| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0239/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/256 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0239/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч С.О-,
Шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Э-ын М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018002900249 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, өвөө, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод түр оршин суух, Б- овогт Э-ын М- /РД: /,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М- нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шөнийн 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4.3 дугаар байрны 7 дугаар орцны 00 өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.О-ыг бусадтай хардаж нүүр, толгой, гар, хөлөн тус газар нь гараараа болон шүүрний ишээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч С.О-ын “...23:00 цагийн манай нөхөр кино үзэж байснаа гэнэт пизда гээд хараагаад, чи намайг хуурч байхдаа сайхан байсан уу гээд элдэв үгээр хараагаад эхэлсэн. Тэгээд намайг хараагаад элдэв үгээр доромжлоод байхаар нь би хэзээ ч чамайг хуураагүй, чи хаанаас ч олж мэдэж болно гэж хэлэхэд намайг чи дуугуй байж бай гээд элдвээр хараагаад байсан. Тэгээд би орноосоо босоод газар сууж байтал над руу нулимаад элдэв үгээр хараагаад гараараа нудраад байсан. Тэгээд юм дуугарахгүй байж байтал миний нүүр, толгой, зүүн талын гар, хөл рүү хэд хэдэн удаа гараараа цохисон, шүүрний иш авч байгаад намайг шүүрний ишээр цохиод зодоод байсан. Миний зүүн гуя хөхөрсөн, зүүн гар бадайрч өвдөөд байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-11/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... манай нөхөр хүний хувьд сайн хүн, бид 2 харилцан бие биенээсээ уучлалт гуйсан, гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
Гэрч С.Б-ын “...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 11:00 цагийн орчим Хүүхэд хөгжлийн төвөөс манай дүү О- залгаад нөхөртөө зодуулсан гээд ирсэн байна, та хүрээд ирээч гэхээр нь би яваад очиход манай дүү О- уйлчихсан байхаар нь цагдаа дээр ирсэн. 2020 оны 04 дүгээр сарын эхээр О- М- үглээд тайван байлгахгүй байна гээд манай гэрт 3 хоноод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 389 дугаартай “...С.О-ын биед баруун, зүүн гуя, шилбэ, баруун өвдөлт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,
Хохирогч С.О-ын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Э.М- хохирогч С.О- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа тодорхойлсон нэгдсэн маягт /хх-ийн 46/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Э.М- нь хохирогч С.О-ыг нүүр, толгой, зүүн талын гар, хөл рүү хэд хэдэн удаа гараараа цохих, шүүрний ишээр цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Э.М- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг өрхийн орлогын хэмжээ, 5-13 насны 4 хүүхэдтэй, хохирогчийн хүсэлт, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан багасгаж, торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн /хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа, хэргийн 54-55/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Э-ын М-нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б- овогт Э-ын М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД