Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч  М.Ховор-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мягмарсүрэнгийн Ховор-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201619000363 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1987 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 36-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ховор-Эрдэнэ /РДАК87121310/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч М.Ховор-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Ар худаг гэх газраас Монгол Чех Металл ХХК-ийн ажилчдын байрны гаднаас Б.Цэрэнбатаагийн эзэмшлийн 66-61 УНД улсын дугаартай Тоёото Спасил маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд

Шүүгдэгч М.Ховор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Цэрэнбатаа хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад Баян сумын төвийн хойно байдаг ажлын газрынхаа байрны гадна өөрийн эзэмшлийн Тоёото Спасио маркийн 66-61 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг үлдээсэн. Маргааш өглөө нь буюу 31-ний өглөө 9 цагийн үед би машинаа алга болсон гэдгийг мэдсэн. Би машины түлхүүрээ машин дотроо үлдээсэн байсан. Машины хаалга цоожгүй байсан. 1998 онд Япон улсад үйлдвэрлэсэн Монголд 2011 онд орж ирсэн хуучин машин байгаа юм. Би машинаа 3 сая төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн эзэмшлийн Тоёото Спасио маркийн 66-61 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн газрын журмын хашаанаас бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад гомдол санал байхгүй, Ховор-Эрдэнэ гэх залуу надаас уучлалт гуйсан. Би Ховор-Эрдэнэ гэх залууг танихгүй гэсэн мэдүүлэг /хх-09 тал/,

 

Гэрч Ж.Түвшинтөгс хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянцагаан сумаас авч ирсэн 180 тонн жоншийг бид нарыг ажиллуулж байсан хүн Баян сумын Монгол Чех Металл ХХК-ийн гаднаас вагонд ачуулсан юм. Тэгээд 30-ны өдөр хувцасаа угааж  амарч өнжсөн. Тэгээд хамт ажиллаж байсан Ховор-Эрдэнэ, Отгонсүрэн бид нар тэнд байсан бусад хүмүүстэй архи уусан. Бид нар согтчихоод Налайх руу явж Ховор-Эрдэнэ эхнэр хүүхэдтэйгээ уулзчихаад ирнэ гэж ярьж байсан. Тэгтэл Ховор-Эрдэнэ шөнө 23 цаг өнгөрч байсан байх тэр үед гарч орж ирээд таньдаг хүнээсээ машиныг нь гуйгаад түлхүүрийг нь авчихлаа, хамт Налайх явчихаад ирье гэхээр нь Отгонсүрэн бид хоёр Ховор-Эрдэнэтэй хамт явсан. Гараад ирэхэд Ховор-Эрдэнэ 66-61 УНД гэсэн дугаартай саарал мөнгөлөг өнгийн Спасио маркийн машин унаад ирсэн байсан. Тэгээд Ховор-Эрдэнэ тэр машиныг жолоодож Отгонсүрэн бид хоёрыг суулгаад Төв аймгийн Баян сумын жонш ачуулсан газраас явж Налайх руу явж байтал 4 дүгэр зөрлөгийн тэнд цагдаа зогсоосон. Тэгээд Отгонсүрэн бид хоёр бууж үлдээд машин согтуугаар жолоодсон гээд Ховор-Эрдэнийг машинтай нь аваад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-10 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-12 тал/,

-66-61 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-14 тал/,

 

            - М.Ховор-Эрдэнийг 2016 оны 06 сарын 02-ны өдөр сэжигтнээр /хх-20 тал/, 2016 оны 06 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-22-23 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            - М.Ховор-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх лавлагаа  /хх-33 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ховор-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2016 оны 05 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Ар худаг гэх газраас Монгол Чех Металл ХХК-ийн ажилчдын байрны гаднаас Б.Цэрэнбатаагийн эзэмшлийн 6661 УНД улсын дугаартай Тоёото Спасил маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Цэрэнбатаа, гэрч Ж.Түвшинтөгс нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгч М.Ховор-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч М.Ховор-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч М.Ховор-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар

            Хохирогч Б.Цэрэнбатаа нь шүүгдэгч М.Ховор-Эрдэнэтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.       

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч М.Ховор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ховор-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Ховор-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Ховор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.М.Ховор-Эрдэнэд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Ховор-Эрдэнэд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ