| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00389/И |
| Дугаар | 657 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 657
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/00657 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан- Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Орчлон 84-06 тоотод байрлах “Төгөлдөр бьюти Кэйр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Г.Чинбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти Кэйр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
Ганбаатар овогтой Чинбаатар нь “Төгөлдөр бьюти Кэйр” ХХК-ийн худалдан борлуулдаг Керби Сентриа 3 хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 6 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож , худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 950 000 төгрөгөөр тооцоо хийж, 6 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно.
Одоогоор хариуцагч нь урьдчилгаатай нийлээд нийт 1 600 000 төгрөг төлсөн. Мөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 4 600 000 төгрөг, алданги 2 300 000 төгрөг, нийт 6 900 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх өртэй болно. Улмаар төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэлийг холбогдох шүүхэд гаргасан боловч Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 25923 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь гэрээ хийхэд өгсөн буюу оршин суугаа хаягтаа байдаггүй болох нь тодорхой болсон. Иймд хариуцагч нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Г.Чинбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байх тул эрэн сурвалжлах шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгч миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти Кэйр” ХХК нь хариуцагч Г.Чинбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Г.Чинбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти Кэйр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярыг шүүхэд гаргасан нэхэмжлэл, Г.Чинбаатартай байгуулсан худалдах худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Г.Чинбаатарыг Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо 13а байр, 60 тоотод бүртгэлтгүй тухай тодорхойлолт, “Төгөлдөр бьюти Кэйр” ХХК-ийн үйлчлүүлэгчийн төлөлтийн байдлын баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1, 6-7, 11-р хуудас/
Г.Чинбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо 13а байр, 60 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №102/ШЗ2016/25923 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Ганбаатарын Чинбаатарын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,
Г.Чинбаатар нь 1985 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, регистрийн дугаар нь НФ85090412, холбоо барих утас 99999717, 99119725 болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ганбаатарын Чинбаатарыг /РД:НФ85090412/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Чинбаатарыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН