Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 115/ШШ2020/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Гомдол гаргагч: ДГА- П-ын газрын хяналтын прокурор Г.Эн,

         Хариуцагч: ДГА-ийн МХГ-ын ЭАХХХ-ын улсын байцаагч Л.Бд холбогдох,

         Гомдлын шаардлага: ЭАХХХ-ын улсын байцаагч улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0146726 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э, хариуцагч ЭАХХХ-ын улсын байцаагч улсын байцаагч Л.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э-ийн шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Б нь “Н” ХХК-ийн жолооч Б.Энхбаатарыг Ханги хилийн боомтын гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Мандал боомтын гаалийн талбай хүртэл тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын 3.7 дахь хэсгийг зөрчин хязгаарлалтын бүсээс гарч, хөл хорио тогтоох журам зөрчсөн гэж дүгнэн шийтгэл оногдуулсан боловч зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн шалгаж тогтоолгүй шийтгэл оногдуулсан байна гэж дүгнэлээ.

          Учир нь Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын 3.7-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон хилийн хяналтын бусад төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвлөмж, зааврыг мөрдөнө” гэж заасан ба “Н” ХХК нь ямар үйлдэл гаргаж дээрх журмын заалтыг зөрчсөн болох нь материалаас тодорхой бус байна.

         Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба “Н” ХХК-ийн журмын заалт зөрчсөн үйлдэл нь агуулгын хувьд дээрх заалтад нийцэхгүй байна.

          Хэрэгт авагдсан материалаас харахад “Н” ГХОХХК-ийн төлөөлөгчөөс мэдүүлэг авсны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж заасан бөгөөд үүний дагуу зөрчил үйлдэгдсэн эсвэл учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож байвал, зөрчилд холбогдогч нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалттай.

         Зөрчлийн материалтай танилцахад эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн гомдлыг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, шийтгэл оногдуулах үндэслэл зэрэг нь хэрэгт авагдсан байсан боловч тухайн зөрчилд холбогдогч нь ямар зөрчил үйлдсэн нь уг материалаас ойлгомжгүй байсан.  Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 0146726 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн.

          Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсч тайлбар гаргахад тухайн зөрчлийн талаар ойлголт авсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бүртгэл, судалгаа, эрүүл мэндийн яамнаас гаргасан тарилгад хамрагдаагүй зэрэг нотлох баримтуудыг тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа хэрэгт хавсаргаж, жолооч Б.Энхбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тусгаарлагдан ажиглалтад орсон ч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгаагүй болохыг тодруулж мэдүүлэг авсан байсан бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдэж нотлогдсон мөн холбогдогч нь сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна гэв.

         Хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Бгийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Б миний бие “Н” ХХК-ийн жолооч Б.Энхбаатар нь тусгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдэлд аж ахуйн нэгжийг нь 5,000,000.00 /таван сая/ төгрөгөөр торгож шийтгэлийн хуудас бичсэн.

          Дээрх зөрчил нь Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын 3.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн.

          Тухайн үед “Н” ХХК-ийн жолооч Б.Энхбаатар нь “Ханги” хилийн боомт гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Мандал боомтын гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаад тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах ёстой байсан бөгөөд аймгаас өдөр бүр утсаар тогтмол, тусгаарлагдаж байгаа иргэдийн мэдээллийг авахад “Н” ХХК-ийн удирдлагууд тусгаарлагдаж байгаа ажилчдын мэдээллийг өгөхдөө Б.Энхбаатар жолоочийг байгаа мэтээр мэдээлж, тусгаарлаагүй түүнийгээ нууж аймгийн нэгдсэн эмнэлгээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хамар залгиурын арчдас авахаар очиход жолооч Б.Энхбаатар нь тусгаарлалтын байранд байхгүй байсан бөгөөд үүнээс өмнө “Н” ХХК-ийн кемп хариуцсан менежер нь Б.Энхбаатарыг ажиглалтад байгаа мэтээр мөн мэдээлэл өгсөн байсан. Ингээд улсын байцаагч миний бие дээрх үйлдлийг шалгаж “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгсбаяраас мэдүүлэг авахад жолооч Б.Энхбаатарыг ажиглалтад огт оруулалгүй Улаанбаатар хот явуулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.

           Тээвэрлэлтийн үйл ажиллагааг иргэн явуулдаггүй, тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж гэрээ хийж явуулдаг. Улсын онцгой комиссын 22 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн аж ахуй нэгж нь жолоочдоо хяналт тавьж 14 хоног тусгаарлан, ажиглалт зохион байгуулна гэсэн журамтай бөгөөд хилийн “Ханги” боомтод уул уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа жолоочийг 14-21 хоногийн хугацаанд тусгаарлан ажигладаг. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тухайн компани нь  үйл ажиллагаагаа зогсоож тусгаарлан ажиглалтад Б.Энхбаатар орсон боловч 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тусгаарлан ажиглалтнаас гаргасан гэж мэдээлсэн. Мөн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Энхбаатарыг ажиглалтад оруулсан гэсэн боловч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Энхбаатар уг байрандаа байгаагүй. Энэ талаар утсаар Б.Энхбаатараас асуухад “би 2020 оны 05 дугаар сарын 10-ний өдөр гэртээ ирсэн, манай менежер намайг ажиглалтад оруулсан гэж танай байгууллагад мэдээллийг өгсөн” гэсэн тайлбар өгсөн. Тухайн жолоочийг хариуцаж ажилладаг компанийн захирлыг нь дуудаж зөрчил гаргасан гэдгийг тайлбарлаж ямар учраас зөрчил гаргасан гэдгийг асуухад “энэ бол манай дотоод үйл ажиллагаатай холбоотой гарсан зөрчил учраас хариуцлагаа хүлээнэ” гэсэн тайлбар өгсөн.

         Эрсдэлтэй бүс буюу “Ханги” хилийн боомтоос цааш БНХАУ-ын хил нэвтэрч орж ирсэн бол ажиглалтын хоног өнгөрөөхгүйгээр эрүүл бүс рүү орж ирэх боломжгүй бөгөөд ийнхүү “Н” ХХК нь эрүүл ахуйн дэглэм барьж ажиллаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0146726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Эрх бүхий албан тушаалтны хувьд цаашид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурорын дүгнэлтэд дурдсан асуудлыг анхаарч ажиллана. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

         Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн шалгаж тогтоолгүй шийтгэл оногдуулсан, тухайлбал “Н” ХХК нь ямар үйлдэл гаргаж...журмын заалтыг зөрчсөн нь материалд тодорхой бус, тус компанийн журмын заалт зөрчсөн үйлдэл нь агуулгын хувьд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 4-т заасанд нийцээгүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан тухайн шийдвэр /Шийтгэлийн хуудас/-ийг хүчингүй болгуулахаар дүгнэлт[1] бичиж ирүүлжээ.

             Хариуцагч, эрх бүхий албан тушаалтнаас прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...нүүрс тээврийн үйл ажиллагааг иргэн биш, аж ахуйн нэгж явуулдаг бөгөөд тээвэр хийсэн жолоочийг тусгаарлах үүргийг тухайн аж ахуйн нэгж нь хүлээдэг, тус компани  жолооч Б.Энхбаатарыг тусгаарлалгүй Улаанбаатар хот руу явуулсан  боловч тусгаарлах байранд байгаа мэтээр худал мэдээлэл ирүүлж хорио цээрийн дэглэм зөрчсөн нь тогтоогдсон” хэмээн маргаж байна.

          Дээрх маргаан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан бөгөөд тухайн маргаанд хамаарах Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн харьяалан шалган шийдвэрлэх зөрчил мөн байна.

          ЭАХХХ-ын улсын байцаагч улсын байцаагч нь, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн нутагт орших “Ханги” хилийн боомтод нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй “Н” ХХК-ийн жолооч Б.Энхбаатар нь Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын 3.7-д заасныг зөрчин хязгаарлалтын бүсээс гарч, хөл хорио тогтоох журам зөрчсөн” гэх үйлдлийг илрүүлж[2] улмаар түүний ажилладаг “Н” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0143726 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар[3] 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, 1.2-т зааснаар “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” зэрэг тохиолдлуудад эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байх бөгөөд ийнхүү шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахаар тухайлбал, энэхүү маргааны тухайд хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар байна.

        Гомдол гаргагч прокуророос дүгнэлтдээ хавсарган ирүүлсэн “Эрх бүхий албан тушаалтан хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал”-аас үзэхэд, зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан шийдвэр болох “Шийтгэлийн хуудас”-нд “Н” ХХК-ийг “хорио цээрийн дэглэм зөрчсөн нь тогтоогдсон” гэж тэмдэглэсэн[4] байх боловч энэ талаарх баримт зөрчлийн материалд авагдаагүй, тухайлбал тус хуулийн этгээд нь хэзээ, хаанаас тогтоосон ямар журмыг хэрхэн, яаж зөрчсөн нь тодорхойгүй, харин холбогдох бусад баримтуудаар[5] тус хуулийн этгээдийн жолооч Б.Энхбаатар нь Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын Гурав. Жолоочид тавигдах шаардлага, хүлээх үүрэг гэсэн хэсгийн 3.7-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон хилийн хяналтын бусад төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж, ариутгалын ажилтны зөвлөмж, зааврыг мөрдөнө” гэж заасныг зөрчсөнийг тухайн этгээд биш түүний ажил олгогч хуулийн этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлууд тогтоогдож байх ба энэ нь прокурорын дүгнэлтэд дурдагдсан “...Н ХХК нь ямар үйлдэл гаргаж...журмын заалтыг зөрчсөн нь материалд тодорхой бус” гэх гомдлын шаардлагын нэг үндэслэл нь үндэслэлтэй болохыг баталж байна.

          Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан бичмэл нотлох баримтууд[6] болон хариуцагчийн тайлбараар, нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хувь иргэн бус хуулийн этгээд эрхлэн явуулдаг, зөрчлийн холбогдогч болох “Н” ХХК нь “Ханги” хилийн боомтод нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бөгөөд өөрийн компанийн жолооч Б.Энхбаатарыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж 5 хоногийн дараа буюу 19-ний өдөр гаргасан, мөн 05  дугаар сарын 27-ны өдөр дахин уг байранд тусгаарласан талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд тус тус ирүүлж байсан, гэтэл 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгээс тусгаарлах байранд байгаа гэх иргэдээс хамар залгиурын арчдас авахаар очиход жолооч Б.Энхбаатар нь уг байранд байгаагүй бөгөөд компанийн зүгээс түүнийг тусгаарлаагүй, Улаанбаатар хот явсан байхад нь тусгаарлах байранд байгаа мэтээр худал мэдээлэл өгч байсан нь  тогтоогдож байна.

            Эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалд, зөрчилд холбогдогч хуулийн этгээд нь хөл хорио тогтоохтой холбоотой ямар журмыг хэрхэн зөрчсөнийг нотлох баримт хангалттай авагдаагүй байх боловч тухайн этгээдийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 4-т “Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн “Н” ХХК-д торгох шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

           Учир нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй”, 13.2.1-т “эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх” гэж заажээ.

           Мөн Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар хуралдаан /шийдвэрлэсэн нь: хэсгийн 6.1/-аар[7] “Нүүрс, газрын тосны тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын захирал нарт: “Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс, ...тээвэрлэлтийг сэргээн хэвийн явуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох яам, төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг дагаж мөрдөх”-ийг, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар хуралдаан /шийдвэрлэсэн нь: хэсгийн 6.1/-аар[8] нүүрсний экспортын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад: “БНХАУ руу авто замын хилийн боомтоор нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжийн жолооч нарыг тусгай горимын дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг ээлж дуусмагц 14 хоног тусгаарлах байранд ажиглах, хяналт тавих, холбогдох арга хэмжээг авч ажиллах”-ыг тус тус үүрэг болгосон байна.

         Дээрх шийдвэрийг гаргасан Улсын онцгой комисс нь, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар Монгол Улсын Засгийн газраас байгуулсан, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий этгээд болохын хувьд, БНХАУ руу авто замын хилийн боомтоор нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгж болох “Н” ХХК нь тус комиссын шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

          Гэтэл “Н” ХХК нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой зохион байгуулалтын асуудлыг онцгой журмаар шийдвэрлэж гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэрийг биелүүлээгүй нь дээр дурдсанаар тогтоогдож байх бөгөөд тус хуулийн этгээдийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 4-т заасан шийтгэл оногдуулахаар зөрчил мөн байна.

          Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхдээ, зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн үйлдэл нь эрх бүхий этгээдээс тогтоосон ямар журмыг хэрхэн зөрчсөнөөр Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 4-т заасан шийтгэлийг оногдуулах үндэслэл болж буйг зөрчлийн материалд хараахан бүрдүүлээгүй ч зөрчилд холбогдогч “Н” ХХК-ийн тухайд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалт болон эрх бүхий этгээдээс гаргасан “хил хооронд тээвэр хийсэн жолоочийг тусгаарлаж, хөл хорио тогтоож ажиллах” талаарх шийдвэрийг зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд тухайн этгээдээс энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч шийтгэл оногдуулсан шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн[9] байх тул “зөрчилд холбогдогч журмын ямар заалт зөрчсөн нь зөрчлийн материалд тодорхой тусгагдаагүй” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнаас гаргасан маргаан бүхий шийдвэр /Шийтгэлийн хуудас/-ийг хүчингүй болгох улмаар зөрчилд холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд энэ нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчимд нийцнэ.

         Иймд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “ЭАХХХ-ын улсын байцаагч улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0146726 дугаартай Шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтыг тус тус баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0146726 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар “Н” ХХК-д 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн дүгнэлт  нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113. 2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.СИЙЛЭГМАА

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-р хуудас,

[2] Хавтаст хэргийн 3-р хуудас,

[3] Хавтаст хэргийн11-р хуудас,

[4] Хавтаст хэргийн 11-р хуудас,

[5] Хавтаст хэргийн 3, 8-10, 12-13-р хуудас,

[6] Хаьтаст хэргийн 23-25, 52-57-р хуудас,

[7] Хавтаст хэргийн 41, 43-р хуудас, https://nema.gov.mn/n/97434 сайтаас,

[8] Хавтаст хэргийн 45, 48-р хуудас, https://nema.gov.mn/n/100396 сайтаас,

[9] Хавтаст хэргийн 58-р хуудас,