол гаргах нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй тул энэ асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, маргаан үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байна.
         Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтад ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртлэх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч А.Б-ийг шүүхийн өмнөх шийдвэрээр “..урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох болон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж тогтоосон тул энэ маргаанд хамааралгүй бөгөөд  нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг буруу тайлбарлан өөрт ашигтай байдлаар хэрэглэхийг шүүхээс шаардаж байгаа нь буруу.
           Нэхэмжлэгч нь мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас үзвэл “ажилгүй байсан хугацааны цалинг” урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох тохиолдолд олгохоор байна. Гэтэл нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй. А.Б-д нэхэмжлэлд дурдсан асуудлаар давж заалдах эрх байсаар байтал давж заалдалгүй, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох шаардлагыг хэрэгсэхгүй болгон тогтоосон шийдвэр хүчинтэй, ажилд томилогдоогүй байхад ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.
          Байгууллагын зүгээс, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 17 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 2,216,236 төгрөгийг олгож шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн тул А.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
 
            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоолгоё гэж байна. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байхыг тогтоохын хувьд Захиргааны ерөнхий хууль болон захиргааны процессын хуулинд хэд хэдэн шаардлагыг тавьсан байдаг. Тухайлбал захиргааны процессын хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар “...захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн албан тушаалтанд бичгээр өргөдөл, гомдол гаргахыг ойлгоно. Мөн захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно...” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч өөрөө хариуцагчид өргөдөл, гомдол гаргаагүй байна. Хуульд зааснаар өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй бол эс үйлдэхүй гэж ойлгоно гэж заасан байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн амаар уулзаж ярьсныг эс үйлдэхүй гэж ойлгох юм уу, эсвэл энэ тухайгаа өргөдөл, гомдол гаргаж бичгээр хариуцагчид хандсаныг ойлгох уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.
         Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн зүгээс төрийн албаны зөвлөлийн урьдчилан шийдвэрлүүлсэн шийдвэрийг авсан. Тухайн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар сонгон шалгаруулалт хийх тухай огт дурдагдаагүй байсан. Үүнээс харахад нэхэмжлэгч нь энэ асуудлаар төрийн албаны зөвлөлд өгсөн өргөдөлдөө дурдаагүй. Иймд хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй гэж үзэх хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагаар эрх бүхий албан тушаалтанд хандан гомдол, өргөдөл гаргаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүнийг нь шүүх эс үйлдэхүй байна гэж үзэж хүлээж авч ямар нэгэн хэлбэрээр шийдэх нь төрийн захиргааны байгууллагын хүний нөөцтэй холбоотой бие даасан эрхэд халдаж болзошгүй юм.
          Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай А.Б-ийн нэхэмжлэлтэй, аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн даргад холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан шалгаруулалтыг хийх эсэхийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр байна. Орон тоо цөөрсөнтэй холбогдуулаад шалгаруулалтыг хийх эсэхийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр байна гэж дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрээс үзэхэд сонгон шалгаруулалттай холбоотой маргаан байхгүй байгаа учраас сонгон шалгаруулалт хийх эсэх талаар шүүх шийдвэрлэх боломжгүй талаар үндэслэлээ тодорхой тайлбарласан байсан.
             Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа тодорхойгүй байсан. Тус нэхэмжлэлийг гардаж авч танилцахад нэхэмжлэлийн шаардлага сонгон шалгаруулалт хийх, ажлын байраар хангах, хохирол гаргуулах гэх үндсэн гурван шаардлагатай байна гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл хууль бус эс үйлдэхүй тогтоогдох тохиолдолд хохирол үүснэ. Гэтэл хууль бус эс үйлдэхүй нь хохирол үүссэн байхыг шаарддаггүй. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар орон тоо цөөрсөн тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах, 62.1.4-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажлын байраар хангуулах гэсэн зүйл заалтууд нь эрх зүйн өөр өөр үр дагавартай. Гэтэл нэхэмжлэгч тал нэгтгэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ нь үнэхээр ойлгомжгүй биелэгдэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт хийгээд ажлын байраар хангах юм уу, ажлын байраар хангаад сонгон шалгаруулалт хийх эсэх нь ойлгомжгүй байна.
           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа тодруулаагүй учраас одоо дээрх зүйл заалтуудыг зэрэг хангуулах шаардлага гаргаж байна. Хууль зүйн агуулгаар нь авч үзвэл энэ нь ямар ч боломжгүй зүйл юм. Иймд шүүх үүнийг анхаарч үзнэ үү.
           Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлын байраар хангаж ажиллуулахыг даалгах гэж байна. Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргахдаа сонгон шалгаруулалт хийхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгоод  улмаар ажлын байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Захиргааны процессын тухай хуульд зааснаар эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага гаргахдаа хуульд эс үйлдэхгүй гэж тогтоосон тухайн үйлдлийг хийхийг шаардана. Түүнээс хуульд эс үйлдэхүй гэж тогтоож дараа нь өөр утгатай үйлдлийг хийлгэхийг даалгах ийм логик дараалалгүй зүйл байж болохгүй.
           Тухайлбал Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан тогтоолд орон тоо хасагдах гэж “Тухайн байгууллагын бүтцээс тухайн албан тушаалын байр, орон тоо огт байхгүй болохыг” хэлнэ. Үүнд ажлын байраар хангана. Харин орон тоо цөөрнө гэдэг нь “Олон ижил төрлийн орон тооноос нэг орон тоо нь хасагдаад хүний илүүдэл үүсэхийг” хэлнэ. Ийм учраас тухайн ажиллаж байсан хүмүүсийн хооронд сонгон шалгаруулалт хийж мэргэжлийн болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа хүнийг томилох ийм зохицуулалттай. Гэтэл дээрх хоёр зүйлийг нэг шаардлагаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна. Иймд урьд нь тус шүүхээс гаргасан шүүхийн шийдвэрт дээрх маргааныг шийдвэрлэхдээ орон тоо цөөрсөн гэж үзсэн. Нэгэнт тогтоогдсон үйл баримтад талууд маргаагүй, тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.
            Одоо ямар маргаан байгаа вэ гэхээр нэхэмжлэгч Б-ийг ажлаас чөлөөлөгдсөний дараа орон тоо цөөрсөн, тэгэхээр орон тоо цөөрсөн тохиолдолд сонгон шалгаруулалт хийх ёстой. Харин ажлын байраар хангах шаардлага нь орон тоо хасагдсан нөхцөлд биелэгдэх хуулийн зохицуулалттай юм. Нөгөө талаас ажлын байраар хангах асуудал шууд орон тоо хасагдахаар ажлын байраар хангах асуудал биш юм. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” юм. Иймд хариуцагчид шууд ажлын байраар хангах бүрэн эрх байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар ажлын байр цөөрсөнтэй холбогдуулж ажлын байраар хангах хууль зүйн талаасаа боломжгүй.
Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны процессын хуульд зааснаар хариуцагчаас аливаа акт, шийдвэр гаргуулахыг хүсч байгаа тохиолдолд эс үйлдэхүй байхыг заавал шаардана гэж заасан. Иймд Төрийн албаны тухай хууль, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д зааснаар даалгах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хууль бус эс үйлдэхүй заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлын байраар хангуулах талаар төрийн захиргааны байгууллагад болон Төрийн албаны зөвлөлд энэ талаар хандаагүй. Хэрвээ бичгээр өргөдөл гаргаад энэ асуудлыг шийдүүлэх талаар хандсан бол төрийн захиргааны байгууллага хүний нөөцийн эрхийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Нэхэмжлэгч мөн эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох цалин, хөлс, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг гаргуулах тухай бусад шаардлага гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн хуулийн зохицуулалт байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж байгаа маргаан нь ажлын байранд эргүүлэн тогтоолгох тухай маргаан биш юм. Иймд дээрх зүйлд зааснаар ямар ч тохиолдолд өмнө нь эрхэлж байсан ажлын цалинг гаргуулах тухай урьдчилсан нөхцөл хангагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хохирол нэхэмжлэх асуудал үүсэхгүй юм. Мөн хохирол гэдэг нь хариуцагчийн үйлдэл нь гэм буруутай байх үүний улмаас хохирол үүссэн болохыг хэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтад хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй, гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байгаа учраас хохирол үүссэн тухай ярих боломжгүй.
           Хариуцагчийг шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хэн бүхэнд өмнөх тус шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсэгт заасан заалтууд ойлгомжтой байна. Хариуцагч үүний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж хохирол мөнгийг нь олгоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.
          Хохирол нь бүх нэхэмжлэлд хамаатай  гэж байна. Цаг хугацааны хувьд хохирлын хэмжээ ихсэх, багасах зүйл яригдана. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасан заалтын дагуу хохирлыг тооцъё гэхэд гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарт сонгон шалгаруулалт явуулж өрсөлдүүлнэ. Тухайн шалгаруулалтын хугацаа хэдий хугацаанд явагдах вэ, шалгаруулалтад орж байх хугацаанд цалин тооцогдох юм уу гэх үүднээс цалингийн их, багийн хэмжээнд бид маргаантай, аль хугацаанаас эхлэн хэрхэн яаж тооцогдох юм. Ийм учраас хохирлын хэмжээнд маргаж байгаа учраас энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдэхгүй, Иргэний хэргийн шүүхийн шийдэх асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Гуравдагч этгээд Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа : Б.Н миний бие 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтын дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө авч ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэж ороход Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дугаар тушаалаар байгууллагын бүтэц орон тоо, цалинг шинэчлэн тогтоосон байсан. Миний хувьд хуулийн дагуу өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалд эргэн ажиллаж байгаа учраас миний эрх, ашиг хөндөгдөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.


ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Б нь Дорноговь аймгийн ХХАА-н газрын даргад холбогдуулан шүүхэд анх “тус газрын даргын Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан алба хаагчийн...тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг...шалгаруулж авах” гэснийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т заасны дагуу ажлын байраар хангахыг даалгах, ...ажлын байраар хангаагүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох жирэмсний болон амаржсаны тэтгэмж, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа хоёр удаа тодруулсан  ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “хариуцагчийн, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан алба хаагчийн...тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг...шалгаруулж авах” гэснийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т зааснаар ажлын байраар хангах асуудлыг даалгах, хариуцагчийн шалгаруулалт явуулж ажлын байраар хангаагүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,284,118 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тус тус гаргуулах /нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх/ хэмээн тодорхойлж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр миний төрийн албанд ажиллах эрхийг сэргээсэн тул хариуцагчаас шалгаруулалт явуулах үүрэгтэй, ...Хөдөлмөрийн тухай хуулиар жирэмсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон тул намайг ажлын байраар хангах ёстой, ...шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш цалин хөлс аваагүй нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан, үүнээс болж жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй” гэж,
               Хариуцагч албан тушаалтнаас, “...шалгаруулалт явуулах асуудлаар тусгайлан, бичгээр хандаагүй учир эс үйлдэхүй гэж үзэхгүй, иймээс даалгах боломжгүй, ...хариуцагчид эхэлж хандаагүй асуудлыг шүүх шууд хүлээж авсан, ...нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудлыг шүүхээс өмнө шийдвэрлэж тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй, ...хариуцагчийн хувьд хууль бус эс үйлдэхүй гаргаагүй тул хохирол нэхэмжлэх эрхгүй...” гэх зэргээр тус тус маргаж байна.

               Нэг. “Хариуцагч албан тушаалтнаас, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар орон тоо нь цөөрсөн албан тушаалд ажиллаж байсан алба хаагчдаас шалгаруулж авах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
              Нэхэмжлэгч А.Б өмнө нь хариуцагч Дорноговь аймгийн ХХАА-н газрын даргад холбогдуулан тус газрын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/20, “Ажлаас чөлөөлөх тухай” 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/26 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  нь ханган, маргаан бүхий Б/20, Б/26 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг нь “шүүхийн шийдвэр гарах үед нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүний ажиллаж байсан байгууллагын бүтэц, орон тоонд /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс/ өөрчлөлт орж, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо цөөрснөөр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд эгүүлэн тогтоох боломжгүй, албан хаагчдаас хэн алиныг шалгаруулж авах нь томилох эрх бүхий этгээдийн бүрэн эрхийн асуудал” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, улмаар түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг  маргаан бүхий шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж үзэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах цалин хөлстэй тэнцэх 2,216,236.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай” 1344 дугаар захирамж  гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
    Шүүхийн дээрх шийдвэрээр нэхэмжлэгч А.Б-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгүй уг шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч тухайн шийдвэрийн үр дүнд түүний төрийн алба хаах эрх сэргэсэн, өөрөөр хэлбэл түүнийг чөлөөлсөн тушаалыг шүүхээс хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэснээр маргаан бүхий тухайн захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болж нэхэмжлэгчийг төрийн албан хаагчаар томилсон шийдвэрийн үйлчлэл хэвээр үргэлжлэх үр дагавартай тул хариуцагч албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хуулийн  62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “орон тоо цөөрсөн” нөхцөл байдалтай холбогдуулан тухайн албан тушаалд ажиллаж байсан 2 алба хаагч /нэхэмжлэгч А.Б, хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэж орсон  гуравдагч этгээд Б.Норжмаа/-аас хуульд заасан журмын дагуу шалгаруулж авах ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага үүссэн үйл баримт тогтоогдож байна.
    Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрийн дараа хариуцагч албан тушаалтны зүгээс нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдал нь төрийн албан хаагч хэвээр байгаа тул тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангуулахаар маргах эрхтэй бөгөөд тухайн этгээдээс энэхүү эрхийнхээ хүрээнд шүүхийн өмнөх шийдвэрийн үр дагавартай холбоотойгоор үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шалгаруулалт явуулах үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй нь хууль бус гэж маргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор тус тус заажээ.
    Хуулийн дээрх тодорхойлолтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл нэг талаас нэхэмжлэгч нь “хариуцагч албан тушаалтанд шалгаруулалт явуулахтай холбогдуулан амаар болон бичгээр хандсан байх”, нөгөө талаас хариуцагч албан тушаалтан нь “тухайн асуудлыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан” байхыг ойлгохоор байх боловч энэхүү маргааны тухайд хариуцагч нь төсвийн шууд захирагч бөгөөд томилох эрх бүхий этгээд болохын хувьд, нэхэмжлэгчийг өөрийг нь эхэлж хандсан байхыг шаардахгүйгээр буюу түүнийг “шалгаруулалт явуулах талаар” тухайлан гомдол, хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шүүхийн өмнөх шийдвэрийн үр дагавартай холбоотойгоор тухайн байгууллагадаа нэгэнт үүссэн “орон тоо цөөрсөн” нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар “шалгаруулж авах” ажиллагааг зайлшгүй хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
    Хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбогдуулан тухайлан маргаагүй боловч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа  “...байгууллагын даргын хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд холбогдох харьцуулалт, дүгнэлтийг хийсний үндсэн дээр мэргэжилтэн Б.Норжмааг уг албан тушаалд томилсон, ямар нэг шалгаруулалт огт хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй” гэж дурджээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “шалгаруулж авах” ажиллагааг эрх бүхий этгээд дангаар хэрэгжүүлэхгүй бөгөөд өөрийн шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгож авах журамтай учир хариуцагчийг “шалгаруулж авах” ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
    Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдөлдөө “хариуцагчийг ...шалгаруулалт хийхгүй  байгаа нь хууль бус болох тухай огт дурдаагүй, …уг асуудлаар урьдчилан хариуцагчид хандаагүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь төрийн захиргааны байгууллагын “хүний нөөц”-ийн эрх хэмжээнд халдсан асуудал” гэх тайлбарыг гаргасан улмаар Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгч А.Бэд хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/200 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт  “...хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй” хэмээн дурдсан байдаг боловч, нэхэмжлэгчийн тус зөвлөлд хандан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өргөдөлд  “...Шүүхийн шийдвэрээр төрийн албан хаагч миний эрхийг сэргээсэн бөгөөд байгууллагын дарга шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн намайг ажлын байраар хангахгүй байгаа талаар...салбар зөвлөлийн дарга.../-д/  хандахад уг асуудлыг 2019 оны 11 сардаа багтаан шийдвэрлэж өгөх талаар хэлсэн ч одоо болтол хариу өгөөгүй байна,  ...байгууллагын дарга өнөөдрийг хүртэл ажлын байраар хангаагүйн улмаас жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж чадахгүй байгаа, ...Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг...авч өгнө үү” хэмээн дурдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг тухайн маргаантай асуудлаар буюу “шалгаруулалт явуулах”-тай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандаагүй гэж үзэх боломжгүй байх ба тэрээр энэхүү маргаан бүхий асуудлаа захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлснээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан.
 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн “шалгаруулж авах” үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагатайгаа холбогдуулан “шалгаруулалт явуулахыг даалгах” гэсэн шаардлагыг тухайлан гаргаагүй боловч уг эс үйлдэхүйтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар “ажлын байраар хангуулах” гэсэн шаардлагыг хамтатган гаргаж байгаагаас нь үзвэл нэхэмжлэгч “тухайн шалгаруулалтыг явуулахтай холбоотойгоор ажлын байраар хангуулах” хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байх бөгөөд шүүхээс зөвхөн хариуцагчийн шалгаруулалт явуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн хөндөгдсөн гэх төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх, ашиг сонирхлыг шууд сэргээн тогтоох боломжгүй бөгөөд аливаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэний үр дагавар нь тухайн идэвхгүй үйл ажиллагаанаас үүссэн нөхцөл байдлыг арилгахад чиглэсэн тодорхой үйлдэл хийхэд оршино. Иймээс эс үйлдэхүй гаргасан хариуцагчийг үүрэгжүүлж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг даалгах нь иргэний зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн зорилгод нийцэх бөгөөд энэхүү шийдэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал биш.
            Иймд хариуцагч Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар “орон тоо цөөрсөн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдаас шалгаруулж авах” үүргээ хэрэгжүүлээгүй /эс үйлдэхүй/-г хууль бус болохыг тогтоож, тухайн шалгаруулалт /шалгаруулж авах ажиллагаа/-ыг зохих журмын дагуу зохион байгуулж явуулахыг тухайн этгээдэд даалгах нь зүйтэй байна.

           Хоёр.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлын байраар хангуулах шаардлагын тухайд:
    Нэхэмжлэгч А.Бээс дээрх шаардлагынхаа үндэслэлийг “...жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний албаны даргын албан тушаалд очно гэж нэхэмжлээгүй, ...жижиг дунд үйлдвэрийн хоёр ажлын байр нэг болсонд сонгон шалгаруулалт явуулж тухайн шалгаруулалтад хэн нь ч тэнцсэн ажилгүй үлдсэн нэгийг нь төрийн албаны тухай хуульд зааснаар өөр ажилд дадлагажуулж сургаж авах үүрэг нь удирдлагын эрх хэмжээний асуудал учраас миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажлын байраар хангуулах ёстой” гэх агуулгаар тайлбарлажээ.
    Нэхэмжлэгчийн дээрх шаардлагын үндэслэлд дурдагдаж буй “шалгаруулалт явуулах, ажлын байраар хангах тухай” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол...албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг...шалгаруулж авах”-аар, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд...ажлын байраар хангах”-аар тус тус зохицуулжээ.
    Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч...дараахь баталгаагаар хангагдана” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагч уг хэсэгт заасан бүхий л баталгаагаар нэгэн зэрэг хангагдана гэсэн ойлголт биш бөгөөд уг хэсгийн аль заалтад заасан ямар нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаа өөр өөр байна.
    Нэхэмжлэгч А.Б маргаж буй “ажлын байраар хангуулах”-тай холбоотой баталгааны тухайд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн зөвхөн 62.1.4 дэх заалтад заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” тохиолдолд хангагдахаар байна.
    Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй энэхүү маргааны тухайд дээр дурдсан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” тохиолдлууд бий болоогүй, харин Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар “орон тоо цөөрсөн” нөхцөл байдал тухайн байгууллагад үүссэн болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, ...шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, ...ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн хувьд “шууд ажлын байраар хангуулах”-аар ийнхүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
    Иймээс нэхэмжлэгчийн “ажлын байраар хангуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

    Гурав. Хариуцагчийн шалгаруулалт явуулаагүй, ажлын байраар хангаагүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин,  жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,284,118 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 3-ын а/-д “үндсэн цалин” гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө  ажил олгогчоос ажилтанд олгож байгаа баталгаат хөлсийг хэлнэ” хэмээн тодорхойлсноос үзвэл аливаа этгээд тодорхой ажил, үүргийг хийж гүйцэтгэсэн тохиолдолд түүндээ тохирох цалин хөлсийг авах эрхтэй байна.
    Нэхэмжлэгч А.Б хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх нь хэвээр байгаа ч төрийн тухайн албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж, ажил үүргийг гүйцэтгээгүй байх ба ийнхүү гүйцэтгээгүй нь хариуцагчийн маргаан бүхий эс үйлдэхүйтэй шууд хамааралтай гэж үзэх боломжгүй байна.
    Учир нь хариуцагч албан тушаалтны хувьд шалгаруулалт явуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус байх хэдий ч энэ нь нэхэмжлэгчийг тухайн цөөрсөн орон тоонд шууд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй. Орон тоо нь цөөрсөн алба хаагчдаас зохих журмын дагуу шалгаруулж авах журамтай бөгөөд нэгэнт шалгаруулалт явуулаагүй байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг шууд шалгарсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
    Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж гаргуулах шаардлагынхаа үндэслэлийг “...би 2019 оны 05 дугаар сард төрсөн, ...жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн эхэд олгох журамтай бөгөөд жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нийгмийн даатгалын бөглөлтийг үндэслэн олгодог тул уг хуудсыг авч тэтгэмжид хамрагдаж чадаагүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас шимтгэл төлөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагчийн шалгаруулалт явуулж ажлын байраар хангаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас миний бие шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш цалингүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй” хэмээн тайлбарлажээ.
    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /энэ хэсгийг 2017 оны  02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан тул 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өөрчлөлт оруулсан хуулиар/-т “Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн...төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувь /70 хувь байсныг 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар 100 хувь гэж өөрчилсөн/-иар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас шимтгэл төлөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ”  гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 197 тоот албан бичиг , тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 363 тоот албан бичигт  тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч А.Б жирэмсний болон амаржсаны чөлөө 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн олгогдохоор байх ба энэ тохиолдолд тухайн этгээд нь уг хугацаанаас өмнөх сүүлийн 12 сарын тодруулбал, 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар хүртэлх 12 сарын хугацааны тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах эрхтэй байна.    
    Гэтэл нэхэмжлэгчийн, жирэмсний болон амаржсаны чөлөө авах тухайн үед түүний тэтгэмжийн даатгалын шимтгэл 2018 оны 10 дугаар сараас хойш тодорхой шалтгаан /ажлаас чөлөөлөгдсөн/-ны улмаас төлөгдөөгүй байсан бөгөөд улмаар тухайн этгээдийг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эрх бүхий этгээдийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь шимтгэл төлөөгүй байсан дээрх хугацаа /2018 оны 10 сараас, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл/-ны цалин хөлсөө 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн авсан нь хэрэгт авагдсан А.Б цалингийн тооцооны хүснэгт  болон Төлбөрийн хүсэлт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
    Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүй шалтгаан нь хариуцагч албан тушаалтны “шалгаруулалт явуулаагүй хууль бус эс үйлдэхүй”-тэй цаг хугацааны хувьд харилцан хамааралгүй, шүүхийн өмнөх шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан бүхий захиргааны акттай үр дагавартай холбоотой байх тул нэхэмжлэгчийн шаардаж буй жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 2,284,118 төгрөгийг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол гэж үзэж гаргуулах үндэслэлгүй.
    Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагынхаа эрх зүйн үндэслэл болгон тайлбарлаж буй Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан ч тухайн хохиролтой холбоотой маргааны хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “Хохирлын хэмжээний  талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан тул нэхэмжлэгчийн шаардаж буй энэхүү хохирлын хувьд хариуцагчид холбогдох маргаан бүхий эс үйлдэхүйтэй шууд хамааралгүй, түүнтэй хамтатган  нэхэмжлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч нь, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас учирсан гэх хохирлыг барагдуулахтай холбоотой нэхэмжлэлээ харьяалах шүүх /иргэний хэргийн/-д нь гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр нэхэмжлэгчийн тухайн эрхийг хязгаарлахгүй.

    Хариуцагчаас “нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан үйл баримтыг шүүхээс өмнө нь тогтоосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг шүүхээс  шууд шийдвэрлэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэхтэй холбоотойгоор нэг мөр дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй эс үйлдэхүй болон хохиролтой холбоотой эдгээр асуудлын хувьд шүүхээс өмнө нь тухайлан шийдвэр гараагүй, харин өмнөх шийдвэрийн үр дагавартай харилцан хамааралтай үйл баримтуудад холбогдох маргаан байх тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүйг мөн дурьдах нь зүйтэй байна.

    Шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлээд тэдгээрээс тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, үлдсэн нотлох баримтуудыг  хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй /зарим нь давхардаж авагдсан/  гэж үзсэн болно.

    Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд гуравдагч этгээд Б.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд амаар мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу тухайн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.    Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан “орон тоо нь цөөрсөн албан хаагчдаас шалгаруулж авах” үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү шалгаруулж авах үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгасугай.

         2.     Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажлын байраар хангуулах, хариуцагчийн шалгаруулалт явуулж, ажлын байраар хангаагүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 2,284,118 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

           3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Бэд олгосугай.

          4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Б.СИЙЛЭГМАА