| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0375/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/389 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/389
2018 05 07 389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын М-т холбогдох эрүүгийн 1708 0262 20390 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Т-ын М Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Өнө Алт” сервис ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 0-7 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлийн лавлагаагаар Төв аймгийн хххх тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй (РД:).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны 3-112 тоотод иргэн Д.Эы баруун чихийг хазаж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: Хохирогчоор тогтоогдсон Д.Э нь миний том эгчийн нөхөр юм. Эрдэнэсайхан нь манай гэр бүлийнхэнтэй таарамж муутай байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа тараад 20 цагийн үед гэртээ байж байхад хүргэн дүү Сумъяа над руу утсаар яриад “танай дүү Мөнхцэцэгийг Эрдэнэсайхан хүчирхийлсэн гэсэн мессеж Эрдэнэсайханаас ирүүллээ” гэж хэлсэн. Мөн манай дүү Мөнхцэцэгийг “ах нартайгаа унтаж хэвтдэг” гэсэн мессеж явуулсан байхаар нь Эрдэнэсайханаас “яагаад ийм мессэж явуулаад байгаан, юу болоод байгаа юм” гэдгийг тодруулахаар гэрт нь очсон. Тэгээд Эрдэнэсайханаас “яагаад Мөнхцэцэгийг хүчирхийлсэн гэсэн мессеж явуулсан”-ыг асуухад “чи тэгээд яах юм” гээд надтай маргалдсан. Эрдэнэсайхан бид хоёр зууралдаж орон дээр нь хамт унасан. Тэгээд би доор нь ороод босож чадахгүй байсан учраас Эрдэнэсайханы чихнээс нь хазчихсан юм. Хохирогч надаас хохирлын мөнгө нэхэмжлээгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1708 0262 20390 дугаартай хэргээс:
1.Хохирогч Д.Эы хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн үед авгайн дүү, хүргэн хоёр цонх тогшихоор нь сэрсэн. Эгчийгээ дагуулж ирж байгаа байх гээд хаалга онгойлгож өгсөн. Хоёулаа орж ирээд Сумъяа шууд хэрүүл өдсөн. Би та нартай хэрүүл хийхгүй гээд Сумъяаг шууд үүд рүү түлхсэн. Тэгтэл Мөнхбаяр нь “зүгээр байж бай” гээд надыг түлхсэн. Би Мөнхбаярыг “чи ч гэсэн гар, би та нартай хэрүүл хийхгүй” гэсэн. Тэгэхэд Мөнхбаяр “чи ер нь яах гээд байгаан” гээд хутга бариад дайрсан. Би тэр үед хутгатай гарыг нь бариад ноцолдсон. Тэр үед Сумъяа хажуугаас орж ирж намайг өшиглөж араас хоолой боож татсан. Тэгэхэд Мөнхбаярын хутгатай гарыг барьж байхад Мөнхбаяр чих хазсан. Манай гурван хүүхэд орилж байгаад том охин Мөнхбаярыг түлхэж зайчилж өгсөн. Би тэр үед Сумъяаг хөлөөрөө унагааж Сумъяагаас холдсон. Мөнхбаяр бас хутгатайгаа холдсон. Би хойшоо болж цагдаагийн 102-т нь дуудлага өгсөн. Тэгээд тэр хоёр чамайг алнаа гэж хэлээд зугтаагаад явсан. Цагдаагийн алба хаагч нар ирэхэд гэр лүүгээ зугтааж явсан байсан. Цагдаа нар ирээд өргөдлөөр ханд гэж зөвлөөд өргөдөл бичиж байхад цагдаагийн алба хаагчид 103 дуудаж өгсөн. 103-н эмч ингэж болохгүй гоо сайхан байна очиж үзүүл гэсэн. Мөнхбаяр, Сумъяа нарт гомдолтой хуулийн дагуу шалгаж өгнө үү. ...” гэх мэдүүлэг ,
2. Хохирогч Д.Эы хэрэг бүртгэлтэд дахин 2017 оны 12 дугаар сарын 04- ний өдөр мэдүүлсэн “...Би эхнэр Түмэн-Өлзийтэй 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад хамт амьдарсан. Түмэн-Өлзий 2016 оны 11 дүгээр сараас архи уугаад оройтож гэртээ ирнэ, нэг бол хонууд өнжүүтээр алга болно, сүүлдээ 15-20 хоног гэртээ ирэхгүй алга болчихдог болсон. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сард гэрээсээ яваад одоо болтол гэртээ ирэхгүй байгаа. Уг нь бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, хүүхдүүд маань над дээр байдаг юм. Түмэн-Өлзий өөрөө архи уугаад гэртээ ирэхгүй удхаараа гэрийнхэндээ “намайг архи ууж агсан тавиад зодсон” гээд буруу ойлгуулчихдаг юм шиг байна лээ. Тэрнээс болоод 2017 оны 11 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим хүн хаалга цохихоор нь би босоод хаалгаа тайлж өгсөн. Гэтэл Түмэн-Өлзийгийн хүргэн Сумъяа, төрсөн дүү Мөнхбаяр нар согтуу байдалтай гэрт орж ирээд Сумъяа нь “чи” гээд хэрүүл маргаан үүсгэх янзтай байхаар нь би тэдэнд “би жоохон хүүхдүүдтэй байна, та нар гарцгаа явцгаа” гэсэн. Тэгэхэд Сумъяа “чи муу” гээд над руу дөхөөд ирэхээр нь түүнийг цааш нь түлхсэн. Тэгсэн чинь хажуугаар нь Мөнхбаяр орж ирээд куртикныхаа халааснаас хар өнгөтэй иштэй байхаа, жижиг хэмжээтэй тонгорог гаргаж ирээд “чи миний эгч, миний аавыг зодсон” гэж хэлээд дайрсан. Би Мөнхбаярын хутгатай гарыг нь барьж аваад урагш нь татаж унагаад гартай нь ноцолдож байхад хажуунаас Сумъяа толгой руу 2-3 удаа гараараа цохиод, цээж нуруу руу 3-4 өшиглөөд араас татаад байсан. Би эсэргүүцэж чадахгүй Мөнхбаярын хутгатай гартай л ноцолдоод байсан. Энэ үед Мөнхбаяр миний чихнээс хазсан. Би Мөнхбаярын хутгатай гартай нь ноцолдож байгаад түүний тонгорогийг нугалаад эвхчихээд Сумъяа миний араас хоолой боогоод татаад байсныг тавиулахад Сумъяа хойшоо суучихсан. Тэгээд би тэр хоёроос салаад босоод ирэхэд тэр хоёр хоёулаа босоод ирсэн. Мөнхбаяр дахин тонгоргоо дэлгээд “чамайг ална” гээд байсан. Би тэр хоёроос салаад утсаа шүүрч аваад “цагдаа дуудлаа” гээд залгахад тэр хоёр гараад зугтчихсан. Миний чихнээс Мөнхбаяр хазсан. Бид зууралдсан болохоор Мөнхбаяр намайг өөр нэг их цохиж чадаагүй. Харин Сумъяа хажуунаас цээж, нуруу, толгой руу гар хөлөөрөө цохиод байсан. Би өөрөө бол тэдэнтэй муудалцаад байсан зүйлгүй. ...” гэх мэдүүлэг ,
3.Гэрч Н.Сумъяагийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сард манай эхнэр Мөнхцэцэгийн эгч Түмэн-Өлзий манай гэр 3, 4 хорооллын эцэст түрээсийн байранд байхад ирсэн. Яагаад манай гэрт ирсэн бэ гэхээр “Эрдэнэсайхантай таарч тохирохгүй байна” гэж нэг хэсэг байсан. Тэгэхэд Эрдэнэсайхан миний утас руу залгаж “Түмэн-Өлзийг битгий гэртээ байлга, бузар янхан” гээд үг хэлээр доромжилсон байдалтай харьцсан. Би Түмэн-өлзийд “танай нөхөр чинь над руу утсаар залгаад янз бүрийн юм яриад байх юм, шөнө оройгүй залгаад байна, та манай гэрт байгаад байж болохгүй, яв” гээд явуулсан. Эрдэнэсайхан Түмэн-Өлзийг явсны дараа ч над руу байнга залгаж “Түмэн-Өлзий танай гэрт байгаа юм биш шүү” гэж над руу мессеж бичсэн. Би эхнэр Мөнхцэцэгт “чи эгч Түмэн-Өлзийгийн нөхөр Эрдэнэсайхантай унтсан юм уу” гэж нэг шөнө бид хоёр маргалдаж байсан. Эрдэнэсайхан 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой миний утас руу мессеж бичиж, “чиний бузар авгай чинь /Мөнхцэцэг/ ах нартайгаа миний хажууд унтаж хэвтэж байсан, чи мэдэх үү” гэхээр нь би эхнэр Мөнхцэцэгийн ах Мөнхбаяр луу утсаар хэлсэн чинь “яг үнэн юм уу мессеж нь байгаа юм уу, ах нь яваад очъё гэсэн. Бид хоёр манай гэрийн гадаа уулзаж Эрдэнэсайханы гэр болох Баянхошууны 11-р хороо Мандал 3-112 тоотод такси барьж 01 цагийн үед очсон. Эрдэнэсайхан гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Мөнхбаяр бид хоёр Эрдэнэсайханы гэр лүү орж Мөнхбаяр ах гар утас дээр байгаа мессежээ унших гэхээр нь би гар утас дээр ирсэн мессежийг уншиж хэлсэн. Эрдэнэсайхан “чи юу яриад байгаа юм” гээд над руу дайрсан. Мөнхбаяр “наад чинь бие муутай чи яах гээд байгаа юм” гээд Эрдэнэсайханы цээжээр тэвэрч татаад надаас салгасан. Дахиад Эрдэнэсайхан “чи юу гээд байгаа юм” гээд дайрахаар нь Мөнхбаяр дахиж намайг татаж аваад, гэрээс гар гэсэн. Би гараад хэсэг хугацаанд гадаа зогсоод Мөнхбаяр гарч ирэхгүй болохоор нь буцаж орсон. Тэр үед Эрдэнэсайханы баруун чихнээс цус гарчихсан, Мөнхбаяр “чи миний дүү нар луу мессеж бичиж дарамталдаг хэн бэ” гээд тэр хоёр маргалдаад зогсож байхаар нь би Мөнхбаярыг аваад гэрээс гарч, бид гэрлүүгээ явсан. Эрдэнэсайхан миний эхнэр Мөнхцэцэгийн талаар янз бүрийн мессэж бичихээр нь би ах Мөнхбаярт нь хэлсэн чинь хамт очье гээд бид тэр орой очсон. Эрдэнэсайханы чихийг Мөнхбаяр хазчихсан гэж дараа нь надад өөрөө хэлсэн. Би Мөнхбаярыг хутгатай явсан талаар мэдэхгүй. Би Эрдэнэсайханы биед гэмтэл учруулаагүй. Эрдэнэсайхан өөрөө “чи юу яриад байгаа юм” гээд над руу дайраад байсан. Тэгээд намайг гэрээс гар гээд Мөнхбаяр хөөгөөд байсан. Би тэгээд гэрээс гарсан. Тэрнээс хойш гэрт юу болсон талаар мэдэхгүй, эргэж гэрт ортол Эрдэнэсайханы баруун чихнээс цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг ,
4. Гэрч Т.Түмэн-Өлзийгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...Би Дүгэрийн Эрдэнэсайхантай 2000 онд гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэдтэй болсон. 2007 онд Эрдэнэсайхан бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хоёр тийш болж, хамт амьдрахгүй байгаа. Манай хүргэн Сумъяа, дүү Мөнхцэцэг хоёр луу Эрдэнэсайхан утсаар янз бүрийн мессэж бичээд байхаар нь Мөнхбаяр, Сумъяа хоёр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 3-112 тоотод шөнө очиж маргалдсан гэсэн. Мөнхбаяр миний төрсөн дүү байгаа юм. ...Манай хүргэн Сумъяа эхнэр Мөнхцэцэгийн гар утас руу Эрдэнэсайхан янз бүрийн мессэж бичээд байна гэж надад хэлж байсан. Мөнхцэцэгийг ах Мөнхбаяр өмөөрч очсон юм байна лээ. Мөнхбаяр, Сумъяагийн эхнэр Мөнхцэцэг хоёр миний төрсөн дүү юм....” гэх мэдүүлэг ,
5.Гэрч Т.Мөнхцэцэгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Миний нөхөр Сумъяа Эрдэнэсайхан над руу Түмэн-Өлзий эгчийг асуугаад янз бүрийн мессэж бичээд байна гээд тэр мессэжийг надад уншуулаад, энэ үнэн юм уу гэж асуусан. Уг мессежэд Эрдэнэсайхан “танай эхнэртэй чинь унтчихсан шүү дээ” гэсэн утгатай мессэж байсан. Нөхөр Сумъяа “тийм үү” гэхээр нь “тийм” гэдгээ хэлсэн. Тэр орой Сумъяа ах Мөнхбаяртай хамт Эрдэнэсайханы гэрт очсон гэсэн. ...” гэх мэдүүлэг ,
6.Т.Мын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой ажлаасаа буугаад гэрт иртэл дүү охин Мөнхцэцэгийн нөхөр Сумъяа утсаар яриад эгч Түмэн-Өлзийгийн нөхөр Эрдэнэсайхан утсаар “танай эхнэр Мөнхцэцэгийн охин насыг нь авсан хүчирхийлсэн, ах нартайгаа унтаж хэвтдэг гэж байна” гэхээр нь Эрдэнэсайхан та хоёр муудалцсан юм уу гэсэн чинь үгүй гэсэн. Эрдэнэсайханы гэрт хамт очъё гээд Сумъяа бид хоёр 3, 4 хорооллын эцэст уулзаж, Баянхошуу руу такси барьж Эрдэнэсайханы гэрт очсон. Гэрт ортол Эрдэнэсайхан хоёр хүүхэдтэйгээ байхаар нь “та Сумъяа руу юу яриад байгаа юм” гэсэн чинь “би юу ярьсан юм” гэхээр нь “та энэ утсыг хар” гээд явуулсан мессэжийг нь үзүүлсэн. Сумъяа руу Эрдэнэсайхан “чи муу юу яриад байгаа юм” гээд дайрсан. Би дундуур нь орж салгачихаад дахин Сумъяа мессэжийг нь уншсан чинь дахиж Эрдэнэсайхан зууралдах гээд Сумъяа руу дайрсан. Сумъяа тэгээд гараад явсан. Би Эрдэнэсайханаас ...“тийм юм болсон уу” гэсэн чинь “болсон бол яах юм” гээд над руу дайрахаар нь Эрдэнэсайхантай зууралдаад орон дээр би доор нь орж унасан. Би тэгж байгаад Эрдэнэсайханы баруун чихнээс нь хазчихсан юм. Тэгсэн чинь Эрдэнэсайхан орноос босоод ирэхээр нь би өмдний халаасанд байсан жижиг тонгорог хутга гаргаж ирээд Эрдэнэсайхан дайрах гээд байхаар нь би хутга гартаа барьчихаад “цаашаа пизда минь” гэж хэлээд зогсож байгаад “чи одоо аавыг минь зодсон, эгчийг минь бас зодсон. Одоо болоо юм биш үү пизда минь” гэж хэлсэн. Гэрээс нь гарах гэтэл Сумъяа гаднаас орж ирээд явъя гээд бид хоёр гараад явсан. Манай дүү Мөнхцэцэгтэй унтсан, бас Мөнхцэцэгийг ах нартайгаа унтдаг гэсэн мессэж Сумъяагийн утас руу бичсэн байхаар гэрт нь очсон юм. Эрдэнэсайхан намайг орон дээр дараад авахаар нь уур хүрээд баруун чихнээс нь хазчихсан юм. Би авч явсан хутгаараа Эрдэнэсайханы биед хүрээгүй. Харин гаргаж ална шүү гэж айлгасан. Би Хэнтийгээс хонь ачиж ирчихээд, хутга авч явж байсан юм. Санаатайгаар Эрдэнэсайханыг хутгаар айлгаж, хутгална гэж хутга авч яваагүй. ...” гэх мэдүүлэг ,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14270 тоот дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Баруун чихний гадна дэлбэнд 0.5х4см хагас дугуй хэлбэрийн хазагдсан шарханд мэс заслын оёдол тавигдсан, баруун чих хаван хавдартай, зүүн чихний гадна дээд хэсэгт 0.5х2см хүрэн улаан өнгийн зулгаралттай, цээжний зүүн доод хэсэгт 0.5х2см-с 5см хүртлэх хэмжээтэй 5-6-н ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэгт: Онош: баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ. ДҮГНЭЛТ: 1.Д.Эы биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, зүүн чих, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2, 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /шинжээч Ц.ОюунЭрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт ,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 33 тоот ДҮГНЭЛТ: 1, 3. Эрдэнэсайханы биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн чих, цээжний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Дээрхи баруун чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хазагдсан шархны улмаас үүснэ. 4. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /шинжээч Ц.Оюун-эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт ,
9. Т.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт , хохирогч Д.Эы гэрлэлтийн лавлагаа , Т.Мын “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулга, “Өнө-Алт” ХХК-ний ажлын болон цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд: 1.Гэм буруугийн талаар. Шүүгдэгч Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Мандалын 03-р гудамжны 112 тоотод оршин суух, хүргэн Д.Эыг “танай дүү Мөнхцэцэгийн охин насыг нь авч хүчирхийлсэн, Мөнхцэцэг нь ах нартайгаа унтаж хэвтдэг” гэж хэлж доромжиллоо” гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар хохирогчийн баруун чихийг хазаж “баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч Д.Эы 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 03 цагийн үед ...Мөнхбаяр “чи ер нь яах гээд байгаан” гээд хутга бариад дайрсан. ...Мөнхбаярын хутгатай гарыг барьж байхад Мөнхбаяр чих хазсан. ...” гэх мэдүүлэг , мөн түүний 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн “...Би эхнэр Түмэн-Өлзийтэй 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулаад хамт амьдарсан. ...2017 оны 11 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ...Түмэн-Өлзийгийн хүргэн Сумъяа, төрсөн дүү Мөнхбаяр нар согтуу байдалтай гэрт орж ирсэн. ...Мөнхбаяр орж ирээд куртикныхаа халааснаас хар өнгөтэй иштэй байхаа, жижиг хэмжээтэй тонгорог гаргаж ирээд “чи миний эгч, миний аавыг зодсон” гэж хэлээд дайрсан. ...Би эсэргүүцэж чадахгүй Мөнхбаярын хутгатай гартай л ноцолдоод байсан. Энэ үед Мөнхбаяр миний чихнээс хазсан....” гэх мэдүүлэг ,
-гэрч Н.Сумъяагийн мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой миний утас руу Эрдэнэсайхан мессэж бичиж “чиний бузар авгай чинь /Мөнхцэцэг/ ах нартайгаа миний хажууд унтаж хэвтэж байсан, чи мэдэх үү” гэсэн. Би эхнэр Мөнхцэцэгийн ах Мөнхбаяр луу утсаар хэлсэн чинь “яг үнэн юм уу, мессэж нь байгаа юм уу, ах нь яваад очьё” гэсэн. Бид хоёр Эрдэнэсайханы гэрт ...очсон. ...би гар утас дээр ирсэн мессэжийг уншиж хэлсэн. ...Мөнхбаяр “чи миний дүү нар луу мессэж бичиж дарамталдаг хэн бэ” гээд тэр хоёр маргалдсан. ...Эрдэнэсайханы чихийг Мөнхбаяр хазчихсан гэж дараа нь өөрөө надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг ,
-Гэрч Т.Мөнхцэцэгийн мэдүүлсэн “...мессежэд Эрдэнэсайхан “танай эхнэртэй чинь унтчихсан шүү дээ” гэсэн утгатай мессэж байсан. Тэр орой Сумъяа ах Мөнхбаяртай хамт Эрдэнэсайханы гэрт очсон гэсэн. ...” гэх мэдүүлэг , -шүүгдэгч Т.Мын хэрэг бүртэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой ...дүү охин Мөнхцэцэгийн нөхөр Сумъяа утсаар яриад эгч Түмэн-Өлзийн нөхөр Эрдэнэсайхан утсаар “танай эхнэр Мөнхцэцэгийн охин насыг нь авч хүчирхийлсэн, мөн ах нартайгаа унтаж хэвтдэг гэж байна” гэсэн. Би Эрдэнэсайханы гэрт хамт очьё гээд Сумъяа бид очсон. ...Сумъяа мессэжийг нь уншсан. Би Эрдэнэсайханаас “тийм юм болсон уу” гэсэн чинь “болсон бол яах юм” гээд над руу дайрахаар нь Эрдэнэсайхантай зууралдаад орон дээр, би доор нь орж унасан. Би тэгж байгаад Эрдэнэсайханы баруун чихнээс нь хазчихсан юм. ...Эрдэнэсайхан намайг орон дээр дараад авахаар нь уур хүрээд баруун чихнээс нь хазчихсан юм....” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлд/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн болон хэргийн материалаар нэмэлтээр гаргасан шинжээчийн 14270, 33 тоот дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.М гэм буруугийн талаар маргаагүй. Хууль зүйн дүгнэлт: Улсын яллагчаас шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Т.М нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Мын төрсөн дүү Т.Түмэн-Өлзийн нөхөр хохирогч Д.Э болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь садан төрлийн хүмүүс байна. Тэд урьд нь таарамжгүй харилцаатай байсан байх бөгөөд тухайн өдөр садан төрлийн хоорондох асуудлаас болж маргалдан, улмаар шүүгдэгч Т.М нь шууд санаатай үйлдлээр хохирогч Д.Эы чихийг хазаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Тиймээс шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай. Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжлээгүй, холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн байх тул хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн цалин хөлс, орлогыг харгалзан торгуулын ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоох тухай дүгнэлтийг, шүүгдэгч Т.Маас шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “...хохирогч Д.Э миний дүүг доромжилсон мессэж явуулаагүй бол би гэмт хэрэгт холбогдохгүй байсан, хохирогчийн зүй бус ажиллагаа байсан учраас торгуулын ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн. Шүүхээс шүүгдэгч Т.Мт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал буюу урьд ял шийтгэлгүй, тогтмол эрхэлсэн ажилтай, мөн “Өнө Алт” ХХК-ний тодорхойлолт, цалингийн тооцооллын баримт зэрэгт үндэслэн түүнд 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 3.Бусад асуудлаар. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн хугацаанд тогтоож, тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Т.Мт мэдэгдсүгэй.
4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА