Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 688

 

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/00688

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 2-18 тоотод оршин суух, Шарнууд овогт Дашзэвэгийн Байгалцэрэнгийн /РД:ЧД84121706/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрлах, Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох,

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгалцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ /ШТЭҮ-2101/, хариуцагч Д.Тунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр /ШТЭҮ-2288/, гэрч М.Цогзолмаа, Б.Нарантуяа, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Байгалцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Байгалцэрэн нь Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуульд 2015.1.13-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчийн орон тоон дээр хугацаагүйгээр томилогдон ажилласан болно. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2016.11.28-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан. Хамтран ажиллах хугацаанд ажил олгогч буюу 75 дугаар сургуулийн захирал Д.Тунгалагийн зүгээс удаа дараа хууль бус шаардлага тавьж сургуулийн төсөвт байхгүй мөнгө гаргаж өг гэж надаас шаарддаг байсан. Би тухайн үед нь сургуулийн төсөвт таны хэлж байгаа мөнгө төсөвлөгдөөгүй гаргах боломжгүй байна гэж хэлдэг байсан. Ажил олгогчийн зүгээс чи миний хэлснийг хийсэнгүй, чамтай цаашид хамтран ажиллах боломжгүй, ажлаа хүлээлгэж өг гэж дарамталдаг байсан.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үр дүнгийн урамшуулал авах ёстой байтал надад өгдөггүй байсан. Ажил олгогчийн зүгээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан захирлын 2016.11.28-ны өдрийн Б/67 дугаартай тушаалын үндэслэн хэсгийг үзвэл Төсвийн тухай хуулийн 19.6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 59, 37.1.1 дэх заалтуудыг баримталсан боловч эдгээр заалтууд нь надтай хамааралгүй хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болохооргүй байна. Миний бие ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахин ажиллаж байсан болно.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 75 дугаар сургуульд нягтлан бодогчийн орон тоонд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэж өг гэсэн, уг хугацаанд ямар нэг санхүүгийн зөрчил гаргаагүй. Тайлан тооцоог цаг тухайд нь гаргаж байсан. Захиралтай санхүүгийн асуудлаар төсвөө хэмнэж байсан учраас удаа дараа маргаан үүсэж байсан. Хамт ажиллах хугацаанд захирал удаа дараа хууль бус шаардлага тавьж байсан. Тухайн үед нь боломжгүй гэж хэлдэг байсан, гэтэл захирал намайг миний үгэнд орохгүй бол ажлаасаа гар гэж дарамталдаг болсон. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа надтай ярилцаагүй, харилцан тохиролцоогүй, тиймээс шүүхэд хандсан. Надтай зөвшилцсөн гэж ажлаас халсныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Хариуцагч 75 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Д.Тунгалаг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          Д.Байгалцэрэн нь ХУД-ийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01/54 тоот албан бичгээр манай сургуульд нягтлан бодогчоор ажиллуулах санал тавьсны дагуу сургуулийн захирлын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/05 тоот тушаалаар нягтлан бодогчоор ажиллуулсан.

          ХУД-ийн Төрийн сан 2016 оны 11 дүгээр сард 4 сургуулийн нягтлан бодогчийг сэлгүүлэн ажиллуулахаар тус сургуулиудын захирлуудтай санал солилцож, зөвшилцөн шийдвэрлэсний дагуу ХУД-ийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/1189 тоот албан бичгийн дагуу Б.Одонсүрэнг нягтлан бодогчоор ажиллуулж байна.

           Би нягтлан бодогчийг ажиллуулахдаа Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.4 дэх заалтад зааснаар ХУД-ийн Төрийн сангаас сонгон шалгаруулж, эсвэл сэлгэн ажиллуулах санал болгон зөвшилцсөн хүмүүсийг тушаал гарган авч, хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Үүний дагуу ХУД-ийн Төрийн сангийн дарга М.Цогзолмаа, ерөнхий нягтлан бодогч Б.Нарантуяа нартай зөвшилцөн нягтлан бодогч Д.Байгалцэрэн өөрөө зөвшөөрсний үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/67 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан. Нэгэнт Төрийн сантай зөвшилцөж, тэднийг сэлгүүлэн ажиллуулахаар санал болгосон нягтланг авсан тул Д.Байгалцэрэнг хаана сэлгүүлэн ажиллуулахыг би мэдэхгүй. Эрх бүхий байгууллагын шийдвэрлэх асуудалд би хөндлөнгөөс оролцох эрхгүй. Иймээс Д.Байгалцэрэнгийн үндэслэлгүй ажлаас халсан гэж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.               

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Төрийн сангийн санал болгосноор ажилд орсон. Анх ажилд ороход нь би хамт ажиллах хэцүү байна гэдгээ хэлж байсан. Бид туршилтын хугацаагаар ажилд авдаг бөгөөд нэхэмжлэгч нь өөрийгөө хугацаагүй ажиллахаар болсон гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед ажлаас чөлөөлөх боломж байсан боловч би сэлгээнд ороод яв гэж хэлэхэд тэгье гэж тохирсон учраас ажиллуулж байсан. Нэхэмжлэгчтэй хамт ажиллахад асуудалтай байсан бөгөөд энэ хүн нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй хүн. Би батлагдсан төсвөөс гадуурх төсвийг нэхэх ёс зүй надад байхгүй. Нэхэмжлэгч нь сар бүр ур чадварын нэмэгдэл өг гэж хэлдэг байсан. Би өөрийн ажлаа явуулах эрхтэй байхад ажлаа сайн хийж чаддаггүй байсан. Ажил дээр ажлын бус цагаар хүмүүсийг авч ирж байдаг, ур чадвар муутай, ажлаа сайн хийдэггүй. Нэхэмжлэгчийн ажлын ур чадвар нь тэнцэхгүй байсан тул хамт ажиллах боломжгүй байсан тул бид зөвшилцсөний үндсэн дээр тохиролцоонд хүрсэн. Би Төсвийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж өмнө ажиллаж байсан хүнээ явуулж, дараагийн хүнээ ажилд авсан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийг эргүүлж ажилд нь авах боломжгүй, зөвшилцөөд харилцан тохиролцоод явсан. Анхнаасаа сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албаны шалгалтад тэнцээгүй хүнийг ажиллуулахаар Төрийн сан томилсон учраас л би ажиллуулсан. Тэгээд ажиллаж байх явцдаа шаардлага хангаагүй, мөн сахилгын зөрчил гаргаж байсан, хамт ажиллаж байж Авлигатай тэмцэх газарт өргөдөл гомдол өгч шалгуулж байсан учраас ажилд нь эгүүлэн авах боломж байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Байгалцэрэн нь хариуцагч 75 дугаар бүрэн дунд сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд зөрчил дутагдал гараагүй, ажлаа гүйцэтгэж байхад харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласныг зөвшөөрөхгүй гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болгосон, ур чадвар муутай, төрийн албаны шалгалт өгөөгүй, шаардлага хангахгүй байхад томилогдож ирсэн, сэлгэн ажиллуулах талаар Хан-Уул дүүргийн Төрийн сантай тохиролцсон тул хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэгч Д.Байгалцэрэнг Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

            Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №Б/67 тоот “Д.Байгалцэрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн төрийн сангийн даргатай зөвшилцсөний дагуу нягтлан бодогч Д.Байгалцэрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 4-р хуудас/

Нэхэмжлэгч ажлаас халсан тухай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №Б/67 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Байгалцэрэн нь Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчоор 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн №Б/05 тоот тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3, 5-9-р хуудас/

            Хариуцагч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулсан, хугацаагүйгээр байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээний 2.2-т хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэснийг доогуур нь зурсныг санахгүй байна, би зураагүй гэж маргасан.

            Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2.2-т “хөдөлмөрийн гэрээ нь 2015 оны 1 сарын 13-ны өдрөөс байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй, туршилтын болон сургалтын хугацаагаар тус тус байгуулж болохыг заасан байх бөгөөд мөн хуулийн 23.2.3-д “туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна” гэж заасан тул хариуцагчийн туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.         

           

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр цуцласан нь үндэслэлгүй, сэлгэн ажиллуулах талаар хариуцагчтай харилцан тохиролцоогүй, ур чадвар муутай гэдгийг зөвшөөрөхгүй, ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаагүй, шаардлага хангасан учраас хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэсэн.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон тул дуусгавар болгосон, Төрийн сангаас шууд томилогдож ирсэн, зөвшилцөнө гэсэн боловч шалгалт өгөөгүй, шаардлага хангаагүй хүн өгсөн гэж мэтгэлцсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “талууд харилцан тохиролцсон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээний харилцааг зогсоох талаар түүний талууд урьдчилан санал нэгдэх замаар тохиролцохыг ойлгоно.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй болон Төрийн сантай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон талаарх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаатай зөвшилцөн тохиролцсныг хөдөлмөрийн гэрээний тал болох нэхэмжлэгч Д.Байгалцэрэнтэй харилцан тохиролцсон гэх үндэслэлгүй болно.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг Төрийн сангаас томилогдож ирсэн, дараагийн нягтлан бодогчийг томилсон байгаа тул эгүүлэн ажиллуулах боломжгүй гэж тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01/54 тоот “Ажилд томилох тухай” албан бичгээр “...Д.Байгалцэрэнг танай байгууллагын нягтлан бодогчоор ажиллуулахаар 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн томилов”, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/1189 албан бичгээр “...Б.Одонсүрэнг ажиллуулахаар зөвшөөрөв” гэснээр тус тус нотлогдоно гэсэн. /хэргийн 17, 19-р хуудас/

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн томилж, чөлөөлнө”, 19.6.4-д “дүүргийн төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг дүүргийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байна.

Иймд Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар дүүргийн төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч болох хариуцагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг дүүргийн Төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх бөгөөд энэ нь гэрч М.Цогзолмаагийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээг байгуулах эсэх нь хариуцагчийн эрх юм.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг ажлаа муу хийдэг, ур чадварын хувьд хангалтгүй, ажлын байрандаа хүмүүс цуглуулдаг, төрийн албаны шалгалт өгөөгүй, ажлын байрны шаардлага хангаагүй, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/09 тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэсэн боловч ажлаа хангалттүй хийдэг, ур чадварын хувьд ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй болно.

Мөн шүүх хуралдаанд гэрч М.Цогзолмаа нь нэхэмжлэгчтэй сэлгэн ажиллах талаар харилцан ярилцсан, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль болон 115 дугаар сургуулийн захирлуудтай зөвшилцөж нягтлан бодогч нарыг сэлгэхээр болж энэ талаар Д.Байгалцэрэнд мэдэгдсэн гэж, гэрч Б.Нарантуяа нь сэлгэн ажиллах талаар Д.Байгалцэрэнд танилцуулсан, мэдэж байсан гэсэн боловч Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаагийн хариуцагчтай харилцан тохиролцсон, нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэлгүй, М.Цогзолмааг талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний оролцогч гэж үзэхгүй.

Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч Хан-Уул дүүргийн 75 дугаар бүрэн дунд сургуулийн захирал нь ажилтан Д.Байгалцэрэнтэй хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгосон гэдгийг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Байгалцэрэнг Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын №0170982 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 800 592 төгрөг /595 505+1 234 408+571 865=2 401 778:3=800 592 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4 сарын цалин нийт 3 202 368 төгрөгийг /800 592 х 4 сар=3 202 368 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

            Иймд хариуцагч 75 дугаар бүрэн дунд сургуульд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Дашзэвэгийн Байгалцэрэнг Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн  ажилд  эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулиас Д.Байгалцэрэнгийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 202 368 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Байгалцэрэнд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.Байгалцэрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуульд даалгасугай.

 

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид  66 187 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН